Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 879

 

Ц.Дагиймаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00532 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Дагиймаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сутай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Саяболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01212 тоот захирамжаар хариуцагч “Карголэнд”ХХК-иас 120 215 875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явуулж буйтай холбогдуулан нэхэмжлэгч миний бие 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан.

Гэтэл гомдлын хариуг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн ба тус хариу албан бичигт 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28380 тоот захирамжаар Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01212 тоот шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж өөрчилсөн гэсэн хариу ирүүлсэн.

Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01212 тоот шүүгчийн захирамжид хариуцагч “Карголэнд” ХХК нь 120 215 875 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тухайн үед зээл авахад барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хураах, тухайн эд хөрөнгөөр зээлийн гэрээний төлбөрийг хангуулахаар заагаагүй байхад миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 хороо, 24 дүгээр байр, 54 тоот 65,7 м.кв талбайтай, 3 өрөө байрыг хураан авч, битүүмжилж, үнэлгээ тогтоож, албадан дуудлага худалдаанд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр оруулсан нь шүүхийн шүүгчийн 01212 тоот захирамжийг зөрчсөн байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг хураан авсан, битүүмжилсэн, үнэлгээ тогтоосон, албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоол, мэдэгдэл, тус үл хөдлех хөрөнгөтэй холбоотой гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн ахнан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01212 тоот захирамжаар Карголэнд” ХХК-иас 120 218 875 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 хороолол, Оюутны гудамж, 24 дүгээр байрны 54 тоот 65.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16/26 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16/26 тоот тогтоолоор хураан авсан.

Хураан авсан орон сууцны албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтooлгоxoop Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулж өмчлөгч Ц.Дагиймаад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3/23704 тоот албан бичгээр, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 88119608 дугаарын утсаар тус тус мэдэгдэж шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлийн 37.2 2-т төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх хөрөнгийг шинжээч томилж үнэлгээг тогтооно гэсний дагуу шинжээч томилсон, “Бэсгэ” ХХК нь 106 646 500 төгрөгөөр үнэлгээ тогтоосон байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон 106 646 500 төгрөгийн 70 хувиар буюу 74 652 550 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр явуулсан боловч орон сууц худалдан борлогдоогүй болно.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 28380 дугаар захирамжаар 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01212 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг “Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй, “Карголэнд” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 120 218 875 төгрөгийг хариуцагч “Кэрголэнд” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн захирамжилсан байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Ц.Дагиймаагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: 1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3., 34.4.-т заасныг баримтлан барьцааны хөрөнгийг хураасан, битүүжилсэн, үнэлгээ тогтоосон, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага оруулсан тогтоол, мэдэгдэл, уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Дагиймаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01212 тоот захирамжаар хариуцагч “Карголэнд” ХХК-ас 120 215 875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан ба гомдлын хариуг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн, тус хариу албан бичигт 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28380 дугаар захирамжаар Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01212 тоот шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг “...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах...” гэж өөрчилсөн гэсэн хариу ирүүлсэн.

Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01212 тоот шүүгчийн захирамжид зээл авахад үед барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хураах, тухайн эд хөрөнгөөр зээлийн гэрээний төлбөрийг хангуулахаар заагаагүй байхад нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 хороо 24 дүгээр байрны 54 тоот 65,7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хураан авч, битүүмжилж, үнэлгээ тогтоож, албадан дуудлага худалдаанд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр оруулсан.

Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ц.Дагиймаа нь дээрхи хэргийн оролцогч биш, Сүхбаатар дүүрэг 8 хороо, 24 дүгээр байр, 54 тоот 65,7 м.кв талбайтай, 3 өрөө байрны өмчлөгч бөгөөд төлбөр төлөгч биш юм. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.4 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн 34.3 хэсэг нь гуравдагч этгээдийн эрх ашиг нь хөндөгдсөн асуудлаарх гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхэд хамаарахгүй" гэж заасныг үнэлэлгүйгээр Ц.Дагиймааг хэргийн оролцогч мэтээр дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Дагиймаа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр болсон байтал шүүхийн шийдвэрт огноог 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр үйлдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан товолсон хугацаанд шүүх хуралдааныг явуулаагүй, хуулиар тогтоосон журам зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна./хх-79-89 дүгээр тал/

 

            Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайгаас төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА