Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/01394

 

М.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00715 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 978 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч М.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШША-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2037 дугаар магадлалаар М.Н-г ээс 54 427 950 төгрөгийг гаргуулж Н.Шархүүд олгохоор шийдвэрлэсэн.

Улмаар миний өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хороолол 45 дугаар байрны 18 тоот 53.5 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 95 064 387 төгрөгийн 70 хувь 66 545 071 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг НШШГ-аас  мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмыг зөрчин явуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчин байрны үнийн талаар өмчлөгчтэй харилцан тохиролцоогүй байж үнэлгээчин тогтоосон. Уг үнэлгээчин байрны үнийг тогтоохдоо байрны зах зээлийн үнийг 95 064 387 төгрөгөөр тогтоосон ба тухайн үнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хүчин төгөлдөр барилгын норм стандартыг баримтлаагүй ба зах зээлийн үнэ ханш байршил зэргийг харгалзан үзэлгүй хуульд заасан журмыг зөрчин байрны үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон байна.

Байрны үнийн талаар өмчлөгчтэй харилцан тохиролцож, тодорхой үнийн санал авсны дараа үнэлгээчин тогтоох ёстой байсан гэж үзэж байна. М.Н-г ээс санал аваагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2037 дугаар магадлалаар М.Н-г ээс 54 427 950 төгрөгийг гаргуулж Н.Шархүүд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, М.Н-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо өнөр хороолол Москвагийн гудамж 45 дугаар байрны 18 тоот 53.5 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг төлбөрт битүүмжилж хураан авсан. Төлбөр төлөгч М.Н, төлбөр авагч Н.Шархүү нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад үнийн талаар тохиролцоогүй, шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Талууд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилж үнэлгээ тогтоон, үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэлгээг талуудад 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/30639, 3/30640 дугаар албан бичгээр биечлэн мэдэгдсэн. Нэхэмжлэгч М.Н үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн үндэслэлээр гомдол гаргасан боловч, үндэслэлээ нотлох баримтаар шүүхэд гаргаагүй, нотлоогүй, шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00715 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч М.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 978 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох мэдэгдлийг хэрэгт хавсаргасан мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу мэтгэлцэх зарчмаар хангаж хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хангаагүй мөн хэрэгт өмгөөлөгч оролцуулах хүсэлт шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргасан боловч хүсэлтүүдийг хүлээн аваагүй процессын алдаа гаргаж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Магадлалын хувьд шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан болон дaвж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.    

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч НШШГ-т холбогдуулан төлбөрт хураагдсан 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч НШШГ нь шаардлагыг эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч М.Н-г ээс 54 427 950 төгрөг гаргуулан, иргэн Н.Шархүүд олгох тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар  сарын 10-ны өдрийн 102\ШШ2016\05349 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2037 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул НШШГ албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

Төлбөр төлөгч М.Н-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн талаар төлбөр төлөгч болон төлбөр авагчаас санал авахад хэн алин нь шинжээч томилуулахыг хүссэн болох нь баримтаар тогтоогджээ.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон шинжээч дүгнэлт гарган орон сууцны үнэлгээг 95 064 387 төгрөг гэж тогтоосон байх ба уг үнэлгээ бодит бус, буруу гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч М.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон тайлангаа 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргаж НШШГ хүргүүлсэн байна. НШШГ-ын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдлийг М.Н 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан атлаа үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.7.-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хуульд заасан журмыг зөрчөөгүй, нэхэмжлэгч талын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байх ба энэ талаархи үндэслэлийг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой тайлбарласан байна.

Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Харин давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт гомдол гаргасан талыг ташаа бичсэнийг залруулах шаардлагатай байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 978 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хариуцагчийн” гэснийг “нэхэмжлэгчийн” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН