Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 369

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, нэхэмжлэгч “ПЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БГДТХ-т холбогдох захиргааны хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б /итгэмжлэл хх 2-р хавтас х 64/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О /итгэмжлэл 3-р хавтас х 1/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Маргад нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “ПЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн агуулга /хх 1-р хавтас х 1-6, 3-р хавтас х 216/:

“ПЭ” ХХК нь 2010-2012 онд аж ахуйн нэгжийн орлогын албан  татварт төлсөн 73,790,200 төгрөгийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 114,345,100 төгрөг, нийт 188,135,000 төгрөгийн татварыг буцаан авах эсхүл суутган тооцуулах талаар 2015 оны 04 дүгээр сараас эхлэн БГДТХ, Нийслэлийн Татварын газар, Татварын ерөнхий газарт удаа дараа хандаж байсан. Тодруулбал, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/15 албан бичгээр БГДТХ-т хандаж дээрх татварыг буцаан олгох талаар хүсэлт гаргасан боловч тус татварын хэлтсийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 4/1625 тоот албан бичгээр татварын байцаагчийн 260004472 тоот акттай холбоотой маргааныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийг шийдвэрлэсний дараа уг асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариуг өгсөн. 

Улмаар нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05/15 тоот албан бичгээр дахин БГДТХ-т хандсан бөгөөд тус дүүргийн татварын хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 4/483 тоот албан бичгээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. ... илүү төлөлтөө баталгаажуулах шаардлагатай гэж үзвэл Гааль, татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газарт хандана уу/ гэсэн хариуг өгсний дагуу нэхэмжлэгч 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/16 тоот албан бичгээр Гааль, татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газарт хандаж илүү төлсөн татварыг хяналт шалгалт хийлгүүлэн баталгаажуулж, улмаар буцаан авах эсхүл суутган тооцуулах хүсэлтийг дахин гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу Гааль, татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газраас 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03-3/1157 тоот албан бичгээр шинээр баг томилон ажиллуулж уг асуудлыг шалгахыг БГДТХ-т даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу татварын улсын байцаагч Ц.Н, Д.Б нар “ПЭ” ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 26516103 дугаар “илтгэх хуудас” гаргасан байдаг. Нэхэмжлэгч 2010-2012 онд аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварт нийт 188,135,000 төгрөгийн татварыг буруу тайлагнаж илүү төлсөн гэж үзэж байгаа бөгөөд дээрх татварын байцаагчийн илтгэх хуудсаар “ПЭ” ХХК-иас аж ахуй нэгжийн орлогын татварт 15,700,920 төгрөгийн татварыг давхардуулан төлснийг тогтоолоо гэсэн боловч татвар төлөгч өөрөө тодорхойлж татвараа тайлагнадаг, тайланд илүү төлөлт харагдахгүй байна гэсэн үндэслэлээр уг илүү төлөлтийг хүлээн зөвшөөрч баталгаажуулаагүй, мөн 2011 оны 09 дүгээр сараас өмнөх татварын асуудал дээр “хөөн хэлэлцэх хугацаа” дууссан гэж үзээд огт хяналт, шалгалт хийгээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасны дагуу төлөгдөх ёстой татвар гэж үзсэн байдаг.

Дээрх шийдвэрийн дагуу “ПЭ” ХХК-ийн толгой компани болох “БИ” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/136 тоот албан бичгээр дээрх илтгэх хуудсыг хүчингүй болгож, илүү төлсөн 188,135,000 төгрөгийн татварыг буцаан олгох талаар Татварын ерөнхий газарт хүсэлт гаргасныг Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Б хүлээн авч хянаад 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 07/1110 тоот албан бичгээр “татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илүү төлөлт үүсээгүй, буцаан авах татварын тооцоолол байхгүй тул татварын байцаагчийн илтгэх хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй, татварын буцаан олголтын асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн байдаг. Мөн Нийслэлийн Татварын газрын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/198 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн илүү төлсөн татварын асуудлыг шийдвэрлэх боломжгүй, шүүхэд гомдлоо гаргана уу гэсэн хариуг тус тус өгсөн байдаг.

Нэгэнт захиргааны байгууллага нэхэмжлэгчийн энэхүү 188,135,000 төгрөгийн татварын илүү төлөлтийг хүлээн зөвшөөрч баталгаажуулахгүй, буцаан олгох буюу суутган тооцож өгөхгүй нь тодорхой болсон тул уг илүү төлөлтийг шүүхийн журмаар тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Маргаан таслах зөвлөл татварын акт, дүгнэлттэй холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн маргааныг зөвхөн татвар төлөгчийн гомдлоор хэлэлцэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1. 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ”, 33.2.6-д “татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих ...”, Засгийн газрын 2009 оны 22 дугаар тоггоолоор батлагдсан “Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 1.5-д “Маргаан таслах зөвлөл нь гомдлыг Татварын ерөнхий хуулийн 42.1-д заасан үндэслэлээр хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан. 

Мөн Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/101 тушаалаар батлагдсан “Татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7.2, 7.19-д зааснаар Татварын улсын байцаагч хяналт шалгалтын үр дүнгээр акт, дүгнэлт, илтгэх хуудас бичих бөгөөд татвар төлөгч татварын хууль тогтоомжийг зөрчөөгүй буюу акт дүгнэлт үйлдэхээргүй бол илтгэх хуудас бичихээр зохицуулсан. Эрх зүйн эдгээр зохицуулалтуудаас үзэхэд Татварын улсын байцаагчийн “илтгэх хуудас” нь “акт, дүгнэлт”-ийн аль алинд хамаарахааргүй байгаа тул Татварын ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах боломжгүй гэж ойлгож байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн 188,135,000 төгрөгийн татварыг буруу тайлагнаж илүү төлсөн асуудал нь захиргааны актын улмаас буюу татварын улсын байцаагчийн үйлдсэн акт, дүгнэлттэй холбоотойгоор үүсээгүй, нэхэмжлэгчийн өөрийнх нь үйл ажиллагаанаас хамааралтайгаар үүссэн. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан “тоггоолгох" нэхэмжлэл нь нийтийн эрх зүйн хүрээнд нэг этгээд болон нөгөө этгээдийн хооронд, эсхүл нэг этгээд болон тодорхой зүйлийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тогтоолгох агуулгатай байдаг билээ. Харин Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэхийг хянуулахаар гомдол гаргахаар зохицуулсан. Иймд иргэн, хуулийн этгээдээс “тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгүүлэх шаардлага тавигдахгүй гэж ойлгож байна. 

“Тогтоолгох” нэхэмжлэл гаргаж буй үндэслэлийн талаар: 

Нэхэмжлэгч өмнө нь татварын улсын байцаагч Ц.Н, Д.Б нарын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 26516103 дугаар “Татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай илтгэх хуудас”-ыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Харин одоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу “тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын төрлийг сонгож нэхэмжлэл гаргаж байгаа билээ. 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүй шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Мөн дээр дурдсанчлан Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7.2, 7.19-д зааснаар Татварын 1 улсын байцаагч хяналт шалгалтын үр дүнгээр акт, дүгнэлт, илтгэх хуудас бичих бөгөөд татварын төлөгч татварын хууль тогтоомжийг зөрчөөгүй акт. Дүгнэлт үйлдэхээргүй бол илтгэх хуудас бичнэ, илтгэх хуудас нь “татварын хяналт шалгалт хийсэн талаарх танилцуулах баримт бичиг” гэж заасан бөгөөд захиргааны актад байх үндсэн шинж болох “эрх зүйн үр дагавар шууд үүсгэх шинж”-ийг агуулаагүй илтгэх хуудсын улмаас татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул илтгэх хуудсыг хүчингүй болгуулах боломжгүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын төрлөө өөрчилж “тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын төрлийг сонгож гаргасан. 

Энэхүү маргаан нь “ПЭ” ХХК-иас 2010-2012 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлсөн 73,790,200 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 114,345,100 төгрөг, нийт 188,135,000 төгрөгийн татварын илүү төлөлтийг татварыг татварын алба хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүссэн тул нэхэмжлэгчийн зүгээс “тогтоолгох” нэхэмжлэл гаргах, улмаар шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдана гэж үзсэн болно.

“ПЭ” ХХК нь 2010-2014 онд 285,803,000 төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын татвар, 959,567,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг тус тус ногдуулан төсөвт төлсөн. Ингэхдээ:

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар албан татвар ногдуулсан, үүний зэрэгцээ үл хөдлөх эд хөрөнгийн борлуулснаас олсон орлогыг үйл ажиллагаанаас олсон орлогод тооцон давхар тайлагнаж ААНОАТ-т 73,790,200 төгрөгийн татварыг давхар төлсөн. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогыг үндсэн үйл ажиллагааны орлого гэж буруу тодорхойлон давхар тайлагнаж татвар төлсөн бөгөөд үүнийг компанийн удирдлага 2013 онд илрүүлж, улмаар тус онд орон сууц худалдан борлуулсан орлогод ААНОАТ-ыг ногдуулж төлөөгүй болно. “ПЭ” ХХК нь өөрийн өмчлөлийн биет хөрөнгүүдээ худалдсанаар зөвхөн биет хөрөнгө нь мөнгөн хөрөнгө рүү шилжсэн, орлого олоогүй тул орлогын албан татвар төлөх үндэслэл байгаагүй. 

Өөрийн хөрөнгөд бүртгэлтэй орон сууцны зориулалтаар түрээсэлж байсан орон сууцнаасаа 2010 онд 7 ширхэг, 2011 онд 4 ширхэг, 2012 онд 3 ширхэг, нийт 14 ширхэгийг борлуулж, 2010 онд 20,875,200 төгрөгийн, 2011 онд 58,034,700 төгрөгийн, 2012 онд 35,435,100 төгрөгийн, нийт төлөх ёсгүй 114,345,100 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 2006 оны 13 дугаар зүйлийн 13,1.8-д “орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого”-ыг албан татвараас чөлөөлнө, мөн зүйлийн 13.5-д “Худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт энэ хуулийн 13.1.8 дахь заалт үйлчлэхгүй” гэж заасан. “ПЭ” ХХК-ийн худалдсан орон сууцны зориулалттай барилгуудыг өмнө 2006 онд “БП” ХХК-иас “МЛ” ХХК худалдан авсан хөрөнгө бөгөөд 2010 онд “МЛ” ХХК-ийг тусгаарлан “ПЭ” ХХК-ийг байгуулахад тус компани руу шилжсэн хөрөнгүүд байсан. Иймд эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан “Шинээр барьсан орон сууц” гэсэн ойлголтод хамаарахгүй.

“ПЭ” ХХК-ийг “БИ” ХХК-д нэгтгэх шийдвэр гарсны дараа “ПЭ” ХХК-д татварын хяналт, шалгалт хийлгүүлсэн бөгөөд Татварын улсын байцаагч М.Т, Х.П нарын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 260004472 тоот актаар “ПЭ” ХХК 2013 онд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ худалдсан дүнгээс аж ахуй нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй нь хууль зөрчсөн гэж үзэн акт тавьсан байдаг. Харин татварын улсын байцаагчийн уг шийдвэрийг үндэслэлгүй гэдгийг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 113 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор шийдвэрлэж, нөхен татвар, алданги, торгуулийг хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, Татварын маргаан таслах зөвлөлийн эдгээр шийдвэрээр “ПЭ” ХХК нь 2010-2012 онд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ худалдан борлуулсан дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох, мөн орж ирсэн орлогоос аж ахуйн нэгжийн орлогын татвар ногдуулан төлөх үндэслэл байгаагүй гэдэг нь давхар харагдаж байгаа юм. 

Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 58 дугаар зүйлд зааснаар татвар төлөгч нь илүү төлсөн татвараа буцаан авах буюу суутган тооцуулах эрхтэй тул нэхэмжлэгчийн хувьд дээрх байдлаар илүү төлсөн 188,135,000 төгрөгийн татвараа буцаан авах буюу суутган тооцуулах эрхтэй гэж үзэж байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу “ПЭ” ХХК нь 2010-2012 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 73,790,200 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 114,345,100 төгрөг, нийт 188,135,00 төгрөгийн татварын илүү төлсөн, уг илүү төлсөн 188,135,000 төгрөгийн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. 

2.Хариуцагч БГДТХ-н хариу тайлбарын агуулга /хх 1-р хавтас 152-153/: 

“Тус хуулийн этгээдийн 2010-2014 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд БГДТХ-н хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Т, Х.П нар шалгалт хийж 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн татварын улсын байцаагчийн 260004472 тоот актаар 3,179,577,622 төгрөгийн төлбөр ногдуулсан байдаг. Нийслэлийн Татварын газрын маргаан таслах зөвлөл болон Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр дээрх төлбөрийн дүнг  32411674 төгрөг болгон бууруулсан байдаг.

Тус хуулийн этгээдийн 2010-2012 онд нягтлан бодогчийн буруутай үйлдлээс тайлангаар илүү төлөлт ногдуулсан гэх аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох тухай хүсэлтийг гаргасан байдаг. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх ...” гэж заасны дагуу 2010-2011 оны 8 сар дуустал хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдал хяналт шалгалт хийх хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан байдаг.

Иймд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 26/26 дугаартай татварын улсын байцаагчийн илтгэх хуудас үйлдэж 2011 оны 09 дүгээр сараас 2012 оныг дуустал хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд тулган баталгаажуулалтын аргаар давтан шалгалт хийж илтгэх хуудас гарсан байдаг.

Дээрх илтгэх хуудсаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар орон сууцны зориулалттай барилгын борлуулалтын орлогод 2011 онд 13245455 төгрөгийн, 2012 онд 35442409 төгрөгийн нийт 48687864 төгрөгийн татварыг хуулийн дагуу ногдуулж тайлагнасан байх ба нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.9-д “орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа орон байр” гэж орон сууцны зориулалтаар ашиглалтанд оруулсан бөгөөд энэ хуулийн дагуу НӨАТ ногдуулсан барилгыг” гэж заасан ба тус компани орон сууцны зориулалтай барилгын үнэд өөрөөр хэлбэл урьд нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн учир нэмэгдсэн өртгийн албан татвар шингээгүй тул дахин нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй гэж шийдвэрлээд илүү төлөлтийг баталгаажуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн байдаг.

Татварын улсын байцаагчийн илтгэх хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдал бий болгосон захиргааны актыг ойлгоно.” гэж зааснаар захиргааны эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд “ПЭ” ХХК-ийн дээрх маргааны эцэслэн шийдвэрлэгдсэн татварын улсын байцаагчийн илтгэх хуудас нь захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” нэхэмжлэл гаргах нь зүйтэй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч “ПЭ” ХХК-иас гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу “ПЭ” ХХК нь 2010-2012 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 73,790,200 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 114,345,100 төгрөг, нийт 188,135,00 төгрөгийн татварын илүү төлсөн, уг илүү төлсөн 188,135,000 төгрөгийн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх тухай” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээр БГДТХ-т холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ /хх 1-р хавтас, х 143-144/. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ““ПЭ” ХХК нь 2010-2012 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 67,868,007 төгрөг нэмэгдсэн өртгийн албан татварт 114,351,578 төгрөг, нийт 182,219,585 төгрөгийн татварыг илүү төлсөн, уг илүү төлсөн 182,219,585 төгрөгийн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. /хх 3-р хавтас 216/.

2.Хэрэгт цугларсан нотлох баримтын талаар: 

Татварын улсын байцаагч Х.П, М.Т нарын “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан” 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 260004472 тоот актаар “ПЭ” ХХК-ийн 2010-2014 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2,143,692,110.8 төгрөгийн нөхөн татвар, 942,238,155.8 төгрөгийн торгууль, 89,871,087.6 төгрөгийн алданги, 3,776,268.5 төгрөгийн хүү нийт 3,179,577,622.7 төгрөг төлүүлэхээр тогтоожээ  /1-р хавтас х 39-44, 158-163/.  

Дээрх актад нэхэмжлэгч компаниас гомдол гаргасны дагуу Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 113 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж 1,208,078.7 мянган төгрөгийн төлбөрийг хасч, 14,877,497.428.20 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,971,498.926.60 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоожээ /1-р хавтас х 61-65/. 

Дээрх Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 113 дугаар тогтоолд “ПЭ” ХХК-иас Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаар тогтоол /1-р хавтас х 68-71/-оор Татварын улсын байцаагч Х.П, М.Т нарын “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан” 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 260004472 тоот актад өөрчлөлт оруулж 483,114,674.50 төгрөгийн зөрчилд ногдуулсан 32,411, 674.60 төгрөгийн төлүүлэхээр тогтоожээ /1-р хавтас 68-71/. 

Үүний зэрэгцээ “ПЭ” ХХК-иас ... ААНОАТ, НӨАТ-ын илүү төлсөн татварыг буцаан авах агуулгатай 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/15 тоот албан бичиг /1-р хавтас х 72-74/-ээр БГДТХ-т хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтийн хариуд БГДТХ-с “ ... хүсэлт нь тус хэлтсээс шалгалтаар тавигдсан 260004472 тоот акт Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл дээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул хүлээгдэж байгаа болно. Иймд .... шийдвэр гарсны дараа танай ААНОАТ, НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулж зохих журмын дагуу шийдвэрлэх болно” гэж 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 4/1625 тоот албан бичиг /1-р хавтас х 75/-ээр “ПЭ” ХХК-д хариу өгчээ.

“ПЭ” ХХК-иас “... ААНОАТ, НӨАТ-ын илүү төлсөн 188,135 мянган төгрөгийг буцаан авах ... тухай” агуулга бүхий 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05/15 тоот албан бичиг /1-р хавтас х 76/-ээр БГДТХ-т дахин хүсэлт гаргажээ. 

БГДТХ-с 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 4/483 тоот албан бичиг /1-р хавтас х 77/-ээр “ПЭ” ХХК-д “... Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаартай тогтоол нь татвар төлөгчийн илүү төлөлтийг баталгаажуулсан тогтоол биш юм. Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдэж... илүү төлөлтөө баталгаажуулах шаардлагатай гэж үзвэл Гааль татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газарт хандана уу” гэсэн хариуг өгчээ.

Улмаар “ПЭ” ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/16 тоот албан бичиг /1-р хавтас х 78-79/-ээр Гааль, татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газарт “татварын илүү төлсөн 188,135 мянган төгрөгийг холбогдох хяналт шалтгалтыг хийж баталгаажуулан, буцаан олгож өгөх эсвэл “БИ” ХХК-ийн татварын өрийн тооцоонд суутгаж өгөх” агуулга бүхий хүсэлтийг гаргажээ. 

Гааль, татварын ерөнхий газраас дээрх хүсэлтийн хариуд 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03-3/1157 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /1-р хавтас х 80/-ээр “... танай албан бичигт дурдсан хоёр асуудал нь хяналт шалгалтын ажлын явц, үр дүнд тусгагдаагүй байна. ...“ПЭ” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу Татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлт гаргуулж, хэсэгчилсэн шалгалтыг шинээр баг томилон явуулж, асуудлыг шийдвэрлэх” арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн.” агуулгатай хариуг “ПЭ” ХХК-д өгчээ.

Дээр дурдсан “ПЭ” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хүсэлт, Гааль, татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03-3/1157 тоот албан бичиг болон БГДТХ-н хяналт шалгалтын тасгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн томилолтын дагуу БГДТХ-н Татварын улсын байцаагч Ц.Н, Д.Б нараас “ПЭ” ХХК-ийн санхүүгийн тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлд үндэслэн хэсэгчилсэн шалгалтыг хийж 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 26516103 дугаар илтгэх хуудас /1-р хавтас х 81-83, 167-168/-ыг гаргажээ. Уг илтгэх хуудсаар “Нэг.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2011 оны 9 дүгээр сараас 6,985,290 төгрөгийн, 2012 оны 8, 715, 630 төгрөгийн нийт 15, 700,920 төгрөгийн татварыг давхардуулан ногдуулж төлснийг тогтоолоо. Хоёрт. “...танай орон сууцны зориулалттай барилгын үнэд/ урд нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн учир/ нэмэгдсэн өртгийн албан татвар шингээгүй тул дахин нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй болно. Татвар төлөгч өөрөө татвараа тодорхойлж, тайлангаар ногдуулж төлсөн нь үндэслэлтэй байх тул буцаан олгох татварын асуудал яригдахгүй гэж үзлээ.” гэжээ.

Уг илтгэх хуудсын дагуу “ПЭ” ХХК-д БГДТХ-с зөвлөмж хүргүүлсэн байна /1-р хавтас х 84/. 

БГДТХ-н Татварын улсын байцаагч Ц.Н, Д.Б нарын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 26516103 илтгэх хуудсыг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “ПЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.М-д гардуулсан байх бөгөөд зөвшөөрөөгүй байна /1-р хавтас х 85/. 

“ПЭ” ХХК-ийн толгой компани болох “БИ” ХХК-иас /1-р хавтас х 21-34/ 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/136 тоот албан бичиг /1-р хх 10 х/-ээр  БГДТХ-н татварын улсын байцаагч нарын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 26516103 дугаар илтгэх хуудсыг хүчингүй болгуулахаар Татварын ерөнхий газар хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтийн хариуд Татварын ерөнхий газраас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 07/110 тоот албан бичиг /1-р хавтас х 86 /-ээр “ПЭ” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгахад Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд илүү төлөлт үүсээгүй, буцаан авах татварын тооцоолол байхгүй, тухайн тайлант хугацааны буруу тайлагнасан болон тайлангаар ногдуулсан ногдлыг харъяа татварын албандаа хүсэлт гаргаж залруулаагүй тул татварын улсын байцаагчийн илтгэх хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй, илүү төлсөн гэх татварыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй” талаар хариуг  өгчээ. 

Мөн Нийслэлийн Татварын газрын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/198 тоот албан бичиг /1-р хавтас х 87 /-ээр “БИ” ХХК-ийн гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй талаарх хариуг өгчээ.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдийн талаар:

“ПЭ” ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд “БГДТХ-н татварын улсын байцаагч Ц.Н, Д.Б нарын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 26516103 дугаар илтгэх хуудсыг хүчингүй болгуулж, “ПЭ” ХХК-ийн илүү төлсөн 188,135,000 төгрөгийн татварыг буцаан олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж /1-р хх 88 х/, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 8906 дугаар захирамжаар “маргаан бүхий актын талаар гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ /1-р хавтас х 89-92/.

Үүний дараа “ПЭ” ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаар шүүхэд дахин нэхэмжлэл /1-р хавтас х 93-96/ гаргасан байна. Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” 2778 дугаар шүүгчийн захирамж гарч /1-р хх 97-100/, мөн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3245 дугаар шүүгчийн захирамж /1-р хх 101-104/-аар нэхэмжлэл гаргагчаас нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирээгүй үндэслэлээр “ПЭ” ХХК-ийн нэхэмжлэлийг буцаасан байна.

Уг нэхэмжлэлийг буцаасан захирамж гарснаас хойш 6 сар гаруйн дараа “ПЭ” ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “ПЭ” ХХК нь 2010-2012 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 73,790,200 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 11,4345,100 төгрөг, нийт төлөх ёсгүй 188,135,000 төгрөгийн татварыг төлсөн болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ /1-р хавтас х 105-109/.

Уг нэхэмжлэлийн хүрээнд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” 7729 дүгээр захирамж гаргаж, улмаар “ПЭ” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  0043 дугаар шүүгчийн  захирамж /1-р хавтас х 116-123/-аар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Уг шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэж /1-р хавтас 135-138/, үүний дараа шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна /1-р хавтас 143-144/.  

4.Хууль зүйн үндэслэлийн талаар: 

Нэхэмжлэгч компаниас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх;” гэсэн үндэслэлээр  буюу захиргааны акттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй харин эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох тодруулбал, илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Дээр дурдсан хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч “ПЭ” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 30, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч БГДТХ-т нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2010-2012 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 73,790,200 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 114,345,100 төгрөгийн татварыг илүү төлсөн үндэслэлээр уг татварыг буцаан авах хүсэлтийг гаргажээ. Мөн Гааль, татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт арга зүйн газарт 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөн хүсэлтийг гаргажээ. Эдгээр хүсэлт нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн  17.1.4-д “Татвар төлөгч нь илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах эрх эдэлнэ” гэж заасан эрхийн хүрээнд гаргасан бөгөөд нэхэмжлэгч компанийн эдгээр хүсэлтийг шийдвэрлэхээр хариуцагч БГДТХ-с татварын улсын байцаагч Ц.Н, Д.Б нар хэсэгчилсэн шалгалтыг хийж илтгэх хуудсыг  2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргажээ. 

Энэ илтгэх хуудас нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д заасныг тус тус үндэслэн гарсан байх бөгөөд илтгэх хуудсаар “...тайлангаар ногдуулсан татварын илүү дутуу төлөлтийг жил бүр Татварын хэлтсийн даргын тушаалаар баталгаажуулан тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт болон дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох, буцаан олгох зэргээр тайланд жилд нь шийдвэрлэсээр ирсэн байхад татвар төлөгч өөрийн буруутай үйл ажиллагаанаас гарсан алдааг тухайн үед нь залруулалгүй, 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. ...нийт 15,700,920 төгрөгийн татварыг давхардуулан төлснийг тогтоолоо. ...танай орон сууцны зориулалттай барилгын үнэд / урьд нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн учир/ нэмэгдсэн өртгийн албан татвар шингээгүй тул дахин нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй болно. Татвар төлөгч өөрөө татвараа тодорхойлж, тайлангаар ногдуулж төлсөн нь үндэслэлтэй байх тул буцаан олгох татварын асуудал яригдахгүй гэж үзлээ.” гэх байдлаар нэхэмжлэгч компанийн илүү төлсөн татварыг буцаан олгох талаарх хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгсөн байна.   

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа “2010-2012 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 67,868,007 төгрөг нэмэгдсэн өртгийн албан татварт 114,351,578 төгрөгийн татварыг илүү төлсөн, уг илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах”-тай холбоотой  захиргааны эрх зүйн харилцаа нэхэмжлэгч компани хариуцагч захиргааны байгууллагад энэ талаар хүсэлт гаргасан үеэс үүсч, улмаар хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч компанийн хүсэлтэд дурдсан татварын илүү төлөлтийг буцаан олгох асуудал яригдахгүй гэсэн татгалзсан илтгэх хуудас буюу актыг гаргажээ. Уг илтгэх хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан захиргааны акт байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасны дагуу шүүхээс уг захиргааны акттай холбоотой үндэслэлээр нэхэмжлэгч компаниас нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргаагүй байх тул энэ үндэслэлээр шүүхээс дүгнэлт хийхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. 

Үүний учир нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа “илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах”-тай холбоотой  захиргааны эрх зүйн харилцаа байгаа талаар үйл баримт /факт/ нэгэнт тогтоогдож байхад шүүхээс уг захиргааны эрх зүйн харилцааг дахин байгаа эсэхийг тогтоох, хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч “ПЭ” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  

 

        3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.5, 106.3.14 -д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ПЭ” ХХК-ийн “ПЭ” ХХК нь 2010-2012 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 67,868,007 төгрөг нэмэгдсэн өртгийн албан татварт 114,351,578 төгрөг, нийт 182,219,585 төгрөгийн татварыг илүү төлсөн, уг илүү төлсөн 182,219,585 төгрөгийн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх тухай” гэсэн шаардлага бүхий БГДТХ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                       А.САРАНГЭРЭЛ