Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 052

 

Б.Мухтарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаар шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Жадик овогт Байлыханы Мухтарын нэхэмжлэлтэй, СУАТ ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Б.Мухтар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч[1] Ө.Бахытбек, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Холганат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний СУАТ ХХК-ийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Б.Мухтар би тус компанийн захирлын тушаалаар 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ерөнхий инженерийн ажилд томилогдсон бөгөөд албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа ямар нэгэн ажлын алдаа, дутагдал гаргаж байгаагүй, хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаагүй болно. Гэтэл шинээр томилогдсон захирал Ж.Адалбек нь ямар нэгэн тушаал, шийдвэр гаргалгүйгээр үүрэгт ажлаас маань халж, миний оронд ИТХ-ын төлөөлөгч Х.Холганатыг томилсон юм. Ажлаас халагдсаны дараа 7-8 удаа захирал дээр очиж, ажлаас халагдсан тушаалыг гаргаж өгөхийг шаардсан боловч өдий хүртэл ямар нэгэн эрхийн акт өгөөгүй байна. Иймд намайг урьд эрхэлж байсан СУАТ ХХК-ийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Б.Мухтарын тус компанид холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. СУАТ ХХК нь орон нутгийн өмчит хуулийн этгээд учраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу аймгийн Засаг дарга 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/283 дугаартай захирамжаар тус компанийн гүйцэтгэх захирал С.Шаривыг ажлаас нь чөлөөлж 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/284 дугаартай захирамжаар тус компанийн ерөнхий инженер Б.Мухтарыг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар томилжээ. СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсоны дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 51 дугаартай тушаалаар цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал цаг хугацааны хувьд тулгамдаж байгаа гэх үндэслэлээр СУАТ ХХК-ийн ерөнхий инженерээр С.Шаривыг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсан байна. 2016 оны 5 дугаар сараас эхлэн С.Шарив нь ерөнхий инженерийн албан тушаалын цалинг авч байсан нь санхүүгийн баримтаар тогтоогдоно. Б.Мухтар нь тус компанийн ерөнхий инженерийн орон тоонд ажиллахаасаа сайн дураараа татгалзаж С.Шаривыг ерөнхий инженерээр томилуулан ажиллуулсан үйлдэл нь Б.Мухтарын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.7.-д зааснаар тус компанид ерөнхий инженерээр ажиллах хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан байна. Улмаар аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/471 дугаартай захирамжаар Б.Мухтарыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж мөн өдрийн захирамжаар Ж.Адалбек намайг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Ийнхүү Б.Мухтар нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл СУАТ ХХК-ийн хууль ёсны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь дээрх захирамжаар бүрэн нотлогдон тогтоогдож байна. Б.Мухтарыг аймгийн Засаг дарга компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсний дараа түүнийг ажилд томилсон ажил олгогчийн эрхийн акт гараагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас тус компанийн ерөнхий инженерийн ажлын байр нь сул орон тоонд тооцогдож байгаа бөгөөд миний зүгээс албан тасалгаагаа хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардсаны эцэст тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сайн дураараа ажлаа хүлээлгэн өгч энэ талаарх актад гарын үсгээ зурсан. Тус компани нь аймгийн цэвэр, бохир усны шугам сүлжээг хариуцан ажилладгийн хувьд өвлийн бэлтгэлийг хангах ажлыг яаралтай зохион байгуулах шаардлага гарсныг харгалзан ерөнхий инженерийн сул орон тоонд мэргэжлийн хүн болох Х.Холганатыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулж байна. Б.Мухтар нь тус компанийн ерөнхий инженерийн орон тооноос өөрийн хүсэлтээр 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр чөлөөлөгдөж мөн өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон тул түүний ерөнхий инженерийн үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэх нэхэмжлэл нь үндэслэлгүй болно. Мөн Б.Мухтар нь энэ маргааны хувьд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох нь эргэлзээтэй байна. Учир нь ерөнхий инженерээр С.Шаривыг тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед Б.Мухтар өөрөө зөвшөөрч томилсон болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах бөгөөд нэхэмжлэгч хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн учраас Б.Мухтарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр СУАТ ХХК-ний ерөнхий инженерээр томилогдсон. Ингэхдээ тус компанийн ерөнхий инженерийн орон тоо сул байсан учраас гүйцэтгэх захирал Ж.Адалбекийн тушаалаар томилогдсон. Нэхэмжлэгч Б.Мухтар нь 2016 оны 11 дүгээр сард СУАТ ХХК-ний ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.Мухтар нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Тэрээр С.Шаривтай хоорондоо тохиролцож албан тушаал солигдсон учраас нэгдүгээрт, сонирхлын зөрчил байгаа, хоёрдугаарт, ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан учраас би бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мухтарыг Баян-Өлгий аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК-ийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоожээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Б.Мухтарын нэхэмжлэлтэй НААҮ-ний СУАТ ХХК-нд холбогдох СУАТ ХХК-ийн Ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүх шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон асуудал байхгүй. Зохигчдын хооронд үүссэн маргаан хөдөлмөрийн бусад маргаан байсныг шүүх анхаараагүй.

2. Б.Мухтар нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд сайн дурын үндсэн дээр бүр томилогдон ажиллаж байсан, мөн Б.Мухтар нь өөрийн орон тоонд тэр өдөр нь С.Шаривыг ерөнхий инженерийн албан тушаалд томилсон талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээ /Мухтар өөрийн ажиллаж байсан ерөнхий инженерийн албан тушаалд С.Шаривыг томилсноор түүний хөдөлмөрийн гэрээ/ дуусгавар болсон байхад Б.Мухтарыг анх тус компанийн ерөнхий инженерээр 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр томилсон тушаал болон мөн өдөр байгуулсан 02 дугаартай хөдөлмөрийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр хэвээрээ байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг өөрөө зөрүүтэй байгаа төдийгүй шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

3. Шүүх хуралдаан даргалагч нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх асуудлыг анхаараагүй хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг үнэн зөв болохыг зөвхөн шүүх үнэлэх ёстой байтал шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Мухтар тайлбар гаргахдаа Би ажлын шаардлагаар 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр С.Шаривыг Ерөнхий инженерээр томилсон, ерөнхий инженерээр томилогдсон С.Шаривын хүсэлтээр 3 сарын цалинг гаргуулж өгсөн гэх тайлбар нь гэрчээр оролцсон С.Шаривын ерөнхий инженерийн цалин авсан талаарх гэрчийн мэдүүлэг хоёр зөрүүтэй байсныг шүүх анхаарахгүйгээр эргэлзээтэй хэвээр дүгнэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тухайлбал шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтын нэг болох С.Шаривт 2016 оны 5 дугаар сард олгосон цалин 3077000 төгрөгийг хуралдаан даргалагч тодруулахад гэрчээр оролцсон С.Шарив нь би 2016 оны 5 дугаар сард 10 хоногт ногдох цалин авсан гэж мэдүүлсэн байхад захирал Б.Мухтар нь би С.Шаривын хүсэлтээр цалинг бүтэн олгосон гэж тайлбарласан. Мөн 2016 оны 5 дугаар сард С.Шаривт ерөнхий инженерийн цалинг ажлын 22 хоногоор гарсан нотлох баримтыг шүүх үнэлээгүй. Иймээс шүүх нотлох баримтыг нэг бүрчлэн, бодиттойгоор шинжлэн судлаагүй, харьцуулан дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Учир нь 2016 оны 5 дугаар сарын 11-нд С.Шаривын ерөнхий инженерээр томилсон тухай эрхийн актыг шүүх дүгнэж үнэлэхдээ Б.Мухтар нь СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын орон тоонд сайн дурын үндсэн дээр бүр томилогдон ажиллаж байсан гэж дүгнэсэн атлаа ерөнхий инженерийн 5, 6, 7, 8 дугаар сар буюу 4 сарын цалин 3077000 төгрөгийг урьдчилан өгсөн явдалд дүгнэлт хийгээгүй. Нэгэнт цалингаа урьдчилан авсан учраас С.Шарив нь 2016 оны 9 дүгээр сар хүртэл ерөнхий инженерээр ажилласан гэж үзэхээр байна. Мөн шүүх С.Шаривыг томилсон 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн Засаг даргын Б/381 дугаар захирамжийг нотлох баримтаар үнэлсэн атлаа хавтаст хэрэгт цугларсан 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн Б/440 дугаартай гүйцэтгэх захирлаар томилсон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон захирамжийг яагаад үнэлээгүй орхигдуулсан талаар шийдвэрт дурдаагүй нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж дүгнэх хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Нөгөө талаар шүүх хариуцагч талаас өөрийн татгалзлаа үндэслэл болгож гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай нотлох баримтыг үнэлсэн нь нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна. Б.Мухтар нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр СУАТ ХХК-ийн захирлын үүрэгт ажил эрхэлсэн эрхийн акт хүчинтэй байтал шүүх хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж дүгнээгүйд гомдолтой байна.

4. С.Шаривыг гүйцэтгэх захирлаар томилсон 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/471 дугаартай захирамжийг аймгийн Засаг дарга өөрөө 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаартай захирамжаар хүчингүй болгосноор компанийн гүйцэтгэх захирлаар Б.Мухтар хэвээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан эдгээр захирамжуудаар нотлогдож байхад шүүх үүнийг анхаараагүй. Улмаар Б.Мухтар нь СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа аймгийн Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/471 дугаартай захирамжаар түүнийг тус компанийн ТУЗ-ийн саналын дагуу гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж Ж.Адалбекийг мөн өдрөөс эхлэн компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байна. Дээрх захирамжаар 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Б.Мухтар нь Ерөнхий инженерээр биш гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нь тогтоогдож байна. Гэтэл шүүх аймгийн Засаг даргын захирамжийг үнэлээгүй атлаа С.Шаривын компанийн бичиг баримтыг шинээр томилогдсон Ж.Адалбект хүлээлгэж өгсөн талаарх тэмдэглэлийг үндэслэл болгон С.Шарив ажлаа Ж.Адалбект хүлээлгэж өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь дээрх бичиг баримт хүлээлгэж өгөх талаарх протоколоор С.Шарив өөрт байсан компанийн гэрчилгээ зэргийг хүлээлгэж өгснийг нотлохоос биш компанийн тамга, санхүүгийн бичиг баримт, албан тасалгаа, ажлаа хүлээлгэж өгснийг нотлохгүй байна. Хэрэв С.Шарив нь захирлын ажлаа шинээр томилогдсон Ж.Адалбект 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээлгэж өгсөн бол Ж.Адалбек нь 14 хоног ажлаа авч чадахгүй явж байсан мэт харагдаж байна. Гэтэл бодит байдал дээр Ж.Адалбек нь 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр СУАТ ХХК-ийн захирлаар томилогдсон тэр өдөр Б.Мухтараас ажлаа авч гүйцэтгэх захирлын албан тасалгаанд орж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Мөн дээрх комиссын протоколд ажил хүлээлцсэн талаар нэг ч үг бичигдээгүй зөвхөн тусгай зөвшөөрөл, гэрээ зэрэг 15 нэр бүхий баримт бичгийг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл байсан. Энэхүү тэмдэглэл нь Б.Мухтарын мараанд холбогдолгүй баримт юм. Шүүх хуралдааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүсэлтийг шүүгч даруй шийдвэрлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 105 дугаар зүйлийн 105.1 хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ. гэх заалтыг тус тус зөрчсөн.

СУАТ ХХК-ийн байгууллагын нууцад хамаарах санхүүгийн баримтуудыг аудитын байгууллагаар шалгаруулахаар өгсөн байхад нэхэмжлэгч Б.Мухтар нь нотлох баримтыг гаргах цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж аудитын байгууллагаас баримтыг хуулбарлан авч шүүхэд өгснөөр шүүх нотлох баримтаар үнэлсэн. Эдгээр нотлох баримтууд нь СУАТ ХХК-аас гараагүй болох нь тус компанийн ерөнхий санхүүч, хүний нөөцийн менежерийн хэрэгт авагдсан тодорхойлолтуудаар нотлогддог бөгөөд нэхэмжлэгч өөрөө аудитын байгууллагаас авсан гэдийг хүлээн зөвшөөрсөн. Аудитын байгууллага өөрт нь шалгалт хийлгэхээр өгсөн баримт бүрийг хэн нэгэн хүний хүсэлтээр гадагшаа гаргах ёсгүй. Зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ёстой байтал нэхэмжлэгч өөртөө байхгүй баримтыг аудитын байгууллагаас яаж, ямар аргаар авсан нь тодорхойгүй хуульд заасан журмын дагуу цуглуулсан эсэх нь эргэлзээтэй байхад шүүх нотлох баримтаар үнэлсэн. Уг нотлох баримт нь нотлох чадвараа алдах ёстой байтал шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын агуулга: Б.Мухтарын нэхэмжлэлтэй СУАТ ХХК-д холбогдох "ажилд эгүүлэн тогтоолгох тухай" иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Холганат би дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг тусгасан атлаа гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шийдвэрт оруулаагүй шүүх нэг талыг барьж шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

2. Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж шүүх хуралдааны ажиллагааг дуусгах ёстой байтал шийдвэрийн үндэслэлийг төлөвлөж бичиж шийдвэрийн үндэслэх хэсгийг уншиж танилцуулахдаа нэхэмжлэгч, гэрч гэх хуулийн зохицуулалтаас илүү "Шарив маань, Мухтар маань" гэж удаа дараа хэлж тайлбарлаж өөриймсөг хандаж шийдвэр танилцуулсан нь хардлага төрүүлэхэд хүргэж байгаа төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-ийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн агуулгыг танилцуулахдаа Шарив маань, Мухтар маань гэж нэг талыг баримталсан шүүх хуралдаан даргалагчийн сонсгосон дээрх танилцуулга тайлбарыг шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгээс уншиж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийж анхаарч үзнэ үү.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь тухайн маргааны талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо ирээдүйд өөрт холбогдох асуудлаас урьдчилан сэргийлэх өөрийн эрх ашгийг хөндүүлэхгүй байх зорилгоор хариуцагч талыг дэмжиж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж бие даасан шаардлага гаргаагүй ч гэсэн мэтгэлцэгч тал болж оролцсон гуравдагч этгээд миний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрт миний шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нотолгоог огт үнэлээгүй, шийдвэрт бичээгүй үлдээсэн нь хуульд заасан эрхийг минь зөрчсөн байна гэж үзэж байна. Шүүгч бусдад буруу ойлголт төрүүлэхгүй байх ёстой бөгөөд хэргийн оролцогч нартай тэгш хүндэтгэлтэй харилцаж, тэдэнд шүүгчийн зүгээс хэргийг шударгаар шийдвэрлэх итгэл үнэмшлийг өөрийн үг яриагаар төрүүлэх байтал Шарив маань ингэж хэлсэн, Мухтар маань буруугүй гэж ах дүүс шиг мэт шийдвэрийн агуулгыг танилцуулан тайлбарласан нь бидний итгэл үнэмшлийг алдагдуулж байна. Шүүгчийн энэ үг яриа хэллэг нь хэргийн оролцогчтой холбоотой юм болов уу гэх хардлагыг төрүүллээ. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй хэмээн тусгаж хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа миний давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласан байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б.Мухтар би хариуцагч СУАТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бахытбекийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 2 дугаар сарын 0З-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 2 дугаар сарын 24-ны өдөр гаргасан давж заалдах гомдолтой танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдол гаргажээ. Нэхэмжлэгч Б.Мухтар намайг СУАТ ХХК-ийн ерөнхий инженерийн албан тушаалд хэвээр ажиллаж байхад ямар нэгэн тушаал шийдвэр гаргалгүйгээр үүрэгт ажлаас маань халж, миний оронд ИТХ-ын төлөөлөгч Х.Холганатыг томилон ажиллуулж Б.Мухтар намайг ерөнхий инженерийн албан тушаалд хэвээр ажиллуулахаас татгалзаж, албан үүргээ гүйцэтгүүлээгүй учир анхан шатны шүүх Б.Мухтар намайг СУАТ ХХК-ийн ерөнхий инженерийн албан тушаалаас үндэслэлгүй халагдсан гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй болно. Б.Мухтар нь 5 дугаар сарын 11-ний өдрөөс СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар ерөнхий инженерээр ажиллах хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан байна гэжээ. Б.Мухтар миний бие СУАТ ХХК-д 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн тус компанийн захирлын тушаалаар ерөнхий инженерээр томилогдсон юм. Энэхүү ерөнхий инженерийн албан тушаалд хэвээр ажиллаж байхад СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Шарив нь 2016 оны 6 дугаар сарын 19-нд болох Орон нутгийн сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан аймгийн Засаг даргын Б/284 тоот захирамжаар ерөнхий инженер Б.Мухтар намайг СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар түр томилон ажиллуулсан. Энэ томилгоо нь Б.Мухтар намайг СУАТ ХХК-ийн ерөнхий инженерийн орон тооны ажил, албан тушаалыг огт хөндөөгүй. Түүнээс хойш одоо хүртэл Б.Мухтар намайг СУАТ ХХК-ийн ерөнхий инженерийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай ямар нэгэн эрхийн акт гараагүй учир өөрийгөө СУАТ ХХК-ийн ерөнхий инженерийн албан тушаалд хэвээрээ ажиллаж байгаагаар нотлогдоно. Нэхэмжлэгчийн шаардлагад цалин хөлсний талаар маргаан гараагүй учир цалин хөлсний тооцоогоор Б.Мухтар намайг СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй. Б.Мухтар би Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар гүйцэтгэх захирлын үүргийг хавсран гүйцэтгэж ирсэн болно. Нэхэмжлэгч Б.Мухтар миний бие аймгийн дотоод аудитын байгууллагад шалгагдаж байгаа СУАТ ХХК-ийн санхүүгийн баримтаас нотлох баримтын журмаар шүүхэд гаргаж өгсөн 5 ширхэг 5, 6, 7, 8, 9 дугаар саруудын ажлын цагийн балансыг нотлох баримтаар өгснийг нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн гэж маргажээ. Гэтэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэжээ. Б.Мухтар миний бие хуульд заасан үүргийн дагуу Аудитын байгууллагад СУАТ ХХК-ийн одоогийн удирдлага буюу энэ хэргийн хариуцагч Ж.Адалбекийн өөрийн гаргаж өгсөн санхүүгийн баримтаас хуулбарлан авч нотариатаар гэрчлүүлэн нотлох баримт болгон гаргасан тул хууль ёсны нотлох баримт гэж үзнэ. Нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх талаар журам зөрчигдөөгүй болно. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан учир хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б.Мухтар нь хариуцагч Баян-Өлгий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний СУАТ ХХК-д холбогдуулан тус компанийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, үндэслэлээ ажил олгогчоос ямар нэгэн тушаал шийдвэр гаргалгүйгээр үүрэгт ажлаас халж, миний оронд Х.Холганатыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс ерөнхий инженерийн ажилд томилсон гэж тайлбарлажээ. Харин хариуцагч гомдлыг эс зөвшөөрсөн үндэслэлээ Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр С.Шаривыг СУАТ ХХК-ийн захирлын ажлаас чөлөөлж, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс Б.Мухтарыг тус компанийн гүйцэтгэх захирлын ажилд томилсон, харин Б.Мухтар нь захирлын албан тушаалд томилогдсоны дараа С.Шаривыг компанийн ерөнхий инженерээр томилон ажиллуулснаар өөрөө ерөнхий инженерийн орон тоонд ажиллахаас сайн дураараа татгалзсан. Ерөнхий инженерээр ажиллаж байсан Б.Мухтар өөрөө харилцан тохирч захирлын ажлыг хийхээр болж, ерөнхий инженерээр С.Шаривыг томилсноор түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1.-т зааснаар дуусгавар болсон гэж маргажээ.

Хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг судалж үзвэл, СУАТ ХХК-ийн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тушаалаар[2] Б.Мухтарыг тус компанийн ерөнхий инженерийн ажилд томилж, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ[3] байгуулагдсан нь хүчин төгөлдөр байна. Тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай албан бичгээр[4] компанийн гүйцэтгэх захирал С.Шарив нь орон нутгийн сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан түүнийг мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь түр чөлөөлөхийг, С.Шаривыг түр чөлөөтэй байх хугацаанд компанийн ерөнхий инженер ажилтай Б.Мухтарыг гүйцэтгэх захирлаар түр томилон ажиллуулахыг санал болгосны дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/284 дүгээр захирамжаар Б.Мухтарыг СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар мөн өдрөөс эхлэн түр томилон ажиллуулсан байна.

Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 дүгээр захирамжаар[5] С.Шаривыг СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд буцаан томилсон боловч уг захирамжийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжаар[6]хүчингүй болгож, Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/471 дүгээр захирамжаар[7] СУАТ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн мөн өдрийн хурлын шийдвэрийн дагуу компанийн гүйцэтгэх захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан Б.Мухтарыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлжээ. Харин 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс[8] эхлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар Ж.Адалбекийг томилон ажиллуулсан байна. Түүнчлэн Б.Мухтар нь СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг гүйцэтгэх хугацаанд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 51 дүгээр тушаалаар[9] С.Шаривыг тус компанийн ерөнхий инженерээр түр томилон ажиллуулж байсан, компанийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 76 дугаар тушаалаар[10]Х.Холганатыг мөн өдрөөс эхлэн ерөнхий инженерээр томилсон зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтуудаас дүгнэвэл, ажил олгогчийн шийдвэр, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу СУАТ ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Б.Мухтарыг ажил олгогч компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан саналын дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын шийдвэрээр 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн ба энэ талаар ажилтан маргаагүй тул ажил олгогчийн дээрх үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-т нийцсэн байна. Ажилтан Б.Мухтар нь аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/471 дүгээр захирамжаар СУАТ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн мөн өдрийн хурлын шийдвэрийн дагуу компанийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөгдсөний дараа урьд эрхэлж байсан ерөнхий инженерээр 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд ажилласан нь зохигчийн тайлбар, компанийн 2016 оны 9 дүгээр сарын ажлын цагийн балансаар[11]тогтоогдсон боловч СУАТ ХХК-ийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 76 дугаар тушаалаар Х.Холганатыг мөн өдрөөс эхлэн тус компанийн ерөнхий инженерээр томилж, ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлсөн ямар нэгэн эрхийн акт гаргахгүйгээр мөн өдрөөс эхлэн Б.Мухтарт хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй ажил олгогчийн үйл ажиллагааг ажилтныг ажлаас чөлөөлсөнтэй адилтгаж үзсэн, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хугацааны талаар анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй болжээ. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Ажил олгогчийн Б.Мухтартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажилтан, ажил олгогчийн санаачилгаар цуцлаагүй, эсхүл хуульд зааснаар дуусгавар болоогүй байхад ажил олгогчоос ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр, компанийн ерөнхий инженерийн ажилд өөр хүнийг томилон, ажилтны хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй ажил олгогчийн үйлдлийг зөвтгөх хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдохгүй байх тул ажилтны урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол үндэслэлтэй. Ажил олгогчийн энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4-т заасан ажилтны хөдөлмөрлөхтэй холбоотой үндсэн эрхүүдийг хязгаарласан, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-т заасан ажилтны эрхийг хөндсөн, 40 дүгээр зүйлийн 40.1.-т заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах журмыг зөрчсөн хууль бус байх тул Б.Мухтарыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Ажилтан Б.Мухтар нь 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд өөрөө хүсэж томилогдсон, тэрээр 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр С.Шаривыг тус компанийн ерөнхий инженерийн ажилд томилсон тул хөдөлмөрийн гэрээ талууд харилцан тохиролцсоноор дуусгавар болсон гэх хариуцагчийн тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1.-т заасан агуулгад нийцэхгүй. Б.Мухтар нь ажил олгогчийн шийдвэрээр 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн эзгүй байгаа ажилтны ажил үүргийг түр орлон гүйцэтгэсэн бөгөөд СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг гүйцэтгэх хугацаанд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 51 дүгээр тушаалаар С.Шаривыг тус компанийн ерөнхий инженерээр түр томилон ажиллуулсан нь ажилтан, ажил олгогчийн хооронд2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохирсноор дуусгавар болгосныг нотлохгүй юм. Хэрэгт авагдсан баримтаар хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохирч дуусгавар болгосон үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ талаар болон анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй гэж гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанчлан анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 105 дугаар зүйлийн 105.1.-т заасан журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгч талаас гаргасан 2 төрлийн нотлох баримт, хариуцагч талаас гаргасан 17 хуудас нотлох баримт, гуравдагч этгээдээс гаргасан 1 хуудас нотлох баримтыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж хэрэгт хавсарган, зохигч, гуравдагч этгээдэд нэг бүрчлэн танилцуулж /энэ талаар баримтыг хэрэгт хавсаргасан/, хэргийн оролцогчоос шинээр гаргаж өгсөн нотлох баримттай танилцаад гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байгаа эсэхийг шүүхээс лавласны эцэст шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчим, 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, 38 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргах ба цуглуулах журам, 105 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх журам тус тус зөрчигдсөн гэж үзэхгүй.

 

Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурдсан гурван үндэслэлийг хэрэгт байгаа баримтын хүрээнд судлан үзвэл, тэрээр анхан шатны шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй боловч Х.Холганатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгаагүй, шийдвэрийн тогтоох хэсэгт гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гомдол гаргах эрхийн талаар дурдаагүй орхигдуулсан талаарх давж заалдах гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 120 дугаар зүйлийн 120.2.-т нийцсэн байна. Гэвч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гомдол гаргах эрх хангагдсан бөгөөд түүний гомдолд дурдсан 2 дахь үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдолгүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-т заасан аль нэг үндэслэлд хамаарахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгох тухай гаргасан тэдгээрийн давж заалдах гомдлуудыг тус тус хангахгүй орхиж, мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бахытбек, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Холганат нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72200 төгрөгөөс 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 2000 төгрөгийг төрийн сангийн 100020000941 дугаар данснаас гаргуулж, хариуцагч СУАТ ХХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

ШҮҮГЧИД Н.ТУЯА

С.ӨМИРБЕК

 

 

 

 


[1] Хэргийн 82 дугаар тал. Итгэмжлэл.

[2] Хэргийн 24 дүгээр тал.

[3] Хэргийн 25 дугаар тал.

[4] Хэргийн 57 дугаар тал.

[5] Хэргийн 111 дүгээр тал.

[6] Хэргийн 110 дугаар тал.

[7] Хэргийн 109 дүгээр тал.

[8] Хэргийн 119 дүгээр тал.

[9] Хэргийн 114 дүгээр тал.

[10] Хэргийн 115 дугаар тал.

[11] Хэргийн 70 дугаар тал.