Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01583

 

Д ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

            2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01215 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

            2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1360 дугаар магадлалтай,

            Д ын нэхэмжлэлтэй,

            Б д холбогдох

            Зээлийн гэрээний үүрэгт 32,750,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн  нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2013 оны 10 сарын 28-ны өдөр хариуцагч Б д 13,000 ам.доллар буюу 23,000,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд үүний 8,000,000 төгрөгийг хугацаандаа төлж чадахгүй бол хариуцагчаас надад Тоёота маркийн УНИ 52-88 тоот улсын дугаартай автомашиныг баталгаа маягаар худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхээр тохиролцсон юм. Ингээд бид 23,000,000 төгрөгийг зээлэхдээ нийт 3 сарын хугацаанд буцаан төлөхөөр тохирч, үүнээс 15,000,000 төгрөгийн хувьд зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй бичгээр байгуулж, харин 8,000,000 төгрөгийг автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн бөгөөд тухайн автомашиныг бодитоор худалдаж аваагүй ба хожим баталгаа болгох хариуцагч тал өөрөө ашиглахаар болсон. Гэвч хариуцагч Б  гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 23,000,000 төгрөг, үүнээс 15,000,000 төгрөгийн 3 сарын хүү 2,250,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 32,750,000 төгрөгийг төлөхгүй байна. Би энэхүү нэхэмжлэлийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хариуцагчийн оршин суугаа газрын харъяа шүүхэд гаргах боломжтой байсан хэдий ч Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 04 сарын 11-ний өдрийн 40 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил, 1 сарын хорих ялаар шийтгэгдсэний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Намайг хорих 433 дугаар ангиас нэхэмжлэл бичих гэхэд тухайн хорих ангийн дотоод журмаар үүнийг хориглож байсан тул чадаагүй, гэвч би 2017 оны 4, 5 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Б ы оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч үүний дараагаар хариуцагчийг эрэн сурвалжилж, одоогийн оршин суугаа хаягийг олж тогтоосон. Мөн энэ хэрэг маргааныг шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, хэрэгт авагдсан Б ы мэдүүлэгт дурдсан 11,800,000 төгрөгтэй холбоотой маргаан бол одоогийн хэрэгт хамааралгүй, тусдаа асуудал бөгөөд үүнийг шалгасан хэвээр байгаа юм. Гэвч хариуцагч тал цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ 13,000 ам.долларыг хүлээн авсан тухай маргаагүй бөгөөд тэрээр буцааж төлсөн гэдгээ нотолдоггүй. Иймд, хариуцагчаас 32,750,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчээс 13,000.00 ам.долларыг авсны дараа удалгүй тэр надаас удаа, дараа мөнгөө авъя гэж нэхдэг байсан бөгөөд үүний дагуу бид зээлийн болон автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулж, үндсэн зээл, хүү нийт 23,000,000.00  төгрөг гэж тооцсон. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг 15,000,000.00 төгрөгөөр, автомашин худалдах-худалдан авах гэрээг 8,000,000.00 төгрөгөөр тус тус байгуулж, би тус машиныг ашиглаж байгаад бусдад худалдсан. Өнгөрсөн хугацаанд миний бие нэхэмжлэгчид түүнээс зээлсэн мөнгийг буцаан өгсөн бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан бүртгэлийн дэвтрээс тодорхой харагдана. Хамгийн сүүлд 1,000,000.00 төгрөгийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгч Д ыг Энхээ гэж дууддаг байсан, өглөг, авлагын мөнгийг түүнд өгөхдөө энэ нэрээр тэмдэглэж буцаан өгсөн, үүнийг нэхэмжлэгч тал мэдсээр байж намайг 2017 оны 3 дугаар сараас хойш цагдаа, шүүхийн байгуулгагад дуудуулж цаг хугацаа, бие сэтгэлээр минь их хохироож байна. Хэрэгт миний Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгт зээлийг буцаан төлсөн тухай дурдсан ба 11,800,000.00 төгрөгтэй холбоотой асуудлыг мөн адил шалгуулахаар гомдол гаргаж, намайг хилс хэрэгт гүтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 01 сарын 30-ны өдөр дууссан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тасалдсан талаарх баримт байхгүй, Иргэний хуульд зааснаар хорих ангиас итгэмжлэл олгож болох байтал ийм зүйл ярьж байгааг зөвшөөрөхгүй. Би авсан зээлээ буцаан төлсөн байхад дахиад нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01215 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д ын гаргасан хариуцагч Б д холбогдох 32,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1360 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр  сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

            Нэхэмжлэгч Д ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.05-ны өдрийн 101/ШШ2018/01215 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 2013.10.28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж зээлдэгчид мөнгийг шилжүүлсэн. 2017 оны 01 сарын 29-нд хөөн хэлэлцэх хугацаа дуусах байсан боловч Б  нь намайг 2014 оны 04 сарын 11-нд эрүүгийн хуулиар шийтгүүлэхэд өмгөөлөгчийн мөнгийг өгч байсан. Таслагдаад шоронд орсны дараа намайг олон удаа эргэж мөнгө өгч хоёулаа аман зээлийн гэрээ хийж тохиролцоё, 2015 оны 1-р сард н.Ууганбаатар нь аавынд халаалт тавьсан 2,100,000 төгрөгийг хүүнээсээ хасаарай гэж тохирч байсан. Мөн 2015 оны 07 сарын 10-нд намайг эргэлтээр эргэж сая төгрөг хасаарай боодогны ямаа хүртэл авч өгч байсан. 2016 оны 12 сарын 20-нд шоронгоос суллагдаад Б аас үндсэн мөнгөө нэхэхэд би өгнөө гэж амаар болон бичгээр хийж өгч байсан. Миний бие нь 2017 оны 01 сарын 19-нд СБД-ийн цагдаагийн 2, 3-р хэсэгт өргөдөл гомдол гаргаж байсан. 2017 оны 2-р сард прокурорын тогтоол гарч байсан. Би мөнгөө нэхэхэд Б  нь өгнө гэж хэлдэг сүүлд өгсөн 2015 оны 07 сарын 10-ны өдрийн сая төгрөгнөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолж болно. Мөн 2017 оны 01 сарын 19-нд СБД-ийн цагдаагийн 2-р хэлтэст гомдол гаргасан өдрөөс тоолж болно. 2014 оны 04 сарын 11-нд Налайх дүүргийн 4-р шүүхийн шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хаалттай буюу чанга дэглэмтэй хорих ангид хоригдсон. Энэ нь Иргэний хуулийн 78.1.3-т заагдсан нөхцөл үүссэн гэж үзээд би хэд хэдэн нэхэмжлэл шүүхүүдэд гаргахад, тухайн шүүхүүд хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж тэр үндсэн дээр нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 сарын 08-ны өдөр 182/ШШ2017/01285 дугаартай Д ын нэхэмжлэлтэй, н.Уранчимэгт холбогдох зээлийн гэрээг шийдэж өгсөн. Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 сарын 04-ний өдөр 102/ШШ2018/01055 дугаар шийдвэрээр Д ын нэхэмжлэлтэй н.Нарантунгалагт холбогдох зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааг сэргээж шийдэж өгсөн байтал Баянзүрх дүүргийн 2018.04.05-ны өдрийн 101/ШШ2018/01215 тоот зээлийн гэрээг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдэж байгаа нь өнөөдөр Монгол Улсын шүүхүүдэд нэг л хууль, дүрэм журам үйлчлэх ёстой гэж би иргэний хувьд үзэж байна. Нэг шүүх нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээж хэргийг шийдвэрлэж байхад нөгөө шүүх нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг би ойлгохгүй байна. Үндсэн хуулийн 16-ын 14-д Монгол Улсын иргэн шударга шүүхээр шийдүүлнэ гэсэн заалтыг зөрчиж намайг хохироож, хуулиа зөрчиж, ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь харагдаж байна. Гэтэл шүүх “итгэмжлэл олгох эрхээ эдлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Нэхэмжлэгч нь чанга дэглэмтэй шоронд, өөрөөсөө өөр хэнд ч итгэх боломжгүй, хүнтэй уулзах цаг өдөр нь ч хязгаартай байхад энэ хүн хэнд итгэж итгэмжлэл олгож эрхээ шилжүүлэх ёстой болж байна вэ. Итгэмжлэл бусдад олгонгуут тэр хүн нь итгэмжлэлийг буруугаар ашиглахгүй гэсэн баталгаа байхгүй. Гэтэл шүүх “Чи бусдад эрхээ шилжүүлээгүй хохь чинь” гэж байгааг шүүх хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэсэн гэдэгт эргэлзээ төрж байна. Монгол Улсад анх удаа бусдад эрхээ шилжүүлээгүй учир гэж заавал эрхээ шилжүүлэх ёстой байсан, үүрэгтэй байсан мэт гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч тал 1 сая төгрөг төлж байсан гэсэн зүйл хэрэгт яригддаг. Итгэмжлэл өгөх нь үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа бол ядаж тэр 1 сая төгрөг өгсөн гэх өдрөөс хөөн хэлэлцэх хугацаагаа тооцмоор юм. Иймд бусдад итгэмжлэлээр эрхээ шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.05-ны өдрийн 101/ШШ2018/01215 тоот шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс төлбөрөө гаргуулан авах боломж олгож хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д  хариуцагч Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,750,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 сарын 21-ний өдөр гаргасан ба тэрээр 2013 оны 10 сарын 28-ны өдрийн 15,000,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирсон зээлийн гэрээ, мөн өдөр байгуулсан УНИ 52-88 тоот улсын дугаартай автомашиныг 8,000,000.00 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг шаардлагынхаа үндэслэл болгожээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг  хэвээр үлдээсэн байна.

2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Д  нь Б д 15,000,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдсон байна. Түүнчлэн автомашин худалдах, худалдан авах гэрээгээр 8,000,000.00 төгрөгийг Д аас Б д зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд 52-88 УНИ улсын дугаартай автомашин барьцаалсан болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Хэдийгээр талууд гэрээний нэрийг автомашин худалдах, худалдан авах гэж нэрлэсэн боловч энэ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн зорилгыг агуулсан талаар хэн аль нь маргаагүй байна.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний маргаан үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг ял эдэлж хоригдож байх үед нь эргэлтээр очиж байсан, тэрээр нэхэмжлэгчид хамгийн сүүлд 1,000,000.00 төгрөг төлсөн тухай тайлбар гаргасан ба энэ үйл баримт нь зохигчдын хооронд үүссэн маргааны хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нөлөөлөх эсэхэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй. /xx-35,45,104,105,123/

Хариуцагч нь иргэн Мөнгөншагайг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх  шийдвэрлээгүй, энэ тухай баримт байхгүй, түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд данс хөтөлсөн хоёр дэвтрийг шүүх хүлээн авч, нотлох баримтаар шинжлэн судалсан боловч уг дэвтрүүд хавтаст хэрэгт хавсаргагдаагүй байна. /xx-124,128,131,164/

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй байна.  

Хариуцагч нь зээлийн төлбөрийг хэзээ, хэнд төлж байсан тухай үйл баримт тодорхойгүй буюу хэргийн бодит байдал тогтоогдоогүй байхад зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний маргаанд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01215 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1360 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,000.00 /гурван зуун хорин нэгэн мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН