Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 127/2016/0005/з |
Дугаар | 328 |
Огноо | 2016-10-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 328
М.Насанмөнхийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Төгөлдөр нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн 476 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор М.Насанмөнхийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3, 23.11, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн № 02, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн № 04 дүгээр тогтоол, мөн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн № А/24 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Насанмөнхийг урьд ажиллаж байсан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын "Бумбат" 3 дугаар багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Насанмөнхийн ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн 476 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.11, 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоол, мөн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/24 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, М.Насанмөнхийг 3 багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 24-нийг хүртэлх ажилгүй байсан 4 сар, 4 хоногийн цалинтай тэнцэх олговор 2,660,765 /хоёр сая зургаан зуун жаран мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс гаргуулан М.Насанмөнхөд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж,
2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан М.Насанмөнхийн “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр (02 дугаар) тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга Д.Энхэрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-д заасан заалт нь бодит амьдрал дээр хэрэгжих боломжгүй хуулийн заалт юм. Учир нь Бор-Өндөр сумын “Бумбат” 3 дугаар баг нь 585 өрх, 1922 иргэнтэй. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан бол төрийн байгууллагын иргэдэд түргэн шуурхай тасралтгүй үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа доголдох байсан. Сумын Засаг даргын хувьд "Бумбат" 3 дугаар багийн Засаг дарга М.Насанмөнхөд удаа дараа үүрэг даалгавар өгч ажиллаж байсан. Миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаж байгаагүй, ажлаа хийдэггүй, тасалдаг, багийнх нь иргэд таньдаггүй. Сүүлд М.Насанмөнхийн талаар гомдол их ирэх болсон. Эдгээр шалтгааны улмаас "Бумбат" 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/24 тоот захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М.Насанмөнх нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр багийн Иргэдийн Нийтийн хурал хуралдаж, нэхэмжлэгчийг багийн Засаг даргаас огцруулахаар тогтоол гаргасан байна.
Гэвч уг хуралдаан хуульд заасан ирцэд хүрээгүй, 30 хүний суудалтай танхимд хуралдаан болсон, хуралдааны тэмдэглэлд “хуулийн хүрээнд хангалттай ирцтэйгээр эхлэв” гэж бичсэнээс тодорхой тоо тавиагүй, ирцийн бүртгэл байхгүй байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11 дэх хэсэгт заасантай нийцэхгүй юм.
Дээрх байдлаар хуульд заасан ирц хүрээгүй, багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцоогүй иргэдийн нийтийн Хурлаас гаргасан тогтоол нь хууль бус бөгөөд энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Мөн “2016 оны 1 дүгээр сарын 23, 25, 27, 28-ны өдрүүдэд айл өрхөд болов” гэх иргэдийн нийтийн хуралдаан нь хуульд заасан шаардлага хангаагүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хурлыг хуралдуулах ёстой атал хариуцагч иргэдийн нийтийн Хурлын даргаас энэхүү үйл ажиллагааг хийлгүй, өөрийн санаачилгаар, багийн иргэдийг нэг өдөр, нэг газарт цуглуулахгүйгээр тогтоол гаргасан байгаа нь илт буруутай үйлдэл мөн болно.
Ийм учраас эдгээр хуулийн шаардлага хангаагүй иргэдийн нийтийн Хурлын тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Сумын Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн а/24 дүгээр захирамж мөн хууль бус юм.
Хариуцагчийн “нэхэмжлэгч нь үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажил тасалдаг, багийнх иргэд таньдаггүй” гэх гомдлын хувьд хуулийн дээрх заалтад зааснаар багийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргах ажиллагааны үе шат, дэг журмыг хуульд тодорхой заасан, хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон тул дээрх гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 476 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ