Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 093

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, РД:БЭ64072910, Жадик жанхара овогт Байлыханы Мухтарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний Суат ХХК /захирал Ж.Адалбек/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мухтар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бахытбек, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Холганат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн СУАТ ХХК-ний ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Б.Мухтар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Мухтар би тус компанийн захирлын тушаалаар 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ерөнхий инженерийн ажил-д томилогдсон бөгөөд албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа ямар нэгэн ажлын алдаа, дутагдал гаргаж байгаагүй, хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаагүй болно. Гэтэл шинээр томилогдсон захирал Ж.Адалбек нь ямар нэгэн тушаал, шийдвэр гаргалгүйгээр үүрэгт ажлаас маань халж, миний оронд ИТХ-ын төлөөлөгч Х.Холганатыг томилсон юм. Ажлаас халагдсаны дараа 7-8 удаа захирал дээр очиж, ажлаас халагдсан тушаалыг гаргаж өгөхийг шаардсан боловч өдий хүртэл ямар нэгэн эрхийн акт өгөөгүй байна. Иймд намайг урьд эрхэлж байсан СУАТ төрийн өмчит ХХК-ийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Мухтар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тухайн үед Суат ХХК-ний гүйцэтгэх захирал байсан С.Шаривын тушаалаар тус компанийн ерөнхий инженерийн ажилд орсон. Ийнхүү тасралтгүй ажиллаж байсан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр болох орон нутгийн сонгуульд гүйцэтгэх захирал С.Шарив нэр дэвших болсон тул түүнийг үүрэгт ажлаас чөлөөлж, тухайн үед ерөнхий инженерээр ажиллаж байсан намайг ажлын шаардлага хангаж байна гэж үзсэн учраас давхар гүйцэтгэх захирлын үүргийг хавсран гүйцэтгэхээр томилж тушаал гарсан. Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаанд намайг ерөнхий инженерийн ажлаас чөлөөлсөн талаар ямар нэгэн эрхийн акт гараагүй. Миний бие тус компанийн ерөнхий инженерийн албан тушаалд хэвээр ажиллаж байсан. Иймд намайг ерөнхий инженерийн ажлаас чөлөөлсөн талаар ямар нэгэн эрхийн акт гаргаагүй мөртлөө ажиллуулахгүй байгаа тул ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Суат ХХК-ийн захирал Ж.Адалбек шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Мухтарын тус компанид холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

СУАТ ХХК нь орон нутгийн өмчит хуулийн этгээд учраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу аймгийн Засаг дарга 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/283 дугаартай захирамжаар тус компанийн гүйцэтгэх захирал С.Шаривыг ажлаас нь чөлөөлж 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/284 дугаартай захирамжаар тус компанийн ерөнхий инженер Б.Мухтарыг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар томилжээ. Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсоны дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 51 дугаартай тушаалаар цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал цаг хугацааны хувьд тулгамдаж байгаа гэх үндэслэлээр Суат ХХК-ийн ерөнхий инженерээр С.Шаривыг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсан байна. 2016 оны 5 дугаар сараас эхлэн С.Шарив нь ерөнхий инженерийн албан тушаалын цалинг авч байсан нь санхүүгийн баримтаар тогтоогдоно. Б.Мухтар нь тус компанийн ерөнхий инженерийн орон тоонд ажиллахаасаа сайн дураараа татгалзаж С.Шаривыг ерөнхий инженерээр томилуулан ажиллуулсан үйлдэл нь Б.Мухтарын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.7-д зааснаар тус компанид ерөнхий инженерээр ажиллах хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан байна. Улмаар аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/471 дугаартай захирамжаар Б.Мухтарыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж мөн өдрийн захирамжаар Ж.Адалбек намайг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Ийнхүү Б.Мухтар нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл СУАТ ХХК-ийн хууль ёсны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь дээрх захирамжаар бүрэн нотлогдон тогтоогдож байна. Б.Мухтарыг аймгийн Засаг дарга компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсний дараа түүнийг ажилд томилсон ажил олгогчийн эрхийн акт гараагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас тус компанийн ерөнхий инженерийн ажлын байр нь сул орон тоонд тооцогдож байгаа бөгөөд миний зүгээс албан тасалгаагаа хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардсаны эцэст тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сайн дураараа ажлаа хүлээлгэн өгч энэ талаарх актад гарын үсгээ зурсан. Тус компани нь аймгийн цэвэр, бохир усны шугам сүлжээг хариуцан ажилладгийн хувьд өвлийн бэлтгэлийг хангах ажлыг яаралтай зохион байгуулах шаардлага гарсныг харгалзан ерөнхий инженерийн сул орон тоонд мэргэжлийн хун болох Х.Холганатыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулж байна. Б.Мухтар нь тус компанийн ерөнхий инженерийн орон тооноос өөрийн хүсэлтээр 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр чөлөөлөгдөж мөн өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон тул түүний ерөнхий инженерийн үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэх нэхэмжлэл нь үндэслэлгүй болно. Мөн Б.Мухтар нь энэ маргааны хувьд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох нь эргэлзээтэй байна. Учир нь ерөнхий инженерээр С.Шаривыг тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед Б.Мухтар өөрөө зөвшөөрч томилсон болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах бөгөөд нэхэмжлэгч хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн учраас Б.Мухтарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Суат ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бахытбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч байгууллага болох Суат ХХК-ний гүйцэтгэх захирал Ж.Адалбекийн олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Б.Мухтар нь тус компанид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбараа шүүхэд хүргүүлсэн. Хариуцагчийн тайлбарыг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Суат ХХК нь төрийн өмчит хуулийн этгээд учраас тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Шарив нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан түүнийг аймгийн Засаг дарга 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөөд 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/284 дүгээр тушаалаар тус компанийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Б.Мухтарыг гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Энэ захирамжийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус захирамжид хавсран гүйцэтгэх, орлон гүйцэтгэх гэсэн нэг ч үг байхгүй, зөвхөн гүйцэтгэх захирлаар томилов гэсэн үг байгаа. Ингээд Б.Мухтар томилогдсоны дараа 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 51 дугаартай тушаал гаргаад өөрийнхөө ажиллаж байсан ерөнхий инженерээр С.Шаривыг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлээд ажиллуулахаар томилсон. Томилсны дараа С.Шаривт ерөнхий инженерийн 3 сарын цалинг урьдчилгаа болгож олгосон. Өчигдөр шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Суат ХХК-ний нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаар 3 сарын цалин авсан нь нотлогдож байгаа. Б.Мухтар Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад түүнийг аймгийн Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр үүрэгт ажлаас нь буюу Суат ХХК-ний гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж мөн өдөр Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар Ж.Адалбекийг томилсон. Шинээр томилогдсон Ж.Адалбек Б.Мухтараас ажлаа хүлээж аваад үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлсэн. Ийнхүү ажиллаж байх хугацаанд Суат ХХК-ний ерөнхий инженерийн орон тоо сул байсан учраас ажлын шаардлагаар тухайн ерөнхий инженерийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан Х.Холганатыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Суат ХХК-ний ерөнхий инженерийн ажилд томилсон. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тухайн үед ажил олгогч байсан Б.Мухтар өөрийн хуучин орон тоо болох ерөнхий инженерийн орон тоонд захирлын ажлаас чөлөөлөгдсөн С.Шаривыг тухайн орон тоонд томилсноор Б.Мухтарын хувьд ерөнхий инженерийн хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар харилцан тохиролцсон гэх үндэслэлээр дуусгавар болсон. Хэдийгээр ажлаас чөлөөлсөн тухай эрхийн акт гараагүй ч гэсэн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд тодорхой заасан учраас шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслээд Б.Мухтарын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж үзэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байна. 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар томилогдсон Ж.Адалбек тухайн үед байгууллагын бичиг баримтыг аваагүй байсан учраас тус компанийн ерөнхий инженерээр хэн ажиллаж байсныг мэдээгүй. Улмаар 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн хүний нөөцийн менежер Ергенбек Улаанбаатар хотоос ажлаас ирээд компанийн тушаалууд болон холбогдох бичиг баримтуудыг хүлээлгэж өгөөд уг тушаалуудтай танилцах явцад тус компанийн ерөнхий инженерээр 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр С.Шарив томилогдсон болохыг олж мэдсэн. Олж мэдсэний дараа Б.Мухтарт та компанийн ерөнхий инженер биш байна, танд цалин гарах боломжгүй гээд 2016 оны 9 дүгээр сарын цалинг гаргаагүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолтоор нотлогдож байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Бусад тайлбараа өмгөөллийн үгэнд тодорхой тайлбарлах болно гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Мухтар нь хариуцагч СУАТ ХХК-д холбогдох тус компанийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллага тус компанийн ерөнхий инженер нь сул орон тоо байсан мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Мухтарыг Суат ХХК-ний гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тушаалаар 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн тус компанийн ерөнхий инженерээр томилж, мөн өдөр 02 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Улмаар 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тус компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргын 02 дугаар албан бичгээр Суат ХХК-ний гүйцэтгэх захирал С.Шарив нь 2016 оны орон нутгийн сонгуульд ... Иргэдийн Төлөөлөгчийн хуралд нэр дэвших болсон тул Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасны дагуу ажлаас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн түр чөлөөлүүлэхээр, мөн С.Шарив нь түр чөлөөтэй байх хугацаандаа тус компанийн ерөнхий инженер Б.Мухтарыг гүйцэтгэх захирлаар түр томилон ажиллуулахыг санал болгосноор аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/284 дугаар захирамжаар Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар Б.Мухтарыг түр томилсон байна.

Дээрх нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Мухтар нь Суат ХХК-ний гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа гэж дүгнэх боловч нэхэмжлэгч Б.Мухтар нь Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар түр томилогдоод хоёр хоногийн дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 51 дүгээр тушаалаар: Тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03 тоот албан бичгийг үндэслэж: Тус компанийн захирал С.Шарив нь орон нутгийн сонгуульд нэр дэвшиж ажлаас чөлөөлөгдсөн боловч цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал цаг хугацааны хувьд тулгамдаж байгааг харгалзан ерөнхий инженерээр 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн түр томилон ажиллуулж, ерөнхий инженерээр ажиллах хугацаанд сард 800000 төгрөгөөр цалинжуулан олговол зохих бусад урамшуулалт шагналт цалингуудыг нь нэмж олгохыг ерөнхий санхүүд зөвшөөрч байсан байдал болон тус компанийн 2016 оны 5 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын 65 дугаарт С.Шаривын нэр бичигдсэн ба цалин авсан байдал, Суат ХХК-ний гүйцэтгэх захирал байх хугацаандаа ажилтан авч ажиллуулах, ажлаас чөлөөлөх, буцалтгүй тусламж үзүүлэх тухай эрхийн акт зэрэг нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Мухтар нь Суат ХХК-ний гүйцэтгэх захирлын орон тоонд үүрэг гүйцэтгэгчээр биш сайн дурын үндсэн дээр бүр томилогдон ажилласан байна гэж дүгнэлээ.

Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/381 дугаар захирамжаар Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар С.Шаривыг буцаан томилсон байх ба энэ үед Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Мухтарыг уг албан тушаалаас чөлөөлсөн тухай эрхийн акт гаргаагүйд ажилтныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь, нэхэмжлэгч Б.Мухтар нь тухайн үед Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар С.Шаривыг буцаан томилсон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 дугаар захирамжийг эс зөвшөөрч ямар нэгэн гомдол гаргасан талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй ба хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Суат ХХК-ний гүйцэтгэх захирал асан С.Шарив, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Суат ХХК-ний гүйцэтгэх захирал Ж.Адалбек нарын баталсан НААҮ-ний Суат ХХКомпаний ажлын цагийн баланс, шагналт цалингийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудын 3 дугаарт Б.Мухтарын нэр нь байгаа ба 7 дугаар сард ажиллавал зохих хоног 18, цаг 144, ажилласан өдөр 18, ажилласан цаг 144, шагналт цалингийн санал 30%, 8 дугаар сард ажиллавал зохих хоног 23, цаг 184, ажилласан өдөр 23, ажилласан цаг 184, шагналт цалингийн санал 30% гэж тус тус бичигдэж ерөнхий ня-бо А.Нуртуган, ерөнхий инженер Б.Мухтар, менежер Б.Ергенбек, эдийн засагч М.Төлеген нар нь гарын үсэг зурсан байна. Мөн нэхэмжлэгч Б.Мухтарын 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр олгосон 0896470 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 4 дүгээр хуудсанд түүний 7 ба 8 дугаар сард ерөнхий инженерийн цалингаар цалинжуулж байсан талаарх бичгийн нотлох баримтаар Б.Мухтар нь 2016 оны 7 дугаар сарын 04-нээс хойш 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Суат ХХК-ний ерөнхий инженерээр ажилласан болох нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж хуульчилж ажил олгогчид үүрэг болгосон боловч 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар буцаан томилогдсон асан С.Шарив нь шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ...би тус компанийн гүйцэтгэх захирлаар 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр буцаан томилогдохдоо Б.Мухтар нь хуучин ажиллаж байсан тус компанийн ерөнхий инженерийн ажлаа үргэлжлүүлэн ажилласан ба ажил олгогчийн хувьд би ажилд буцаан томилох тухай эрхийн акт гаргаагүй болно. Учир нь Б.Мухтарыг ерөнхий инженерээр томилсон анхны тушаал болон хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй гэж мэдүүлж байх тул ажил олгогчийн ажилтан Б.Мухтарыг анх тус компанийн ерөнхий инженерээр 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр томилсон тушаал болон мөн өдөр байгуулсан 02 дугаартай хөдөлмөрийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр хэвээрээ байна гэж үзлээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх асуудал нь ажил олгогчийн эрх, үүрэг тул түүнд ажилтныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Б.Мухтар нь 2016 оны 7 дугаар сарын 04-нээс эхлэн тус компанийн ерөнхий инженерийн ажлыг гүйцэтгэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул тэрээр тус компанийн хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж дүгнэлээ.

Ажил олгогчоос ажилтан Б.Мухтард Суат ХХК-ний ерөнхий инженерийн ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа үйлдэл нь ажлаас халсантай адилтган үзэх тул нэхэмжлэгч Б.Мухтарын тус компанийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан тул ажил олгогч Суат ХХК-ний захирал нь ажилтан Б.Мухтард тус компанийн ерөнхий инженерийн ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гардуулж өгөөгүй тул түүний шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж үзлээ.

Хариуцагч байгууллага нь тус компанийн ерөнхий инженер нь сул орон тоо байсан гэж маргасан боловч Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах тухай тодорхой заасан ба хөдөлмөрийн харилцаагаар зохицуулдаг албан тушаалуудын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд ажилтныг ажилд авах, ажлаас халах, чөлөөлөх эрх мэдлийг ажил олгогчийн эрх үүрэг болгож хуульчилсан ба ажилтан Б.Мухтар нь Суат ХХК-ний ерөнхий инженерээр 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул хариуцагч талын уг ерөнхий инженер нь сул орон тоо байсан гэдэг тайлбар нь үндэслэлгүй байна.

Хариуцагч талаас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн түр орлон гүйцэтгэгчийг ажлаас чөлөөлөх тухай: Суат ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу Суат ХХК-ний гүйцэтгэх захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж буй Б.Мухтарыг 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн чөлөөлсөн тухай Б/471 дугаартай тушаалыг нотлох баримтаар өгсөн боловч Б.Мухтар нь Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар С.Шаривыг 2016 оны 7 дугаар сарын 04-ны өдөр буцаан томилсон өдрөөс хойш тус компанийн ерөнхий инженерээр ажиллаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа ба түүнээс хойш Б.Мухтарыг Суат ХХК-ний гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр буцаан томилсон тухай эрхийн акт хавтаст хэрэгт байхгүй, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Суат ХХК-ний хуучин захирал С.Шарив бөгөөд Суат ХХК-ний захирал Ж.Адалбект бичиг баримт, материал хүлээлгэж өгөх комиссын протокол (хуучин захирал болон шинэ захирлуудын гарын үсэгтэй) болон шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Суат ХХК-ний гүйцэтгэх захирал асан С.Шаривын мэдүүлгээр Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар томилогдсон Ж.Адалбек нь гүйцэтгэх захирлын ажлаа Б.Мухтараас биш хуучин захирал С.Шариваас хүлээж авсан болох нь нотлогдож байна.

Иймд хариуцагч талын нотлох баримтаар гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаартай захирамжаар нэр бүхий болон Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар С.Шаривыг томилсон аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 дугаар захирамжийг хүчингүй болгосон мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/473 дугаартай Суат ХХК-ний захирлаар Ж.Адалбекийг томилсон, мөн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/471 дугаартай Түр орлон гүйцэтгэгчийг ажлаас чөлөөлсөн тухай захирамжууд нь нэхэмжлэгч Б.Мухтар Суат ХХК-ний ерөнхий инженерээр ажиллаад хоёр буюу гурван сарын дараа гаргасан эрхийн актууд байх ба энэ нь нэхэмжлэгчийн гомдолд хамааралгүй нотлох баримт байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нотлох баримтаар өгсөн Суат ХХК-ний 2016 оны 07-09 дүгээр саруудын ажлын цагийн баланс, шагналт цалингийн тодорхойлолт зэрэг нотлох баримтыг тус компанийн санхүүгээс аваагүй болох нь тус компанийн ерөнхий ня-бо А.Нуртуган, хүний нөөцийн менежер нарын тодорхойлолтоор нотлогдож байх тул нотлох баримтаар үнэлэхгүй байхыг хүссэн боловч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтууд байх тул уг нотлох баримтуудыг нотлох баримтаас хасах буюу үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Б.Мухтарыг Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний Суат ХХК-ний ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Суат ХХК-ний санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мухтарыг Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний Суат ХХК-ний ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ