Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 761

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/00761

Улаанбаатар хот

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол Ачлал их дэлгүүр 805 тоот К ББСБ ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг  дугаар хороо  дугаар бичил хороолол 14 дүгээр байр 0 тоотод оршин суух, онд төрсөн 31 настай, Хоргио овогт Б.Н.

            Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг  2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            

Нэхэмжлэгч К ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гүйцэтгэх захирал Ц.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Н нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 12/121 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 40.000.000 төгрөг зээлдэж авсан. Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 14 дүгээр байр 30 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч зээлээ хугацаандаа төлөөгүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулж Б.Н 68.319.240 төгрөг төлөхөөр эвлэрсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2 жил гаран болж байна. Энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй. Б.Нын хувьд төлбөр төлөх буюу ямар нэгэн төлбөр өгөхийг хүсэхгүй, хугацаа авах гэж ингэж байгаа учраас шүүхэд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Өмнө нь зээлийн 68 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Одоогийн энэ нэхэмжлэлийг урьд шийдвэрлэгдсэн гэж үзэхгүй. Нэхэмжлэлийн шаардлага өөр. Иймд Б.Нын төлөх зээлийн үүргийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 14 дүгээр байр 30 тоот 29 мкв тайлбайтай 2 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: К Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй Б.Нт холбогдох зээлийн нэхэмжлэлтэй хэрэгт зохигч эвлэрч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа тул энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй. Барьцаа хөрөнгөөр орон сууцны дуудлага худалдаа явагдаж байгаа. Орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Б.Н шүүхэд гаргаж тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрээр үнэлгээ хүчингүй болгуулах Б.Нын гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Эвлэрэн хэлэлцэх саналын тухайд 50.000.000 төгрөг дээр эвлэрэх санал хариуцагч хэлсэн байсан. Энэ ажиллагаа шийдвэр гүйцэтгэл дээр явагдаж байгаа. Барьцаа хөрөнгө ярьж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа байдаггүй юм уу. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

              Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь  хариуцагч Б.Нт холбогдох зээлийн үүргийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 14 дүгээр байр 30 тоот 29 мкв тайлбайтай 2 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 Хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч К ББСБ ХХК-наас 2012 оны 12 дугаар сарын  17-ны өдөр 40.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдэж, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 14 дүгээр байр 30 тоот 2 өрөө 29 мкв талбайтай орон сууцыг барьцаалсан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 00772 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Н нэхэмжлэлийн шаардлага 68.319.240 төгрөгийг 2016 оны 01, 02, 03, 04 дүгээр сард хувааж бүрэн төлж барагдуулахаар эвлэрч, зохигч талын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үйл явдал шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбар, зээл болон барьцааны гэрээ, шүүгчийн захирамж гэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч К ББСБ ХХК-тай зээл, зээлийн хүүгийн хамт зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу эргүүлэн төлөх үүргээ баталгаажуулж Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 14 дүгээр байр 30 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан, уг гэрээний 2.2-т барьцаалуулагч нь зээлийн гэрээнд заасан зээлийн өр түүний хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлийн журам энэ гэрээнд заасны дагуу барьцаалуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эзэмших эрхийг ББСБ-ийн эзэмшилд шилжүүлэх, 3.2-т барьцаагаар хангагдсан зээлийн гэрээний үүргээ зээлдэгч буюу барьцаалуулагч хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу шүүхийн журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулах эрхтэй, 3.5-т ББСБ нь барьцааны шаардлагыг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмын дагуу барьцаалуулагчаар хангуулах эрхтэй байхаар тохиролцсон тул нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 14 дүгээр байр 30 тоот 2 өрөө 29 мкв талбайтай орон сууцаар хариуцагч Б.Нын төлөх гэрээний үүрэг 68.319.240 төгрөгнийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй. 

Б.Н нь гэрээний үүрэг 68.319.240 төгрөгийг захирамжид заасан хугацаанд төлөөгүй, Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийн дагуу  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх явцад хариуцагч нь орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 00323 дугаартай шүүхийн шийдвэрээр гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөх тул түүний илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

                                                                                                         

1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Нын өмчлөлийн Баянгол дүүргийн  дугаар хороо  дугаар бичил хороолол  дүгээр байр 30 тоот 2 өрөө 29 мкв талбайтай орон сууцаар гэрээний үүрэг 68.319.240 төгрөгнийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 499.546 төгрөгнөөс 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж,  илүү төлөгдсөн 429.346 төгрөгийг улсын төсвийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, мөн хариуцагч Б.Наас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ББСБ ХХК-нд тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                       

 

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.КУЛЬДАНА