Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 763

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, н з д-д холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Н” ХХК .........,

Хариуцагч: Н з д,

Нэхэмжлэлийн шаардлага: ““Н” ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 16-ний өдөр гаргасан 1/589 дугаартай “Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” хүсэлтэд хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй н з д-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 16-ний өдөр гаргасан 1/589 дугаартай “Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг н з дд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Б.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээд “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Тус шүүхэд “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй н з дд холбогдох “Н” ХХК-ийн “Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий хэрэг хянагдаж байгаа билээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж заасны дагуу дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Нэхэмжлэгчээс 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч н з дд газар эзэмших хүсэлт гаргасан хэдий ч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар 16.1-д "Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу хариуцагчаас хуулийн хугацаанд зохих хариуг өгөөгүй.

Хариуцагч н з д-ын дээрх хууль зөрчсөн үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасны дагуу хуулийн хугацаанд хүсэлтийг шийдвэрлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

Ийнхүү хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч “Н” ХХК-иас захиргааны хэргийн шүүхэд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар хандсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”-ийг тодорхойлох шаардлагын хүрээнд мөн зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасны дагуу хариуцагчийг хууль журмын дагуу захиргааны акт гаргаж, нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгөх үүргээ биелүүлэхийг даалгах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Учир нь хариуцагч н з д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 116 дугаар зүйлийн 16.12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, улмаар хариуцагчаас хуулиар хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан шийдвэрийг шүүхээс гаргаснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх боломжтой гэж үзэж байгаа тул дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

“Н” ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 16-ны 1/589 дугаар “Эзэмшиж байгаа газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” газар эзэмших хүсэлтэд хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй н з д-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 16-ны 1/589 дугаар “Эзэмшиж байгаа газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” газар эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг н з дд даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Н” ХХК нь н з д-ын 2004 оны 185 дугаар захирамжаар 2,400 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшиж байгаа. Газрыг эзэмших явцдаа газрыг тохижуулан засаж, сайжруулсаар ирсэн. “Н” ХХК-ийн зүгээс ажилчдынхаа ажиллах нөхцөл, ая тухтай байдлыг сайжруулах, цахилгааны под станцын аюулгүй байдлыг хангах үүднээс н з дд тухайн газрыг эзэмшүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. Гэтэл н з дас хариу өгөөгүй.

Энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу хүсэлтэд хариу өгөхийг даалгавал н з д хүсэлтийг хууль, тогтоомжид заасны дагуу судлаад зохих хариуг өгснөөр бидний эрх, ашиг сэргэнэ гэж үзсэн.

... . Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна ойлголоо. Хоёр компанийн хүсэлтийг харьцуулан үзээд хүсэлтийг шийдвэрлэнэ гэж байгаа учраас гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй гэж үзэж байна.

... Хүсэлт гаргахад Нийслэлийн газрын алба чиг үүргийнхээ дагуу журамд зааснаар ажиллагаа хийнэ. Газрын албанаас хөршийн судалгааг хийж, тухайн газрын өөр этгээдэд олгосноор хөршид ямар нөлөө үзүүлэх талаар судалгааг хийгээд газрыг олгоно, олгохгүй, та газар эзэмших эрхтэй, гэвч хүсэлт гаргасан газрыг олгох боломжгүй учраас өөр газарт газар олгоё, эсхүл газрын хэмжээг багасгая зэрэг шийдэлтэй 3 төрлийн  хариуг өгөх төслөө боловсруулан Н з дд хүргүүлдэг. Газрыг олгоно, олгохгүй гэсэн шийдлийг гаргах эрх нь Н з дд байгаа. Дээрх 3 шийдлийн аль нэг нь гарна гэсэн агуулгаар хүсэлтээ гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Ц.Ж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Газар эзэмшүүлэх боломжтой эсэхийг тухайн эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ. Энэ эрх нь Н з дд хуулиар хадгалагдаж байгаа ... Бид хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргасан. Хүсэлтээ шийдвэрлүүлэх хүсэл, зоригтой байгаа. Талуудын газрын маргаан хэдэн жил үргэлжилж байна. Үүнээс өмнө тус компаниуд ямар газруудыг хэрхэн авсан нь тодорхой байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн боломжтой гэж үзэж байна.

... Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүсэлтийнхээ хариуг авах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Газар олгохгүй гэж шийдвэрлэснээр эрх сэргэхгүй гэж дүгнэх үндэслэл болохгүй. Шүүх урьдаас хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт өгөх боломжгүй. Өргөдөл гомдолдоо хариу авах эрх сэргэнэ” гэв.

Хариуцагч н з д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ““Н” ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/589 дугаар “Эзэмшиж байгаа газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” газар эзэмших хүсэлтэд хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй н з д-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/589 дугаар “Эзэмшиж байгаа газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” газар эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг н з дд даалгах тухай өөрчилсөн шаардлагад дараах хариуг хүргүүлж байна.

“Н” ХХК нь эзэмшиж байгаа газрын хэмжээг нэмж баталгаажуулахаар 2017 онд албан тоотоор хүсэлт ирүүлсэн ба Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь, 4 дэх заалтуудын дагуу хүлээн авч холбогдох мэргэжилтэнд шилжүүлсэн байдаг ба тус өргөдлийг Нийслэлийн газрын албаны газар зохион байгуулагч Б.Б хүлээн авч тус хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх заалтад “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу биечлэн амаар мөн утсаар тус хүсэлтийн хариуг өгсөн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх заалтад “Захиргааны актыг бичгээр гаргах боломжгүй, эсхүл тохиромжгүй бол” бичмэл бус хэлбэрээр хариуг өгсөн. Учир нь тус хүсэлтэд ирүүлсэн газрын хэмжээ нэмэгдүүлэх тухай асуудал тухайн үед Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байсан тул шүүхийн шийдвэр гартал хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн болно.

... “Н” ХХК нь шаардлагатай гэж үзвэл н з д-ын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын албанд ирүүлсэн хүсэлтэд бичгэн хэлбэрээр хариуг өгөх боломжтой гэж үзэж байна.

Хүсэлтэд дурдагдсан газар дээрх барилгын тухайд шүүхийн шийдвэр гарч албадан чөлөөлөх асуудал шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгч компанийн хүсэлтийг талуудыг байлцуулан, дахин маргаан гарахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

... Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манай зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхөд албан ёсоор хариуг өгье гэсэн байдлаар хандаж байгаа” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан тайлбартаа: ““Н” ХХК болон “И” ХХК-ийн хооронд орших газрын маргаан 2011 оноос хойш Захиргааны хэргийн шүүхээр 5 дахь удаагаа хэлэлцэгдэж байна.

Хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Улсын Дээд Шүүхийн тогтоол буюу “Н” ХХК-ийн хууль бусаар барьсан цайны газрын өргөтгөл, хашааг албадан чөлөөлж бусдын хууль бус эзэмшлээс нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрээр манай компанийн нэхэмжлэлтэй “Зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа
бусдын үйлдлийг таслан зогсоохгүй байгаа нь эс үйлдэхүй болохыг тогтоож, нийтийн эзэмшлийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлөх" хэрэг хэлэлцэгдсэн ба одоог хүртэл дээрх газрууд чөлөөлөгдөөгүй, нийтийн эзэмшил болоогүй байна.

Гурван шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба Улсын Дээд Шүүхийн тогтоол гарснаас хойш Нийслэлийн газрын алба болон С******* дүүргийн газрын алба, С******* дүүргийн Засаг даргад удаа дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай гомдол хүсэлтийг тавьж ирсэн. Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргаад байгаа газар, объект хоёр тусдаа ойлголт биш юм.

Өөрөөр хэлбэл СТП урд талын хашааг буулган шүүхийн шийдвэрийг биелүүлснээр “Н” ХХК-ийн орц, гарцын хэсэг чөлөөлөгдөж, манай компанийн Нийслэлийн газрын албанд гаргасан өөрсдийн объектруу орох орц гарцын хэсгээ
нэмэгдүүлж авах хүсэлт хангагдах боломжтой юм. Иймд “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...09 дүгээр сарын 11-ий өдрийн 119 тоот хүсэлтийн толгой хэсгийг харахад гомдол, сүүл хэсгийг харахад хүсэлт хэлбэртэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу гомдол гаргаж байгаа бол хууль зүйн үндэслэлээ заах ёстой. Гомдлын шаардлагаа тус хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан 5 актын алийг гаргах талаар хүсэх ёстой. Өөрөөр хэлбэл бидний гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байна Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-д зааснаар шаардлага гаргавал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна гэж үзнэ. Гэтэл 09 дүгээр сарын 11-ий өдрийн 119 тоот албан бичгийн төгсгөлд 104 м.кв газрыг олгож өгнө үү гэжээ. Үүнийг хүсэлт гаргаж байна гэж ойлгож байна. Энэ хүсэлтийг шийдвэрлэхгүй байна гэж үзвэл ерөнхий сайдад урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргаад Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлтэй.

Үндсэн маргаж буй 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/589 дугаартай актын хувьд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх зөрчигдвөл гомдол гаргана, эрхээ эдлэх гэж байгаа бол өргөдөл гаргахаар заасан. Тэгэхээр би энэ эрхээ эдэлье гэсэн өргөдөл гаргах ёстой. Энэ өргөдлийг шийдвэрлэхэд ямар нэгэн байдлаар эрх нь сэргэх ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс ийм эрхээ эдэлнэ гэдгийг нотолж чадахгүй байгаа. Анхдагч эрх хуулийн дагуу байж шүүхэд миний ийм эрх хөндөгдөж байна гэж маргах ёстой.

Хариуцагчаа буруу тодорхойлж байгаа талаар өмнө нь тайлбарласан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас анх шүүхэд хандаж 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ““Н” ХХК-ийн “Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагаа ““Н” ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан1/589 дугаартай “Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” хүсэлтэд хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй н з д-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан1/589 дугаартай “Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг н з дд даалгах”[1] гэж өөрчилсөн байна.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт дүгнэлт өгөөд, дараах үндэслэлээр “Н” ХХК-ийн н з дд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрчилсөн шаардлагын хүрээнд хянан хэлэлцэв.

“Н” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/589 тоот албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт, 1/589-1 тоот албан бичгээр Нийслэлийн газрын албанд тус тус хандаж “...тус барилгын ар талд байрлах өргөтгөл хэсэг нь манай газартай салшгүй холбоотой тул тус өргөтгөл болон компанийн барилга ЦТП-ын хоорондох нийт 104.14мкв талбайг одоо байгаа талбай дээр нэмж баталгаажуулж, бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн хүсэлтийг гаргажээ[2].

Дээрх хүсэлтэд дурдсан 104.14 мкв талбай бүхий 2 хэсэг газар нь нэхэмжлэгч “Н” ХХК-ийн эзэмшиж буй 2400 мкв болон гуравдагч этгээд “И” ХХК-ийн эзэмшиж буй 1481мкв газруудтай давхцалгүй болох тухайд мөн нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан 104.14 мкв талбайд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 721 дүгээр шийдвэрээр “...албадан чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлэхийг даалгаж” шийдвэрлэсэн “Н” ХХК-ийн цайны газрын өргөтгөлийн доорх газар багтаж байгаа тухайд хэргийн оролцогчид маргахгүй байна.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, өмгөөлөгчөөс “хариуцагч нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасны дагуу хүсэлтийг хүлээж аваад газар эзэмших эрх олгоно, олгохгүй, эсхүл газар эзэмших эрхтэй боловч хүсэлтэд дурдсан газрыг эзэмшүүлэх боломжгүй, өөр газар эзэмшүүлье гэсэн гурван шийдлийн аль нэгийг гаргах ёстой байтал аль ч шийдлийг гаргаагүй нь хууль бус” гэж маргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгчийн Нийслэлийн газрын албанд хандаж гаргасан хүсэлтэд холбогдох мэргэжилтэн аман хэлбэрээр шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн. ...шаардлагатай гэж үзвэл ...хүсэлтэд бичгийн хэлбэрээр хариуг өгөх боломжтой” хэмээн тайлбарлаж байх боловч хариуцагчаас түүнд олгосон итгэмжлэлд “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эвлэрэх эрх олгоогүй”[3], мөн З.М-өөс шүүх хуралдаанд “хүсэлтийн хариуг аман байдлаар өгсөн” гэж тайлбарласан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэснийг тэмдэглэв.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлт”-ийг өргөдөл гэж, “төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлт”-ийг гомдол гэж, “өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөх”-ийг өргөдөл гомдлыг шийдвэрлэх гэж тус тус тодорхойлжээ.

Гэтэл нэхэмжлэгч нь н з дд холбогдуулж гаргасан “...даалгах” шаардлагын үндэслэлээ “Нийслэлийн газрын албанд холбогдуулж гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй” гэж тайлбарлаж байх ба тус хуулийн этгээдээс 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр н з дд гаргасан гомдолдоо “... хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гаргасан болно. ...шийдвэрлэхгүй байсаар 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд хянагдаж байгаа тул буцаав гэсэн бичилт хийж өгсөн” гэснээс үзвэл Нийслэлийн газрын алба нь “Н” ХХК-ийг хүсэлтэд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журмын тухай хуульд заасан журмын дагуу хариу өгсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “Н з дд гаргасан гомдолдоо 104.14 мкв газар эзэмших хүсэл зоригоо илэрхийлсэн” хэмээн тайлбарлан маргаж байх боловч тус хуулийн этгээдээс н з дд хүргүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/978 тоот албан бичгийн нэр болон “...Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлд заасныг үндэслэн гомдол гаргаж байна”[4] гэсэн агуулгаас үзвэл энэхүү албан бичгийг газар эзэмших тухай хүсэлт гэж үзэхээргүй байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдэд хүсэлтээ гаргаагүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгчээс Нийслэлийн газрын албанд хандаж гаргасан хүсэлтдээ “...104.14 мкв талбайг одоо эзэмшиж байгаа талбай дээр нэмж баталгаажуулж, ...” гэсэн нь агуулгын хувьд газар эзэмших эрх хүссэн өргөдөл байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “...хүсэлтээ тухайн шатны Засаг даргад ...баталсан загварын дагуу гаргана” гэж заасан байх ба мөн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар газар эзэмшүүлэх эсэх шийдвэр гаргах эрх хэмжээ нь н з дд хадгалагдаж байна.

Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь хүсэлтийг шийдвэрлэх эрх хэмжээ бүхий захиргааны байгууллагад газар эзэмших тухай хүсэлтээ гаргаагүй, газрыг албадан чөлөөлөхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнээс хойш тухайн газрыг эзэмших тухай хүсэлтээ дахин н з дд хандаж гаргаж байсан талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй атлаа “Хүсэлт гаргахад Нийслэлийн газрын алба чиг үүргийнхээ дагуу журамд зааснаар ажиллагаа хийнэ. Газрын албанаас хөршийн судалгааг хийж, тухайн газрын өөр этгээдэд олгосноор хөршид ямар нөлөө үзүүлэх талаар судалгааг хийгээд газрыг олгоно, олгохгүй, та газар эзэмших эрхтэй, гэвч хүсэлт гаргасан газрыг олгох боломжгүй учраас өөр газарт газар олгоё, эсхүл газрын хэмжээг багасгая зэрэг шийдэлтэй 3 төрлийн  хариуг өгөх төслөө боловсруулан Н з дд хүргүүлдэг. Газрыг олгоно, олгохгүй гэсэн шийдлийг гаргах эрх нь Н з дд байгаа. ...хариуцагч н з д нь хүсэлтийг шийдвэрлээгүй” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн газар эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлээгүй талаарх хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул “Н” ХХК-ийн н з дд холбогдуулан гаргасан ““Н” ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 16-ний өдөр гаргасан1/589 дугаартай “Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” хүсэлтэд хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй н з д-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 16-ний өдөр гаргасан1/589 дугаартай “Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг н з дд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 32  дугаар зүйлийн 32.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-иас н з дд холбогдуулан гаргасан ““Н” ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 16-ний өдөр гаргасан1/589 дугаартай “Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” хүсэлтэд хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй н з д-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 16-ний өдөр гаргасан1/589 дугаартай “Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг н з дд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.МӨНХЗУЛ


[1] Хавтаст хэргийн 194 дэх талд

[2] Хавтаст хэргийн 5 болон 41 дэх талд

[3] Хавтаст хэргийн 53 дахь талд

[4] Хавтаст хэргийн 6 дахь талд