Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 895

 

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00895

 

 

Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар, Д.Бат-Эрдэнэ

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/00544 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар, Д.Бат-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ардчилсан намд холбогдох,

 

Төлөөлөгчийн урамшуулал болох 13 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар, Д.Бат-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Нэргүй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хандив хэмээн хурааж авсан төлөөлөгчийн урамшууллын мөнгө, нэг хүний 4 500 000 төгрөг буюу нийт 13 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна.

2013 оны эхний хагас жилийг төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг намд хандивлах шийдвэрийг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн хурал дээр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа гаргасан. 2012 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намд саналаа өгсөн сонгогч бүрт 10 000 төгрөг өгөх амлалт гаргасан байсан, энэ амлалтаа хэрэгжүүлэх үүднээс ийм шийдвэр гаргаж буйгаа тэрээр тайлбарласан.

Энэ шийдвэрийг эсэргүүцэж бид Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгч нарыг ердийн харьяаллын шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй гэсэн шийдвэр гаргасан.

Иймд Үндсэн хууль, Төсвийн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу төлөөлөгч бидэнд олгогдох ёстой урамшуулалт цалинг Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас намын хандив хэмээн хурааж авсан тус бүр 4 500 000 төгрөг нийт 13 500 000 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлд дурьдагдсан 2013 оны төлөөлөгчдийн урамшууллын асуудал нь дүүргийн Иргэдийн төлөөлөгдчийн хурлын Тэргүүлэгчдийн хурал, намын бүлгийн хурал, дүүргийн Иргэдийн төлөөлөгдчийн хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэгдэж тогтоолоор баталгаажсан. Тогтоолууд нь хууль тогтоомж зөрчөөгүй гэж Захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсэн. Урамшууллын асуудлыг хэлэлцэх хуралд нэхэмжлэгч Ш.Буянжаргал, Б.Цэвэлбаяр нар өөрийн биеэр тогтмол оролцож, уг асуудлыг дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар буюу нэхэмжлэгчдийн зөвшөөрлөөр намын дансанд төвлөрүүлж, захиран зарцуулах шийдвэр гарч зориулалтын дагуу зарцуулагдсан.

Нэхэмжлэгчдийн дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.

Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэх юм". Улсын Дээд шүүхийн "Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тогтоолын 6-д зааснаар "Хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан асуудлыг шүүх хянан шийдвэрлэхгүй” байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас 13 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар, Д.Бат-Эрдэнэ нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас 225 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар, Д.Бат-Эрдэнэ нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх тус хэргийг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх эрхтэй гэж үзэхдээ Улс төрийн намын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2, 18 дугаар зүйлийн 18.2, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 276 дугаар зүйлийн 276.5 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу намын өмчлөлд шилжүүлж байгаа иргэний эрх зүй дэх гэрээний үүргийн харилцаа учраас Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 1 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар иргэний хэргийн шүүх тус маргааныг шийдвэрлэх эрхтэй гэж үзсэн атлаа нэхэмжлэлийг хангасан үндэслэлийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 гэж үзэж, тайлбарласан нь нэг үндэслэлийг нөгөөгөөр үгүйсгэсэн зөрчилтэй болжээ.

Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасан заалтыг Улсын Дээд шүүхийн "Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тайлбарын 6 дэх хэсэгт намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэдгийг тайлбарлан зааж өгсөн байдаг. Тус маргааны хувьд санхүүгийн эх үүсвэр, намын хөрөнгийн байдал, түүнийг захиран зарцуулах зэрэг намын дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой маргаанд тус асуудал хамаарах учраас иргэний хэргийн шүүхийн харьяалалын асуудал биш юм.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч нар тус асуудлаар анх иргэний хэргийн шүүхэд хандаж маргаан биш бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0220 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0346 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолоос харагддаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх зөвхөн үүргийн харилцаа үүссэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан нь ойлгомжгүй байна. Төлөөлөгч нарт урамшуулал олгох асуудал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолоор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд урамшуулал олгох журмыг баталсны дагуу Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолоор тус дүүргийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулж, төлөөлөгчдөд олгодог мөнгөн урамшууллыг хасахаар шийдвэрлэсэн байдаг.

Төлөөлөгч нар намдаа мөнгө хандивласан асуудал нь намын бүлгийн хурлаар хэлэлцэж олонхиор шийдвэрлэсэн асуудал бөгөөд энэ талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0220 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор "дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн урамшууллыг намын бүлгээр дамжуулан олгохыг намын бүлгийн дарга нарт" зөвшөөрсөн тул ардчилсан намын бүлгийн даргыг буруутгах боломжгүй юм гэснээс үзэхэд тодорхой харагддаг. Төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг хэрхэн олгох, юунд зарцуулах тухай асуудлыг хэлэлцэх хуралд нэхэмжлэгч Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар, Д.Бат-Эрдэнэ нар өөрийн биеэр оролцож, урамшууллын мөнгөө намын дансанд төвлөрүүлэн хэрхэн зарцуулах талаар нэгдсэн зөвшилцөлд хүрч түүнийгээ баталгаажуулан гарын үсэг зурсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хэрэгт авагдсан хэрэгт авагдсан нотлох баримтыг авч үзэлгүй зөвхөн хариуцагчийн хариу тайлбарыг үгүйсгэхийг урьтал болгон шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг хангахгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 544 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар, Д.Бат-Эрдэнэ нар нь хариуцагч Ардчилсан намд холбогдуулан төлөөлөгчдийн урамшуулал болох 13 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.Буянжаргалын хүсэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 101/ШЗ2016/32485 дугаар захирамж гаргаж Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тухайн шүүхээр хянагдсан захиргааны хэргийн нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн. /хх 44-49/  

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс “шүүхийн архив, хуулбар үнэн” гэж тэмдэг дарагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 5/17 тоот тогтоол, 2013 оны 08 тоот тогтоол, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд урамшуулал олгох журам, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 96 тоот тогтоол, иргэдийн төлөөлөгчдийн нэрс, урамшуулал тооцсон баримт, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 4/1299 тоот албан бичиг, 2014 оны 4/1271 тоот албан бичиг, 2014 оны 3/1202 тоот албан бичиг, дансны хуулга, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 90 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 19 тоот албан бичиг гэх бичгийн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байхад шүүх үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу болжээ.

 

            Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлага нь эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь энэ шаардлагыг хангаагүй байна.

 

            Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаас үзвэл хуулийн этгээд нь зөвхөн өөрийн нотлох баримтад “хуулбар үнэн” тэмдэг дарсан тохиолдолд уг нотлох баримтыг шүүх үнэлэх юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаагүй /энэ талаар баримт байхгүй/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т заасан үүргээ биелүүлээгүй, тэдэнд нотлох баримт гаргаж өгөх, цуглуулж өгөх, нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангасан байх талаар тайлбарлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/00544 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ардчилсан намаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА