Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2016/05601

 

 

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2016/05601

Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж,  Хас банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхоны 107-р байрны 20 тоот, Улаанхүүгийн Нэмэхбаяр,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхоны 107-р байрны 20 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХП62010804, Хавтгай овогт Жийжинхүүгийн Бэхмаа,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 16-р хороо, 41А-р байрны 54 тоотод оршин суух, регистр УК93112006, Богд овогт Отгонтуяагийн Уянга нарт холбогдох барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа, Э.Мөнх-Эрдэнэ, С.Батцэцэг, хариуцагч Ж.Бэхмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ,  гэрч Б.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нэмэхбаяр нь тус банктай 2014 оны 6-р сарын 13-ны өдөр зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн барьцаанд Y-2205037735 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн 000160113 тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хохтхоны 107-р байрны 20 тоот орон сууцыг барьцаалсан. У.Нэмэхбаяр нь 2015 оны 4-р сарын 19-ний өдөр авто ослын улмаас нас барсан. Зээлдэгчийн нас барсан өдрөөр зээлийг тооцоход үндсэн зээл 22 726 960 төгрөг, хүү 5 536 661 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 411 541 төгрөг нийт 28 675 163 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлдэгч нас барсан тул түүний өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийг хангуулах, үүний тулд банк өв нээгдэх 1 жилийн хугацааг хүлээсэн боловч өвлөх эрхийн гэрчилгээ гараагүй байна. Зээлдэгчийн өвлөгчийн хувьд төрүүлсэн эх Бэхмаа, Уянга, хүү Өрнөхбаяр нар боловч Уянга нь өвлөх эрхээсээ татгалзсан байна. Харин Ж.Бэхмаа өвийг хүлээн авсан, Иргэний хуулийн 515-р зүйлд заасан өвлөгч юм. Иймд О.Уянгад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, Иргэний хуулийн 153, 158.1, 158.3, 536-р зүйлийн 536.2 дахь хэсэгт зааснаар Ж.Бэхмаагаар 28 675 163 төгрөгийн үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Уянга шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2012 онд Улаанхүү овогтой Нэмэхбаяртай танилцаж, 2014 онд бидний дундаас Н.Өрнөхбаярыг төрүүлсэн. Гэтэл 2015.4.19-нд миний нөхөр У.Нэмэхбаяр автомашины осолд орж нас барсан. Иймээс миний нөхөр У.Нэмэхбаярын өмчлөлд байсан Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхоны 107-р байрны 20 тоотод байрших 43м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас өөрийн хүү Н.Өрнөхбаярт ноогдох хэсгээс татгалзаж, хадам ээж Ж.Бэхмаад өвийг шилжүүлэн өгснөөр өв хөрөнгөтэй холбоотой асуудал /Хас банкны зээл/-д хамааралгүй болно гэжээ.

Хариуцагч Ж.Бэхмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний талийгаач хүү У.Нэмэхбаяр нь байраа барьцаалан Хас банкнаас 25 сая төгрөгийг хадам эх Отгонтуяатай нийлж авсан байна. Би энэ зээлийг аваагүй. Банкнаас хүн ирж намайг “Отгонтуяа юу” гэж асуусан. Хүүхдээ нас барсны дараа үүнийг мэдээд зээлийн эдийн засагч Наранбаатартай Отгонтуяаг уулзуулсан. Отгонтуяа нь Уянгын ээж бөгөөд 15 сая төгрөгийг төлнө гэж байсан. Би зээл аваагүй, зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банк нь талийгаач У.Нэмэхбаярын зээлд юу юу хэдэн төгрөг шаардаад байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Уянга нь өвлөх эрхээсээ татгалзсан, Бэхмаа нь өвлөх эрхийн гэрчилгээ авахаар нотариатад хандсан боловч гэрчилгээ нь гараагүй. 800 000 төгрөг төлөх шаардлагатай, үүнийг төлж чадаагүй учраас гэрчилгээ нь гарахгүй байгаа. Талийгаачийн зээлийг хэн төлөх нь мэдэгдэхгүй байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                            

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Хас банк нь У.Нэмэхбаяр, Ж.Бэхмаа нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хамтран хариуцагчаар О.Уянгыг татсан боловч шүүх хуралдааны шатанд түүнд холбогдох нэхэмжлэлээс татгалзсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй гэж дүгнэлээ.

 

Хас банк нь Б.Нэмэхбаяртай 2014 оны 6-р сарын 13-ны өдөр 1030014838 тоот зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар, улсын бүртгэлийн Y-2205037735 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхоны 107-р байрны 20 тоот 2 өрөө сууцыг барьцаалан зээлүүлэхээр тохирчээ.

Баталгаат ипотекийн гэрээг Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр /хх 9-15, 20/ байна. 

Зээлдэгч У.Нэмэхбаяр нь 2015 оны 4-р сарын 19-ний өдөр нас барсан нь нас барсныг бүртгэсэн 0000155888 тоот гэрчилгээ /хх 16/, зохигчийн тайлбараар тогтоогдсон байх ба нэхэмжлэгч нь түүний төлөгдөөгүй гэх зээл 22 726 960 төгрөг, хүү 5 536 661 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 411 541 төгрөг нийт 28 675 163 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

Зээлдэгч нас барснаар түүний иргэний эрх зүйн харилцаа үүсгэх бүхий л үүрэг дуусгавар болж, харин өвлүүлэгчийн үүргийг өвлөгч хариуцах харилцаа үүснэ.

Энэ тохиолдолд хариуцагч У.Нэмэхбаярт холбогдох нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Талийгаач У.Нэмэхбаяр, О.Уянга нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хамт амьдарч байхдаа 2014 оны 2-р сарын 6-ны өдөр хүү Н.Өрнөхбаярыг /хх 17/ төрүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан У.Нэмэхбаярын хууль ёсны өвлөгч нь түүний төрсөн хүү Н.Өрнөхбаяр, эх Ж.Бэхмаа нар байна.

Хууль ёсны өвлөгч Н.Өрнөхбаяр нь 2 настай, Иргэний хуулийн 18-р зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн чадамжгүй бөгөөд энэ хуулийн 18.3 дахь хэсэгт зааснаар түүний хууль ёсны төлөөлөгч болох эх О.Уянга нь 2016 оны 09-р сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн Y-2205037735 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхоны 107-р байрны 20 тоот 2 өрөө сууцны өвлөх эрхээсээ татгалзсан хүсэлтийг /хх41/ Баянгол дүүргийн нотариатчид гаргасан байна.

Хариуцагч О.Уянга өвлөх эрхээсээ татгалзсан талаар нэхэмжлэгч маргаагүйгээс гадна шүүх хуралдааны шатанд түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин өвлөгдөх эд хөрөнгө болох орон сууцыг талийгаач У.Нэмэхбаярын эх Ж.Бэхмаа хүлээн авсан, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нотариатчид хандсан, төлбөрөө төлөөгүйгээс гэрчилгээ гараагүй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байна.

 Хэргийн 62-65  дахь талд авагдсан хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэх ярилцлагын 2015 оны 03-р сарын 03-ны өдрийн тэмдэглэлд зээлдэгчийн хадам ээж Ж.Отгонтуяа зээлийг 2015 оны 6-р сард багтааж дуусгахаар, 2015 оны 06-р сарын 29-ний өдрийн тэмдэглэлд Ж.Отгонтуяа “...зээлдэгч нас барсан, 2 талын хүмүүс ярилцаж байгаад хурдан хугацаанд зээлийг төлөх” талаар,  2015 оны 07-р сарын 23-ны өдрийн тэмдэглэлд “хохирогч талаас зээл төлөхгүй бол хадам тал 15 сая төгрөгийг хүү алдагдалтай нь, төрсөн ээж 10 сая төгрөгийг хүү алдагдалтай төлөхөөр”, 2016 оны 04-р сарын 27-ны өдрийн тэмдэглэлд “зээлдэгчийн эхнэр Уянга, хүү Өрнөхбаярт өв нээлгэж өөрт ноогдох зээлийг төлөх бодолтой, Отгонтуяа нь өв нээгдэхээр шүүхээр шийдвэрлүүлж барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлэх бодолтой” талаар тус тус тусгагджээ.

Түүнчлэн ярилцлагыг Ж.Отгонтуяа, Ж.Бэхмаа нартай хийж байсан талаар гэрч Б.Наранбаатар мэдүүлсэн байна.  

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа нь Иргэний хуулийн 232-р зүйлийн 231.1.4 эх заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд үүрэг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалддаг байна.  

Эдгээрээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь өвлүүлэгчийн үүрэг буюу төлөх зээл хэд болох, үүргийг хэнээр гүйцэтгүүлэх, үүрэг гүйцэтгэгч үүргийг сайн дураар гүйцэтгэх эсэхийг тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл, үндсэн үүргийг хэнээс ч шаардаагүй атлаа барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нараас шаардсан нь үндэслэлгүй болжээ.

Талууд гэрээний 4.7-д “Гэрээний үүрэг нь зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд зээлдэгч нас барсан ...нас барсан нөхцөлд түүний өв залгамжлагчид нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу хэсэгчлэн буюу бүрэн төлөх боломжтой бол тэдгээр нь хүсэлт гаргаснаар банк тохиролцон гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно....Харин өв залгамжлагч зээлийн төлбөрийг барагдуулах талаар банктай тохироогүй, эсхүл хүсэлт гаргасан боловч зээлийн төлбөрийг хэсэгчлэн болон бүрэн төлөх орлогын эх үүсвэргүй нөхцөлд энэхүү гэрээг дуусгавар болсонд тооцож, банк барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авна”  гэж тохирсон боловч өв залгамжлагч банкинд үүргийг гүйцэтгэх, гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргаагүй байна.

Нөгөө талаас, өв залгамжлагч банктай тохироогүй тохиолдолд гэрээний үүргийг дуусгавар болгохоор тохирсон бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг нэгэн адил дуусгавар болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1, 536-р зүйлийн 536.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Бэхмаад холбогдох улсын бүртгэлийн Y-2205037735 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхоны 107-р байрны 20 тоот 2 өрөө сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс 28 675 163 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн Хас банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар У.Нэмэхбаярт холбогдох Хас банкны нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Отгонтуяагийн Уянгад холбогдох 28 675 163 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Хас банк татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 532 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй. 

 

5. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА