Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 119/2022/0009/З |
Дугаар | 221/МА2022/0608 |
Огноо | 2022-09-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2022/0608
М.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Ө
Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Зохион байгуулагчийн ажилд томилуулах тухай шийдвэр гаргахыг Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгах, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Э-г ажилд томилох тухай” Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.А
Хариуцагч Ш.Ө
Гуравдагч этгээд Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 119/2022/0009/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.А-аас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн зохион байгуулагчийн ажилд томилуулах тухай шийдвэр гаргахыг Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгах, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Э-г ажилд томилох тухай” Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.1, 46.6, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Э-г ажилд томилох тухай” А/113 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өндөр сумын Яргуйт багийн зохион байгуулагчаар М.А-г томилохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Иргэн М.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн зохион байгуулагчаар ажиллаж байсан бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар ажлаас түр чөлөөлөгдсөн. Гэвч түүнийг түр чөлөө авсан өдрөөс хойш Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д “Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам, загвар батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралт Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байгаа албан хаагч, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн иргэн, Төрийн албаны тухай хуулийн 16.3, 46.1-д заасан албан хаагчдаас төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх харилцааг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол энэ журмаар зохицуулна”, 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байгаа албан хаагчийн нөөц” гэж заасны дагуу М.А нь нөөцөд бүртгэгдсэн.
3.2. Уг ажлын байрыг төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гэж үзсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын 1 дүгээр хавсралт 2 дугаар зүйл /Сул орон тоог нийтэд зарлах/ 2.1.-д “Төрийн жинхэнэ албан тушаал (цаашид “албан тушаал” гэх)-ын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш долоо хоногийн дотор төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлнэ. Зөвлөл сул орон тооны мэдээллийг тухай бүр цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд уг ажлын байрны сул орон тоог албан бичгээр мэдэгдсэн болно.
3.3. М.А төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэнээр Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын дагуу Төрийн албаны зөвлөлөөс тухайн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдаж гуравдагч этгээд Д.Э нь Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай “Нэр дэвшүүлэх тухай тогтоол гарч Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/113 дугаар тушаалаар Д.Э-г жинхлэн томилсон. М.А нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэнээр тухайн албан тушаал дээр төрийн тусгай албан хаагчийн шалгалтыг өгөх боломжтой байсан.
Дээрх үндэслэлүүдээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 23 дугаар шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа болно” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч М.А-аас Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Яргуйт багийн Зохион байгуулагч М.А миний бие 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр лабораторийн шинжилгээгээр Cоvid-19 тохиолдол илэрч 14 хоног тусгаарлагдаж эмчлүүлсэн биеийн байдал сульдаж ядарч хууч ходоод, хоолойн өвчин хөдөлсөн. Эмчилгээ хийлгэх, сувилуулах шаардлагатай байгаа тул 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1 жилийн цалингүй чөлөө олгож өгч тусална уу” гэх хүсэлтийг гаргажээ.
2.2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар “Яргуйт багийн зохион байгуулагч М.А нь 1 жилийн хугацаанд эмчлүүлж, сувилуулах болсон тул 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” байна.
2.3. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө:”, 46.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон”, 46.6-д “Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас түр чөлөөлөх үндэслэлийг зохицуулжээ.
2.4 Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч М.А нь төрийн албанаас түр чөлөөлөгдсөн бөгөөд төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдэхээр байна.
2.5. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас”, 27.1.3-д “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс” төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх бөгөөд дээр дурдсанаар нөхөх боломжгүй бол мөн хуулийн 27.1.4-д зааснаар “нээлттэй сонгон шалгаруулалт зарлах”-аар байна.
2.6. Хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн албан хаагчийн болон иргэний нөөцийн бүртгэлээс үзэхэд Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт Яргуйт багийн Зохион байгуулагчийн албан тушаалын нөөцөд нэхэмжлэгч М.А ганцаараа бүртгэлтэй байсан нь тогтоогдож байна.
2.7. Өөрөөр хэлбэл, дээрх хуульд заасны дагуу нөөцөд бүртгэлтэй нэхэмжлэгч М.А-г Яргуйт багийн Зохион байгуулагчийн албан тушаалд томилох ёстой байсан бөгөөд нэхэмжлэгч М.А-аас 2022 оны 01 дүгээр сард ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан байхад хариуцагчаас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03/216 дугаар албан бичгээр Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд Яргуйт багийн Зохион байгуулагчийн ажлын байранд дээр сул орон тоо зарлуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
2.8. Мөн түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно”, 42.1.2-т “эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөтэй”, 43 дугаар зүйлийн 43.3.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч М.А-г эмчлүүлэх шаардлагатай байсан хугацаанд албан үүргийг өөр төрийн жинхэнэ албан хаагчаар эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй иргэнээр түр орлон гүйцэтгүүлж болохоор байсан ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН