Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2018/00715

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: М. Н

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байр НШШГГ

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч К.Отгонцэцэг

        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар магадлалаар М.Нгээс 54427950 төгрөгийг гаргуулж Н.Шд олгохоор шийдвэрлэсэн. Улмаар миний  өмчлөлийн /..../ эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хороолол ... дугаар байрны .... тоот 53.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 95064387 төгрөгийн 70 хувь 66545071 төгрөгөөр тооцон  анхны албадан дуудлага худалдааны  санал болгох доод  үнийг тогтоох болохыг НШШГГаас мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмыг зөрчин явуулсан. Иргэний хуулийн 177.1-д заасныг ноцтой зөрчин байрны үнийн талаар өмчлөгчтэй  харилцан тохиролцоогүй  байж үнэлгээчин тогтоосон. Уг үнэлгээчин байрны үнийг  тогтоохдоо  байрны зах зээлийн үнийг 95064387 төгрөгөөр тогтоосон ба тухайн  үнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь  хүчин төгөлдөр барилгын норм стандартыг баримтлаагүй ба зах зээлийн үнэ ханш байршил зэргийг харгалзан үзэлгүй хуульд заасан журмыг зөрчин байрны үнийг тогтоон,  анхны албадан дуудлага  худалдааны санал болгох доод үнийг тогтоосон байна. Иймд анхны албадан дуудлага  худалдааны доод үнийг тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч К.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байрны үнийн талаар өмчлөгчтэй харилцан тохиролцож, тодорхой үнийн санал авсны дараа үнэлгээчин тогтоох ёстой байсан гэж үзэж байна. М.Нгээс санал аваагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү

Хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын ...-ны өдрийн .... дугаар магадлалаар М.Нгээс 54427950 төгрөгийг гаргуулж, Н.Шд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, М.Нгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хороо өнөр хороолол Москвагийн гудамж ... дугаар байрны ... тоот 53.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг төлбөрт битүүмжилж, хураан авсан. Төлбөр төлөгч М.Н, төлбөр авагч Н.Ш нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад үнийн талаар тохиролцоогүй, шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Талууд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоон, үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэлгээг талуудад 2017.12.18-ны өдрийн 3/30639, 3/30640 дугаар албан бичгээр биечлэн мэдэгдсэн. Нэхэмжлэгч М.Н үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн үндэслэлээр гомдол гаргасан боловч, үндэслэлээ нотлох баримтаар шүүхэд гаргаагүй, нотлоогүй, шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “байрны үнийн талаар өмчлөгчтэй харилцан тохиролцоогүй үнэлгээчин томилсон, хүчин төгөлдөр барилгын норм стандартыг баримтлаагүй, зах зээлийн үнэ ханш, байршил зэргийг харгалзан үзэлгүй хуульд заасан журмыг зөрчсөн” гэж тайлбарласан ба харин хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж маргасан байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын ...-ны өдрийн .. дугаартай магадлалаар хариуцагч М.Нгээс 54427950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Шд олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйгээс НШШГГ 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч М.Нгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хороолол ... дугаар байрны ... тоот 53.5 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг битүүмжилж, төлбөр төлөх хугацааг тогтоосон боловч төлбөрөө төлөөгүйгээс уг эд хөрөнгийг хураан авч дахин төлбөр төлөх хугацаа тогтоосон байна. Тухайн хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч буюу өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад тэд үнийн санал өгөөгүй, үнэлгээчнээр үнэ тогтоолгох санал гаргаснаар шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилжээ. Эдгээр ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасан “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасантай нийцсэн, хуульд заасан журам зөрчөөгүй байна. Ийнхүү шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан журмын дагуу шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон байх тул нэхэмжлэгчийн “байрны үнийн талаар өмчлөгчтэй харилцан тохиролцолгүй үнэлгээчин томилсон” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.   

Нэхэмжлэгч нь шинжээч үнэлгээ тогтоохдоо “хүчин төгөлдөр барилгын норм стандартыг баримтлаагүй, зах зээлийн үнэ ханш, байршил зэргийг харгалзан үзээгүй” гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэгч М.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлттэй 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр танилцаж, нэхэмжлэлээ 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч М.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Т.ГАНДИЙМАА