Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2017/00101

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч А.Жархынгүл, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, Ж овогт Жийн Бы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт үйл ажиллагаа явуулах, Э ХК /гүйцэтгэх захирал М.Т/-д иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагчийн өмгөөлөгч К.З, иргэдийн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Э ХК нь хоёр талын хэлцлээс буцсан учраас К ХХК-ийн 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг тус компанид буцаах, Ө сумын * дугаар багт үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг сэргээн барьж өгөхийг Э ХК-ийн захиргаанд даалгах тухай.

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн Ж.Б би "Э" ХК /хуучин нэрээр/ захирлаар ажиллаж байсан Д.Мтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ ёсоор Ө сумын * дугаар багт байрлалтай ************* нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий газарт Д.Мын гарын бичмэл баримт буюу бичгийн зөвшөөрлийг үндэслэн үйлчилгээний зориулалттай, 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр 2007 оноос эхлэн барьсан юм. Өөрөөр хэлбэл уг барилга байгууламжийг барихыг Д.М нь 2010 оны 02 дугаар сарын 09-ны өдөр зөвшөөрч "Миний эзэмшилд байгаа Ө сумын *-р багт орших 500 м.кв газарт иргэн Ж.Б нь үл хөдлөх эд хөрөнгө болон үйлчилгээний зориулалттай 1 давхар 6 өрөөтэй объект барихыг зөвшөөрөв" гэсэн бичиг үйлдсэн юм. Ө сумын * дугаар багт байрлалтай үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай зургаан өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Монгол улсын иргэн Ж овогт Жийн Б /БЛ ***********/ мөн болохыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2010 оны 02 дугаар сарын 11-ны өдөр олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байгаа юм. Тэгж байтал "Э" ХК-ны захирал Д.М нь тухайн газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болж 2013 оноос уг ажил эхэлсэн юм. Энэ хугацаанд Д.М нь надтай харилцан тохиролцож, миний үл хөдлөх эд хөрөнгө болох 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг 40 айлын орон сууц барих ажилчдын контор, түр амрах өрөө болгон ашиглахаар болж, уг барилгыг ашиглуулсны хөлсөнд Ж.Б надад сар бүр 400000 төгрөг төлөхөөр болсон юм. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулж байсан юм. Гэтэл миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр ашиглаж байхад надад мэдэгдэлгүйгээр нураажээ.

"Э" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.М нь миний 135 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байсан газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болсон тул надад 135 м.кв талбайтай орон сууц олж өгөхөөр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар хэлцэл хийсэн юм. Эхлээд Д.М нь надад 135.м.кв талбайтай орон сууц олж өгөхөөр тохиролцсон боловч сүүлд надад "К" ХХК-ны 24 айлын орон сууцнаас 74.м.кв бүхий байр өгөхөөр болж үлдсэн маргаан бүхий 61 м.кв талбайн асуудалд 8 давхартай 40 айлын орон сууцны подволыг бүхэлд нь үйлчилгээний зориулалттай байр болгон ашиглана, үүнээс Танд ноогдох 61.м.кв талбайтай подвалын хэсгийг олгоно гэж тохиролцож байсан. Гэтэл 8 давхар 40 айлын орон сууц одоо ашиглалтад орсон боловч подвалыг үйлчилгээний байр болгон ашиглаагүй байна. Иймээс би Э ХК-ны захирал асан Д.Маас маргаан бүхий 61 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар авах шаардлагагүй гэж үзэж байна. Ингээд би энэ асуудалд тохирч "К" ХХК-ны 24 айлын орон сууцнаас 74м.кв талбайтай орон сууц авч одоо амьдарч байна. Харин Д.М нь амласан 61 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байр өгөхгүй намайг өнөөдөр хүртэл хохироож байна. "Э" ХК-ны захирлаар ажиллаж байсан Д.М нь түрээсийн гэрээгээр ашиглаж байсан Ө сумын * дугаар багт байрлалтай ************** улсын бүртгэлийн дугаартай 135.м.кв талбайтай 6 өрөө бүхий барилга байгууламжийг миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нураасан байна. Энэ нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т "Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг сэргээн засах зэрэг/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө" гэж заасантай нийцэж байна. Ингээд би одоогийн байдлаар хууль ёсоор өмчилж байсан 6 өрөө бүхий барилга байгууламжаа нураалган үнсэн товрог болгон нөгөө талаас 61 м.кв талбайтай байраа авч чадахгүй зэргээр давхар, давхар хохирч байна. Иймд "Э ХК нь хоёр талын тохиролцсон хэлцлээс буцсан тул "К" ХХК-ны 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг "Э ХК-нд буцааж, Ө сумын * дугаар багт үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг сэргээн барьж өгөхийг "Э" ХК-нд даалгаж өгөхийг хүсэж байнагэжээ.

Хариуцагч Э ХК-ийн гүйцэтгэх захирал М.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө сумын * дугаар багт оршин суугч Ж.Бы 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ж.Б нэхэмжлэлийн шаардлагад "Э" ХК нь хоёр талын хэлэлцэн тохиролцсон хэлцлээс буцсан учраас "К" ХХК-ийн 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг тус компанид буцаах, Ө сумын * дугаар багт байрлалтай үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга, байгууламжийг сэргээн барьж өгөхийг "Э" ХК-ийн захиргаанд даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэг. Болсон асуудлын талаар:

"Э" ХК-ийн захирал Д.Мад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 433 тоот захирамжийн үндсэн дээр 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн газар эзэмших эрхийн 0269862 тоот гэрчилгээний дагуу Ө сумын * дугаар багийн нутаг дэвсгэр шүүхийн хойд талаас 500 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн юм. Компанийн захирал Д.М нь иргэн Ж.Бы хүсэлтээр өөрийн газар эзэмших эрхийн 0269862 тоот гэрчилгээтэй 500 м2 эзэмшил газрыг бичгээр хийсэн хэлцлийн дагуу үйлчилгээний зориулалттай 1 давхар 6 өрөө бүхий байр барихад зориулж ашиглуулах талаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч Ж.Б нь дээрх газарт Д.Мын бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай 6 өрөө бүхий 135 м.кв талбайтай байр барьсан нь газар эзэмшигч Д.Мын эзэмшилд байгаа 500 м.кв газрын нэг хэсэг болох 135 м.кв газрыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу иргэн Ж.Б хэлцлийн үндсэн дээр ашиглаж байсан явдал юм. Нэхэмжлэгч Ж.Б нь "Э" ХК-ийн захирал асан Д.Мын эзэмшил бүхий 135 м.кв газарт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болох 6 өрөө нэг давхар барилга барьсан болох нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Ү-***********-т бүртгэсэн гэрчилгээгээр нотлогдож байна. Дараа нь газар эзэмшигч Д.М нь өөрийн эзэмшилд байсан 500 м.кв газарт нийтийн орон сууцны барилга барихад зайлшгүй шаардлагын үүднээс Ж.Бы барьсан үл хөдлөх хөрөнгө болох 135 м.кв талбайтай 6 өрөө барилгыг буулгаж оронд газар эзэмшигч Д.М нийтийн орон сууцны барилга барих, Ж.Бы үл хөдлөх эд хөрөнгө болох 135 м.кв талбайтай 6 өрөө барилгыг буулгаж газар эзэмшигч Д.М нь газар ашиглагч бөгөөд 135 м.кв газарт 6 өрөө үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгч Ж.Бд Ө сумын * дугаар багт байршилтай 24 айлын орон сууцны 3-24 тоот байрыг Д.М худалдан авч өгсөн зэрэг Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудын дагуу гэрээ хэлцэлүүд бичгийн болон аман хэлцлийн журмаар хийгдэж байсан байна.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүд:

1. "Э" ХК-ийн захирал Д.М нь Ө сумын * дугаар багт байрлалтай Ү-*********** улсын бүртгэлийн дугаартай 135 м.кв талбайтай 6 өрөө бүхий барилга байгууламжийг миний зөвшөөрөлгүйгээр нураасан байна. Энэ нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т "Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээн учирсан хохирлыг мөнгөөр төлнө" гэдэгт нийцэж байна хэмээн нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлжээ. Гэтэл Ж.Бы өмчлөлийн 135 м.кв талбайтай 6 өрөө бүхий Ү-*********** улсын дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй байрыг нурааж хариуцагч Д.М түүнд 74 м.кв талбай бүхий орон сууцны байр, 61 м.кв талбай бүхий подвалын байгууламжийг ашиглуулахаар тохирсон байсан гэж нэхэмжлэлд дурдсан байх тул нэхэмжлэгч Ж.Б, Д.М нарын хооронд харилцан тохиролцож хэлцэл байгуулагдаж тухайн барилгыг хэлцлийн үндсэн дээр нурааж уг барилгын нөхөн төлбөрийн оронд нэхэмжлэгч Ж.Б нь Ө сумын * дугаар баг 24 айлын орон сууцны 3-24 тоот байрыг Д.Маас хүлээн авч өмчилж байгаа болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн *********** дугаар бүхий улсын бүртгэлийн Ү-************* тоот гэрчилгээ, нэхэмжлэгч Ж.Бы нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт бичсэнээр батлагдаж байна. Энэ нь зохигчдын хооронд байгуулагдсан хэлцэл байгааг нотолж байгаа тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан гэм хорын хохирол, эрх зүйн үр дагавар бий болоогүй гэж үзэх бүрэн үндэстэй юм.

2. Нэхэмжлэгч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон байна. Тухайлбал "Э" ХК-ийн захирал Д.М, иргэн Ж.Б нарын хооронд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.в, Иргэний хуулийн 151 дүгээр зүйлд заасан "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх /сервитут/ буй болж мөн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.1-д заасан "...гэрээнд заасан тохиолдолд бусдын үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжид хязгаартай ашиглах" эрх нь нэхэмжлэгч Ж.Бы гаргаж өгсөн Д.Мын бичиж өгсөн 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн "Тодорхойлолт" нэртэй эзэмшил газарт 1 давхар 6 өрөө бүхий объект барихыг зөвшөөрөв" гэсэн бичгийн хэлбэртэй хэлцлээр батлагдаж байна. Үүнээс үүдэлтэй нэхэмжлэгч Ж.Б нь тухайн Д.Мын эзэмшил газарт 135 м.кв талбай бүхий 6 өрөөтэй барилга барьж эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** тоот гэрчилгээ авснаар нэхэмжлэгч Ж.Б, Д.М нарын хооронд Иргэний хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан "Үр шимийг хүртэж ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хязгаартай эзэмших, ашиглах эрх "узуфрукт" бий болсон байна. Маргааны гаргалгааг энэхүү "узуфрукт"-ын эрх зүйн харилцаатай холбон үзэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох нь зохилтой болох нь талуудын хоорондох бичгийн болон аман хэлцэлүүдээс тодорхой харагдаж байна. Жишээлбэл: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай" 433 тоот захирамж, 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн газар эзэмших эрхийн 0269862 тоот гэрчилгээ, Д.Мын 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн "тодорхойлолт" нэртэй эзэмшил газрыг Бд ашиглуулахаар зөвшөөрсөн тухай бичгийн хэлбэртэй хэлцэл, эд хөрөнгө өмчлөх эрхийн 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-*********** тоот гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдож байна. Гэтэл Б нь нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасан "Эд хөрөнгөнд учруулсан гэм хор"-ыг арилгуулахаар тодорхойлж гаргасан нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Бидний зүгээс Ж.Бы нураасан барилга байгууламжийн оронд Ө сумын * дугаар баг 24 айлын орон сууцны 3-24 тоот байрыг "К" ХХК-иас тухайн үеийн зах зээлийн үнээр нэг м.кв-ыг 1250000000 /нэг сая хоёр зуун тавин мянган / төгрөгөөр үнэлж нийтдээ 92500000 /ерэн хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр худалдан авч өгсөн ба Ж.Б нь тухайн байрыг хүлээн авч бүртгэлийн байгууллагад бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн *********** дугаар бүхий улсын бүртгэлийн Ү-************* тоот гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн авсан байх тул түүнд учирсан ямар нэгэн хохирол байхгүй юм. Түүний шинээр баригдсан 8 давхар орон сууцны үйлчилгээний зориулалттай 61 м.кв талбай бүхий подвалын байгууламжийг ашиглуулахаар тохирсон гэдэг нь огт үндэслэлгүй бөгөөд энэ талаар талуудын хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй. Энэ талаар ямар нэгэн бичиг баримт үйлдэж байгаагүй. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: М нэхэмжлэгч Ж.Бтай тохиролцож 135 м.кв бүхий шүүхийн хажуу талын байрны газрыг авч нотариатаар гэрчлүүлж гэрээ хийгээд шүүхийн хажуугийн 8 давхар барилгыг барьсан байгаа. Ж.Б өөрөө болон эхнэр нь ажилгүй, 3 хүүхэдтэй бүтэн өнчин залуу байгаа. Замын хажуу талд үйлчилгээний барилга бариад амьдралаа залгуулах, 3 дүүгээ сургах зорилгоор барилга барьсан. Энэ нь 135 м.кв талбай бүхий 4 өрөө барилга байсан. Том өрөөг цайны газар болгох гэж бүх тоног төхөөрөмжөө Хятад улсаас оруулж ирсэн байсныг мэдэж байна. Тэгж байтал М орон сууц барихаар боллоо, газраа өгөөч гэхээр нь Б, М нар нь харилцан тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл М Бд орон сууц авч өгье, 135 м.кв газрыг чинь ямар ч байсан гүйцээж өгье гэж хэлсэн байна. Ингэж тохиролцсоны дагуу Бд К ХХК-ийн барьсан барилгаас 74 м.кв бүхий 3 өрөө байр авч өгсөн байна. Үлдсэн 61 м.кв-ийн хувьд би удахгүй 8 давхар барилга барина, үүний нэг давхрыг үйлчилгээний зориулалтаар ашиглана. Чи угаасаа үйлчилгээний зориулалтаар ашиглах зорилготой юм байна, тийм учраас тухайн барилгаас 61 м.кв өгье гээд амаар тохиролцсон, ямар нэгэн бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй байна. Тэгэхэд Б нь М хариуцлагатай албан тушаалтай хүн байна, ямар ч байсан худлаа хэлэхгүй байх гэж бодоод тохиролцсон байна. Ийнхүү тохиролцсоны дагуу уг 3 өрөө байрыг авсан. Дараа нь нөгөө үлдсэн 61 м.кв юу болсон бэ? 74 м.кв хангалттай үлдсэн 61 м.кв-ийг хэзээ ч өгөхгүй гэснээр маргаан гарсан. Тэгэхэд Б тэгвэл би 74 м.кв-ийг чинь буцааж өгье, харин чи миний 135 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг сэргээн барьж өг гээд хүсэлт тавьсан. Хэрвээ 61 м.кв талбайг өгсөн тохиолдолд маргах зүйл байхгүй. Уг 135 м.кв талбай бүхий барилга нь төвлөрсөн цэвэр, бохир усны шугаманд холбогдсон байсан бөгөөд хариуцагчаас уг нэг давхар барилгыг сэргээж барьж өгөхийг хүсэж байна. Тухайн газар барилга барьж байхад хоёр дугаар давхрын тагтыг буулгасан. Анх тохиролцохдоо тагтыг нураах, буулгах талаар яриагүй байсан. Эхэндээ уг барилгыг түрээсэлж байсан. Улаанбаатар хотоос ажилчид нь ирээд байр болгон түрээсээр ашиглаж байгаад дараа нь нураасан. Нэхэмжлэгч Ж.Б ийнхүү хохирч байгаа тул хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. 61 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар олгох эсхүл 74 м.кв 3 өрөө байрыг буцааж, 135 м.кв талбай бүхий барилгыг сэргээн барьж өгөх шаардлага гаргаж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Э ХК нь хоёр талын тохиролцсон хэлцлээс буцсан учраас К ХХК-ны 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг тус компанид буцаах, Ө сумын * дугаар багт үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг сэргээн барьж өгөхийг Э ХК-ийн захиргаанд даалгаж өгөхийг хүсжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ж.Б нь харилцан тохиролцсоноор Ө сумын * дугаар багт байрлалтай ************* нэгж талбарын дугаартай 500 м.кв талбай бүхий Д.Мын эзэмшил газрыг, Д.Мын гарын баримт бичгийн зөвшөөрлийн дагуу газрыг шилжүүлэн авч, уг газарт үйлчилгээний зориулалттай, 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг Ж.Б барьсан ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

Иргэн Д.Мын 2010 оны 02 сарын 09-ний өдрийн ...миний эзэмшилд байгаа Ө сумын *-р багт орших 500 м.кв газарт иргэн Ж.Б нь үл хөдлөх эд хөрөнгө болон үйлчилгээний зориулалттай 1 давхар 6 өрөөтэй объект барихыг зөвшөөрөв ...гэсэн гар бичмэлийг үндэслэн нэхэмжлэгч Ж.Б иргэн Д.М нар нь 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 031303971 улсын бүртгэлийн дугаартай эзэмшил газрыг бусдад шилжүүлэх гэрээ байгуулж, Ө сумын * дугаар багт байрлалтай 200 м.кв газрыг шилжүүлж, уг газрыг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ашиглалтад орсон, зориулалтаар захиран зарцуулах болно гэж гэрээ байгуулж хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж /2010.02.11/ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ж овогт Жийн Б /РД:БЛ***********/ мөн болох нь 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 000077293 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан байх ба уг гэрчилгээ нь одоо хүртэл хүчинтэй байгаа юм байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Д.М нь 135 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байсан газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болж, надад 135 м.кв талбайтай орон сууц олж өгөхөөр тохиролцсон ... гэж дурдсанаас үзэхэд, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар талууд хэлэлцэн тохиролцож Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар аман хэлцэл хийсэн байна гэж үзлээ.

Талууд харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч Ж.Б нь Ө сумын * дугаар багт байрлах үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг Д.Мад хүлээлгэн өгч, Д.М нь нэхэмжлэгч Ж.Бд Ө сумын * дугаар багт байрлалтай 24 айлын орон сууцны 3-24 тоот байрыг худалдан авч өгч, түүнийг хүлээн авсан байх тул талууд хүсэл зоригоо илэрхийлснээр үүргийн харилцаа дуусгавар болсон байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д ... талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж зааснаас үзэхэд талууд тодорхой эд хөрөнгийг харилцан тохиролцсоноор өмчлөлдөө шилжүүлэн авсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ж.Б нь Ө сумын * дугаар багт байрлалтай 24 айлын орон сууцны 3-24 тоот байрын өмчлөгч болох нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн /Y-************* дугаар/ 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн *********** дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх тул хариуцагч Д.М нь гэрээгээр тохиролцсоны дагуу эд хөрөнгийг нэхэмжлэгч Ж.Бы өмчлөлд шилжүүлсэн, түүнийг нэхэмжлэгч Ж.Б нь хүлээн авч биет байдлаар ашиглаж, одоо тухайн орон сууцанд амьдарч байгаа болох нь зохигч нарын тайлбараар бүрэн тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч Д.М нар нь хэлцлээр тохиролцсон бүх зүйлээ хүлээн авснаар хэлцлийн гол нөхцөл биелэгдсэн учир нэхэмжлэгч Ж.Б нь Ө сумын * дугаар багт байрлалтай 24 айлын орон сууцны 3-24 тоот байрыг хүлээн авч, бүртгэлийн байгууллагад бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байх тул түүнд ямар нэгэн хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь ... миний үл хөдлөх эд хөрөнгө болох 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг түрээсээр ашиглаж байсан ба надад мэдэгдэлгүйгээр нурааснаас, надад Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д гэм хор учирсан гэх боловч нэхэмжлэгч Ж.Б нь хэлцлийн үндсэн дээр Д.Маас Ө сумын * дугаар багт байрлалтай 24 айлын орон сууцны 3-24 тоот байрыг 2014 онд хүлээн авч, уг үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлэн өмчлөлдөө авч, тэнд одоо хүртэл амьдарч байгаа байдлыг үзэхэд ...надад мэгдэлгүйгээр миний үл хөдлөх эд хөрөнгө болох 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг нураасан гэх гомдол нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг Д.Мад өгч, Д.М нь надад 74 м.кв талбайтай орон сууцны байр, 61 м.кв талбайтай подволын байгууламжийг ашиглуулахаар тохиролцсон хэлцлээс буцсан учир хариуцагч Д.Маас хүлээж авсан Ө сумын * дугаар баг 24 айлын орон сууцны 3-24 тоот байрыг Э ХК-нд буцааж өгнө гэснийг дүгнэхэд нэхэмжлэгч Ж.Б нь Д.Мтай хийсэн гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийг буцааж өгнө гэж гэрээнээс татгалзаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Э ХК-ийн захирал асан Д.М нь маргаан бүхий 61 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байр өгөхөөр амласан энэ үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзаж байна гэх боловч шинээр баригдсан 8 давхар орон сууцны подволоос 61 м.кв талбайг ашиглуулахаар харилцан тохиролцсон талаар ямар нэгэн баримт байхгүй, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Бы Э ХК нь хоёр талын хэлцлээс буцсан учраас 74 м.кв орон сууцыг Э ХК-нд буцааж, Ө сумын * дугаар багт үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг сэргээн барьж өгөхийг Э ХК-нд даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан Ж.Бы Э ХК нь хоёр талын хэлцлээс буцсан учраас 74 м.кв орон сууцыг Э ХК-нд буцааж, Ө сумын * дугаар багт үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг сэргээн барьж өгөхийг Э ХК-нд даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК

ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ

К.БҮЛДИРГЕН