Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 116/2015/0018/з |
Дугаар | 327 |
Огноо | 2016-10-24 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 327
А.Баасанжавын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч А.Баасанжав, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 460 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор А.Баасанжавын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга болон тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох, нэхэмжлэгч А.Баасанжавын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт СМУ-ийн 27 дугаар байрны хойд талын 96 м.кв газрыг А.Өлзийсайханаас А.Баасанжавт шилжүүлэн эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрээ байгуулан гэрчилгээ олгохыг хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 460 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Баасанжавын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.Баасанжавт 220 м.кв газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дорнод аймгийн Засаг дарга болон тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазар нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хүчингүй болсон Газрын тухай хуулийг баримтлан шийдвэр гаргасан.
Аливаа улс гүрний хууль тогтоомж тухайн цаг үе, нийгмийн эрэлт хэрэгцээний шаардлагыг хангаж улам боловсронгуй болж ирэхтэй холбогдуулан өмнө мөрдөж байсан хуулиудыг төгс төгөлдөр болгон хуулийг баталж хэрэгжүүлдэг. Харин хүчингүй болсон хуулийг дахин хэрэглэх асуудал практикт байхгүй.
Иргэн А.Баасанжавын газар эзэмшлийн асуудал нь анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл байсан. Тухайлбал: Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн 152 дугаар захирамжаар иргэн А.Өлзийсайханд 6 дугаар багийн нутаг дэвсгэрт СМУ-ийн 27 дугаар байрны хойд талд 96 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байх боловч газар эзэмших эрхийн 07/14/208 тоот гэрчилгээг захирамж гарахаас өмнө буюу 2000 оны 7 дугаар сарын 17-ний өдөр олгосон байдаг.
Иргэн А.Баасанжавт тухайн газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж шийдвэр байхгүй учир тухайн газрын хууль ёсны эзэмшигч нь А.Өлзийсайхан болно.
Гэтэл иргэн А.Өлзийсайхан нь Газрын тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчин газар эзэмших эрхийг зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлж, өнөөдрийг хүртэл холбогдох газарт бүртгүүлээгүй, газрын нэгж талбарын хувийн хэрэг үүсгээгүй байх ба иргэн А.Баасанжав нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй субъект болно.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигч иргэний эрх, үүргийг тодорхой зааж өгсөн. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуулиар газар эзэмших эрх шилжүүлэх асуудлыг хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.4-т зохицуулсан заалтуудыг зөрчсөн.
Иргэн А.Баасанжаваас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2015 оны 5 дугаар сарын 08-ний өдөр хийж, нотариатаар баталгаажуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр солиулах хүсэлтийг аймгийн ГХБХБГ-т 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гаргасан байдаг. Гэтэл энэхүү гэрээнд заасан газрын хэмжээ Засаг даргын 2000 оны 152 дугаар захирамжаар олгосон 96 м.кв газрын хэмжээнээс 124 м.кв-аар зөрүүтэй байсан.
Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс холбогдох хүмүүсийг байлцуулан газар дээр нь хийсэн үзлэгээр нийт газрын хэмжээ 271 м.кв, үүнээс барилга байгууламжийн доорх газрын хэмжээ 146 м.кв байгааг тогтоосон.
Тухайн газрын хууль ёсны газар эзэмшигч гэгдэх иргэн А.Өлзийсайхан нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, иргэн А.Баасанжав нь зөвшөөрөлгүй газарт үйл ажиллагаа явуулж байгаа, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй субъект болох тул иргэний эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд иргэн А.Баасанжавын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.Баасанжав нь Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан 220 мкв газар эзэмших эрхийг сэргээж, гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаар захирамжаар 6 дугаар баг, СМУ-гийн 27 дугаар байрны хойд талд “96 мкв” газрыг А.Өлзийсайханд худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд “124 мкв” газар нэмж олгосон тухай гэрчилгээний ард талд бичиж, захиргааны байгууллагын тамга дарсан байна. Улмаар энэхүү газраа А.Баасанжавт шилжүүлсэн гэх боловч газар эзэмших эрх шилжүүлсэн тухай Засаг даргын захирамж гараагүй байна.
Нэхэмжлэгчийн тухайд “220 мкв газар эзэмших эрхтэй” гэж, захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг зөвхөн “96 мкв газар эзэмших эрхтэй”, харин сүүлд нэмэгдүүлсэн гэх “124 мкв газрыг эзэмших эрхгүй” гэж тус тус маргажээ.
Гэвч одоо маргаан бүхий газарт нийтдээ “146 мкв” газарт нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө буюу байшин байгаа нь түүнд үл хөдлөх хөрөнгийн доорх газраа эзэмших хууль ёсны ашиг сонирхлыг үүсгэсэн байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 23 дугаар зүйлийн 23.3.7 дахь хэсэгт зааснаар газар эзэмших шийдвэр гаргах, гэрээ байгуулах, гэрчилгээ олгох асуудал захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал, Засаг даргаас нэхэмжлэгчид газар шилжүүлсэн захирамж гараагүй боловч 2000 оноос хойш иргэд уг газрыг тасралтгүй эзэмшиж ирсэн, захиргааны зүгээс уг маргаан бүхий газрыг эзэмшихийг хориглоогүй, нэхэмжлэгчээс байшингийн суурийн хэмжээг нэмэгдүүлэх үед барилга барихыг зогсоогоогүй, газрын төлбөрийг авч байсан зэргээс нэхэмжлэгчийг “хууль бусаар газар эзэмшсэн” гэж дүгнэх боломжгүй юм.
Хэдийгээр нэхэмжлэгчид газар шилжүүлсэн захирамж гараагүй боловч захиргааны байгууллага холбогдох албан тушаалтнууд өргөдлийг нь тухай бүр хүлээн авч тэмдэглэгээ хийж байсан, нэхэмжлэгч маргаан бүхий газрыг 2002 оноос хойш бодит байдалд ашиглаж байхад Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх хэсэгт зааснаар газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэх үйл ажиллагаа явуулаагүй атлаа 220 мкв газрын 146 мкв газарт барилга барьж дууссаны дараа барилгын суурийг оролцуулан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг үгүйсгэж байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэсэн зарчимд нийцээгүй, захиргааны байгууллага хариуцлагагүй хандаж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзлээ.
Захиргааны байгууллагаас “маргаан бүхий газарт замын зурвас газар орсон” гэж тайлбарлах боловч үүнийг нотолсон баримтыг шүүхэд өгөөгүй тул энэ асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.
Харин барилгын зүүн талд байрлах дулаан болон цэвэр усны шугамын хувьд нэхэмжлэгчийн зүгээс шугамын ашиглалтыг хязгаарлахгүй байх, өөрийн зардлаар нүүлгэн шилжүүлэх үүрэгтэй болохыг тэмдэглэв.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 211/МА2016/0460 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ