| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0008/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/10 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ,
улсын яллагч З.Алтансолонго,
шүүгдэгч Т.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 20301900263 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Т.******* нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэр “Хөх сайр” гэх нэртэй газраас тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад оруулсан Capra sibirica буюу янгир ямааг 7228 дугаартай калибр маркийн галт зэвсэг ашиглан ангаж, тухайн ховор амьтны түүхий эд болох махыг мөн өдөр Ховд аймгийн Жаргалант сум хүртэл улсын дугааргүй мотоциклоор тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг:
2.Эрүүгийн 20301900263 дугаартай хавтаст хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 1-р хуудас/,
2. Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 12-р хуудас/,
3.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 32-35-р хуудас/,
4. Яллагдагч Т.*******аас калибр маркийн бууг эд мөрийн баримтаар хураан авах тухай зөвшөөрөл /хавтаст хэргийн 17-р хуудас/,
5. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9-р хуудас/,
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/,
7. Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 49-53 дугаар хуудас/,
8. Яллагдагч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн62-64-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд
Шүүгдэгч Т.******* нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэр, Хөх сэрхийн нурууны Дархан цаазат газрын орчны бус нутагт хамаарах “Хөх сайр” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад орсон янгир ямааг калибр маркийн галт зэвсэг ашиглан агнаж, тухайн ховор амьтны түүхий эдийн гаралтай зүйл буюу махыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сум хүртэл улсын дугааргүй “langweng” маркийн мотоциклоор тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч С.*******ийн /******* оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ховд аймгийн Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын багт оршин суудаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ талаар тухайн үед нь мэдсэн. Яагаад гэхээр янгир ямаа агнагдсан Хөх сайр буюу Хавчуу гэх газар нь Хөх сэрхийн нурууны Дархан цаазат газрын орчны бус нутагт ордог учраас энэ талаар мэдээлэл авсан. Экологи эдийн засгийн үнэлгээ нь эр янгир ямаа 2700000 төгрөг, эм янгир ямаа 3200000 төгрөгийн үнэтэй байдаг юм.Хуулийн хүрээнд учирсан хохирлыг төлсөн учраас өөр ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өнөөдөр өглөө 08 цагт хуваарийн дагуу нисэх постонд а/ч ийн хамт гарч ажилласан. Тэгээд үүрэг гүйцэтгэж байтал мотоциклтой мах ганзагалсан нэг эрэгтэй хүн ирсэн. Тэгэхээр нь би зогсоож махны гарал үүслийн бичиг асуутал ямар нэгэн бичиг алга өөрийн малаасаа 1 ямаа гаргаж аваад ирж байна гэхээр нь би ууттай махыг шалгаж үзэхэд ангийн мах байсан. Тэгэхээр нь төв руу мэдэгдэж авч ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-р хуудас/,
Яллагдагч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм бурууг хүлээж учруулсан хохирол 5400000 төгрөгийг холбогдох газарт нь хийсэн байгаа. Иймд миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тухай “...Иргэн Т.*******ын тээвэрлэж явсан янгир ямааны мах нь цагаан өнгийн ууттай эд зүйл байв. Уутанд байгаа махыг гаргаж үзэхэд жижиглэж эвдсэн байх бөгөөд ... 12 кг байв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 13-р хуудас/,
Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “...2020 оны 10 дугаар сарын байдлаар “langweng” маркийн мотоциклийн үнэ цэнэ 650000 төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-р хуудас/,
Шинжээч нарын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаартай “... 1. Шинжилгээнд тэнцэнэ. 2. Тодорхойлох боломжгүй. 3. Тодорхойлох боломжгүй. 4. 1 амьтны мах, нас хүйс тогтоох боломжгүй. 5. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ээр янгир ямаа эр 2700000 төгрөг, эм нь 3100000 төгрөг. 6. Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ховор амьтны жагсаалтад орсон.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44-р хуудас/,
Шинжээч нарын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “ Мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээгээр: амьтны бие бүтцийн буюу анатомын харьцуулсан шинжилгээгээр янгирын мах болох нь тогтоогдов.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49 -р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,
Ховд аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 3-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 28-31-р хуудас/,
LANGWENG маркийн улсын дугааргүй, мотоциклд үзлэг хийсэн талаарх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 32-35-р хуудас/,
Яллагдагч Т.******* түүний өмгөөлөгч нарын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Т.******* миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, цаашид учрах хор уршгийг ухамсарлан ойлгож байгаа тул өөртөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна” гэх хүсэлт /хавтас хэргийн 85-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг” ховор амьтан гэж тодорхойлсон бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар янгир ямааг ховор амьтны жагсаалтад оруулжээ.
Иймд шүүгдэгчийн ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны янгир ямааг агнаж улмаар түүхийн эдийн гаралтай зүйл буюу махыг тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Т.*******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр 1 тооны ховор амьтан янгир ямааг галт зэвсэг ашиглаж агнаж, янгир ямааны түүхийн эдийн гаралтай зүйл буюу махыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Т.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.******* нь ховор амьтан гэдгийг мэдсээр байж буу ашиглан агнаж гэм буруугийн шууд санаатайгаар гэмт хэргийг үйлдсэн байна.
Мөн тэрээр янгир ямааны махыг “биенд сайн” гэж хүнсэнд хэрэглэх зорилготой байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар янгир ямааны экологи-эдийн засгийн үнэлгээг 2700000 төгрөгөөр тогтоосон байх тул агнагдсан янгир ямааны экологи-эдийн засгийн үнэлгээ 2700000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцов.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж заасны дагуу ховор амьтан янгир ямааны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээтэй тэнцэх /2 х 2700000 төгрөг/ 5400000 төгрөгийг шүүгдэгч төлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан болох нь хохирогч С.*******ийн “Хуулийн хүрээнд учирсан хохирлыг төлсөн учраас өөр ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 75 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.*******ыг хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.******* урьд нь гэмт хэрэгт холбогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 69-р хуудас/ тогтоогдож байгаа, мөн хохирлыг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.*******ын хувийн байдлын талаар гэрч Ч.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.******* болохоор эхнэр хүүхдийн хамт манай урд хашаанд байдаг бөгөөд 4 хүүхдийн хамт амьдардаг сумын айл байгаа юм. ...Гэмт хэрэгт орж байсан удаа байхгүй ...Манай найзын хувьд их даруу үг цөөнтэй хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-р хуудас/, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз эхнэр 4 хүүхдийн хамт Буянт багт оршин суудаг бөгөөд эхнэр нь ажилгүй. Манай найз хөдөө хэдэн мал дээрээ байдаг юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч Т.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, учруулсан хохирлын шинж чанар, түүний хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Т.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, тэнсэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж, тэнсэж үүрэг хүлээлгэсэн шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн агнасан янгир ямааны махыг тээвэрлэсэн улсын дугааргүй, “LANGWENG” маркийн мотоцикл буюу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 650000 /хавтаст хэргийн 38-р хуудас/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7228 замагны дугаартай калибр маркийн буу 1 ширхгийг Ховд аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, 12 кг янгир ямааны махыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 5400000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.*******ын эзэмшлийн улсын дугааргүй LANGWENG маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/98 дугаартай тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, түхий эдийн гаралтай зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ад 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.*******ад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.*******ад сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч Т.*******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй, LANGWENG маркийн мотоциклийн үнэ 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн 20301900263 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7228 замагны дугаартай калибр маркийн бууг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, 12 кг янгир ямааны махыг устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 5400000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, улсын дугааргүй “LANGWENG” маркийн мотоциклийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/98 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, мотоциклийг эзэмшигчид нь буцаан олгосугай.
8. Тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Т.*******ад хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-*******7 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Т.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК