Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дамдины Ганзориг |
Хэргийн индекс | 106/2016/0052/э |
Дугаар | 34 |
Огноо | 2017-02-06 |
Зүйл хэсэг | 145.1., |
Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 34
Б.Оюунтуяад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор М.Буяннэмэх,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Оюунтуяад холбогдох 201626021299 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Болдын Оюунтуяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Оюунтуяаг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Б.Оюунтуяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.
Хэргийн талаар илтгэгч шүүгч Д.Ганзоригийн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтэд: “... 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сандэй” худалдааны төвийн урд байрлах гутлын лангуун дотор иргэн Г.Анугийн цүнхэн дотор байсан 190,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси эс-5 загварын гар утас, түрийвчинд байсан 296,000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг нийт 486,000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад дээрх хэргийг Б.Оюунтуяа, Т.Отгонцэцэг нар нь бүлэглэн үйлдсэн болох нь хохирогч Г.Ану, гэрч О.Одцэцэг, А.Мөнх-Эрдэнэ, Б.Болормаа, яллагдагч Т.Отгонцэцэг, Б.Оюунтуяа нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж шалгасан болно. Гэтэл яллагдагч Б.Оюунтуяа нь “2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобусанд суух үедээ хохирогч М.Ануны халааснаас I phone 5 загварын гар утсыг хулгайлан авч, түүнд 250,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан” хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, “хохирогч нь яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3 дахь заалтад заасны дагуу шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх үндэслэл тогтоогдож байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахад мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн. Прокурорын бичсэн дүгнэлтийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Оюунтуяад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна ...” гэв.
Прокурорын 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн дүгнэлтийн дагуу хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл:
Б.Оюунтуяа нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобусанд суух үедээ хохирогч М.Ануны халааснаас “Ай фон 5” загварын гар утсыг хулгайлж, 250,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгтээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, түүнд холбогдох хэргийг хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн үндэслэлээр буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.
Б.Оюунтуяад холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө Б.Оюунтуяа нь Т.Отгонцэцэгтэй бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сандэй” худалдааны төвийн урд байрлах гутлын лангуунаас, иргэн Г.Анугийн цүнхэн дотор байсан 190,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси эс-5 загварын гар утас, түрийвчинд байсан 296,000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг нийт 486,000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь илэрсэн бөгөөд энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал буюу хүнд ялтай зүйл, хэсэг хэрэглэх үндэслэл болж байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 201626021299, 201625012353 тоот хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Оюунтуяад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.
ДАРГАЛАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ