Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 1215

 

 

 

 

   2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2018/01215

                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б-ын гаргасан,

 

Хариуцагч: Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 32,750,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч Г, хариуцагч Б, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Бд 13,000 ам.доллар буюу 23,000,000.00 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд үүний 8,000,000.00 төгрөгийг хугацаандаа төлж чадахгүй бол хариуцагчаас надад тоёото маркийн ******* тоот улсын дугаартай автомашиныг баталгаа маягаар худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон юм.

 

            Ингээд бид 23,000,000.00 төгрөгийг зээлэхдээ нийт 3 сарын хугацаанд буцаан төлөхөөр тохирч, үүнээс 15,000,000.00 төгрөгийн хувьд зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй бичгээр байгуулж, харин 8,000,000.00 төгрөгийг автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн бөгөөд тухайн автомашиныг бодитоор худалдаж аваагүй ба хожим баталгаа болгох зорилгоор хариуцагч тал өөрөө ашиглахаар болсон.

 

            Гэвч хариуцагч Б гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 23,000,000.00 төгрөг, үүнээс 15,000,000.00  төгрөгийн 3 сарын хүү 2,250,000.00 төгрөг, алданги 7,500,000.00 төгрөг, нийт 32,750,000.00 төгрөгийг төлөхгүй байна.

 

            Би, энэхүү нэхэмжлэлийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хариуцагчийн оршин суугаа газрын харъяа шүүхэд гаргах боломжтой байсан хэдий ч Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 40 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3.-д зааснаар 5 жил, 1 сарын хорих ялаар шийтгэгдсэний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаагүй.

 

            Намайг хорих 433 дугаар ангиас нэхэмжлэл бичих гэхэд тухайн хорих ангийн дотоод журмаар үүнийг хориглож байсан тул чадаагүй, гэвч би 2017 оны 04, 05 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Бы оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч үүний дараагаар хариуцагчийг эрэн сурвалжилж, одоогийн оршин суугаа хаягийг олж тогтоосон.

 

            Мөн энэ хэрэг маргааныг шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, хэрэгт авагдсан Бы мэдүүлэгт дурьдсан 11,800,000.00 төгрөгтэй холбоотой маргаан бол одоогийн хэрэгт хамааралгүй, тусдаа асуудал бөгөөд үүнийг шалгасан хэвээр байгаа юм.

 

            Гэвч хариуцагч тал цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ 13,000 ам.долларыг хүлээн авсан тухай маргаагүй бөгөөд тэрээр буцааж төлсөн гэдгээ нотолдоггүй. Иймд, хариуцагчаас 32,750,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Анх би нэхэмжлэгчээс 13,000 ам.долларыг авсаны дараа удалгүй тэр надаас удаа дараа мөнгөө авъя гэж нэхдэг байсан бөгөөд үүний дагуу бид зээлийн болон автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үндсэн зээл, хүүг нийт 23,000,000.00 төгрөг гэж тооцсон.

 

            Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг 15,000,000.00 төгрөгөөр, автомашин худалдах, худалдан авах гэрээг 8,000,000.00 төгрөгийг тус тус байгуулж, би тус машиныг ашиглаж байгаад бусдад худалдсан.

 

            Өнгөрсөн хугацаанд миний бие нэхэмжлэгчид түүнээс зээлсэн мөнгийг буцаан өгсөн бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан бүртгэлийн дэвтрээс тодорхой харагдах бөгөөд хамгийн сүүлд 1,000,000.00 төгрөгийг төлж барагдуулсан.

 

            Нэхэмжлэгч Быг “Э” гэж дууддаг байсан, өглөг, авлагын дэвтэрт түүнд мөнгө өгөхдөө энэ нэрээр тэмдэглэж буцаан өгсөн, үүнийг нэхэмжлэгч тал мэдсээр байж намайг 2017 оны 03 дугаар сараас хойш цагдаа, шүүхийн байгууллагад дуудуулж, цаг хугацаа, бие сэтгэлээр минь их хохироож байна.

 

            Хэрэгт миний Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгт зээлийг буцаан төлсөн тухай дурьдсан ба 11,800,000.00 төгрөгтэй холбоотой асуудлыг мөн адил шалгуулахаар гомдол гаргаж, намайг хилс хэрэгт гүтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дууссан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тасалдсан талаарх баримт байхгүй, Иргэний хуульд зааснаар хорих ангиас итгэмжлэл олгож болох байтал ийм зүйл ярьж байгааг зөвшөөрөхгүй.

 

            Би, авсан зээлээ буцаан төлсөн байхад дахиад нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баас хариуцагч Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,750,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

            Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн уг хэрэгт авагдсан 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2018/00598 тоот захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн /х.х-ийн 64-67-р хуудас/.

 

 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ.

 

Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Бтай зээлийн гэрээ байгуулж, түүнд 15,000,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирчээ /х.х-ийн 6-р хуудас/.

 

            Түүнчлэн талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, ******* тоот улсын дугаартай автомашиныг 8,000,000.00 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон ба энэхүү гэрээг дүр үзүүлсэн буюу бодитоор автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхээр бус, харин дээр дурьдсан 8,000,000.00 төгрөгийг зээлэх, хэрэв зээлийг буцаан төлөөгүй тохиолдолд автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байх бөгөөд зохигчид энэ тухай маргаагүй /х.х-ийн 7-р хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

            Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

            Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Б 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эдгээр гэрээний дагуу нийт 23,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Баас хүлээн авсан талаар маргаагүй ба шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар тэрээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдүүлэг өгөхдөө “13,000 ам.доллар буюу 23,000,000.00 төгрөгийг хүлээн авсан” гэжээ /х.х-ийн 104, 105-р хуудас/.

 

Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Талуудын хооронд байгуулсан гэрээ, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар хэдийгээр хариуцагч тал 23,000,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай буюу 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд зээлсэн боловч зохигчид зөвхөн 15,000,000.00 төгрөгт сарын 5 хувийн хүү төлөхөөр тохиролжээ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, мөн 282.3.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж, түүнчлэн 42 дугаар зүйлийн 42.2.-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасны дагуу тайлбарлавал талуудын хооронд 23,000,000.00 төгрөгийг зээлсэн үйл баримт байгаа ч 8,000,000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй байхаар тохироогүй, энэ талаарх тэдгээрийн хүсэл зориг гэрээнд тусгагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаандаа, зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

            Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлд зааснаар зээлдэгч буюу хариуцагч тал тухайн зээлийг 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар үүрэг гүйцэтгэгч Б зээлийг буцаан төлсөн болохоо баримтаар нотлохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч буюу зээлдэгч тал 23,000,000.00 төгрөгийг буцаан төлсөн гэдэг тайлбар, татгалзал буюу зээлийн гэрээний дагуу 15,000,000.00 төгрөгийн 3 сарын хүү 2,250,000.00 төгрөг, үндсэн зээл 23,000,000.00 төгрөгийг тус тус төлсөн гэдгээ нотлоогүй.

 

            Гэвч тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасныг үндэслэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс татгалзаж байна.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д заасны дагуу бий болсон үүргийн эрхтэй талууд нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд хуульд заасан буюу заагаагүй тодорхой төрлийн гэрээ болон нэрлэгдээгүй аливаа гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд ийнхүү уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх юм.

 

Гэтэл нэхэмжлэгч Б нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээгээр 23,000,000.00 төгрөгийг хариуцагч Бд хүлээлгэн өгч, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр буцаан авах эрхтэй байтал өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлээгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3.-д тус тус зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар үүнийг хэрэгжүүлэх ба гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг дээр дурьдсан 3 жилийн хугацаанд гаргахад хөөн хэлэлцэх хугацааг хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шаардах эрхийг хэзээ үүссэнийг тоолоход 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид гэрээний зүйлийг түүнээс буцаан нэхэмжлэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг зээлийн гэрээнд заасан төлбөр төлөх эцсийн хугацаа болох 2014 оны 01 дүгээр 28-ны өдрөөс эхлэн тооцоход 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дууссан байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 40 тоот шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.-д заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, түүнд 5 жил, 1 сарын хорих ял оногдуулсан байх бөгөөд тэрээр 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан байна /8-13, 16-р хуудас/.

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4.-т “Цэргийн алба хаагчийн итгэмжлэлийг түүний алба хааж байгаа анги, байгууллагын удирдлага, хоригдлын итгэмжлэлийг хорих байгууллагын дарга гэрчилж болно” гэж, мөн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 272 дугаар зүйлийн 272.1.-д “Хорих байгууллага, хорих ял эдлүүлэх албаны алба хаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 272.2.7.-д “Иргэний хуульд заасны дагуу хоригдлын итгэмжлэлийг гэрчлэх” гэж, түүнчлэн 2002 оны 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж, тус өдөр хүчингүй болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д “Чанга дэглэмтэй хорих ангийн ялтан нь 2 сард нэг удаа түр, 3 сард нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, сард нэг удаа илгээмж авч болно” тус тус заасан.

 

Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэгч Б нь Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6.1.-д “гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар, эсхүл бүх насаар нь хязгаарлаж нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг хорих ял гэнэ” гэж заасны дагуу тодорхой хугацаагаар эрх чөлөөгөө хязгаарлуулсан боловч энэ нь түүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14.-т  “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй” гэсэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй юм.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШЗ2017/04199 тоот дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдийн 101/ШЗ2017/09105 тоот дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч Бын гаргасан хариуцагч Бд холбогдох 32,750,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, мөн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ /х.х-ийн 20-23-р хуудас/.

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5250 тоот албан бичигт дурьдсанаар тус дүүргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01449 тоот захирамжийг үндэслэн хариуцагч Бы оршин суугаа хаягийг олж тогтоосон байх боловч эдгээр шүүхийн захирамж, шийдвэр нь нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараагаар гарсан байна /х.х-ийн 24-р хуудас/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 101/ШЗ2018/00598 тоот дугаартай нотлох баримт бүрдүүлэх тухай захирамж гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч Бын гаргасан гомдолтой эрүүгийн хэрэгт хариуцагч Б мэдүүлэг өгсөн ба түүний “би өөрийн боломжтой үедээ мөнгийг өгөх болно” гэсэн тайлбарыг зохигчид одоогийн маргаж буй 32,750,000.00 төгрөгтэй холбоотой бус, харин барааны үлдэгдэл төлбөр болох 11,800,000.00 төгрөгийн маргаан гэж тайлбарласан /х.х-ийн 64-67, 130-105-р хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал уг баримттай холбогдуулан Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1.-д “үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно” гэж, мөн 82 дугаар зүйлийн 82.2.-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж зааснаар талуудын хооронд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон болон хариуцагч тал үүргээ гүйцэтгэхээс татгалзах үндэслэл байхгүй гэж тайлбар гаргаагүй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Бын гаргасан гомдолтой эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1616 тоот дугаартай тогтоол, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5/112 тоот болон 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/227 тоот хариу албан бичигт тус тус дурьдсанаар талуудын маргаж байгаа зүйлийн талаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгч тал шүүхэд энэхүү гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө өгсөн эсэх буюу Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үйл баримт байгаа талаар нотлоогүй /х.х-ийн 17, 18, 19-р хуудас/.

 

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан боловч үүнийг диспозитив зарчимд нийцүүлэх ёстой.

 

Учир нь, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж, мөн 6.4.-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж зааснаас гадна 38 дугаар зүйлийн 38.1.-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу зохигч болон хэргийн оролцогч нараас гаргаж өгөх боломжтой буюу тэдгээрийн мэдэж байсан бөгөөд өөрт байгаа, аль эсхүл бусдад байгаа нотлох баримтыг ийнхүү шүүх өөрийн санаачилгаар бүрдүүлэх нь тэдгээрийн тэгш эрхийн зарчим зөрчигдөхөд хүргэнэ.

 

Нэхэмжлэгч тал 32,750,000.00 төгрөгтэй холбоотой гомдлыг хариуцагчид холбогдуулан цагдаагийн байгууллага, мөн хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоох хүсэлтийг тус тус зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө харъяа шүүхэд өгсөн талаарх баримтыг өөрөө гаргаж өгөх боломжтой байсан бөгөөд шүүхээс хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг түүнд болон өмгөөлөгчид хэд хэдэн удаа тайлбарлаж, танилцуулж байсан байна /х.х-ийн 28, 36, 109-р хуудас/.        

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаврын талаар зохицуулсан ба хуулийн 82.1.-д зааснаар гэрээтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч тал үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байдаг.

 

Шүүхээс энэхүү хэргийг хуралдаанаар хэлэлцэх явцад хэрэгт авагдсан болоод хэлэлцүүлсэн баримт, мөн талуудын гаргасан тайлбараар Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэгч талын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон болон тасалдсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Иймд, нэгэнт нэхэмжлэгч тал зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 32,750,000.00 төгрөгийг шаардах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул шүүхээс энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Бын гаргасан хариуцагч Бд холбогдох 32,750,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,700.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР