Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 834

 

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/00834

 

 

С.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00580 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч У.Саранцэцэгт холбогдох,

 

Автомашин түрээслэх гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 8 800 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Автомашин түрээслэх гэрээний үүрэг болон хохиролд 13 028 300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Баярдалай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Бат-Оргил

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Оюунбилэг нь иргэн У.Саранцэцэгтэй Тоёота Приус маркийн 81-27 УББ улсын дугаартай суудлын автомашиныг 14 000 000 төгрөгөөр түрээсийн гэрээгээр худалдан авахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр урьдчилгаанд 3 000 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 11 000 000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 9 сарын хугацаатай, нэг сарын 26 хоногт 1 300 000 төгрөг буюу өдөрт 50 000 төгрөг төлөх нөхцлөөр тохирон 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр автомашин түрээслэх гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээний дагуу 5 100 000 орчим төгрөг төлсөн. Үүнээс 1 000 000 орчим төгрөгийн баримт дутаж алга болсон байдаг. Өөрт байх баримтыг жагсаавал нийт 4 095 000 төгрөг болж байна. Нийт үлдэгдэл 11 000 000 төгрөгөөс 5 100 000 орчим төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 5 905 000 төгрөг дутуу байхад 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр У.Саранцэцэг өөрийн хүү, охин нарын хамт ирээд үлдэгдэл мөнгөө төлөөд аваарай гэж хэлээд автомашиныг авч явсан.

С.Оюунбилэг нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 6 500 000 төгрөгийг олоод У.Саранцэцэгт машиныхаа төлбөрийн үлдэгдлийг төлөхөөр залгасан боловч тэрээр утсаа аваагүй тул мессеж үлдээсэн. Гэвч тэрээр эргээд холбоо бариагүй.

Тиймээс У.Саранцэцэгийн энэхүү үйлдлийг гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байгаа тул түүнээс 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн автомашин түрээслэх гэрээний үүргийн дагуу төлсөн 8 100 000 төгрөг, уг машинд хийсэн сервис үйлчилгээ болон амортизатор, пүрш, карданы засвар, 4 ширхэг дугуй, ухрах камер, суудлын бүрээс, шалавч худалдан авсаны зардалд зарцуулсан 700 000 төгрөг, нийт 8 800 000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна..

У.Саранцэцэг нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан тул түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй.

Харин С.Оюунбилэг автомашиныг өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж, замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчиж, нийт 23 удаагийн зөрчил гаргаж, уг зөрчлүүдэд нь эрх бүхий байгууллагаас 516 800 төгрөгийн торгуулийг У.Саранцэцэгээс төлсөн байх тул уг мөнгийг болон банкны гүйлгээний шимтгэл 11 500 төгрөг, нийт 528 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа:

С.Оюунбилэг, У.Саранцэцэг нар нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дугаар зүйлд заасныг үндэслэн автомашин түрээслэх гэрээг 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр бичгээр байгуулж, уг гэрээний дагуу У.Саранцэцэг нь өөрийн эзэмших эрхэд байсан Тоёота Приус  маркийн 81-27 УББ улсын дугаартай, 14 000 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг түрээсийн нөхцөлтэйгөөр С.Оюунбилэгийн эзэмшилд шилжүүлэн өгсөн.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн хугацаа нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд мөн гэрээний 9 дүгээр зүйлд заасны дагуу С.Оюунбилэг нь түрээсийн гэрээний хугацаанд өдөр бүр 50 000 төгрөгийн, сард 26 хоногоор тооцон 1 300 000 төгрөгийг түрээслүүлэгч тал болох У.Саранцэцэгт төлөх үүргийг хүлээсэн.

Гэрээний нөхцөлийн дагуу тооцож үзвэл С.Оюунбилэг нь түрээсийн нийт хугацаанд 11 700 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг У.Саранцэцэгт төлөх үүргийг хүлээсэн.

Гэтэл С.Оюунбилэг нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, түрээсийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хуваарьт хугацаанд багтаан зохих ёсоор төлж байгаагүй, одоог хүртэл түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй, улмаар түрээсийн гэрээгээр тогтоосон хугацаанаас хэтрүүлэн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл машиныг өөрийн эзэмшилд байлган ашигласан.

С.Оюунбилэг нь гэрээний буюу машины түрээсийн төлбөрт зориулан У.Саранцэцэгийн Хаан банк дахь 5075052229 тоот харилцах дансанд 19 удаагийн шилжүүлгээр нийт 2 100 000 төгрөгийг төлсөн. Өнөөдрийн байдлаар С.Оюунбилэгийн зүгээс машин эзэмшиж, ашигласан түрээсийн гэрээний төлбөрт тооцон У.Саранцэцэгт төлөх ёстой түрээсийн үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тогтоосон түрээсийн хугацаагаар тооцвол 9 600 000 төгрөг, машиныг эзэмшилдээ байлгаж ашигласан нийт хугацаагаар тооцвол 13 500 000 төгрөг болж байна.

С.Оюунбилэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр та нар машинаа ав гээд орхиж явсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу түрээслэгч тал болох С.Оюунбилэг нь машиныг эзэмшиж, ашиглах хугацаандаа уг машины техникийн урсгал засвар үйлчилгээ болон учирсан эвдрэл, гэмтлийг өөрийн хөрөнгөөр засварлах үүргийг хүлээсэн байна.

С.Оюунбилэгийн зүгээс машин эзэмшиж, ашигласан түрээсийн гэрээний төлбөрт тооцон төлөх ёстой түрээсийн үлдэгдэл төлбөр 12 500 000 төгрөгийг түүнээс нэхэмжилж байна. С.Оюунбилэг нь У.Саранцэцэгийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 81-27 УББ улсын дугаартай машиныг түрээсээр эзэмшиж, замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж, нийт 23 удаагийн зөрчил гаргаж, уг зөрчлүүдэд нь эрх бүхий байгууллагаас нийт 516 800 төгрөгийн торгууль ногдуулсан байсныг эрх бүхий байгууллагын шаардлагаар У.Саранцэцэг төлж барагдуулсан.

Иймд С.Оюунбилэгээс дээрх төлбөрийг банкны гүйлгээний шимтгэл 11 500 төгрөгийн хамт нийт 13 028 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч У.Саранцэцэгээс 2 806 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунбилэгт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5 993 300 төгрөгт холбогдох хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12 500 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155 750 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223 091 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч У.Саранцэцэгээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 59 858 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Оюунбилэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол  гаргаж байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д"...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон..." гэж заажээ. Талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт заасны дагуу авто машин түрээслэх гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээний дагуу У.Саранцэцэг нь өөрийн эзэмших эрхэд байсан машиныг С.Оюунбилэгийн эзэмшилд түрээсийн журмаар шилжүүлэн өгч, гэрээнд заасан хугацааны туршид машиныг түүнд бүрэн ашиглуулж, гэрээгээр хүлээсэн өөрийн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн.

Талуудын хэн алины зүгээс гэрээ байгуулагдсан эсэх талаар, уг гэрээгээр талуудын хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр бус болох талаар, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх талаар маргаагүй, нэхэмжлэгчийн зүгээс ч тийм агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Мөн гэрээний үүрэг ямар нэгэн байдлаар хүчин төгөлдөр бус болсон, эсвэл шүүхээс уг гэрээг, гэрээний үүргийг хүчин төгөлдөр бусад тооцсон зүйл ч огт байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс ч гэсэн хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа талаар ямар нэгэн санал, хүсэлт, шаардлага шүүхэд гаргаагүй.

Талуудын хооронд маргаан үүссэн шалтгаан нь нэхэмжлэгч С.Оюунбилэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөнтэй шууд холбоотой. Анхан шатны шүүх нь яг ямар үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг хэрэглэж, талуудын хооронд үүрэг үүсээгүй, эсвэл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй. Түрээслүүлэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлчихсэн, харин түрээслэгч тал нь гэрээгээ зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэм буруутай болох нь илт тодорхой байхад анхан шатны шүүх "...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон..." гэх хуулийн заалтыг үндэслэн шийдвэр гаргаж, үүргээ биелүүлсэн тал болох У.Саранцэцэгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаад гомдолтой байна.

Гэрээний 3 дугаар зүйлийн 6 дахь догол мөрөнд заасан машиныг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай уг заалт нь бол "гэрээний хугацаа дуусах үед түрээслэгчийн зүгээс төлсөн түрээсийн төлбөрийн хэмжээ нь тухайн машины үнэнд хүрч байх тохиолдолд түрээслүүлэгч нь машиныг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэх талаар талууд тусгайлан болзол тавьж тохиролцсон гэрээний тусгай нөхцөл юм. Талууд гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэн, ямар гэрээ байгуулж байгаа талаараа уг гэрээнд маш тодорхой дурдсан.

Гэтэл анхан шатны шүүх нь талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй, улмаар хариуцагч У.Саранцэцэг нь түрээсийн гэрээ байгуулсан гэдгээ нотолж чадаагүй хэмээн үзэх бодит байдалд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай огт нийцэхгүй, дүгнэлт хийж, шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, машины түрээсийн төлбөрт төлсөн 3 245 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч С.Оюунбилэг нь хариуцагч У.Саранцэцэгт холбогдуулан гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 8 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн гэрээний үүрэгт 12 500 000 төгрөг, хохиролд 528 300 төгрөг, нийт 13 028 300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Талууд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой үүссэн үр дагаврын талаар маргасан байхад хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу юм.

 

            Нэхэмжлэгч С.Оюунбилэг, хариуцагч У.Саранцэцэг нар 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Автомашин түрээслэх гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу У.Саранцэцэг нь өөрийн өмчлөлийн 81-27 УББ улсын дугаартай, 14 000 000 төгрөгийн үнэ бүхий Тоёото Приус маркийн автомашиныг өдөр бүр 50 000 төгрөг, 26 хоногоор тооцож, сард нийт 1 300 000 төгрөгөөр 2016 оны 03 сарын 25-ны өдөр хүртэл тогтмол төлөх үүргийг худалдан авагч төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан уг гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. Талуудын хоорондын дээрх тохиролцооноос үзэхэд 14 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашины үнийг 14 700 000 /3000000+1300000*9сар/ төгрөгийг болгон төлөхөөр тохиролцсон байх тул 700 000 төгрөгийн хэмжээний хүүг төлөхөөр хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан нөхцлийг тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч буюу худалдан авагч С.Оюунбилэг нь гэрээний 9 дүгээр зүйлд заасан төлбөр төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн байх бөгөөд гэрээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсноос хойшхи хугацаанд төлбөр төлөгдөөгүйтэй холбоотойгоор хариуцагч буюу худалдагч У.Саранцэцэг нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр автомашиныг буцаан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой худалдагч буюу хариуцагч У.Саранцэцэг нь гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан авсан байх тул талууд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр авсан бүх зүйлээ харилцаж буцааж өгөх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэгч С.Оюунбилэг нь хариуцагчаас автомашиныг шилжүүлэхэд өгсөн урьдчилгаа 3 000 000 төгрөг, гэрээ байгуулахад бэлнээр өгсөн 1 000 000 төгрөг болон 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөр төлсөн нийт 2 245 000 төгрөг, нийт 6 245 000 төгрөгийг Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй.

 

Харин талуудын хооронд байгуулсан “Автомашин түрээслэх гэрээ”-ний 3 дахь хэсэгт нэхэмжлэгч С.Оюунбилэг нь “Түрээсийн автомашинд хийх урьдчилан сэргийлэх үйлчилгээ, урсгал засварыг санхүүжүүлнэ. Автомашиныг түрээсээр ашиглах хугацаанд гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ” гэж тохиролцсон тул нэхэмжлэгч нь автомашиныг ашиглах зорилгоор хийсэн техникийн үйлчилгээ болон амортизатор, пүрш, карданы засвар, 4 ширхэг дугуй, ухрах камер, суудлын бүрээс, шалавч худалдан авсны зардалд 700 000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас шаардах эрхгүй юм.

 

Нэхэмжлэгч С.Оюунбилэг нь автомашиныг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгах хугацаандаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нийт 23 удаагийн зөрчил гаргасан нь хэргийн 52-74, 82 дугаар талд авагдсан Замын цагдаагийн газрын байцаагч М.Соронзонболдын тодорхойлсон зөрчлийн баримт болон торгуулийн хуудасны төлбөр төлсөн Капитал банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч С.Оюунбилэг нь хариуцагч У.Саранцэцэгийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан 528 000 төгрөгийг төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул уг хэмжээнд сөрөг нэхэмжлэлийг хангаж шүүх шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс түрээсийн гэрээний үүрэгт 12 500 000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэдэг нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчид шаардах эрх үүсээгүй болно.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотой учирсан хохирол болох зардал буюу автомашиныг ашиглах боломжгүй болсонтой холбоотой шаардлагыг гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний дагуу шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00580 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Саранцэцэгээс 6 245 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Оюунбилэгт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 555 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.Оюунбилгээс 528 000 төгрөг гаргуулж хариуцагч У.Саранцэцэгт олгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “59 858” гэснийг “114 870”, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэгч С.Оюунбилэгтээс 16 490 төгрөгийг гаргуулж хариуцагч У.Саранцэцэгт олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Саранцэцэгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 66 900 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                          Э.ЗОЛЗАЯА