Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/01392

 

“К  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00761 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1061 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “К  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Н-т холбогдох,

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Н нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 40 000 000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 14 дүгээр байр 30 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч зээлээ хугацаандаа төлөөгүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулж Б.Н 68 319 240 төгрөг төлөхөөр эвлэрсэн.

Б.Н зээлээ эргэн төлөхгүй байгаа учраас барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 14 дүгээр байр 30 тоот 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

“К  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа тул энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй.

Орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрээр үнэлгээ хүчингүй болгуулах Б.Н-ыг гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00761 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-ыг өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 14 дүгээр байр 30 тоот 2 өрөө 29 мкв талбайтай орон сууцаар гэрээний үүрэг 68 319 240 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499 546 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 429 346 төгрөгийг буцаан гаргуулж, мөн хариуцагч Б.Н-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К  ББСБ” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1061 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00761 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Н нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг 12-р хороо 6-р бичил хороолол 14-р байр 30 тоот 2 өрөө орон сууцаа барьцаалан 40 caя төгрөгийн зээл авсан. Зээл олгохдоо барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчид болох Л.Баасанхүү, Б.Жавзандулам нар нь хамт ирэн, хэрэв зээл төлөгдөхгүй бол барьцаа хөрөнгө болох 2 өрөө орон сууцаар зээлээ төлөхийг зөвшөөрөн барьцааны гэрээн дээр гарын үсгээ зуран, нотариатаар баталгаажуулан, үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлж зээл олгосон юм.

Хэрэг хянан хэлэлцэх явцад хариуцагч талаас гуравдагч этгээдийг хуралд оролцуулах хүсэлт ирүүлээгүй, хамтран өмчлөгч нар тухайн үед барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахыг зөвшөөрсөн учир заавал хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, барьцааны гэрээний 2.2, 2.5, 3.1, 3.2, 3.5-д заасны дагуу барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “Кибернетик” ХХК нь хариуцагч Б.Н-тхолбогдуулан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Б.Н нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн хүүтэй зээлж, мөн өдрийн барьцааны гэрээгээр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 14 дүгээр байрны 30 тоот, 29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байна.   

Зээлийн гэрээнд зээлдэгчээр Б.Н оролцсон, харин барьцааны гэрээг Б.Н, Л.Баасанхүү, Б.Жавзандулам нар “Кибернетик” ХХК-тай байгуулжээ.

Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь Л.Баасанхүү, Б.Жавзандулам, Б.Н нарын гурван хүний өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч  “Кибернетик” ХХК нь хариуцагч Б.Н-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 68 319 240 төгрөг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Б.Н шаардлагыг зөвшөөрч, талууд төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102\Ш2016\00772 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Дээрх нэхэмжлэлийг гаргахдаа нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардаагүй, зохигч энэ талаар эвлэрлийн гэрээнд тусгаагүй, шүүгчийн захирамжид барьцаа хөрөнгийн асуудал тусгагдаагүй байна.

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102\ШШ2018\00323 дугаар шийдвэрээс үзвэл зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102\Ш2016\00772 дугаар захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэхээр холбогдох ажиллагааг явуулж эхэлсэн байна. Тухайлбал, зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа явагдсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар Б.Н маргасан байх ба шүүх түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөс үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж үзэхээр боловч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах заалт бүхий шүүхийн шийдвэр гараагүй, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлыг шүүх тодорхойлоогүй нөхцөлд ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасан шаардлагыг зөрчөөгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалддаг байна.

Давж заалдах шатны шүүх барьцааны эд хөрөнгийн өмчлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай гэж үзсэнийг буруутгах боломжгүй ба магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нөгөө талаар, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа ямар шатанд явагдаж байгааг, улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад энэ талаар шүүхийн шийдвэр гарсан эсэхээс хамааран шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өөрөөр явагддаг гэх нэхэмжлэгчийн тайлбарын эрх зүйн үндэслэлийг тус тус тодорхой болгох шаардлагатай байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1061 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН