Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 081

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, утас 99423886, РД:БМ74042218 Бахат арыххул овогт Хурметбайн Тояшын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулеш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын жолоочийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах тухай.

Нэхэмжлэгч Х.Тояш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэст жолоочоор томилогдон байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Харин 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн Газрын 9 дүгээр тогтоол буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн Хөдөлмөрийн хэлтэс өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан нэр бүхий албан тушаалтнуудыг цалингийн сангийн хамт шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлэн ажиллуулаад байсан юм. Гэтэл тус байгууллагын дарга Б.Сьезхан томилогдон ирснээс хойш Б/21 тоот тушаалаар батлагдаж ирсэн бүтэц орон тоонд жолоочийн орон тоо хэвээр хадгалагдаж ирсэн боловч чамайг жолоочоор авахгүй бүхнийг би мэднэ гэж надад 11 дүгээр сарын цалин хөлс олгохгүйгээр, тэтгэвэр тогтоолгож жилийн тэтгэмжээ гаргуулан авахыг хүссэн. Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтсийн жолооч Асхарыг ажиллуулж байгаа бөгөөд үүний улмаас миний хөдөлмөрийн гэрээнд заасан эрх ашиг ноцтой зөрчигдөөд байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтад зааснаар аж ахуй нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болох үндэслэл болохгүй билээ. Иймд миний хөдөлмөрийн гэрээнд заасан жолоочийн ажлаа үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Х.Тояшийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулеш шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Х.Тояшийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Х.Тояш нь 2014 оноос тухайн Хөдөлмөрийн хэлтэст жолоочоор ажиллаж байсан. 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж мөн адилхан жолоочоор ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн хэлтэс болон Халамж үйлчилгээний хэлтэс өөрөөр хэлбэл хоёр хуулийн этгээдийг нэгтгэж Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болгож өөрчлөн байгуулсан. Үүнтэй холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 8 тоот тушаалаар хавсралтад дурдсан нэр бүхий албан тушаалтнуудыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт цалингийн хамт шилжүүлсэн. Энэ үеэс эхлэн Х.Тояш нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт урьд нь эрхэлж байсан ажлаа хийж цалин хөлс авч ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сараас эхэлж энэ хүний хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүйгээр асуудал үүсгэсэн. Тус газрын дарга нь чамайг ажиллуулах боломжгүй гээд хөдөлмөрийн хөлсийг олгохгүй эхэлсэн. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй мөртлөө ажлаас халагдсан тэтгэмж өгсөн. Үүнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээнд заасан эрх нь ноцтой зөрчигдсөн учраас эрхээ сэргээхээр шүүхэд хандсан. Иймд Х.Тояшийг хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлж байхыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт даалгаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан шүүхэд гаргасан тайлбартаа: Өлгий Х.Тояшийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа дараах үндэслэлээр тайлбарлаж байна.

1.Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 09 тоот тогтоол гарч Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд шинээр тус аймагт /бүх аймагт/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг ажиллуулахаар тогтоож өгсөн байгаа.

2.Энэ тогтоолын дагуу тус аймагт урьд ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүд татан буугдсан бөгөөд ажилтан, ажилчид нь тухайн үеийн дарга нарын тухайлбал Х.Тояш нь тус Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын /дарга А.Галия/ 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 6/08 дугаартай тушаалаар тус тус ажлаас чөлөөлөгдсөн байна. Хөдөлмөрийн хэлтсийн даргын 8 тоот тушаалаар жолооч Х.Тояшийг шинээр байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн гэсэн байдаг.

3.Гэтэл Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд /Н.Номтойбаяр/-ын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 6/20 дугаартай тушаал гарч энэ тушаалаар тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галияг тэр өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байхад А.Галия нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажиллахгүй болсноо албан тушаалаасаа чөлөөлөгдсөн гэдгээ мэдсээр байж дур мэдэн тэр өдөр дээрх 6/08 дугаартай тушаал гаргасан байна. Энэ 6/08 дугаар тушаал нь А.Галиягийн албан тушаалын эрхээ хэрэгжүүлэх хугацаа нь дуусаж, эрхгүй байхдаа гаргасан тушаал тул хучин төгөлдөр биш гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 6/20 дугаар тушаалаар А.Галия нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 08:00 цагаас эхлэн ажиллах эрхгүй болсон байгаа.

4.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр 01-ний өдрийн 6/21 дүгээр тушаалаар шинэ орон тоог баталсан бөгөөд үүнд: жолооч 1 гэж гэсэн байгаа /тушаалыг хавсралтын хамт хуулбарлан хавсаргав/. Жолооч энэ 1 орон тоонд урьд нь Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан жолоочийг машинтай нь авч ажиллуулсан юм. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт жолоочийн 2 орон тоо, бүтэц төсөв байхгүй.

5.Х.Тояш нь урьд өмнө Хөдөлмөрийн хэлтэст жолоочоор ажиллаж байхдаа даргыгаа болон удирдлагаа эсэргүүцдэг, мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, байнга тайлбар хэлж сөргөлддөг, ёс зүйгүй, харьцааны соёлгүй, машиныг хайр гамгүй бохир эзэмшдэг, ариун цэвэрч бус, олон мянган төгрөгөөр олон сэлбэг тавьж Улсын задралаар машиныг угаалгад өгдөг гэх мэтээр шүүмжлэгдэж байжээ. Энэ нь Хөдөлмөрийн хэлтсийн 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр нотлогддог бөгөөд энэ хурлаар Х.Тояшийг урьд ажиллаж байсан харуул жижүүрийн албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

6.Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолд Аймгийн Хөдөлмөрийн болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдийг нэгтгэх тухай, эдгээр хэлтсүүдэд ажиллаж байсан ажилтнуудын шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын авч ажиллуулах тухай огт бичээгүй бөгөөд энэ тухай заалт чиглэл алга байдаг.

7.Хөдөлмөрийн хэлтэст урьд өмнө нэг суудлын машин байсан гэх бөгөөд энэ машины жолоочоор Х.Тояш нь ажиллаж байсан ба уг машиныг Аймгийн ЗДТГазрын Орон нутгийн өмчийн газар /дарга Даримхан/ хурааж авсан гэсэн. Х.Тояшийн хариуцан авч жолоодож байсан машин нь Lexus-470" маркийн БӨТ2581 улсын дугаартай юм. Х.Тояшийн оронд өөр жолооч авч ажиллуулаагүй бөгөөд ажиллуулж байгаа гэвэл тэр өөрөө шүүхэд нотлох үүрэгтэй тул нотолно биз. Харин Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Старикс маркийн БӨТ 0298 улсын дугаартай машины жолооч З.Асхар нь тэтгэвэрт гарсан тул оронд нь А.Ханат гэдэг залууг бусад жолооч иргэдийн дундаас шалгаруулан авсан. Энэ миний албан тушаалын эрх юм. Харин Х.Тояш нь цомхтголд орсон нэг удаагийн тэтгэмжийг авсан байна. Иймд дээрх шалтгаанууд болон үндэслэлүүдээр болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дүгнэлт хийж Х.Тояшийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөн үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Энэ Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар бол шинээр байгуулагдсан. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хүсэлтээр энэхүү маргаантай хэрэг дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Урьд нь Хөдөлмөрийн хэлтэс, Халамж үйлчилгээний хэлтэс гэж аймаг, дүүргүүдэд ажиллаж байсан. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай тогтоол гарсан. Энэ тогтоол дээр аймгийн Засаг даргын эрхийн асуудлын хүрээнд зарим хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулж өгсөн байгаа. Энэ тогтоолоор урьд нь гарсан 2008 оны 67 дугаар тогтоол, 2015 оны 8 дугаар тогтоолуудыг хүчингүй болгосон. Энэхүү тогтоолуудаар Хөдөлмөрийн хэлтсийг байгуулж байсан бол 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Хөдөлмөрийн хэлтсийг татан буулгасан. Өөрөөр хэлбэл аймаг, дүүргүүдэд ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтэс, Халамж үйлчилгээний хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нэртэйгээр байгуулсан. 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Нийгмийн хамгааллын сайдын Б/20 тоот тушаал гарсан. Энэ тушаал дээр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн хэлтсийн дарга Галияг 2016 оны дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон урьдах ажлаас чөлөөлсүгэй гэсэн байдаг. Энэ тушаал дотор Хөдөлмөрийн хэлтсийг татан буулгасугай гэсэн өгүүлбэр орсон байдаг. Хоёр хэлтэс нэгдсэний улмаас газар байгуулагдсан гэх өгүүлбэр байдаггүй. Тэгсэн мөртлөө Галиягийн тушаал, эрхийн акт гаргах эрхийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгоод гаргачихсан байхад Галия нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Б/08 тоот тушаал гаргасан. Энэ тушаал дээр хоёр хэлтэс нэгдээд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар байгуулагдаж байгаа болохоор ажилчдыг чөлөөлж, нэгтгэсүгэй гэсэн тушаал гаргасан байдаг. Энэ тушаалын хүрээнд авч үзэх юм бол 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 00 цагаас Нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Галия нь тушаал гаргах эрхгүй болчихсон. Тийм учраас Галиягийн тушаал бол хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна. Орон тоо, зохион байгуулалт бүтцээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаал гарсан. Энэ тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын бүтэц, орон тоон дээр үйлчилгээний ажилтан 4 гэж ирсэн байна. Энэ дээр 1 цэвэрлэгч авсан. Нэг байгууллага болсон болохоор 1 жолооч авсан. Урьд нь ажиллаж байсан старекс маркийн машины жолооч Асхар гэдэг хүн тэтгэвэрт гараад түүний оронд Ханат гэдэг хүнийг шалгаруулж авч ажиллуулсан. Энэ старекс маркийн машин бол аймгийн Халамж үйлчилгээний хэлтэст байсан. Хөдөлмөрийн хэлтэст Lexus-470 маркийн нэг машин байсан. Тэр машиныг 2016 оны сүүлээр аймгийн өмчийн хэлтсээс хураагаад авсан байгаа. Энэ бол нэхэмжлэгч Х.Тояшийн унаж байсан машин байсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн хэлтэст машин байхгүй гэсэн үг. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжчихсэн. Тэгэхээр ганц машин энэ байгууллагад ажиллаж байгаа. Хоёр машин ажиллуулах боломж байхгүй. Түүнээс гадна 69 машин байгаа. Тэрэн дээр Амирхан гэдэг хүн захиргааны хэргийн шүүхээр явж тэр машиныг авахаар шийдвэр гарсан. Энэ шийдвэр хэрэгжих байх. Х.Тояшийн жолооч хийх орон тоо байхгүй байна гэдгийг хариуцагч тал тайлбартаа ч гэсэн тайлбарласан, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд бас тайлбарлаж байна. Түүнээс гадна Х.Тояш нь урьд өмнө зөрчил гаргаад машин жолоодох эрхгүй болсон тухай Хөдөлмөрийн хэлтсийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Энэ дээр шийдвэрлэхдээ Тояшийг үүрэгт ажлаас чөлөөлж, жижүүрээр томилох шийдвэр гаргасан. Х.Тояш бол Хөдөлмөрийн хэлтэст байхдаа машин бариагүй удаж байгаа. Одоо Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт жолоочийн орон тоо байхгүй. Жолоочийн орон тоонд хүн авчихсан. Энэ дээр Халамж үйлчилгээний хэлтсээс ирсэн хүнийг авсан. Ийм учраас нэхэмжлэгч Х.Тояшийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/56 дугаартай Албан тушаалд томилох тухай тушаалаар Х.Тояшийг тус хэлтсийн жолоочоор 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс, мөн бүтцийн өөрчлөлт шинэчлэлтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/25 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Х.Тояшийг тус хэлтсийн жолоочоор 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тус тус томилж байсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 4-д аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосон ба үүнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар орсон байна.

Улмаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/32 дугаартай Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан хавсралтад дурдсан нэр бүхий албан тушаалтныг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, цалингийн сангийн хамт шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн ба энэ тушаалын хавсралтын 23 дугаар баганад жолооч Х.Тояшийн нэр орсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан Хөдөлмөрийн хэлтсийн 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлд дурдсанаар жолооч Х.Тояшийг жижүүрээр томилохоор шийдвэрлэсэн гэсэн боловч Х.Тояшийг жижүүрээр томилсон тушаал эрхийн акт байхгүй байна. Хүсэлт гаргагч Х.Тояш Хөдөлмөрийн хэлтсийн жолоочоор ажиллаж байсан нь НДД№А0332354 Нийгмийн даатгалын дэвтрийн 30-31 дугаар хуудасны бичилт ба болон Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаартай Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Х.Тояш нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаартай Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн боловч шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2016 оны 9, 10 дугаар сард ажиллаж цалин авч байсан нь тус газрын ня-бо Ж.Мухибатын гаргаж өгсөн Цалингийн тодорхойлолт болон Х.Тояшийн НДД№А0332354 Нийгмийн даатгалын дэвтрийн 5 дугаар хуудасны бичилтээр нотлогдож байна.

Улмаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай Нэг удаагийн тэтгэмж олгох тухай тушаалын хавсралтад Тэтгэмж олгох хүний нэрсийн жагсаалт-ын 9 дүгээр баганад Х.Тояшийн нэр бичигдсэн ба Х.Тояшт 1214973 төгрөгийн тэтгэмж олгосон болох нь тэтгэмж олгох хүний нэрсийн жагсаалтаар тус тус нотлогдож байна.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн б/21 дугаартай Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай" тушаалын 1 дүгээр хавсралтаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоо-г баталсан жагсаалтын 8 дугаар баганад үйлчилгээний ажилтан 4 гэсэн байна.

Үйлчилгээний ажилтны нэг орон тоо болох Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын жолоочоор ажиллаж байсан З.Асхар тэтгэвэрт гарсан гэдэгт зохигчид маргахгүй байгаа ба түүний оронд түр хугацаагаар З.Асхарын хүү Ханатыг авч ажиллуулж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 63 дугаартай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тушаалаар нотлогдож байна.

Иймд Х.Тояшийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3-д зааснаар түүний орон тоо гурван сарын дотор Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бий болсон тул түүнийг жолоочийн орон тоонд эгүүлэн тогтоохыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад даалгах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн хэлтсийн №00477254 дугаарын Тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй Lexus-470" маркийн БӨТ2581 улсын дугаартай автомашиныг орон нутгийн өмчийн албанд шилжүүлэн өгсөн болох нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/276 дугаартай Автомашин төвлөрүүлэх тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан бичиг, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3/644 Тэмдэглэл хүргүүлэх тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан бичгээр тус тус тогтоогдож байгаа боловч энэ асуудал нь Х.Тояшийн хөдөлмөрийн маргаанд хамааралгүй болно.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 36 дугаар зүйлийн 36.1.3-ыг баримтлан РД:БМ74042218 Бахат арыххул овогт Хурметбайн Тояшийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын жолоочийн орон тоонд эгүүлэн тогтоохыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК