Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 092

 

Х.Тояшын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 332 дугаар шийдвэртэй, Х.Тояшын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Ардабек, нэхэмжлэгч Х.Тояш, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэст жолоочоор томилогдон байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Харин 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн Газрын 9 дүгээр тогтоол буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн Хөдөлмөрийн хэлтэс өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан нэр бүхий албан тушаалтнуудыг цалингийн сангийн хамт шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлэн ажиллуулаад байсан юм. Гэтэл тус байгууллагын дарга Б.Сьезхан томилогдон ирснээс хойш Б/21 тоот тушаалаар батлагдаж ирсэн бүтэц орон тоонд жолоочийн орон тоо хэвээр хадгалагдаж ирсэн боловч чамайг жолоочоор авахгүй бүхнийг би мэднэ гэж надад 11 дүгээр сарын цалин хөлс олгохгүйгээр, тэтгэвэр тогтоолгож жилийн тэтгэмжээ гаргуулан авахыг хүссэн. Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтсийн жолооч Асхарыг ажиллуулж байгаа бөгөөд үүний улмаас миний хөдөлмөрийн гэрээнд заасан эрх ашиг ноцтой зөрчигдөөд байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтад зааснаар аж ахуй нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болох үндэслэл болохгүй билээ. Иймд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Өлгий Х.Тояшийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа дараах үндэслэлээр тайлбарлаж байна.

1.Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 09 тоот тогтоол гарч Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд шинээр тус аймагт /бүх аймагт/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг ажиллуулахаар тогтоож өгсөн байгаа.

2.Энэ тогтоолын дагуу тус аймагт урьд ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүд татан буугдсан бөгөөд ажилтан, ажилчид нь тухайн үеийн дарга нарын тухайлбал Х.Тояш нь тус Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын /дарга А.Галия/ 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 6/08 дугаартай тушаалаар тус тус ажлаас чөлөөлөгдсөн байна. Хөдөлмөрийн хэлтсийн даргын 8 тоот тушаалаар жолооч Х.Тояшийг шинээр байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн гэсэн байдаг.

3.Гэтэл Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд /Н.Номтойбаяр/-ын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 6/20 дугаартай тушаал гарч энэ тушаалаар тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галияг тэр өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байхад А.Галия нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажиллахгүй болсноо албан тушаалаасаа чөлөөлөгдсөн гэдгээ мэдсээр байж дур мэдэн тэр өдөр дээрх 6/08 дугаартай тушаал гаргасан байна. Энэ 6/08 дугаар тушаал нь А.Галиягийн албан тушаалын эрхээ хэрэгжүүлэх хугацаа нь дуусаж, эрхгүй байхдаа гаргасан тушаал тул хучин төгөлдөр биш гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 6/20 дугаар тушаалаар А.Галия нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 08:00 цагаас эхлэн ажиллах эрхгүй болсон байгаа.

4.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр 01-ний өдрийн 6/21 дүгээр тушаалаар шинэ орон тоог баталсан бөгөөд үүнд: жолооч 1 гэж гэсэн байгаа /тушаалыг хавсралтын хамт хуулбарлан хавсаргав/. Жолооч энэ 1 орон тоонд урьд нь Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан жолоочийг машинтай нь авч ажиллуулсан юм. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт жолоочийн 2 орон тоо, бүтэц төсөв байхгүй.

5.Х.Тояш нь урьд өмнө Хөдөлмөрийн хэлтэст жолоочоор ажиллаж байхдаа даргыгаа болон удирдлагаа эсэргүүцдэг, мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, байнга тайлбар хэлж сөргөлддөг, ёс зүйгүй, харьцааны соёлгүй, машиныг хайр гамгүй бохир эзэмшдэг, ариун цэвэрч бус, олон мянган төгрөгөөр олон сэлбэг тавьж Улсын задралаар машиныг угаалгад өгдөг гэх мэтээр шүүмжлэгдэж байжээ. Энэ нь Хөдөлмөрийн хэлтсийн 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр нотлогддог бөгөөд энэ хурлаар Х.Тояшийг урьд ажиллаж байсан харуул жижүүрийн албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

6.Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолд Аймгийн Хөдөлмөрийн болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдийг нэгтгэх тухай, эдгээр хэлтсүүдэд ажиллаж байсан ажилтнуудын шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын авч ажиллуулах тухай огт бичээгүй бөгөөд энэ тухай заалт чиглэл алга байдаг.

7.Хөдөлмөрийн хэлтэст урьд өмнө нэг суудлын машин байсан гэх бөгөөд энэ машины жолоочоор Х.Тояш нь ажиллаж байсан ба уг машиныг Аймгийн ЗДТГазрын Орон нутгийн өмчийн газар /дарга Даримхан/ хурааж авсан гэсэн. Х.Тояшийн хариуцан авч жолоодож байсан машин нь Lexus-470" маркийн БӨТ2581 улсын дугаартай юм. Х.Тояшийн оронд өөр жолооч авч ажиллуулаагүй бөгөөд ажиллуулж байгаа гэвэл тэр өөрөө шүүхэд нотлох үүрэгтэй тул нотолно биз. Харин Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Старикс маркийн БӨТ 0298 улсын дугаартай машины жолооч З.Асхар нь тэтгэвэрт гарсан тул оронд нь А.Ханат гэдэг залууг бусад жолооч иргэдийн дундаас шалгаруулан авсан. Энэ миний албан тушаалын эрх юм. Харин Х.Тояш нь цомхтголд орсон нэг удаагийн тэтгэмжийг авсан байна. Иймд дээрх шалтгаанууд болон үндэслэлүүдээр болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дүгнэлт хийж Х.Тояшийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 332 дугаар шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Тояшийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан би Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн өдөр 332 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлтэй гомдол гаргаж байна. Үндэслэл:

1. Нэхэмжлэлийн тайлбарт нэхэмжлэлийг яагаад зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүдээ 8 зүйл заалтаар тодорхой бичсэн байгааг танилцана уу?

2. Х.Тояш нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хөдөлмөрийн талаарх маргаан гаргах хугацааг хэтрүүлээд нэхэмжпэл гаргасан байгааг анхан шатны шүүх анхаараагүй. Х.Тояш нь 2016 оны 08 дугаар сарын 18- ны өдөр ажпаасаа чөлөөлөгдсөнийг мэдсэн гэж 2017 оны 01 дүгээр сарын 23-нд шүүхэд гаргасан гомдолдоо тодорхой бичжээ. Ажлаас чөлөөлөгдсөнөө мэдээд аль нэг газарт ажиллаагүй бөгөөд 5 сарын дараа ажилдаа эгүүлэн ажиллуулах тухай нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Х.Тояшд зохих хуульд зааснаар цомхтголд орсон гэж үзэж төрөөс 3 сарын тэтгэмжийг олгосноос гадна 8, 9, 10 дугаар сарын цалинг нь ажиллаагүй ч гэсэн сул олгосон байгаа.

Түүнээс гадна Х.Тояшын унаж байсан гэх хариуцсан "Лехсус-470" маркийн машиныг Аймгийн ЗДТГазрын орон нутгийн өмчийн газар өөрийн мэдэлдээ аль дээр Хөдөлмөрийн хэлтэс гэж ажиллаж байсан үед нь хураагаад авсан гэсэн. Тэхээр Х.Тояшын жолоодох машин унаа ХХҮГазарт байхгүй болсон бөгөөд бусдын машиныг авч жолоодно гэх эрх Х.Тояшд байхгүй юм. Х.Тояш нь "Лехсус- 470" маркийн машинаараа Аймгийн ЗДТГазрын өмчийн газарт шилжиж ажиллах боломжтой гэж үзэж байна.

Анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэлт дээ дээрх болон нэхэмжлэлд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн талд давуу байдлаар үнэлж нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 332 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж Х.Тояшын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Х.Тояш миний бие хариуцагч аймгийн ХХҮ-ний газрын дарга Б.Сьезханы анхан шатны шүүхийн 332 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давах гомдолтой танилцаад хууль зүйн хүрээнд дараах тайлбарыг гарган хүргүүлж байна.Үүнд: 1. Нэхэмжлэгч намайг нэхэмжлэл гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагчийн гомдлын тухайд: Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааг 2016 оны 8-р сарын 03-ны өдөр зогсоож Халамж үйлчилгээний хэлтэстэй нэгтгэн нийлүүлж Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг шинээр зохион байгуулан бий болгосон юм. Энэ нь Иргэний тухай хуулийн 31-р зүйлийн 31.2.т хоёр буюу түүнээс дээш хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож,тэдгээрийн эрх үүрэг хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэнэ гэсэнтэй нийцэж байна.

Хөдөлмөрийн хэлтсийн дарга асан А.Галия нь намайг 2016 оны 8 р сарын 18 ний өдөр ажлаас чөлөөлж,хөдөлмөрийн хэлтсийн эрх үүргийг залгамжлан авсан ХХҮ-ний газрын мэдэлд цалингийн сангийн хамт шилжүүлсэн байсан ч энэ захиргааны акт гаргах талаар надад огт мэдэгдээгүй бөгөөд баримтжуулсан талаар хариуцагч өөрөө нотолж чадаагүй байж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Харин А.Галия өөрөө 2016.08.18-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болохоор захиргааны актыг мэдэгдэх үүргийг ХХҮ ний газар залгамжлан авсныг хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбарын 3-рт тодорхой дурдсан байгаа юм.

Хариуцагч Б.Сьезхан өөрөө 2016 оны 10-р сарын 18-нд уг албанд томилогдоод энэ үеэс эхлэн томилгооны асуудал яригдаж эхэлсэн ба надад 10-р сарын цалинг өөрийн гараар өгч байсан болно.

ХХҮ-ний газраас миний 8.9.10-р сарын цалинг бүрэн олгож байсан болохоор 10 сарыг дуустал би ямар ч мэдээлэлгүй явсан болно. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 43 зүйлийн 43.2-рт Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэсэн болохоор миний бие гомдол гаргах хугацаа алдаж байгаагүй гэж үзээд байна.

Х.Тояш намайг ажиллаагүй байсан 3 сарын буюу 8.9.10 саруудын цалинг сул олгосон гэх гомдлын тухайд: Ажил хийгээгүй хүнд цалин олгоно гэсэн хууль Монголд байхгүй гэдгийг Хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах байгууллагын дарга Б.Сьезхан даан ч ухаармаар юм.Би зохих журмын дагуу ажлын цагаа бүртгүүлэн хийсний хирээр цалингаа авч байсан нь зохих баримтуудаар нотлогдсон.Хариуцагч өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Х.Тояш миний унаж явсан ЛЕХСУС-470 маркийн машиныг орон нутгийн өмчийн газар хураасан учраас Х.Тояш машин жолоодох эрхгүй болж, бусдын машиныг жолоодох эрхгүй гэх гомдлын тухайд: Байгууллагын хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлсэн асуудал миний хөдөлмөрийн гэрээнд хамааралгүй бөгөөд хөрөнгийн талаар маргаан гомдол гаргаагүй юм.Жолоочийг зарлагын пааданаар шилжүүлдэг эд бараа юм шиг Б.Сьезхан ойлгоод байгаад нь харамсаж байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна. Нөгөөтээгүүр замын хөдөлгөөний дүрэмд бусдад унаж явсан машиныг шилжүүлснээр машин жолоодох эрх алдана гэсэн заалт байхгүй болно.Энэ дүрмийг жолооч хүнээс илүүтэй сэхээтэн дарга хүн мэдмээр юм.

Анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 р зүйлийн 36.1.3 заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх хууль ёсны гарсан анхан шатны шүүхийн 332 тоот шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.Тояш нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дугаартай тогтоолын 4-д зааснаар аймгийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж, шинэчлэн зохион байгуулагдаж, Хөдөлмөрийн хэлтсийн ажилчдыг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч Х.Тояшийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлснээс хойш тус газарт 2 сар ажиллаж цалин авч байсан болох нь тогтоогдсон байна.

Ажил олгогч нэхэмжлэгч Х.Тояшийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д зааснаар ажлаас чөлөөлөөгүй боловч 2016 оны 11 сарын 10-ны өдрийн нэг удаагийн тэтгэмж олгох тухай 52 дугаартай тушаалаар тэтгэмж олгосноор нэхэмжлэгч Х.Тояшийг ажлаас чөлөөлсөнтэй адилтгаж үзнэ.

Ажил олгогчоос жолоочийн орон тоо цомхтгогдсон гэж нэхэмжлэгчид тэтгэмж олгохоор шийдвэрлэсний дараа жолооч З.Асхар нь өндөр насны тэтгэвэрт гарснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д заасан үндэслэл бий болсон гэж дүгнэж ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанчлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ