Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 880

 

М.Чинбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00096 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Чинбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.Чинбат

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Гомбо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Бат-Ололт

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Цолмон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: М.Чинбат миний бие Биокомбинат” ТӨААТҮГ-т 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус байгууллагын Чанар хяналт, шинжилгээний лабораторид шинжээчээр томилогдон ажиллаж эхэлсэн.

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хүний нөөц, удирлагын менежер н.Долгорсүрэн "...Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн технологч эмч Т.Дэлгэрдалай хүүхэд асрах чөлөө авч байгаа тул чамайг оронд нь ажиллуулахаар боллоо. Тэнд очиж ажилла..." гэсэн тул би тухайн өдрөөс тус цехэд ажиллаж эхэлсэн. Тухайн үед намайг ямар үндэслэл, шалтгаанаар тус цехэд ажиллуулах болсон, энэ талаар байгууллагын удирдлагын тушаал, шийдвэр гарсан эсэх талаарх мэдээлэл өгөөгүй, тухайн ажлын байранд ажиллах хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй. Би тус цехэд ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авч, ээлжийн амралт 2016 оны 08 дугаар сарын эхээр дуусч, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа очтол цехийн эрхлэгч "...Одоохондоо цех ажилгүй байна. Сул зогсолтын мөнгөө аваад амарч бай, 9 сарын 15-ны өдрөөс ажилдаа ороорой..." гэж хэлсэн.

Ингээд миний бие 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа очтол Хүний нөөц, удирлагын менежер н.Долгорсүрэн "...Т.Дэлгэрдалай ажилдаа орох хүсэлтээ өгсөн тул одоо ажлаа хүлээлгэж өг..." гэж хэлсний дагуу миний бие цехийн технологч н.Бурмаатай ажил хүлээлцсэн. Хүний нөөц, удирлагын менежер н.Долгорсүрэнтэй уулзахад "...үйлдвэрлэл эхлэхээр шийдье, Үйлдвэрлэл, технилогийн албаны дарга Ц.Өлзийтогтох та нарыг ажилд томилно..." гэж хэлсэн.

Би 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хүний нөөц, удирлагын менежер н.Долгорсүрэн, захирлын нарийн бичгийн дарга Н.Уранчимэг нартай утсаар ярихад захирлын нарийн бичгийн дарга н.Уранчимэг "...Чиний халагдах тушаал гарсан..." гэж хэлсэн. Тэгээд тус өдөр би захирлын нарийн бичигтэй уулзаж “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/94, Б/95, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/161 тоот тушаалын хуулбаруудыг авснаар өөрийгөө ажлаас чөлөөлөгдснийг мэдсэн.

Гэтэл 2016 оны 4 сард намайг Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд ажиллуулахдаа Чанар хяналт, шинжилгээний лабораторийн шинжээчийн ажлаас чөлөөлж байгааг мэдэгдээгүй, шинээр томилсон ажлын байранд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан "...талууд харилцан тохирсон..." үндэслэлийг заасан байдаг ч надтай зөвшилцсөн зүйл байхгүй, би ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа ч мэдээгүй. Тухайн үед намайг Чанар хяналт, шинжилгээний лабораторид ажиллаж байхад миний ажлын байранд шинээр ажилтан авсан бөгөөд Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн технологч Т.Дэлгэрдалай хүүхэд асрах чөлөө аваад явмагц намайг тус цехэд шилжүүлж, шинээр орсон ажилтан миний ажлын байранд томилогдсон.

2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би ажлаас чөлөөгдсөнөө мэдээд Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авахаар халагдсан тушаалаа аваад очиход нийгмийн даатгалын ажилтан "...Таны ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт өгөх хугацаа тань дууссан байна..." гэж хэлээд миний материалыг хүлээж аваагүй. Би одоо болтол ажилгүй, байгууллагын нэр бүхий албан тушаалтны буруутай үйлдлээс болоод ажилгүйдлийн тэтгэмжээ ч авч чадахгүй байдалд ороод байна. Дээрх нөхцөл байдлын улмаас миний бие “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/94, Б/95, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/161 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд намайг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын Чанар хяналт, шинжилгээний лабораторид шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч М.Чинбат нь анх 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай байгууллагын Чанарын хяналт шинжилгээний лабораторт шинжээчээр түр ажиллаж эхэлсэн ба анх л тэрээр жинхэнэ буюу байнгын орон тоон дээр, түр хугацаагаар ажиллаж эхэлсэн юм. Уг тушаалаас харахад М.Чинбатыг 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн Чанарын хяналт шинжилгээний лабораторт шинжээчээр түр томилон ажиллуулж эхэлсэн байна. Нэгэнт анх байнгын орон тоон дээр, ажлаасаа хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авсан хүний оронд түр хугацаагаар ажиллаж эхэлсэн тул М.Чинбат нь тэр хүнийг ажилдаа эргэж орох тохиолдолд өөрөө ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгээ маш сайн мэдэж байсан.

Ийнхүү нэхэмжлэгч түр хугацаагаар ажиллаж байхдаа удаа дараа байгууллагын удирдлагад санал хүсэлт тавьж байсны дагуу "Биокомбинат" ТӨААТҮГ-ийн захирлаар тухайн үед ажиллаж байсан О.Сэр-Од түүнтэй жинхэлсэн орон тоон дээр, түр хугацаагаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулж, захирлын тушаал гаргаж байсан.

Ийнхүү М.Чинбат нь 2012-2016 он хүртэл урьд ажиллаж байсан хүмүүсийн орон тоон дээр түр хугацаагаар ажиллаж байсан ба М.Чинбатаас өмнө тухайн орон тоон дээр жинхлэн ажиллаж байсан хүмүүс нь буцаад ажилдаа орохоор болох тохиолдолд ажлын байрыг нь буцаан өгдөг байжээ. Хамгийн сүүлд "Биокомбинат" ТӨААТҮГ-ын захирал Б.Онолбаатар нь М.Чинбатыг урьд нь ажиллаж байсан хүн нь эргэж ажилдаа орохоор болсон тул 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тухайн ажлын байраас чөлөөлсөн байна.

Гэхдээ бас л байгууллагын удирдлагын хувьд М.Чинбатын амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж “Биокомбинат" ТӨААТҮГ-ийн Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд технологч ажилтай Т.Дэлгэрдалай гэдэг хүний оронд түр хугацаагаар ажилд авч, мөн өдрөө буюу 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тушаал гаргаж байжээ. Түр хугацаагаар гэдгийн учир нь Т.Дэлгэрдалай нь тухайн үед жирэмсний амралтаа буюу хүүхэд асрах чөлөө авсан байсан ба иймд М.Чинбаттай байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээний хугацааг 1 жил хэмээн зааж өгч байсан.

Харин М.Чинбатын түр хугацаагаар ажиллаж байсан орон тоон дээр урьд өмнө жинхлэн ажиллаж байсан Т.Дэлгэрдалайгийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болж, тэрээр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул М.Чинбаттай байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.

М.Чинбатыг манай байгууллага байнгын орон тоон дээр ажиллуулж байсан нь үнэн боловч урт хугацаагаар буюу байнгын ажилтнаар огт авч ажиллуулаагүй, түр хугацаагаар л ажиллуулж байсан юм. Мөн М.Чинбатыг ажиллуулахын тулд "Биокомбинат" ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байгаа Б.Онолбаатар дур мэдэн, шинээр орон тоо гаргаж М.Чинбатыг ажиллуулах ямар ч боломж байхгүй ба тийм эрх хэмжээ ч үйлдвэрийн газрын захиралд огт байхгүй. Манай байгууллагын хувьд төрийг төлөөлж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэсэн төрийн байгууллага нь манай байгууллагыг шууд удирддаг бөгөөд уг газар нь манай байгууллагын бүх ажиллагсдын орон тоо, цалин хөлс, бусад бүх асуудлыг шийдвэрлэдэг, "Биокомбинат" ТӨААТҮГ-т дээр хэлсэнчлэн шинээр орон тоо гаргаж ирэх тухайн шинэ орон тоон дээр ажиллах ажилтны цалинг өгөх зэрэг ямар ч эрх байхгүй гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.Чинбатын хариуцагч "Биокомбинат" ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Чинбат нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно...” гэж заасан байхад ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон тушаал гаргасан боловч ажилтан надад мэдэгдэж, танилцуулаагүй, шүүх нэг талыг барьж шийдвэр гаргасан.

Хариуцагчаас миний 2015 онд байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг “Олдохгүй байна, тийм гэрээ байхгүй, манай байгууллагад 300 гаруй хүн ажилладаг. зарим хүмүүсийн гэрээ олдохгүй байна...” гэх тайлбар, шалтгаанаар шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Харин нотлох баримтаар надтай огт байгуулаагүй 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 250 дугаар хөдөлмөрийн гэрээ гэх зүйлийг хариуцагчаас хуурамчаар үйлдэн өгсөн байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтаар үнэлсэн байдаг.

Хариуцагч нь миний 2015 онд байгууллагатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний сүүлийн хуудас буюу гарын үсэгтэй хэсгийг авч, түр хөдөлмөрийн гэрээг 2016 онд надтай байгуулсан болгож, хуурамчаар үйлдэн өгсөн тухай миний бие тайлбарлаж, нөхцөл байдлыг тодруулахыг хүссэн боловч шүүх авч хэлэлцээгүй.

Мөн байгууллагын захирлын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/145 тушаал гэх зүйлийг тухайн үед надад огт мэдэгдэж, танилцуулаагүй. Ийм тушаал гарсан гэдгийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны анх танилцаж, мэдсэн. Тухайн үед цалин дутуу олгогдоход санхүүгээс тодруулахад сахилгын шийтгэлийн торгууль гэж хэлж байсан. Сахилгын шийтгэлийн асуудал нь миний нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй.

Хариуцагч намайг анх 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тус байгууллагад түр хугацаагаар ажиллахаар тухайн үеийн байгууллагын удирдлагатай харилцан тохиролцож ажилд орсон. Миний хувьд байгууллагын захирал, захиргааны удирдах албан тушаалтан нартай уулзаж дээр дурдсан хүсэлтийг огт тавьж байгаагүй. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмаар шинээр ажилтан байгууллагад анх тутам ажилд ороход түр хугацаагаар буюу туршилтын хугацаагаар авч ажиллуулдаг журмаар би тус байгууллагад анх ажилд орж байсан.

“Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар Л.Өлзийжаргал, Л.Отгонсүрэн болон намайг Чанарын хяналт, шинжилгээний лабораторид шинжээчээр үндсэн ажлын байранд томилон ажлуулсан үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад зөвхөн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/145 гэх тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 25С дугаар хөдөлмөрийн гэрээ гэх зүйлийг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/94. Б/95, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/161 тоот тушаалыг хууль зөрчөөгүй гэж миний эрх ашигт илт хохиролтойгоор дүгнэсэн.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулж, тал бүрээс нь шинжлэн судлаж, бодит үйл баримтын мөн чанарт дүгнэлт хийлгүй, миний 2015 онд байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт нотлох баримтаар хариуцагчаас гаргуулалгүй, харилцан тохиролцож ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлийг нотлох баримтаар тогтоолгүй, захиргааны албан тушаалтаны албан үүргээ хайхрамжгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй үйлдэлд хууль зүйн дүн шинжилгээ, үнэлэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Шүүх 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Чанарын хяналт, шинжилгээний лаборатораа Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цех рүү шилжүүлэн ажиллуулсан үйлдэл нь ажлаас чөлөөлсөн үйл баримт бөгөөд Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд технологийн эмчээр ажиллаж эхэлсэн үеэс нэхэмжлэгч миний биеийг өөрийн эрх зөрчигдсөнийг мэдэх ёстой гэж тайлбарласан. Миний бие тухайн үед ажлаас чөлөөлөгдсөнөө мэдэх боломжгүй байсан. Үйлдвэрийн ажлын нөхцөл байдлаас хамаарч өөр цехэд түр хугацаагаар ажиллаж байна гэж ойлгосон үйл баримтад миний эрх ашигт илт хохиролтойгоор дүгнэлт өгсөн.

Хариуцагчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/94 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/95 дугаар тушаалаар Эсрэг ийлдэс үйлдвэрлийн цехэд түр ажлын байранд томилохдоо ажилтан надад урьдчилан мэдэгдэж, ямар нэг тохиролцоо хийгээгүй үйл баримтад дүгнэлт өгөлгүй орхигдуулсан.

Мөн миний нэр хүндэд илт хууль бусаар халдан, гутаан доромжилж, гүтгэсэн тайлбарыг шүүхэд өгсөн нь шүүхийн шийдвэрт тусгагдсан. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр шийдвэрлэгдэж гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хулгайч болгон гүтгэн доромжилсонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч М.Чинбат нь хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч М.Чинбатыг “Биокомбинат” ТӨҮГазарын захирлын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 342 тоот тушаалаар тус газрын Чанарын хяналт шинжилгээний лабораторт шинжээчээр түр томилсон ба 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 тоот тушаалаар үндсэн ажлын байранд томилсон байна.

 

М.Чинбат нь 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч байгууллагын эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй байгууллагын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авч гаргахаар завдсан үйлдэлд захиргааны шийтгэл ногдуулах тухай 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ОНАБХГ-ын 05 дугаар ангийн дарга У.Бат-Эрдэнийн шийдвэр, эд зүйл хураасан акт, захиргааны зөрчлийг хянан шалгасан баримт зэргээр тогтоогдсон, уг зөрчлийг үндэслэн түүнийг хариуцсан байгууллагын захирлын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/145 тоот тушаалаар ажлаас халсан. Энэ маргааны талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч М.Чинбат нь уг зөрчлийг гаргаагүй гэж тайлбарлах боловч зөрчил гаргасан тэмдэглэл болон үйлдэл дээр нь эд зүйлийг хураасан тэмдэглэлд тэрээр гарын үсэг зурсан, холбогдох баримтуудтай танилцсан нь тогтоогджээ.

 

Хариуцагч байгууллагын захирлын 2014 оны Б/145 тоот тушаалын 2 дахь заалтаар М.Чинбат уг ажлыг хүлээлцэх хугацааг уг ажлын байранд дараагийн ажилтанд томилогдтол гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Түүнээс гадна М.Чинбат нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “Чанар хяналт, шинжилгээний лабораторт” шинжээчээр түр ажиллах тухай нөхцлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

Иймд уг ажлын байранд хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн М.Чинбатыг хариуцагч байгууллага нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр уг ажлаас чөлөөлж, мөн өдөртөө Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд түр томилон ажиллуулах шийдвэр гаргасан ба уг шийдвэрт ажилтан гомдол гаргаагүй, тэрээр уг үйлдлийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Иймд жирэмсний амралт авсан ажилтны ажлын байранд түр хугацаагаар ажиллаж байсан М.Чинбатыг ажлаас халсан хариуцагч байгууллагын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцсэн тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт хуульд нийцжээ.

 

Хөдөлмөрийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан баримтыг хэргийн оролцогчид хуурамчаар бүрдүүлсэн цуглуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй учраас энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна .

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА