| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 130/2017/00085/И |
| Дугаар | 001/ХТ2018/01624 |
| Огноо | 2018-11-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2018/01624
С , С нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00144 дүгээр шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00065 дугаар магадлалтай,
С , С нарын нэхэмжлэлтэй,
М , М , М нарт холбогдох
Өвөлжөөнөөс хариуцагч М , М , М нарыг албадан нүүлгэж, эзэмшил газрыг эзэмших бэлчээр ашиглах, үр шимийг хүртэхэд саад болж байгаа хариуцагч нарын 2132 толгой малаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч М ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч М ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч С , С нарын нэхэмжлэлд: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай Хаг нуурын Мухар гэх газрын өвөлжөөг эзэмшдэг болох нь Сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 30-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай А\79 тоот захирамж, газар эзэмших эрхийн 2015 оны 000569888 тоот гэрчилгээ, газар эзэмших гэрээ, мөн сумын Засаг даргын 2003 оны 10 сарын 16-ны өдрийн 71 тоот захирамж, газар эзэмших эрхийн 0261176 тоот гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрээ зэрэг нотлох баримтаар батлагдаж байна. Хариуцагч М , М , М нар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “газрын гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэснийг, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан “газар эзэмшүүлэх шийдвэрийг...тухайн шатны Засаг даргад гаргана”, мөн газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ...газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, Улсын бүртгэлд бүртгэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж нэхэмжлэгч С , С нарын хууль ёсны эзэмшилд байгаа Хаг нуурын Мухар гэх өвөлжөөнд дур мэдэн өвлийн байшин барьж, С ийн эзэмшилд байгаа чулуун хашаанд малаа хашиж, 2017-2018 оны өвлийн байдлаар 2132 толгой малтай өвөлжиж, тухайн өвөлжөөний газрын хууль ёсны эзэмшигч С , С нарын газар эзэмших, ашиглах эрхэд саад учруулж байгаа юм. Хариуцагч М , М , М нар нь маргаан бүхий өвөлжөөг эцэг С.Мурат нь 2003 оны сумын Засаг даргын 71 тоот захирамжаар эзэмшиж байгаа гэх боловч, Сум дундын анхан шатны шүүхийн 2011 оны 03 сарын 23-ны өдрийн 193 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 28 тоот магадлал, УДШ-ийн хяналтын шатны шүүхийн 514 тоот тогтоолоор тус тус хүчингүй болсон. Эдгээр шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр, нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн тул хариуцагч М , М , М нарын эзэмшилд байгаа Хаг нуурын Мухарын өвөлжөө болон эзэмшил газрыг С.Мурат нь эзэмшдэггүй болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн С.Мурат нь 2014 онд нас барсан тул Иргэний хуулийн 14 дүгээр зүйл болон Газрын тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.1.2-т зааснаар газар эзэмших эрх дуусгавар болсон байна. Энэхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол нь хариуцагч М , М , М нар болон тэдний эцэг С.Мурат нар нь Хаг нуурын Мухарын өвөлжөөнд газар эзэмших эрхгүй болохыг баталж байна. Энэ талаарх хариуцагч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болно. Мөн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар иргэн гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй газар эзэмших эрхтэй учир хариуцагч нар Хар нуур, Шар нуур, Еркежаны өвөлжөө гэх 3 газарт өвөлжөө эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон, өөрснөө хүлээн зөвшөөрсөн тул бусад байдлаар С , С нарын эзэмшил газарт дур мэдэн өвлийн сууц барьж, 2132 тооны мал өвөлжиж, С ийн малын хашаа хороог ашиглаж бэлчээр нутгийг хууль бус ашиглан, сүйтгэж шударга эзэмшигч С , С нарын эзэмшил газрыг чөлөөтэй эзэмшиж ашиглахад саад учруулж хариуцагч тал 2132 тооны мал өвөлжүүлснээс болж бэлчээрийн даац хэтэрч, талхлагдаж, газрыг шударгаар эзэмшигч С , С бидний мал зудад нэрвэгдэж байна. Иймд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6, 60 дугаар зүйлийн 60.1.4-д зааснаар нэхэмжлэгч С , С нарын эзэмшилд байгаа Цэнгэл сумын 1-р багийн Хаг нуурын Мухар гэх газар байршилтай өвөлжөөнөөс хариуцагч М , М , М нарыг албадан нүүлгэж, эзэмшил газрыг эзэмших бэлчээр ашиглах, үр шимийг хүртэхэд саад болж 2132 толгой малтай өвөлжиж байгаа хууль бус үйлдлийг зогсоож, зөрчлийг арилгуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч М , М , М нар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж байгаа. Нэхэмжлэгч С , С нарын хууль ёсны эзэмшилд байгаа Хаг нуурын Мухар гэх газарт дур мэдэн өвөлжөө, өвлийн байшин барьж, С ийн эзэмшилд байгаа чулуун хашаанд малаа хашиж, 2017, 2018 оны байдлаар бод, бог мал нийлсэн нийт 2132 толгой малтай өвөлжиж тус газрын хууль ёсны эзэмшигч С , С нарын хууль ёсны эзэмшилд саад учруулж байгаа юм. Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг Хаг нуурын Мухар хэмээх газарт өвөлжөө болон түүний ойр орчмын бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч нэхэмжлэгч нар газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй малаа бэлчээрт гаргах боломжгүй болсон. Учир нь талийгаач Муратын хүүхдүүд нь их хэмжээний малтай ирж Мухарын өвөлжөөний задгай хашаанд малаа өвөлжүүлж байна. Тухайлбал, нэхэмжлэгч С 507, С 387, тэдний хүүхэд Шохан 107, талийгаач Муратын хүүхдүүд болох хариуцагч М , М нар нь 2127, М 5 толгой малтай тэнд өвөлжиж байгаа. Иймд нийт 4012 толгой малыг 5 сар нэг доор өвөлжиж байгаа тул бэлчээрийн даац хэтэрсэн газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүйд, бэлчээрийн хүрэлцээ муудаж бэлчээр сүйтгэж хүрч хариуцагч нар хамт өвөлжиж байгаа учраас малаа бэлчээрлүүлж чадахгүй байна. Энэ талаар Аймгийн хүнс хөдөө аж ахуйн удирдах газрын болон Ус цаг уур орчны шинжилгээний мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар Цэнгэл сумын өвөл хаврын бэлчээрийн дундаж ургац 0,1 центнер. Харин бэлчээрийн хангамжийн хувьд 27.7 хувьтай болж Аймгийн хэмжээнээс бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрч байгаа сумын тоонд энэ Цэнгэл сум орж байгаа. Өвөлжөөний буюу маргаантай байгаа газрын хувьд бүүр ч хэтэрсэн байгаа. Хариуцагч М , М , М нар нь уг өвөлжөөг Мурат нь 2003 оны Цэнгэл сумын засаг даргын 71 тоот захирамжаар өвөлжиж байгаа гэх боловч, Сум дундын анхан шатны шүүхийн 2011 оны 193 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 28 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 514 тоот тогтоолоор тус тус хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, тухайн үед Мурат нь С , С нарыг энэ газраас албадан нүүлгэж хувьцааны ноогдлыг надад ашигтай байдлаар шийдвэрлэж өг гэсэн нэхэмжлэл гаргаснаар тэр хүсэлтийг хэрэгсэхгүй болгоод олон жил болж байгаа. Эдгээр шүүхээс гарсан шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн тул хариуцагч М , М , М нарын хууль бус эзэмшилд байгаа Хаг нуурын Мухарын өвөлжөө болон эзэмшил газрыг талийгаач Мурат эзэмшдэггүй болох нь тогтоогдож байгаа. Түүнчлэн Мурат нь 2014 онд нас барсан тул Иргэний хуулийн 14 дүгээр зүйл болон Газрын тухай хуулийн 39.1.2-т зааснаар газар эзэмших эрх дуусгавар болсон байна. Мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар иргэн гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр орон сууцны хашаа барих зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй газар эзэмших эрхтэй учир хариуцагч нар Хар булаг, Шар булгийн өвөлжөөд хашаа байшинтай байгаа. Мөн 1 дүгээр багийн иргэн Х.Еркежан гэгчээс 2017 онд Мухарын өвөлжөөнөөс 2 км газарт буй өвөлжөө болох хашаа, хороо байшин худалдаж авсан ба 3 газар өвөлжиж байгаа. Иймд шүүхээс Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6, 60.1.4-т зааснаар нэхэмжлэгч С , С нарын эзэмшиж байгаа Цэнгэл сумын Хаг нуурын Мухар гэх газар байрлалтай өвөлжөөнөөс хариуцагч М , М , М нарыг албадан нүүлгэж, эзэмшил газрыг эзэмших, бэлчээр ашиглах, үр шимийг нь хүртэхэд саад болж байгаа 2132 толгой малтай өвөлжиж байгаа хууль бус үйлдлийг зогсоож зөрчлийг арилгуулах шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч М ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Нэхэмжлэгч С , С нарын эзэмшиж байгаа газарт ямар нэгэн байр байшин барьсан, эзэмшсэн, ашигласан зүйл тогтоогдоогүй тусдаа газар эзэмшиж байгаа. М ийн хувьд одоогийн байдлаар ганц бие. Тухайн өөрийн ээжийнхээ эзэмшил газарт ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Тэдний барьсан хашаа хороо бол нэхэмжлэгчийн байшин хашаа хорооны зааг хязгаарт хүрээгүй тусдаа газар байгаа. Тэд эзэмшиж байгаа газрын хууль ёсны гэрчилгээтэй. Татвараа жил болгон төлж байгаа. Биднийг битүү хороог эзэмшиж байгаа гэдэг асуудлыг ярьж байна. Тэр хорооны эзэмшил талбай бол тусдаа байгаа. С , С нарын эзэмшиж байгаа газраас өөр газарт байгаа. Нэгдлийн үед баригдсан хашаа байсан. Энэ хороотой холбоотой нэг маргаан гарч байсан. Тухайн үед талийгаач эцэг Мурат нь энэ хороог би давуу эрхээр эзэмших ёстой гэсэн нэхэмжлэл гаргаж байсан боловч хэрэгсэхгүй болгож байсан. Хэн нэгнийг нүүлгэх эсвэл хэн нэгэнд хороог давуу эрхээр эзэмшүүлэх шийдвэр гараагүй. Аль аль нь хувьцаагаа эзэмшиж байгаа. Одоо хүртэл тэр хувьцаа нь байгаа. Хариуцагч нарын эцгийн гаргаж байсан нэхэмжлэл шүүхээс хэрэгсэхгүй болсон нь тэр хүний хүүхдүүд нь энд суух ёсгүй гэсэн зүйл биш. Тэгж ойлгоод шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу гэдгийг хэлмээр байна. Үүнээс гадна бэлчээрийн даац хэтэрсэн гэж байна. Бэлчээрийн даац хэтэрсэн гэдэгт тогтоогдсон зүйл байхгүй. Түүнчлэн М ийн хувьд 20 гаруй малтай. 20 гаруй малаа ээжтэйгээ хамт тус газарт маллаж байгаагийн хувьд бэлчээрийн даац хэтэрсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Замза гэж хүн бол 2000 гаруй малтай. Газрын эзэмшигч нь Замза гэж хүн байгаа. Энэ хүнийг хариуцагчаар татаагүй. Замза гэж хүний малаас болж бэлчээрийн даац хэтэрсэн гэдгийг бас тогтоосон зүйл байхгүй. Хариуцагч М нь тухайн 700 м.кв газарт нь барилга байшин барьсан, хашаа хороо татсан зүйл тогтоогдохгүй байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн эзэмшигчийн эзэмших эрхэд санаатайгаар саад учруулсан зүйл байхгүй. Хэрэгт хангалттай нотлох баримт авагдсан 2000 гаруй мал нь М , М , М нарын мал биш болох нь тогтоогдсон. М ийн хувьд өөр газар Еркежан гэж хүний хороог худалдаж аваад өвөлжиж байгаа тэр хүнийг яаж нүүлгэх гэж байгаа юм. Тэр талаарх нотлох баримтуудыг энэ хүмүүс өөрсдөө гаргаж өгсөн. Хариуцагч нарын ээж болох Замза гэж хүний мал, байшин, хашаа хороо нь нэхэмжлэгч С , С нартай хөрш зэргэлдээ оршин суудаг болохоос хариуцагч М нь бусдын эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд санаатайгаар саад хийж байгаа асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч М , М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжаны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлахдаа Иргэний хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан байна. Тухайлбал, Иргэний хуулийн 90.1 шударга эзэмшигч гэж байгаа. Нэхэмжлэгч нар тус тусдаа нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхтэй. Энэ эрхтэй холбоотой бид нар маргахгүй байгаа. 2-рт 92.1 гэж байгаа. 92.1-т эзэмших ашиглах эрхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах гэж байгаа. Тухайн нэхэмжлэгч нарын эзэмшиж байгаа газар дээр хариуцагч нар барилга бариагүй, мал маллаагүй. 3-рт саад болж байгаа гэж байгаа. Үүнийг бэлчээр ашиглахдаа холбож ярьж байна. М хэрэгт авагдсан нотлох баримтаар бол 4 толгой малтай байгаа. 2017 оны 1 дүгээр сарын байдлаар. Одоо энэ мал нь байхгүй. М бол 2017 оны 7 сард гэр бүл болоод тусдаа Еркежан гэж хүний хашаа хороог худалдаж аваад тухайн маргаан бүхий газраас хол газар амьдарч байгаа. Тэгэхээр хариуцагчаа буруу тодорхойлжээ гэдгийг бас хэлмээр байна. Дараа нь Иргэний хуулийн 106.4-ийг баримталсан байдаг. Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж байгаа. 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан байгаа. Энэ нь нотлогдоогүй гэж үзэж байна. Учир нь тухай газарт 3 эрхийн гэрчилгээ олгогдсон байдаг. Хөрш зэргэлдээ. Хоорондын зай нь дунджаар 75 метрийн зайтай байгаа. Үүнийг шүүхийн үзлэгээр тогтоосон. Газар давхацсан асуудал энэ дээр байхгүй. М ы хувьд ээжтэйгээ М гурвуулаа хамт амьдардаг. Дээрээс нь М ямар ч малгүй хүн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоод байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгээс үзэх юм бол 2132 толгой малтай өвөлжиж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох гэж байгаа. М д ийм мал байхгүй. Дээрх бүх мал Замзагийнх болох нь мал тооллогын баримтуудаар нотлогдож байгаа. Үүнийг яагаад М , М нарын мал гэж үзсэнийг бид ойлгохгүй байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэг үхэр буудаж алсан асуудлыг хариуцагч нараас үзээд хоорондоо өс хонзонгийн асуудлаас болоод нэхэмжлэл гаргаж байгаа юм болов уу гэж би бодож байгаа. Бодит байдал дээр бол тийм асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна. Үхэр буудсан асуудал бол золгүй явдал болсон. Түүнээс биш өс хонзон санаад тэр үхрийг албаар буудсан асуудал байхгүй. Тэрийг эрх бүхий байгууллагаас шалгаад хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Талийгаач Муратын эхнэр Замза гэж хүн одоогоор Цэнгэл сумын Хаг нуурын Мухар гэх газарт газар эзэмшиж байгаа. Энэ газрыг 1996 онд 30 жилийн хугацаагаар нөхөр нь болох Мурат гэж хүний эзэмшиж авсан байдаг. Мурат нь 2014 онд нас барсан. Өвлөх эрхийнхээ дагуу тус газрыг Замза шилжүүлж аваад эзэмшиж байгаа. Энэхүү эзэмшиж байгаатай холбоотой нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөөгүй, энэ бол тусдаа асуудал гэж бодож байна. Мөн бэлчээр ашиглахад саад хийж байгаа гэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00144 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6, 60 дугаар зүйлийн 60.1.4-ийг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн Хаг нуурын Мухар гэх газар байршилтай өвөлжөөнөөс хариуцагч М , М , М нарыг албадан нүүлгэж, эзэмшил газрыг эзэмших бэлчээр ашиглах, үр шимийг хүртэхэд саад болж байгаа хариуцагч нарын 2132 толгой малаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч С , С нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00065 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00144 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагч М ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып хяналтын журмаар гаргасан гомдолд: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 00065 дугаар магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч М , М , М нар нь бусдын эзэмшлийн газар нутагт хууль бусаар оршин сууж, эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа мэтээр нэхэмжлэлийн үндэслэлээ бичсэн боловч үүнийг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй. Энэ хэрэг урьд нь нэг удаа хяналтын шатны шүүхээс буцаж байсан ба үүнийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхэд буцааж, нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзсэн нь талуудын зарчимыг зөрчиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй" гэж заасан ба нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрсдөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчид эрх үүргийг шүүхээс тайлбарлан өгсөн ба хэрэг үүсгэснээс хойш 1 жил 6 сарын хугацаа болсон байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нар 2 мэргэжлийн өмгөөлөгч, нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө хэрэгт оролцож байгаа ба хуульд заасан эрхээ сайн мэдэж байгаа гэж үзэхээр байна. Гэтэл шүүхэд зөвхөн нэг талын эрх ашгийн үүднээс удаа дараа хэргийг анхан шатны шүүхэд буцааж хариуцагч нарт чирэгдэл учруулж байгаа явдалд гомдолтой байна. Хариуцагч нар хууль бусаар бусдын эзэмшлийн газар нутагт оршин сууж байгаа гэж үзэх ямар ч үндэслэлгүй байна. Хэрэг дотор хариуцагч нарын төрсөн ээж А.Замзагийн газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн гол утга нь хариуцагч нарын эцэг болох талийгаач С.Мурат нь нас барсан учраас түүний нэр дээр байгаа газар эзэмших гэрчилгээ хүчингүй болох ёстой тул хууль бусаар газар эзэмшиж сууж байгаа хэмээн үзэх ямар ч үндэслэлгүй. С.Мурат нас барсан ч гэсэн түүний эзэмшиж байсан газар, хашаа, хороо байшин алга болчихгүй. Хуульд гэр бүлийн дундын эд хөрөнгө, өв залгамжлал гэх зүйлүүд байдаг бөгөөд хуульд заасан журмаар С.Мураттын өв залгамжлагч нар нь болон эхнэр хүүхдүүд нь тухайн өмч хөрөнгийг нэр дээрээ шилжүүлэн авч эзэмшин сууж байна. Үүнээс гадна хариуцагч нар нэхэмжлэгчийн ямар ч эрх ашгийг зөрчөөгүй. Тухайлбал, нэхэмжлэгч нар нь өөрсдийнхөө эзэмшил газраас илүү хэмжээтэй газрыг эзэмшиж байгаа юм. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байсан ч үндэслэлгүйгээр хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 00065 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д нийцээгүй байна.
Нэхэмжлэгч С , С нарын эзэмшилд байгаа Цэнгэл сумын 1 дүгээр багийн Хаг нуурын Мухар гэх газар байршилтай өвөлжөөнөөс хариуцагч М , М , М нарыг албадан нүүлгэх, эзэмшил газраа эзэмших, бэлчээр ашиглах, үр шимийг хүртэхэд саад болж, 2132 толгой малтай өвөлжиж байгаа хариуцагч нарын хууль бус үйлдлийг зогсоож, зөрчлийг арилгуулах шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Бура овогтой Субатын Өмирбек нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт 1 дүгээр баг Хаг нуур өвөлжөөнд 700 м.кв газрыг 30 жилийн хугацаатай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар, Бура овогтой Субатын Болатбек нь Цэнгэл сумын 1 дүгээр багийн Мухар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. / I-хх-15,76-78/
Хаг нуурын Мухар гэх газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд хариуцагч М , М , М нарын амьдарч байгаа байшин, хашаа хороо нийтдээ 625,2 м.кв байх бөгөөд нэхэмжлэгч С ийн байшин, хашаа хороо нь 659,06 м.кв, хашаанд залгаа барьсан амбаараас зүүн тийш хариуцагч М , М , М нарын амьдарч байгаа байшин хүртэлх хоорондын зай 76,06 метр байна гэжээ.
Нэхэмжлэгч С ийн байшин, хашаа хороо нь 688,45 м.кв байх бөгөөд маргаантай байгаа хашаа хорооны баруун хойд зүгт чулуугаар өрсөн 293,2 м.кв хашаатай залгаа шургаа модоор хашсан хашаанаас 17 метр зайд С ийн байшин 80,75 м.кв, зүүн хойд тийшээ 297,5 м.кв чулуугаар өрсөн С ийн саравчтай хашаа байна.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хаг нуурын Мухар гэх газарт хийсэн үзлэг, газрын кадастрын зургаар нэхэмжлэгч С 2146,4 квадрат метр, С 1045,6 квадрат метр газрыг тус тус эзэмшиж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн 700 м.кв газраас илүү хэмжээтэй байгааг тогтоожээ. /xx-56-61/
2016 оны жилийн эцсийн мал тооллогоор С нь 463 толгой мал, С нь 384 толгой мал, харин М нь 4 толгой мал, М нь 27 толгой мал тоолуулсан бол 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор С нь 507 толгой мал, С 387 толгой мал, харин М 5 толгой мал тоолуулсан тухай баримт хэрэгт авагджээ. /хх-104-106 /
Дээрх тооллогын дүнгээр хариуцагч М , М , М нарыг 2132 толгой малтай гэсэн нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байх бөгөөд маргаан бүхий газарт хариуцагч нарын үйлдлээс хамаарч малын бэлчээрийн зааг болон даац хэтэрсэн гэж дүгнэх боломжгүй юм.
Анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн Хаг нуурын Мухар гэх газарт нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч нар саад болоогүй, түүнчлэн тэдний 2132 толгой малаас болж бэлчээрийн даац хэтэрсэн гэдэг нь тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн, маргааны үйл баримтад Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг “...хэргийн оролцогчийн хүсэлтээр 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралт, схем зураг болон гэрэл зургаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй” гэж буруутгасан байна.
Анхан шатны шүүх зохигчдыг хавтаст хэрэгтэй танилцуулсан баримт хэрэгт авагдсан, түүнчлэн дээрх үзлэгийн тэмдэглэл болон бусад баримтын талаар хэргийн оролцогчдоос шүүхэд дахин хүсэлт гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 38 дугаар зүйлийн 38.6-д нийцсэн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч нь хэнд холбогдуулж шаардлага гаргахыг өөрөө шийдвэрлэдэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын гол шинж бөгөөд хамтран хариуцагчийг татан оролцуулах эсэх асуудлыг шүүх зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэй шийдвэрлэнэ.
Гэтэл давж заалдах шатны шүүх “... уг маргааны талаар шийдвэр гаргахаас өмнө иргэн Т.Замзаг тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах шаардлагатай байжээ” гэж анхан шатны шүүхийг буруутгахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг буруу хэрэглэсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00065 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00144 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН