Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01673

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 448 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаар магадлалтай,

С.Б-ын нэхэмжлэлтэй,

“Д” политехник коллежид холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б-, өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, өмгөөлөгч Б.Содболд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2010 онд Дархан-Өргөө политехник коллежид сургалтын албаны ажилтнаар орж 7 жил 4 сар тасралтгүй ажилласан. Ажиллах хугацаандаа ажлын цагийг сайн баримталж  ажилдаа хариуцлагатай хандаж,  үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Гэтэл 2018 оны 02 сарын 01-ний өдөр захирлын үүрэг гүйцэтгэгч С.Батбаяр нь Б/11 тоот тушаал  гаргаж  ажил  олгогчийн санаачилгаар намайг ажлаас халсан. Би залуу хүний хувьд өөрийгөө сорьж үзэх зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор болж энэ тухайгаа үүрэг гүйцэтгэгч С.Батбаяр, сургалтын албаны менежер Г.Батболд нарт хэлэхэд С.Батбаяр уурлаж хэрэв шалгаруулалтад орох юм бол  ажилгүй болно шүү гэж заналхийлж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр буюу оюутан багш ажилчдын амралтын өдөр байсан, ажлын бус цагаар ажил дээр цахилгаанчин Б.Цогжавхлантай таарсан. Тэр үед үүрэг гүйцэтгэгч С.Батбаяртай сургууль дээр таараад ямар нэг үгийн солиогүй зөрөөд явсан. Захирал ирээд дэвтэр дээр та 2-ыг архи уусан гээд бичээд явчихлаа гээд жижүүр утсаар хэлэхээр нь очиж үзээд архи уугаагүй гэсэн тайлбараа бичээд явсан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.                                

Хариуцагч “Д” политехник коллеж шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 01 дүгээр сарын 08-аас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрүүдэд оюутан, суралцагч, багш ажилтан албан хаагчдын амралт тохиож, захирлын 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 тоот тухай тушаалаар хариуцлагатай жижүүрийн хуваарь гарсан. Тус хуваарийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эргүүл хийж явж байхад тэр өдрийн жижүүрээр П.Бямбасүрэн, С.Б-, Б.Цогжавхлан нар согтуу сургуулийн дадлагын газраас гарч явж байгаад захирал С.Батбаярыг хараад баганын араар нуугдах үйлдэл гаргасан. Яагаад согтуу явж байсныг тодруулахад нийтээрээ амарсан байхад ажил үүргээ гүйцэтгэж байсан жижүүрийг уруу татан ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэж, жижүүрийг архидуулан, сургуулийн дадлагын газарт хувийн машинаа багаж хөлдсөн нэрийдлээр оруулж ирсэн байдаг. Дээрх үйлдлүүд нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл болж байна. Энэ тухай жижүүрийн дэвтэр дээр бичиж баримтжуулсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 заалт, сургуулийн дотоод журмын 5.10.5, Хөдөлмөрийн гэрээний 2.1.1, 2.1.10, 4.2.3 зүйл заалтуудыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан хэмээн үзэж ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 448 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ын хариуцагч Дархан-Өргөө политехник коллежид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч С.Б- миний бие нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06-р сарын 25-ны өдрийн 72 дугаартай магадлалыг эс зөвшөөрч доорхи гомдлыг тус шүүхэд гаргаж байна.

Би Бямбасүрэнг нэг архи аваад ирээч гэхэд нь захисан архийг нь аваачиж өгсөн. Нас биед хүрсэн хүн архи захиад өөрөө уух гэсэн эсвэл өөр зүйлд хэрэглэх гэж байсан эсэхийг би анх эхлээд мэдээгүй, харин уулзсан хойноо захисан архийг Б.Цогжавхлангаар задлуулж өөрөө 2 удаа хийлгэж уугаад үлдсэнийг нь аваад буусан, Цогжавхлангийн хундагалж өгсөн архийг /ёсыг бодож/ би уулгүй сэржимлэж өргөөд буцаагаад өгснийг архи хамт уусан, архидалт зохион байгуулсан гэж үзэж намайг ажлаас халсанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр магадлалд ч ийм үндэслэлгүй дүгнэлт хийсэн байсан. Жижүүрийн дэвтрийн бичилт хэрхэн хийгдсэн талаар жижүүр П.Бямбасүрэн гэрчийн мэдүүлэгтээ тодорхой хэлсэн байгаа. Тэрээр “Захирал өөрөө дэвтэр дээр бичилт хийгээд намайг гарын үсэг зур гээд зуруулсан, явсан хойно нь харсан чинь С.Б-, Б.Цогжавхлан нарыг архи уусан гээд бичсэн байсан. Би Баасанжаргалруу залгаад “... та хоёрыг архи уусан гээд бичсэн байна гэж хэлэхэд, Баасанжаргал архи уугаагүй талаараа бичээд явсан ...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгсөн нь хэрэгт байгаа. С.Батбаяр захирал намайг өөртэйгээ өрсөлдсөн гэсэн хувийн тааламжгүй харьцааны улмаас болж ажлаас халсан гэж би ойлгож байгаа. Тэгээд ч хөдөлмөрийн гэрээгээр ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг гэрээний талууд бид харилцан тохиролцон тогтоож зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан. Нэрлэн заасан аливаа зөрчлийг би огт гаргаагүй. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан ташаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал байхгүй, захирлын зөвлөлийн хурлаар миний асуудлыг авч хэлэлцсэн атлаа намайг оролцуулаагүй, надаас тайлбар аваагүй, зөвхөн П.Бямбасүрэнг хуралд оруулж асуудлыг шийдвэрлэсэн, хурлын тэмдэглэлээ шүүхэд гаргаж өгөхдөө өөрчлөн бичсэн, П.Бямбасүрэнг ахаар нь дамжуулан ажилд авснаараа далимдуулж өөрт ашигтай байдлаар мэдүүлэг өгөхийг тулган шаардаж, нийгмийн даатгалын дэвтрийг нь барьцаалж шүүхэд мэдүүлэг өгснийх нь дараа өгсөн зэрэг хууль бус үйлдэл гаргасан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй хэт нэг талыг барьсан шийдвэр болсон учраас хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч С.Б-ын “...ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн бичүүлэх” тухай нэхэмжлэлийг хариуцагч “Д” политехник коллеж эс зөвшөөрч маргахдаа “...ажлын байранд согтуу ирсэн, архидалт зохион байгуулсан” гэсэн тайлбар гаргажээ.

Ажил олгогч 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Б/11 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтны ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэл болгосон байна. Уг тушаалд нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлын байранд согтуугаар нэвтэрч, архидалт зохион байгуулж, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг удаа дараа зөрчсөн талаар  дурдсан байх ба зохигчид энэ талаар маргаж мэтгэлцжээ.

Сургуулийн дотуур байранд согтуу нэвтрэн орсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр ажил олгогчийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/40 дүгээр тушаалаар С.Б-д сануулах арга хэмжээ ногдуулсан ба нэхэмжлэгч  энэ талаар гомдол гаргаагүй байна /хэргийн 28 дугаар тал/.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр сургуулийн жижүүр П.Бямбасүрэнд архи авчирч өгснөө үгүйсгээгүй байна. Тэрээр архи уугаагүй гэж маргасан боловч ажлын байранд, ажил үүргээ гүйцэтгэж байсан ажилтанд архи согтууруулах ундаа авчирч өгснийг зөвтгөх үндэслэлгүй болно.

Зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.2-т ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн бол ноцтой зөрчилд тооцохоор заасан.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах  боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 448 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ