Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 920

 

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2017/00920

 

 

Ц.Лхагвын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/00637 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Лхагвын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Гангар орд” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, тушаал илт хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 500 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Лхагва

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Дэлгэрцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Бат-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа:

Би “Гангар орд” ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл орлого ашиглалтын байцаагчаар ажилласан. Би Ногоон төгөл хорооллын 75, 170А, 170Б, 170С, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар байрууд болон 45 аж ахуйн нэгжийн орон сууц ашиглалтын болон Сууц өмчлөгчдийн холбооны орлогыг сар бүр 95 хувь биелүүлж ирсэн юм. Оройн цагаар болон ээлжийн амралтын өдрүүдээр ажиллаж байсан.

“Гангар Орд” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдөр дараалан Ц.Лхагвыг ажлаас чөлөөлсөн тухай 69 тоот тушаал 2 удаа өөр, өөрөөр гаргасан байдаг. Тушаалын үндэслэлийг зөвшөөрөхгүй.

2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ногоон төгөл хотхоны 73 дугаар байрны герман дэлгүүрийн худалдагч н.Алиманцэцэг байна гэж 95954459 дугаар руу утасдсан юм. 73 дугаар байрны герман дэлгүүрээс ашиглалт, СӨХ-ны 7 дугаар сарын төлбөрийг 116 900 төгрөг бэлнээр тушаасан тул баримтаа авъя гэсэн. Уг герман дэлгүүрийг хариуцдаггүй тул 95954459 эргээд хариу өгье гээд тасалсан юм.

Хүний нөөцийн мэргэжилтэн н.Мөнхжаргал н.Алиманцэцэгийг дарамталж өргөдөл бичүүлсэн. 95954459 дугаараас 96048902 утас руу илгээсэн мессэж худалдагч н.Алиманцэцэгийн бизнес ба ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй, эрх ашиг сонирхолд нь нөлөөлхүйц сөрөг үр дагавар болоогүй.

Иймд “Гангар орд” ХХК нь намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул өмнөх ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байлгасан хугацааны цалинд 2 500 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, 69 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох тухай заасан. “Гангар Орд” ХХК-ийн зүгээс ажилтан Ц.Лхагваад ажлаас халах тушаал гаргахаас өмнө сануулах болон цалинг 10 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулсаар байтал дахин хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасныг иргэдээс гомдол гарган бичгээр ирүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцласан болно.

Ашиглалт орлогын байцаагчаар ажилладаг байсан Ц.Лхагва нь ажил үүргээ гүйцэтгэхдээ байгууллагын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлдэггүй, ажилдаа ямагт хувийн ашиг сонирхолыг тэргүүнд тавьж, хэрэглэгчдийг загнаж, хэл амаар доромжилж, байгууллагын нэр хүндийг унаган, хамтран ажиллагсдаасаа өө хайж, зүй бус харьцаж, бусдын алдаа дутагдлын талаар сөрөг мэдээлэл хуримтлуулж, өөрийн алдааг бусдад тохож байна.

Тухайн нөхцөл байдалд хэрэглэгч 96048902 дугаараас ашиглалт орлогын байцаагч Д.Ганчимэгийн 95954479 дугаарт залган Герман дэлгүүрээс ярьж байна, төлбөр төлсөн баримтаа авъя гэсэн. Байцаагч Д.Ганчимэгийн хариуцдаг аж ахуйн нэгжид Герман дэлгүүр нэртэй аж ахуйн нэгж байхгүй учир байцаагч Ц.Лхагвагийн утасны дугаарыг өгсөн байдаг. Тухайн дэлгүүр нь Америк бараа нэртэй дэлгүүр байсан ба худалдагч дэлгүүрийн нэрээ буруу хэлсэнээс дээрх асуудал үүсч андуурал гарсан. Гэтэл байцаагч Ц.Лхагва тухайн хэрэглэгчийн асуудлын талаар бусад байцаагч нараас лавлалгүйгээр шууд хэрэглэгчийг доромжилж мессеж бичсэн байсан. Мессежээр доромжлуулсан гомдлоо тухайн хэрэглэгч байцаагч Д.Ганчимэгт мэдэгдсэн ба байцаагч Д.Ганчимэг хэрэглэгчийн гомдлын дагуу хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Мөнхжаргалд асуудлыг уламжилсан. Ц.Мөнхжаргал тухайн хэрэглэгчрүү залгаж гомдолтой байгаа бол өргөдлөө бичиж өгөөрэй гэсэн боловч хэрэглэгч хэрүүл маргаан хиймээргүй байна гэх тайлбар өгч мессежнийхээ зургийг байцаагч Д.Ганчимэгт өгсөнөө хэлсэн. Хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Мөнхжаргалын хувьд тус хэрэглэгчийг дарамталж шахсан зүйл байхгүй, ажил үүргийн хуваарийн дагуу гомдол гаргаж буй хэрэглэгчийн гомдлыг баталгаажуулах үүргээ биелүүлсэн.

 Ц.Лхагвагийн ашиглаж байсан 95954459 дугаар нь “Гангар Орд” ХХК-н эзэмшлийн байгууллагын дугаар бөгөөд уг дугаарыг зөвхөн ажил үүргээ гүйцэтгэхдээ үйлчилгээний стандартыг баримтлан зүй зохистой ашиглах ёстой.

“Гангар Орд” ХХК-ийн зүгээс иргэн Ц.Лхагвад удаа дараа сануулга, мэдэгдэх хуудас өгсөн боловч зан харьцааны доголдол болон ажлын хариуцлага сайжраагүй. Иргэн Ц.Лхагва нь хамтран ажиллагсад, хэрэглэгчидтэй зүй бус харьцаж, хувийн зан чанараар ажилдаа ханддаг тул байгзууллага төлөөлж ажиллах чадваргүй гэж үзэн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, үйлчилгээний стандартын холбогдох заалтын дагуу ажлаас чөлөөлсөн нь ямар нэгэн хуулийн заалт зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Лхагваг “Гангар Орд” ХХК-ийн ашиглалт орлогын байцаагийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 152 992 төгрөгийг хариуцагч “Гангар Орд” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ц.Лхагвад олгож, 347 008 төгрөгт холбогдох хэсэг болон “Гангар Орд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 69 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Лхагвын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Гангар Орд ХХК-нд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч “Гангар Орд” ХХК-иас 49 397 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

            Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6 дахь догол мөрөнд хуульд тусгайлан заасан сахилгын ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байх шаардлагатай бөгөөд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2 дахь хэсэгт тухайлан заасан 10 зөрчлийн алийг ажилтан гаргасан болох нь тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн.

Манай байгууллага ажилтанаа ноцтой зөрчил бус Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасны дагуу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ ч утга агуулгаараа манай байгууллага ажилтанд удаа дараа сахилгын арга хэмжээ авч байсан болохоо нотолсон баримтуудыг шүүхэд хүргүүлсэн байдаг.

Гэтэл шүүхээс тухайлан заасан ноцтой зөрчил гараагүй, тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь бодитой байгаа зөрчил гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар хүртэл тогтоогдож нотлогдсоор байгааг үгүйсгэж нотлогдоогүй, байхгүй мэтээр тайлбарлаж дүгнэсэнд гомдолтой байна.

Шүүхээс энэхүү маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүхийн мэтгэлцээний явцад тогтоогдож байгаа бодит үнэн, нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэхээс илт зайлсхийж зөвхөн “Гангар Орд" ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалд ажилтан Ц.Лхагвад холбогдуулан гомдол гаргагчийн нэр ороогүй байгаа нь энэхүү тушаалаар ямар иргэнээс ямар гомдол ирсэн нь тогтоогдохгүй байгаа тухай дурьдсан байдаг.

Ажилтан үйлчлүүлэгчтэй зүй бус харьцсан болох нь өөрийн амаар хэлж, нэхэмжлэгч түүнийг нь баталгаажуулан зөвшөөрч байхад үйлчлүүлэгч гомдол гаргаагүй үндэслэлээр зөрчил тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа энэхүү үйлдэл нь "Бодитой тогтоогдсон эрх зүйн ач холбогдол бүхий үйлдэл"-ийг илт буруу тайлбарлан дүгнэж байна гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 00637 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Лхагва нь хариуцагч “Гангар-Орд” ХХК-д холбогдуулан ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2 500 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Лхагва нь “Гангар-Орд” ХХК-ийн захирлын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17 тоот тушаалаар тус байгууллагад ашиглалт орлогын байцаагчаар томилогдон ажиллаж байсан талаар маргаагүй байна.

 

            Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 69 тоот тушаалаар ажилтан Ц.Лхагватай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримталж хариуцагч байгууллагын үйлчилгээний стандартыг зөрчиж,  ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлийг заахдаа зөрчилд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 170А байрны 46 тоотын оршин суугч н.Оюунтэгш, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 170С байрны 24 тоотын оршин суугч Д.Одбаяр, 170С байрны 103 тоотын оршин суугч Х.Амгаланбат, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 170С байрны 16 тоотын оршин суугч Ж.Өлзийдэлгэр, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 73 дугаар байрны язгууртан дэлгүрээс тус тус өргөдөл гомдол ирсэн гэж нэрлэн заажээ. /хх 8/

 

            Уг тушаалыг хүчингүй болгоогүй атлаа хариуцагч байгууллага нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 69 тоот тушаал гаргаж, хуулийн баримталсан зүйл, зөрчлийг адил тодорхойлохдоо нэрлэн заасан өргөдлийг гаргасан хуулийн этгээдээс америк дэлгүүр гэснийг герман дэлгүүр гэж өөрчилсөн байна.

 

            Ажилтанд холбогдуулж 2 өөр огноотой тушаал гаргасан нь хууль бус болжээ.

 

            Түүнчлэн тушаалд үндэслэл болгож заасан өргөдлийн хувьд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн иргэн н.Оюунтэгш, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн иргэн н.Одбаяр нарын өргөдөлд дурдсан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах 1 сарын хугацаа өнгөрсөн, н.Амгаланбат, н.Өлзий нарын гомдлын дагуу ажилтан Ц.Лхагвад тус тус сахилгын шийтгэл ногдуулсан тул дахин шийтгэл ногдуулах үндэслэлгүй.

 

            Америк эсхүл герман дэлгүүр гэж тодорхойлсон байгууллагаас ажилтан Ц.Лхагвад холбогдуулж гомдол гаргаагүй тул зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй.

 

            Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч Ц.Лхагвыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилсон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тул түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг 2 152 992 төгрөгөөр тогтоож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоохдоо ажлын байрны нэр, ажилгүй байсан хугацааны олговрыг цалин хөлс гэж тус тус буруу тодорхойлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг алдаатай бичсэнийг залруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/00637 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “байцаагийн” гэснийг “байцаагчийн” гэж, “цалин хөлс” гэснийг “олговорт” гэж,

3 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Гангар-Орд” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 65 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХТӨР

 

       ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА