Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01590

 

Х ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

           Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

            2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01416 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

            2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1313 дугаар магадлалтай,

            Х ын нэхэмжлэлтэй,

            Г д холбогдох

           Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт илүү төлсөн 2,300,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

           Гэрээний үлдэгдэл төлбөр 12,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргал, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2017 оны 6 сард иргэн Г аас Норд бенз маркийн 36-00 УНН улсын дугаартай автомашин болон 56-98 БЧ чиргүүлийн хамт 45,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авахдаа 30,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үүний дараа надаас манай эхнэр, хүү нарын нэр дээр байдаг Сонгинохайрхан дүүргийн Дүүрэн ам гэдэг газарт байрлах гэр бүлийн хэрэгцээний 2 айлын газрыг 15,000,000 төгрөгт бодож худалдаж авсан. Ингээд бидний тооцоо дууссан. Гэтэл надаас дахин 2017 оны 8 дугаар сард 800,000 төгрөг, 9 сард 1,500,000 төгрөгийг тус тус авсан. Иймд илүү төлсөн 2,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч худлаа ярьж байна. Машиныг 45,000,000 төгрөгөөр зараад 30,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Газрын гэрээг дүр үзүүлж хийсэн. Бид худалдах, худалдан авах гэрээ хийснээ мэдээгүй. Мөнгөө өгөөд газраа буцааж авна гэж анх ярьсан байсан. Хэрэв газраар төлбөрийг төлсөн бол яагаад нэмж 2,300,000 төгрөг төлсөн нь ойлгомжгүй. Мөнгөө төлөхгүй байсан тул нотолгоо болгож зээлийн гэрээ хийсэн. Би газар дээрээ хөдөлгөөн хийчих байх гэж бодоод газрын албанд тэмдэглэгээ хийлгэх гэж хүртэл явж байсан. Мөнгө өгөх ёстой байсан тул зээлийн гэрээ хийсэн. Газрыг би үзээгүй. Мөнгөө өгөөд газрыг буцааж авна гэж байсан. Уг газар одоо хүртэл өмнөх нэрээрээ байгаа. Би газрын албанаас баримт авах гэтэл өгөөгүй. Утсаар ярихаар шалтаг хэлээд олддоггүй. Газрыг түр барьцаалсан гэчихээд миний мөнгийг хэрэглээд байгаа. 2,300,000 төгрөг дансаар өгсөн. Үлдэгдэлээ нэхэхээр шалтаглаад байдаг. Иймд газрыг буцааж өгөөд 12,700,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө авах хүсэлтэй гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Х  нь машины үлдэгдэл төлбөр болох 15,000,000 төгрөгийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Дүүрэнгийн хөндий 81-р гудамж, 3444 тоот, мөн 38-р гудамж, 1577 тоотод байрлах өмчлөлийн газрын гэрчилгээнүүдийг надад түр барьцаалсан юм. Х  нь дансаар нийт 2,300,000 төгрөг шилжүүлсэн ба үлдэгдэл 12,700,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Төлбөр төлөх баталгаа болгон бид хоорондоо тохиролцон үлдэгдэл төлбөрийн нөхцлийг зааж 2017 оны 10 сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатчаар батлуулсан юм. Гэтэл Х  нь зээл төлөх хугацаа болсноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй намайг хохироож байгаа ба улмаар надад төлөх ёстой байсан 15,000,000 төгрөгийг нэхэж шаардуулж байж, 2,300,000 төгрөгийг машины үнийн үлдэгдэл гэж банкаар шилжүүлчихээд, одоо надаас 2,300,000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Зээлээ төлөхийг удаа дараа шаардахад төлнө гэдэг ч одоо миний утсыг авахгүй улмаар утасны дугаараа өөрчилж, надаас санаатайгаар зугтааж байна. Иймд үндсэн нэхэмжлэлтэй хамт худалдах, худалдан авах гэрээний биелэлтийг хангуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл 12,700,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбарт: Хариуцагч нь 2 газрыг 15,000,000 төгрөгөөр авсан. Гэтэл зээлийн гэрээ гарч ирсэн. 2017 оны 10 сард хариуцагч нь нэхэмжлэгч дээр ирж уулзаад би хүнд өглөгтэй юм. Иймд надтай зээлийн гэрээ хийгээд өгөөч, би хүнд үзүүлье гэж гуйгаад зөвшөөрүүлсэн. Улмаар нотариат дээр очиход зөвшөөрөхгүй байсан. Улмаар н.Алимаа гэдэг нотариат дээр очиж зээлийн гэрээ хийсэн. Гэтэл сарын дараа хариуцагч нь мөнгөө авья гэж шаардахаар нь мөнгө аваагүй тул өгөхгүй гэсэн. Ийм учраас уг зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01416 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд илүү төлсөн гэх 2,300,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Х ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 12,700,000 төгрөг гаргуулж, хариуцагч Г д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 51,770 төгрөг, хариуцагчийн 257,962 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,962 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1313 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/01416 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1313 дугаар магадлалыг тус тус эсэргүүцэж, шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөл, шаардлагыг хангаагүй байх тул уг шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулахаар дараах хяналтын журмаар гомдлыг гаргаж байгаа болно. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт байгаа материалыг бүрэн дүүрэн үнэлж шийдээгүйгээс гадна хэргийг нэг талыг баримтлан шийдвэрлэсэн байна. Иймд дээрх шүүхийн шийдвэр нь хууль хэрэглээний эрх зүйн актын хувьд хууль зүйн үндэслэлгүй, шударга ёсонд нийцээгүй, процессын болон материаллаг эрх зүйн зарчим, хэм хэмжээнд зохицсон агуулгатай байх шаардлагыг хангаагүй бөгөөд мөн шүүн таслах ажиллагаанд шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт болох “нэхэмжлэгч Х ын нэхэмжилсэн 2,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хариуцагч Г аас гаргуулахаар өөрчилж, өөрчлөлт оруулж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х  нь хариуцагч Г д холбогдуулан худалдах- худалдан авах гэрээний үүрэгт илүү төлсөн 2,300,000.00  төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үлдэгдэл төлбөр 12,700,000.00 төгрөг гаргуулахаар  сөрөг  шаардлага гарган маргажээ.

2017 оны 6 сарын 17-ны өдөр зохигчдын хооронд  байгуулагдсан гэрээгээр  Г  нь “Норд бенз” маркийн автомашиныг чиргүүлийн хамт худалдах, Х  нь автомашины үнэ 45,000,000.00 төгрөгөөс 30,000,000.00 төгрөгийг бэлнээр төлж, 15,000,000.00 төгрөгийг 2017 оны 7 сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон,  анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... гэрээний үлдэгдэл төлбөр болох 15,000,000.00 төгрөгт тооцож гэр бүлийн хэрэгцээний газрыг Г д өгсөн, төлбөрөө бүрэн барагдуулсан байхад 2,300,000.00 төгрөгийг илүү авсан гэж тайлбарласан.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Дүүрэнгийн хөндий 81 дүгээр гудамж, 3444 тоотод байрлах 500 м.кв, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Дүүрэнгийн хөндий 38 дугаар гудамж, 1577 тоотод байрлах 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрууд нь иргэн Х.Пүрэвсүрэн, Э.Хүсэлцэл нарын өмчлөлийн газар болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017 оны 6 сарын 15-ны өдөр Х.Пүрэвсүрэн, Э.Хүсэлцэл нар нь хариуцагч Г тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах- худалдан авах гэрээ байгуулсан боловч  өмчлөх эрх Г д шилжээгүй, гэрээний үүрэг хэрэгжээгүй  байх тул “төлбөрөө бүрэн төлсөн” тухай нэхэмжлэгчийн тайлбар баримтаар үгүйсгэгдсэн байна.

Түүнчлэн дээрх газруудыг үлдэгдэл төлбөр 15,000,000.00 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг  хангуулахаар барьцаалсан гэж  хариуцагч  тайлбарласан бөгөөд  2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хариуцагчаас Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн газарт гаргасан “...газрыг барьцаалсан гэж тэмдэглэгээ хийлгэхийг хүссэн өргөдөл” гэсэн баримт хэрэгт авагджээ. 

Нэхэмжлэгч Х   нийт 2,300,000.00 төгрөгийг Хаан банк дахь Г ын дансанд автомашины төлбөрийн үлдэгдэл гэж шилжүүлснийг худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000.00 төгрөгөөс хасч, үлдэх 12,700,000.00 төгрөгийг гаргуулахаар шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн, Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т  заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн х гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01416 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1313 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаярын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750.00 /тавин нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРСАЙХАН

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН