Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 086

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, утас 94169992, РД:БЮ66050317 Жадик овогт Тумарбайн Даулетханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт орших, Шипагер өрхийн эрүүл мэндийн төв /дарга М.Алмагүл, утас 94506172/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Даулетхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагч Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Алмагүл, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Шипагер Өрхийн эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч Т.Даулетхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн "Шипагер Өрхийн эрүүл мэндийн төвд манаач, галчийн ажилд орсон юм. 2014 онд манаачийн орон тоо цомхтгож, үүнээс хойш 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл галчаар ажиллаж байсан юм. Баян-Өлгий аймгийн Шипагер Өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн юм. Тухайлбал уг тушаалд үндэслэл болгосон хуулийн заалтын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл ажилтны санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн мэтээр уг тушаалын хуулийн үндэслэлийг бичжээ. Гэвч миний бие өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагүй. Мөн тушаалынхаа гарчигт Ажлаас чөлөөлөх тухай хэмээн бичсэн мөртлөө сахилгын шийтгэл ногдуулсан мэтээр хуулийн заалтыг давхар оруулсан байна. Ажлаас чөлөөлөгдөх үндэслэл хэдхэн байх боловч сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Нөгөө талаар миний бие ажлын бус цагаар, бүх нийтээр амрах өдөр буюу орон нутгийн сонгуулийн үед цайллагад байх хугацаанд дарга М.Апмагүл нь намайг ажилдаа хүчээр дуудаж ирүүлээд, улмаар хэрүүл үүсгээд цагдаа дуудаж, намайг эрүүлжүүлэгт хийгээд, торгуулийн арга хэмжээ авахуулсан юм. Үүнийг далимдуулан надад сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнт би цагдаагийн байгууллагаас торгуулийн арга хэмжээ авахуулж, сахилгын шийтгэл ногдуулж байсан ба байгууллагын даргын зүгээс намайг архи уусан хэмээн үзэж дахин сахилгын арга хэмжээ авсан юм. Нэг зөрчилд хоёр удаа шийтгэгдэж байгаа явдал маань шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Нэгэнт ажлын бус цагаар намайг архи ууж, хэрүүл хийсэн хэмээн цагдаагийн байгууллагаас торгуулийн шийтгэл ногдуулж байсан тул ажлын байранд архидан согтуурсан хэмээн дахин шийтгэл ногдуулах нь буруу хэмээн үзэж байна. Иймд урьд эрхэлж байсан галчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Даулетхан шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие Шипагер Эрүүл мэндийн төвд 2005 онд манаач, галчаар ажилд орсон. Тэрнээс хойш 12 жилийн хугацаанд ажиллахдаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. 2014 оноос эхэлж манаачийн орон тоог цомхтгосны дараа галчаар ажиллаж байсан. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу орон нутгийн сонгуулийн өдөр өглөө байгууллага дээр очиж гал түлчхээд яваад өгсөн. Орой нь пар хагарсан гээд М.Алмагүл дарга дуудсан. Тэгээд очиход паарнаас ус алдаж байсан. Урьд нь паарны хаалт гэмтэлтэй байсныг өөрөө юмаар боогоод янзалсан байсан. Энэ тухай Өлгий сум болон даргад хэлсэн. Сантехникийн асуудлыг Өлгий сум хариуцдаг. Тэр үед чи пар хагалсан байна гээд цагдаа дуудсан. Надад цагдаагийн байгууллагаас баривчлаад явсан. Тэгэхэд би цагдаад янз бүрийн зүйл ярьсан юм шиг байсан. Тэгээд надаас торгуулийн арга хэмжээ авсан. Тухайн үед би манаачийн ажлаас халагдаад давж заалдаад явж байхад нэг өдөр дарга маань хурал хийсэн. Манай байгууллага нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг учраас бүх асуудлаа хурлаар шийддэг байсан. Хурлаар намайг архи уусан, пар хагалсан учраас ажлаас хална гэсэн. Тэгэхэд манай байгууллагын бүх хүмүүс Даулетхан бол 12 жил ажилласан. Урьд нь ямар нэгэн арга хэмжээнд орж байгаагүй. Нэг удаа харж үзээд сануулах арга хэмжээ авъя гэсний дагуу сануулах арга хэмжээ авсан. Маргааш нь ажилдаа ирэхэд дарга маань надад 12 цагт ирээд тушаалаа аваарай гэсэн. Тэгэхэд би оюутан сургаж байгаа. Намайг битгий ажлаас гаргаач гэж гуйсан боловч миний ар гэрийн байдлыг харгалзахгүйгээр ажлаас гаргасан. Ингээд цагдаагийн байгууллагаас нэг арга хэмжээ авахуулаад дараа нь дарга маань ажлаас халлаа. Иймд намайг урьд эрхэлж байсан галчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Шипагер Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Алмагүл шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Даулетхан нь тус эмнэлэгт галч гэсэн тушаалаар хоёр ээлжээр ажилладаг нөгөө ээлжид Мысагийн Маратбек гэдэг залуу ажилладаг ба тэд нэг хоног амраад ээлжтэй өдөр нь өглөө, өдөр орой 3 удаа ирж байгууллага доторх жижиг оврын зууханд гал түлэх үүрэг хүлээсэн байдаг. Т.Даулетхан нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр галчийн ээлжтэй байхдаа архидан согтуурч улмаар байгууллагын зууханд гал түлэлгүй, галчийн үүргээ биелүүлэлгүй, халаалтын тоног төхөөрөмж, шугамыг эвдэж гэмтээснээс байгууллагын дарга хариуцдаг ажилтнууд цугларч нөгөө ээлжийн галч М.Маратбекийг ажиллуулахад галч Т.Даулетхан нь ойр хавийн хүмүүст агсарч, хэл амаар дайрч доромжлон танхайрсан. Бид арга ядаад цагдаа дуудсан. Ирсэн цагдаад Т.Даулетхан нь хэл амаар дайрч, халдахаар зүтгэж эсэргүүцсэн энэ үед цагдаа нар Т.Даулетханыг аваачаад эрүүлжүүлсэн юм. Гэвч байгууллагын ажилтан гэж өрөвдөж бид эрүүлжүүлэхэд хонуулахгүй гэсэн боловч цагдаагийн офицертой үг зөрж эрүүлжүүлэхэд хоносон. Энэ эсэргүүцэл нь цагдаад халдах гэсэн үйлдэлд нь цагдаагийн байгууллага торгосон байна. Бид цагдаагийн торгосон байдлыг мэдэхгүй. Харин Т.Даулетханы Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний холбогдох хууль, заалтыг ноцтой зөрчсөнд нь хариуцлага болгон ажлаас чөлөөлсөн юм. Тушаалыг өөрчлөх, Т.Даулетханыг дахин ажиллуулах боломжгүй гэжээ.

Хариуцагч Шипагер Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Алмагүл шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Нэхэмжлэгч Т.Даулетхан нь 2 дахь өдөр над дээр ирсэн. Сая би даргыг дуудсан гэж хэллээ. Тухайн өдөр энэ хүний гал түлэх ээлж нь байсан. Тухайн өдөр шөнийн 10,11 цагт ахлах сувилагч над руу залгаад эмнэлэг дээр ирэхэд ус алдсан байна, шугам гэмтсэн байна гээд дуудсан. Мөн хоёр дахь галчийг дуудаж өгөөрэй гэж хэлсэн. Намайг очиход ахлах сувилагч болон нөгөө галч хоёр очсон байсан. Тэр үед галлагааны өрөө усанд дүүрчихсэн байдалтай. Эд нар усыг гадагш нь зөөж байсан. Тэгээд энэ хүн намайг тэр үед би шүүхээр ялна гээд хэл амаар зөндөө доромжилсон. Тэгэхээр нь шууд Эрүүл мэндийн газрын орлогч дараа Күнайд манай халаалт гэмтсэн байна, одоо яах уу, маргааш хүнээ яаж үзэх үү гээд утастсан. Күнай дарга бол энэ хүний согтуу эсэхийг шалгуул, тэгэхгүй бол маргааш өдөр халаалт байхгүй, ажил явагдахгүй бол та нараас арга хэмжээ авна гэсэн. Тэгээд би цагдаад дуудаж Цагдаагийн газар дээр очиж энэ хүний архи уусан эсэхийг шалгуулсан. Тэгэхэд шалгахад уусан юм байна гэж тогтоосон. Цагдаагийн газар дээр цагдаагийн албан хаагчийн дэргэд энэ хүн намайг хэл амаар доромжилсон. Тэгэхэд та гомдол гаргана гэвэл гомдлоо бичиж өгөөрэй гэсэн. Тэр үед би энэ хүний эхнэрийг нь дуудаад хүлээлгэж өгье гэж хэлээд эхнэрийг нь дуудаж хүлээлгэж өгч байхад цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсны улмаас саатуулагдаж хоносон. Тэгээд би тэр өдөр явчихсан. Маргааш нь манайд цагдаагийн албан бичиг ирсэн. Энэ хүн байнга архи уудаг. Энэ хүнд хурал болгон дээр сануулдаг байсан. Хамт олны өмнө хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажлын цагаар архи уусан зөрчил гаргасан, энэ хүнийг ажлаас гаргах саналтай байна гэхэд бүгдээрээ зөвшөөрсөн. Тушаалаа маргааш 12 цагт ирж аваарай гэж хэлсний дагуу ирээд авсан. Хөдөлмөрийн дотоод журамтай бүгдээрээ танилцаад гарын үсгээ зурсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Даулетхан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хуулийн хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Алмагүл нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 1 дугаар зүйлийн 1.1.3, 2 дугаар зүйлийн 2.1.8 байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар 10.1.8 дугаар заалтуудыг болон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдэх хуудас зэргийг тус тус үндэслэн Эрүүл мэндийн төвийн байранд галч албан тушаалтай Т.Даулетханыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Х.Даулетхан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг нь нотлогдохгүй байна.

2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 5 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх 9 сарын хугацаатай Хөдөлмөрийн гэрээг хоёр тал харилцан тохирч байгуулсан гэх боловч Хөдөлмөрийн гэрээний огноог 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэсэн нь эргэлзээтэй ба нэхэмжлэгч Х.Даулетхан нь энэ Хөдөлмөрийн гэрээнд байгаа гарын үсгээ зөвшөөрч байгаа боловч Хөдөлмөрийн гэрээний нэг хувийг аваагүй гэж мэдүүлсэн ба хариуцагч тал Хөдөлмөрийн гэрээний нэг хувийн ажилтанд өгсөн эсэхийг нотолж чадаагүй, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 1.1.3-д Эмнэлгийн халаалтыг стандарт хэмжээнд нь барьж, хувиарын дагуу галлана /22-25 градусаас доошгүй байлгах/ гэж заасан боловч нэхэмжлэгч Х.Даулетханы ажлын байрны зууханд гал түлэлгүй, галчийн үүргээ биелүүлэлгүй гэх 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгийн халаалт стандарт хэмжээнд байсан эсэх, ажлын байрны зуухыг хэн хэзээ галлах тухай хувиар гаргасан эсэх нь тодорхойгүй, хариуцагч талын гаргаж өгсөн 2016 оны 10 дугаар сарын Ажлын цаг ашиглалтын бүртгэл-ээс тухайн өдөр ажлын байрны зуухыг нэхэмжлэгч Х.Даулетхан галлах байсан гэдгийг тогтоох боломжгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан М.Маратбек, Х.Замира нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Х.Даулетхан ажлын байрны зуухыг галлах ёстой гэсэн боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймээс 2014 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Баян-Өлгий аймгийн "Шипагер" өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олны нөхөрлөлийн гишүүдийн хурлаар баталсан гэх Дотоод журам-ын 10.1.8 /а/-д ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглэхээр зохион байгуулах, ажилдаа согтуу ирэхэд ажлаас халахаар заасан боловч 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Х.Даулетхан ажлын байранд байх ёстой гэснийг тогтоох нотлох баримт байхгүй байхад түүнийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлын байранд согтуу байсан гэж дүгнэх нь учир дутагдалтай байна. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 108 дугаартай Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журмын тасгийн албан мэдэгдэлд Х.Даулетхан нь ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тухай бичигдээгүй байна.

Мөн Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.8-д ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй буюу үүргээ зөрчсөн тохиолдолд ажил олгогч гэрээг шууд цуцлах эрхтэй гэж заасан боловч чухам ямар үүргийг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй байна.

Нэхэмжлэгч Х.Даулетханыг ажлаас чөлөөлсөн Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын тушаах хэсэгт 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлын байранд согтуурч улмаар тэр өдөр албан үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандаж, гал түлэлгүй дулааны шугам хоолойг гэмтээж ноцтой зөрчил гаргасан гэж тэмдэглэсэн боловч Х.Даулетхан нь албан үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандаж, гал түлэлгүй дулааны шугам хоолойг гэмтээсэн гэдгийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй, үүнийг нотлох баримт байхгүй байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 3/26 дугаартай тодорхойлолтод: 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр "Шипагер" өрхийн эмнэлгийн сантехникийн шугамд гэмтэл гарсан гэсэн дуудлагаар комисс очиход зуухнаас гарсан шугамын труба нь цоорсныг хаалт /1ш х8500 төгрөг/ хийж янзалсан болно гэсэн ба энэ нь Х.Даулетханы албан үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандаж, гал түлэлгүй дулааны шугам хоолойг гэмтээсэн гэдгийг үгүйсгэж байна.

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.Даулетахны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Шипагер Өрхийн эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Шипагер Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:БЮ66050317 Жадик овогт Тумарбайн Даулетханыг Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Даулетхан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК