Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00097

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2018/00097

Улаанбаатар хот

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Ч-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б К ТӨААТҮГ-т холбогдох,

 

Б К ТӨААТҮГ-ын Чанар хяналт, шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Ололт, түүний өмгөөлөгч Б.Цолмон, шүүх уралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...М.Ч миний бие Б К ТӨААТҮГ-т 2012 оны 11 сарын 18-ны өдөр тус байгууллагын Чанар хяналт, шинжилгээний лабораторид шинжээчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Тухайн албан тушаал, ажпын байранд анх үүрэг гүйцэтгэж эхлэх үед хөдөлмөрийн гэрээг байгууллагын хүний нөөц, удирдлагын менежертэй байгуулсан. Улмаар хөдөлмөрийн гэрээг жил бүр шинэчлэн байгуулж ажилласаар ирсэн. Гэтэл 2016 оны 04 сарын 27-ны өдөр Хүний нөөц, удирлагын менежер н.Долгорсүрэн эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн технилогич эмч Т.Дэлгэрдалай хүүхэд асрах чөлөө авч байгаа тул чамайг оронд нь ажиллуулахаар боллоо. Тэнд очиж ажил гэсэн тул би тухайн өдрөөстус цехэд ажиллаж эхэлсэн. Тухайн үед намайг ямар үндэслэл, шалтгаанаар тус цехэд ажиллуулах болсон, энэ талаар байгууллагын удирдлагын тушаал, шийдвэр гарсан, эсэх талаарх мэдээлэл өгөөгүй, тухайн ажпын байранд ажиллах хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй. Би тус цехэд ажиллаж байгаад 2016 оны 07 сарын 08-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авч, ээлжийн амралт 2016 оны 08 сарын эхээр дуусч, 2016 оны 08 сарын 10-ны өдөр ажилдаа очтол цехийн эрхлэгч ...Одоохондоо цех ажилгүй байна. Сул зогсолтын мөнгөө аваад амарч бай. 09 сарын 15-ны өдрөөс ажилдаа ороорой гэж хэлсэн. Ингээд миний бие 2016 оны 09 сарын 15-ны өдөр ажилдаа очтол Хүний нөөц, удирлагын менежер н.Долгорсүрэн, Т.Дэлгэрдалай ажилдаа орох хүсэлтээ өгсөн тул одоо ажлаа хүлээлгэж өг гэж хэлсний дагуу миний бие цөхийн технилогич н.Бурмаатай ажил хүлээлцсэн. Дараа нь Хүний нөөц, удирлагын менежер н.Долгорсүрэнтэй уулзаж би ажиллаа хүлээлгэж өглөө, одоо яах бэ? гэхэд чамаас гадна хүмүүс байгаа, та нар нөөцөнд байж бай, үйлдвэрлэл эхлэхээр шийдье, Үйлдвэрлэл, технилогийн албаны дарга Ц.Өлзийтогтох та нарыг ажилд томилно гэж хэлсэн. Миний бие н.Долгорсүрэнг хэзээ ажилдаа ор гэж дуудах бол гээд хүлээж байгаад хэд хэдэн удаа гар утсаар нь холбогдож хэзээ ажилдаа орох бэ гэхэд хүлээж бай, Та нарыг хааш нь томилох шийдвэр гараагүй байна, Тэгээд ч үйлдвэрлэл эхлээгүй байна... гэж хэлсэн. Би хамт ажилладаг хүнээсээ үйлдвэрлэл хэзээ эхлэх бэ? гэж асуухад ...Үйлдвэрлэл эхэлчихсэн байгаа... гэж хэлэхэд би 2016 оны 10 сарын 11-ний өдөр Хүний нөөц, удирлагын менежер н.Долгорсүрэн, захирлын нарийн бичгийн дарга Н.Уранчимэг нартай утсаар ярихад захирлын нарийн бичгийн дарга н.Уранчимэг ...Чиний халагдах тушаал гарсан... гэж хэлсэн. н.Долгорсүрэн нь надад энэ талаар ямар нэг зүйл хэлээгүй. Тэгээд тус өдөр би захирлын нарийн бичигтэй уулзаж Б К ТӨААТҮГ-ын захирлын 2016 оны 04 сарын 27-ны өдрийн Б/94, Б/95, 2016 оны 09 сарын 12-ны өдрийн Б/161 тоот тушаалын хуулбаруудыг авсанаар өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөнийг мэдсэн. Гэтэл 2016 оны 04 сард намайг Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд ажиллуулахдаа Чанар хяналт, шинжилгээний лобараторийн шинжээчийн ажлаас чөлөөлж байгааг мэдэгдээгүй, шинээр томилсон ажпын байранд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан талууд харилцан тохирсон гэх үндэслэлийг заасан байдаг ч надтай зөвшилцсөн зүйл байхгүй, би ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа ч мэдээгүй. Тухайн үед намайг Чанар хяналт, шинжилгээний лабораторид ажиллаж байхад миний ажлын байранд шинээр ажилтан авсан бөгөөд Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн технилогич Т.Дэлгэрдалай хүүхэд асрах чөлөө аваад явмагц намайг тус цехэд шилжүүлж, шинээр орсон ажилтан миний ажлын байранд томилогдсон. 2016 оны 10 сарын 11-ны өдөр би ажлаас чөлөөгдсөнөө мэдээд Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авахаар халагдсан тушаалаа аваад очиход нийгмийн даатгалын ажилтан ...Таны ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт өгөх хугацаа тань дууссан байна... гэж хэлээд миний материалыг хүлээж аваагүй. Иймд би одоо болтол ажилгүй, байгууллагын нэр бүхий албан тушаалтаны буруутай үйлдэлээс болоод ажилгүйдлийн тэтгэмжээ ч авч чадахгүй байдалд ороод байна. Хариуцагч байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд түр гэж заасан боловч хугацаагүй гэж ойлгохоор байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хугацаатай гэрээ гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацаа нь хуанли, он, сар, өдрөөр эсвэл жил, улирал, сараар, заах ёстой. Мөн ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтан эргэж ажилдаа орох гэх мэт тодорхойлсон байдаг. Гэтэл хэний оронд ажиллаж байгаа талаар хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, хүний оронд ажиллаж байгаа тухайгаа мэдээгүй. Мөн тушаалууд үндэслэлгүй гарсан, тушаалуудтай танилцуулаагүй хууль зөрчиж байна. Дээрх нөхцөл байдлын улмаас миний бие Б К ТӨААТҮГ-ын захирлын 2016 оны 04 сарын 27-ны өдрийн Б/94, Б/95, 2016 оны 09 сарын 12-ны өдрийн Б/161 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд намайг Б К ТӨААТҮГ-ын Чанар хяналт, шинжилгээний лабораторид шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүг мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд, хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэлүүдийг гаргаж байна. Үүнд М.Ч нь анх 2012 оны сарын 18-ны өдөр манай байгууллагын Чанарын хяналт шинжилгээний лабораторт шинжээчээр түр ажиллаж эхэлсэн ба анх л байнгын орон тоон дээр, түр хугацаагаар ажиллаж эхэлсэн юм. Гэтэл М.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ байнгын орон тоон дээр анхнаасаа л жинхлэн ажиллаж эхэлсэн мэтээр худал ташаа зүйл бичсэн байна. М.Чын шүүхэд худал мэдүүлэг, тайлбар өгч байгааг гэрчлэх нотлох баримт бол тухайн үед “Б К” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан Б.Баттогтох гэдэг хүний гаргаж байсан тушаал юм. Уг тушаалаас харахад Мөнхмарал овогтой Чинбатыг 2012 оны 11 сарын 19-ны өдрөөс эхлэн Чанарын хяналт шинжилгээний лабораторт шинжээчээр түр томилон ажиллуулж эхэлсэн байна. Нэгэнт анх байнгын орон тоон дээр, ажлаасаа хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авсан хүний оронд түр хугацаагаар ажиллаж эхэлсэн тул М.Ч нь тэр хүнийг ажилдаа эргэж орох тохиолдолд өөрөө ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгээ маш сайн мэдэж байсан. Ийнхүү түр хугацаагаар ажиллаж байхдаа М.Ч нь “Би жинхэлмээр байна. Тэгвэл цалин мөнгө нь арай ахиу олгогдоод, миний амьдрал ахуйд бага ч гэсэн тус нэмэр болно. Тэртээ тэргүй би байнгын орон тоон дээр, түр хугацаагаар ажиллаж байгаагаа мэдэж байгаа учраас нөгөө хүн маань эргээд ажилдаа орох тохиолдолд би ямар нэгэн хэл ам хийхгүйгээр ажлаасаа шууд гарах болно” хэмээн удаа дараа байгууллагын удирдлагад санал хүсэлт тавьж байсны дагуу “Б К” ТӨААТҮГ-ийн захирлаар тухайн үед ажиллаж байсан Онгоодой овогтой Сэр-Од гэдэг хүн түүнтэй жинхэлсэн орон тоон дээр, түр хугацаагаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг 2014 оны 02 сарын 13-ны өдөр байгуулж, захирлын тушаал гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд ажилтан өөрөө удаа дараа хүсэлт тавьсны дагуу тухайн үеийн байгууллагын удирдлага нь түүнийг жинхэнэ орон тоон дээр амьдралын аргагүй байдлыг нь харгалзан үзэж, түр хугацаагаар ажиллуулж байжээ. М.Ч нь 2012-2016 он хүртэл урьд ажиллаж байсан хүмүүсийн орон тоон дээр түр хугацаагаар ажиллаж байсан ба тухайн ажилтнууд буюу М.Чаас өмнө тухайн орон тоон дээр жинхлэн ажиллаж байсан хүмүүс нь буцаад ажилдаа орохоор болох тохиолдолд ажлын байрыг нь буцаан өгдөг байжээ. Хамгийн сүүлд “Б К” ТӨААТҮГ-ын захирал Б.Онолбаатар нь М.Чыг урьд нь ажиллаж байсан хүн нь эргэж ажилдаа орохоор болсон тул 2016 оны 09 сарын 13- ны өдрөөр тасалбар болгон М.Чтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тухайн ажлын байраас чөлөөлсөн байна. Гэхдээ бас л байгууллагын удирдлагын хувьд М.Чын амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж, “Б К” ТӨААТҮГ-ийн Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд технологич ажилтай Төмөрхуяг овогтой Дэлгэрдалай гэдэг хүний оронд түр хугацаагаар ажилд авч, мөн өдрөө буюу 2016 оны 05 сарын 04-ны өдөр тушаал гаргаж байжээ. Түр хугацаагаар гэдгийн учир нь Т.Дэлгэрдалай нь тухайн үед жирэмсний амралтаа буюу хүүхэд асрах чөлөө авсан тул энэ ажилтны оронд түр хугацаагаар М.Чыг ажилд авсан ба тиймээс М.Чтай байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээний хугацааг 1 жил хэмээн зааж өгч байсан. Харин М.Чын түр хугацаагаар ажиллаж байсан орон тоон дээр, урьд өмнө жинхлэн ажиллаж байсан Т.Дэлгэрдалайгын хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болж, тэрээр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул М.Чтай байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг 2016 оны 09 сарын 13-ны өдрөөс эхлэн тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. Ийнхүү нэхэмжлэгч М.Ч нь анхнаасаа л буюу 2012 оны 11 сарын 18-нд “Б К” ТӨААТҮГ-т түр хугацаагаар ажиллахаар тухайн үеийн байгууллагын удирдлагуудтай харилцан тохиролцож, ажилд орж байсан ба 2016 оны 09 сарын 13-ныг хүртэл энэхүү түр хугацаанд тухайн ажил үүргийг гүйцэтгэж ирсэн билээ. М.Чыг манай байгууллага байнгын орон тоон дээр ажиллуулж байсан нь үнэн боловч, урт хугацаагаар буюу байнгын ажилтнаар огт авч ажиллуулаагүй, түр хугацаагаар л ажиллуулж байсан юм. Өөрөөр хэлбэл байнгын орон тоон дээр буюу жинхэнэ орон тоон дээр ажиллаж баисан хүмүүс тухаин үед байгууллагаасаа түр чөлөө авсан үед нь тэрхүү түр чөлөө авсан хугацаанд л М.Чыг тухайн жинхэнэ орон тоон дээр буюу байнгын ажлын байран дээр ажиллуулж баисан юм. Яагаад ингэж түр хугацаанд ажиллуулж байсан бэ гэхээр 2015 онд үйлдвэрийн онцгой объектоос хаяг, шошго байхгүй био бэлдмэлүүдийг хулгайлан гарч байхдаа цагдаагийн албан хаагч нарт баригдаж, шалгагдаад хулгай хийсэн болох нь нотлогдож, арга хэмжээ авсан боловч амьдрал ахуйг нь бодож түр ажиллуулж байсан. Нөгөө талаас авч үзвэл өнөөдөр М.Чыг ажиллуулахын тулд “Б К” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байгаа Б.Онолбаатар гэдэг хүн дур мэдэн, шинээр орон тоо гаргаж М.Чыг ажиллуулах ямар ч боломж байхгүй ба тийм эрх хэмжээ ч үйлдвэрийн газрын захирал Б.Онолбаатар гэдэг хүнд огт байхгүй. Өөрөөр хэлбэл “Б К” ТӨААТҮГ нь Төрийн өмчит үйлдвэрийн газар бөгөөд бүх эрх мэдэл  төрд өөрт нь байдаг гэсэн үг юм. Манай байгууллагын хувьд төрийг төлөөлж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар манай байгууллагын бүх ажиллагсдын орон тоо, цалин хөлс, бусад бүх асуудлыг шиидвэрлэдэг бөгөөд “Б К” ТӨААТҮГ-т дээр хэлсэнчлэн шинээр орон тоо гаргаж ирэх, тухайн шинэ орон тоон дээр ажиллах ажилтны цалинг өгөх зэрэг ямар ч эрх байхгүй юм. Мөн   Улсын Дээд Шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тогтоолоор анхан шатны шүүх  хариуцагчаас нотлох баримт гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан боловч тухайн баримтыг дутуу бүрдүүлснийг Давж заалдах шатны шүүх илрүүлж, засаагүй нь буруу тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон. Үүний дагуу 2015 оны шинжээчийн албан тушаалд ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээ болон ажилд томилсон тушаалыг хэрэгт хавсаргах хүсэлт гаргаж 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн захирамжаар хангаж, бид  шүүгчийн захирамжийг биелүүлэх ёстой учраас 2015 онд чанар, хэмжилт шинжилгээний лаборторт шинжээчийн албан тушаалд М.Чыг томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээг байгууллагын архиваас хайсан боловч гарч ирээгүй. Гэхдээ 2015 онд М.Чыг чанар, хэмжилт шинжилгээний лаборторт шинжээчийн албан тушаалд ажиллаж байсан талаар маргадаггүй. Байгууллагын архивын ажилтны буруугаас энэ гэрээ, тушаал байхгүй байна. Энэ талаар бид нар шүүхэд албан ёсоор мэдэгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ч хариуцагч “Б К” ТӨААТҮГ-д холбогдуулж, “Б К” ТӨААТҮГ-ын Чанар хяналт, шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.Ч нь анх 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 342 дугаар тушаалаар “Б К” ТӨААТҮГ-ын Чанарын хяналт шинжилгээний лабораторид шинжээчээр түр, 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б37 дугаар тушаалаар үндсэн ажилтнаар тус тус томилогдсон боловч 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б145 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасны улмаас ажлаас халагдаж, дараагийн ажилтан М.Чын ажлыг хүлээн авах хүртэл хугацаагаар Чанарын хяналтын албаны шинжээчээр түр ажиллуулахаар шийдвэрлэсэн, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр М.Чыг “Б К” ТӨААТҮГ-ын Чанарын хяналт шинжилгээний лабораторид түр хугацаагаар шинжээчээр ажиллуулахаар 250 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад ажил олгогч 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Б/94 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар ажилтантай тохиролцсон тул гэх үндэслэлээр ажлаас халж, мөн өдрөө Б/95 дугаар тушаалаар Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд технологичоор түр томилон ажиллуулж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 12-ны Б/161 дүгээр тушаалаар ажилтан Т.Дэлгэрдалайгийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр М.Чтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна. /хх 23-25/

 

Мөн 2015 онд нэхэмжлэгч М.Ч “Б К” ТӨААТҮГ-т  шинжээчээр дахин ажиллаж эхэлсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаад тухайн үед байгуулж байсан хөдөлмөрийн гэрээ, тушаал зэргийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч  уг баримт хариуцагч байгууллагад хадгалагдаагүй, энэ үйл баримтын талаар хариуцагч маргахгүй гэж тайлбарласан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Тодруулбал, 

 

Нэхэмжлэгч дээр дурьдсан 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/94 тоот  ажил олгогчийн санаачилгаар, ажилтантай тохиролцсоноор гэж үндэслэсэн ажлаас халсан тушаал гарсныг мэдээгүй, энэ тушаалыг эс зөвшөөрөх тул үүний үндсэн дээр гарсан Б/95 дугаар, Б/161 дүгээр тушаалыг эс зөвшөөрнө, хөдөлмөрийн гэрээг түр хугацаатай гэж байгуулсан боловч ямар үндэслэлээр байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан гэдгийг тодорхой тусгаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т хамаарах гэрээ гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн.   /хх-37,38/

 

            Хэрэгт авагдсан “Б К” ТӨААТҮГ-ын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 145 дугаар тушаалаас үзэхэд М.Чыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажлаас халж, дараагийн ажилтан түүнээс ажил хүлээн авах хүртэл хугацаагаар ажил үүргээ гүйцэтгэхээр даалгаснаас үзэхэд 06 дугаар сарын 12-ны өдрөөр ажилтан М.Чын үндсэн ажилтнаар ажиллах хөдөлмөрийн гэрээ дуусгавар болжээ.  

             

Үүний дараа 2015 онд талууд дахин хөдөлмөрийн гэрээ байгуулсан тухайд зохигч маргахгүй ба 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр М.Ч “Б К” ТӨААТҮГ-ын Чанарын хяналт шинжилгээний лабораторид түр хугацаагаар шинжээчээр ажиллахаар 250 дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна. Энэ гэрээнд ажил олгогч ямар үндэслэлээр байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж байгааг тодорхой тусгаагүй байх боловч нэхэмжлэгч уг гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаас үзэхэд талуудын хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул уг гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т байнгын ажлын байранд талууд тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болно гэж заасанд нийцсэн гэж дүгнэлээ. /хх 99-101/

 

Нөгөө талаас нэхэмжлэгч 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Б К” ТӨААТҮГ-ын Чанарын хяналт шинжилгээний лабораториин шинжээчийн ажлаас чөлөөлөгдөж, Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд технологичийн ажил үүрэг гүйцэтгэх үедээ 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/94 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажлаас буруу халсан эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн гэх гомдлыг гаргах боломжтой байсан байна.

 

Өөрөөр хэлбэл, ажилтан энэ тушаалын талаар мэдээгүй гэж тайлбарлах боловч тушаалын биелэлт хангагдаж ажилтны ажлын байр, ажлын байрны тодорхойлолтонд заасан гүйцэтгэх ажлын чиг үүрэг өөрчлөгдсөн байна. Энэ тохиолдолд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрх нь ажилтанд өөрт нь хадгалагдах ба тэрээр 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/95 дугаар тушаалын дагуу Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд технологичийн ажлыг хүлээн зөвшөөрч гүйцэтгэж байснаас үзэхэд түүний тушаалын талаар мэдээгүй гэх тайлбар үгүйсгэгдэх ба үгүйсгэгдэж, ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д ажил албан тушаал нь хэвээр хадгалагдахаар зохицуулагдсан хүүхэд асрах чөлөөтэй ажилтан ажилдаа эргэн орж байгаа тохиолдолд Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд технологичоор түр ажиллаж байгаа  М.Чыг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэг талаас 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/94 дүгээр тушаалд гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нөгөө талаас 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 161 дүгээр тушаал нь хууль зөрчөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

 

Нэхэмжлэгчийн  Б/94, Б/95, Б/161 дугаар тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гардаж авсан гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй тул шүүх 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ажлаас халах тухай Б/161 дугаар тушаалын хувьд хөөн хэлэлцэх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй гэж үзэж хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэл шүүх гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар хариуцагч “Б К” ТӨААТҮГ-д холбогдох, “Б К” ТӨААТҮГ-ын Чанар хяналт, шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүг мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч М.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдсугай. 

3. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ