Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 101/2016/08154/И |
Дугаар | Дугаар 102/ШШ2016/05600 |
Огноо | 2016-11-03 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2016/05600
2016 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2016/05600 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза, “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, 67-р байрны 2 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧЗ75050500, Алтан овоо овогт Жаргалсайханы Даваажавт холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 1 117 666 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгорзул, хариуцагч Ж.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгорзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Скайтел ХХК нь Ж.Даваажавтай 2014 оны 10 сарын 24-ний өдөр “Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээс”-ийн 021 тоот гэрээг 1 жилийн хугацаатай, сарын 410 000 төгрөг төлөхөөр тохирсон. Манай зүгээс түрээслэгч нартаа хөнгөлөлт үзүүлэх үүднээс 2015 оны 1-3, 5-12 дугаар сарууд, 2016 оны 1-3 дугаар саруудад төлбөрийг 130 000 төгрөг, 2016 оны 4-р сарын түрээсийн төлбөрийг 112 666 төгрөг болгон бууруулсан. Гэтэл Ж.Даваажав нь гэрээний 6-р зүйлийн 6.4.4 дэх заалтыг зөрчин 2015 оны 7, 8, 11, 12 дугаар сар, 2016 оны 1, 2, 4-р саруудын нийт 7 сарын төлбөрийг төлөөгүй. Түрээслэгч нь гэрээний 10-р зүйлийн 10.3-т зааснаар дангаар гэрээ цуцлах эрхтэй ба гэрээ цуцлах саналаа 1 сарын өмнө түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдэнэ гэсний дагуу мэдэгдэж байгаагүй. Мөн түрээсийн талбайгаа ашиглаж чадаагүй нь хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм. Манай зүгээс “үйл ажиллагаагаа явуулж, түрээсийн төлбөрөө төлнө үү” гэсэн бичгийг оршин суух хаягаар нь явуулж байсан боловч хариу өгөөгүй, төлбөр төлөх талаар санаачилга гаргаагүй. Иймд гэрээний 4-р зүйлийн 4.8, 6-р зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч гэрээгээ цуцалж хохирлоо шаардаж байна. Ж.Даваажаваас түрээсийн төлбөр 1 117 666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Даваажав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Скайтел компанитай 2014 оны 10-р сарын 24-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед Скайтел ХХК-ний Скайтел-Теди үйлчилгээний төвийн 2-р давхар нь Мобиком-Теди үйлчилгээний төвийн 2-р давхар луу шууд ордог гарцтай байсан. Тухайн үед үйлчлүүлэгч нар боломжийн орж гардаг, лангууг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж болохоор байсан. Гэтэл Скайтел ХХК, Мобиком ХХК-иуд нь талбайн асуудлаар хоорондоо маргалдаж гол үйлчлүүлэгч орж гардаг байсан хаалгыг тагласан. Тэр үед маргаантай орц гарцтай талбайг бидэнд түрээслүүлснийг мэдсэн. Тэр хаалгыг хааснаас хойш үйлчлүүлэгч орохоо больж, санхүүгийн хүндрэлд орсон. Хаалга хаасны дараа Скайтел ХХК-ний удирдлагуудтай уулзахад “удахгүй нээгдэнэ, санаа зоволтгүй” гэсэн. Хаалгыг хаах байсан бол би эхнээсээ гэрээ хийхгүй байсан. Гэтэл түрээслүүлэгч нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй хөрөнгийг шилжүүлж түрээслэгчийг хохироосон. Хаалга нээж өгөхийг гэрээний 6.3.2-т зааснаар санал тавьсан боловч Мобиком ХХК-тай маргаантай байгаа гээд ямар ч арга хэмжээ аваагүй. Мөн Скайтел ХХК нь 2015 оны 5-р сараас эхлэн хааж 18-8 тоот лангуунд компьютерийн ажилчдаа суулган үйл ажиллагаа явуулж байгаа. Түрээсийн гэрээ байгуулахад бүртгэлийн хураамж гэж 450 000 төгрөг хууль бусаар авсан. Скайтел компаний буруугаас болж лангуугаа ашиглаж чадаагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь Ж.Даваажавт холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 1 117 666 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
“Скайтел” ХХК нь 2014 оны 10-р сарын 24-ний өдөр Ж.Даваажавтай 021 тоот “Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээс”-ийн гэрээ байгуулж, лангууг 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч түрээсийн төлбөрт сарын 410 000 төгрөг төлөхөөр тохирсон /хх 4-6/ байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 318-р зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагджээ.
Талуудын хооронд түрээслэгч түрээсийн төлбөрөө төлөөгүйгээс маргаан гарч, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр 1 117 666 төгрөг шаардсан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “Скайтел-Теди үйлчилгээний төвийн 2-р давхараас Мобиком-Теди үйлчилгээний төвийн 2-р давхар луу ордог хаалгыг хааснаас орлого хаагдсан, хууль бусаар бүртгэлийн хураамж болон түрээсийн 1 сарын төлбөр авсан” гэж тайлбарлажээ.
Гэрээний 1.5-д зааснаар лангууг гар утас болон дагалдах хэрэгслийн худалдаа эрхлэх зориулалтаар түрээсэлсэн байх ба талуудын тайлбараар түрээслэгч нь зориулалтын дагуу лангуу ашигласан байна. Харин “Скайтел-Теди” төвөөс “Мобиком-Теди” төв рүү ордог хаалга нь түрээсийн гэрээ байгуулах гол зорилго биш бөгөөд хаалгыг хаасан нь түрээслэгч төлбөрөө төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Түрээслүүлэгч 2015 оны 7-12-р сарын түрээсийн төлбөрийг 50 хувиар бууруулсан, түрээслэгч нь 2015 оны 1-6 дугаар сар, 9, 10 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлсөн талаар талууд маргаагүй, харин Ж.Даваажав нь 2015 оны 7, 8-р сарын төлбөр 410 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.
Талуудын хооронд байгуулсан лангуу түрээслэх гэрээ нь хуульд зааснаар эрх бүхий байгууллагат бүртгүүлэх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байх ба бүртгэлийн хураамжид 450 000 төгрөг хураасан нь буруу байна. Иймд бүртгэлийн хураамжид хураасан 450 000 төгрөгөөс түрээслэгчийн төлбөл зохих 410 000 төгрөгийг төлсөнд тооцох нь зүйтэй.
Харин түрээсийн гэрээний хугацаа 2015 оны 10-р сарын 24-ний өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг сунгаагүй байна. Иймд 2015 оны 11, 12 дугаар сар, 2016 оны 1-4 дүгээр сард түрээслэгч түрээсийн гэрээний хөлс төлөх үүрэггүй гэж дүгнэлээ.
Хэргийн 32-34 дүгээр талд авагдсан Скайтел ХХК-ний гүйцэтгэх захирлын 2015 оны 08-р сарын 11-ний өдрийн А-657 тоот “Түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх тухай”, 2016 оны 02-р сарын 05-ны өдрийн 17-98 тоот “Түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх тухай”, 2016 оны 02-р сарын 05-ны өдрийн А-99 тоот “Түрээсийн үнэ тогтох тухай” тушаалууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл, бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.1, 326-р зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Даваажаваас 1 117 666 /нэг сая нэг зуун арван долоон мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 531 373 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА