Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0592

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 441 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Л.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0812/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б-ээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Д.Б нь 2014 онд Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 0.075 га талбайг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. Тус ашиглах эрхийг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

3.2. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, хэт нэг талыг барьж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Д.Б-ийн хувьд 2014 онд газрын төлбөрт 82 500 төгрөг төлөхөөр байсан бөгөөд 2015-2018 оны газрын төлбөрт 1 жилд 990 000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөхөөр тохирсон. Мөн 2019 онд газрын төлбөрт нэмэгдүүлсэн хэмжээгээр 1 440 000 төгрөг төлөхөөр байна.

3.3. Нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрх нь 2014 онд үүссэн бөгөөд 5 жилийн хугацаа нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хавтаст хэрэгт авагдсан газрын төлбөр тооцоо нийлсэн актын баримтаар нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр газар ашиглах эрх үүссэнээс хойш 2019 оныг хүртэл газрын төлбөр огт төлж байгаагүй бөгөөд үлдэгдэлтэй явж байгаа нь харагдана. Төлж эхэлсэн хугацаа нь 2020 онд нийт 6 564 420 төгрөгийг газрын төлбөрт төлсөн байдаг.

3.4. Үүнээс харахад нэхэмжлэгч нь газрын төлбөрийг хуульд заасны дагуу хугацаанд нь бүрэн төлөөгүй болох нь харагдаж байна. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч Д.Б-ийн хувьд 2016 онд авсан газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан өдрөөс хойш газрын төлбөрийг төлөх үүрэгтэй юм.

3.5. Гэтэл газар ашиглах эрхийн гэрчилгээг 2016 онд олгосон зэргээр маргаж төлсөн л бол болоо гэх байдлаар газар ашиглах эрхийн хугацаа дууссан, сунгагдаагүй байгаа хугацаанд төлсөн төлбөрийг Газрын төлбөрийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэж хариуцагч байгууллагын зүгээс Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 9 дүгээр талын 17-д газрын төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлсөн мэтээр дүгнэж Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан үндэслэлийг зөрчсөн байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

3.6. Газрын тухай хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан. Үүнээс харвал нэхэмжлэгч нь 2014 онд газар ашиглах эрх авснаас хойш газраа огт ашиглаагүй байдаг. Хариуцагч захиргааны байгууллага хууль зүйн үндэслэлтэй бодит нөхцөл байдлыг тогтоож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Мөн захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүргүүлж, үүнийг нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 57 минутад хүлээж авсан.

3.7. Мөн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдэх үүргийн хүрээнд тус тушаалын 2 дахь хэсэгт заасны дагуу тус газар ашиглагч нарт мэдэгдэх үүргийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болгосон. Үүний дагуу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 509 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Д.Б-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай” албан бичгийг хүргүүлж мэдэгдсэн. Тус албан бичгийг нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагт хүлээж авснаа хүлээн зөвшөөрдөг. Харин нэхэмжлэгчийн хувьд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан.

3.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн талаар голлох байр суурийг илэрхийлж тайлбар үндэслэлээ гаргасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан.

3.9. Нэхэмжлэгчийн хувьд тус 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн A/79 дүгээр тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдсэнээс хойш 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан.

3.10. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан тушаалыг хянах дээд шатны захиргааны байгууллага байхгүй. Хэрвээ урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх ёстой байсан гэж тайлбарлаж хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д заасны дагуу тасалдсан мэтээр тайлбарлаж байгаа нь огт хуульд нийцэхгүй байна. Хэрвээ урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх ёстой гэж үзвэл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны актыг гаргасан этгээд болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад өөрт нь гомдол гаргах ёстой байтал Богдхан уулын хамгаалалтын захиргаанд гаргаж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичгээр ирсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11и-3/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу газар ашиглах гэрээг цуцалж, эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Д.Б-ийн газар багтжээ.

2.2. Анх нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А-414 дүгээр тушаалаар Хан-Уул дүүрэг Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 0.075 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгож, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0160614 дүгээр гэрчилгээг олгосон байна.

2.3. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгчээс газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэх үндэслэлээр гаргасан гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

2.4. Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” нь газар эзэмшигч, ашиглагчийн хуулиар хүлээн үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан заажээ.

2.5. Гэтэл маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэж нэхэмжлэгч Д.Б-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь дээрх хуулийн заалтуудтай нийцээгүй байна.

2.6. Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Газрын албаны 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн болон 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №820200226 дугаар актаас үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарахаас өмнө газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан болох нь тогтоогдож байна.

2.7. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан газрын төлбөр төлөх үүргээ зөрчөөгүй байх тул маргаан бүхий актын “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэл нь хуульд нийцээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийжээ.

2.8. Харин анхан шатны шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаас үзэхэд нэхэмжлэгч нь ашиглах эрх бүхий газраа хашаалсан зүйлгүй, орц гарцгүй болох нь тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчээс 2020 оны 05 дугаар сарын 28, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус тус Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “...аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглахаар 2016 онд гэрчилгээ авсан ч уг газарт ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй, орц гарц хааж хашаа барьж, айл буусан байдаг. Орц гарцыг чөлөөлүүлэх хүсэлтээ хамгаалалтын захиргаанд тавьж байсан ч шийдэгдэхгүй өдийг хүрсэн ...” талаарх хүсэлтүүдийг гаргаж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч бусдын буруутай үйл ажиллагаа буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэж үзэхээр байна.

 

Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 441 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                 Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                 О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                                 Г.БИЛГҮҮН