Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00022

 

   Ж.Б-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 дүгээр шийдвэртэй, Ж.Б-ы нэхэмжлэлтэй,тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн төлөөлөгч М.Т, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг м.кв-ыг 1250000 төгрөгөөр тооцон нийт үнэ 168750000 төгрөгөөс 74 м.кв орон сууцны үнэ 92500000 төгрөгийг хасаад зөрүү 76250000 төгрөгийг бодит хохиролд тооцон хариуцагч “Э” ХК-аас гаргуулах тухай.

 

            Нэхэмжлэлд: “Миний бие “Э” ХК-ийн захирал Д.М-тай харилцан тохиролцож гэрээ ёсоор Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай 1031304178 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий газарт Д.М-ын гараар бичсэн бичгийн зөвшөөрлийг үндэслэн үйлчилгээний зориулалттай, 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр 2007 оноос барьж эхэлсэн.  Уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ж.Б миний бие мөн болох нь Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газраас 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон гэрчилгээгээр нотлогдож байгаа.

 

“Э” ХК  уг газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болж миний 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг надад мэдэгдэхгүйгээр нураасан учраас 135 м.кв талбайтай байр өгөхөөр тохирсон. Гэвч “К” ХХК-ийн 24 айлын орон сууцаас 74 м.кв  бүхий байр өгч, 61 м.кв талбайд нь үйлчилгээний зориулалттай подвалын талбайгаас өгнө гэж тохиролцсон боловч одоог хүртэл өгөхгүй хохироосоор байна. Иймд хоёр талын тохиролцсон хэлцлээс буцсан учраас “К” ХХК-ны 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг тус компанид буцаах, Өлгий сумын 5 дугаар багт үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг сэргээн барьж өгөхийг “Э” ХК-ны захиргаанд даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухай тайлбарт: “Ж.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч К.А би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 35 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн тус шүүхэд гаргасан Ж.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр өөрчлөн гаргаж байна.  

Хариуцагч Д.М нь Ж.Б-ы өмчлөлийн 135 м.кв талбайтай барилга байгууламжийг дур мэдэн нурааж оронд нь өөрийн өмчлөлийн 8 давхар орон сууц барьсан бөгөөд хариуцагч Д.М тухайн үед 1 м.кв талбайн үнийг 1,250,000 төгрөгөөр үнэлсэн учраас 135 м.кв талбайтай барилга байгууламжийн нийт үнэ 168,750,000 төгрөг гэж үзэж байна. Иргэн Ж.Б-д 168,750,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 2 өрөө орон сууцны үнэ 92,500,000 төгрөгийг хасахад 76,250,000 төгрөгийн зөрүү гарч байгаа бөгөөд энэ нь Ж.Б-д учирсан бодит хохирол юм. Иймд “Э” ХК-ны санхүүгээс гэм хорын хохирол 76,250,000 /далан зургаан сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан Ж.Б-д олгуулах” тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “... “Э” ХК-ний захирал байсан Д.М нь нэхэмжлэгч Ж.Б-ы өмчлөлийн 123 м.кв барилга байгууламжийн оронд Өлгий сумын 5 дугаар баг 24 айлын орон сууцны 3-24 тоот 74 м.кв 2 өрөө байрыг тухайн үеийн зах зээлийн үнээр нэг м.кв-ыг 1250000 төгрөгөөр үнэлж нийтдээ 92500000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Ж.Б тухайн байрыг хүлээн авч бүртгэлийн байгууллагад бүртгүүлж өмчлөлдөө авсан тул түүнд учирсан ямар нэгэн хохирол байхгүй. Түүний шинээр баригдсан 8 давхар орон сууцны үйлчилгээний зориулалттай 61 м.кв талбай бүхий подвалын байгууламжийг ашиглуулахаар тохирсон гэдэг нь огт үндэслэлгүй бөгөөд энэ талаар талуудын хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4, 274 дүгээр зүйлийн 274.1-ийг тус тус заасныг баримтлан хариуцагч “Э” ХК-аас 76250000 төгрөгийг бодит хохиролд тооцон гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэсэн хууль зүйн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг м.кв-ыг нь 1250000 төгрөгөөр тооцон нийт үнэ 168750000 төгрөгөөс 74.м.кв орон сууцны үнэ 9250000 төгрөгийг хасаад зөрүү 76250000 төгрөгийг бодит хохиролд тооцон хариуцагч “Э” ХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг дараах хууль зүйн үндэслэлээр ханган шийдвэрлэх ёстой байтал Иргэний хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.Үүнд:

1. Ж.Б нь “Э" ХК \хуучин нэрээр\ захирал асан Д.М-тай харилцан тохиролцсон гэрээ хэлцэл ёсоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 1031304178 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий газарт Д.М-ын 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн “Миний эзэмшилд байгаа Өлгий сумын 5 дугаар багт орших 500 м.кв газарт иргэн Ж.Б нь үл хөдлөх эд хөрөнгө болон үйлчилгээний зориулалттай 1 давхар 6 өрөөтэй объект барихыг зөвшөөрөв.” гэсэн бичгийн зөвшөөрлийг үндэслэн үйлчилгээний зориулалт бүхий 135 м.кв талбайтай, 6 өрөө барилга байгууламжийг өөрийн хувийн хөрөнгөөр барьсан. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай зургаан өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ж.Б мөн болохыг Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газраас 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ээр нотлогдож байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Э“ ХХК-ны хууль ёсны өмчлөлд шилжүүлж аваагүй. Дээр дурдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-т заасан заалттай тус тус нийцэж байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Иргэн Ж.Б, Д.М нарын хооронд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-т заасан үйл баримт явагдаагүй.

2. “Э” ХК-ны захирал асан Д.М нь тухайн газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар 2013 оноос уг ажлыг эхлүүлсэн. Энэ хугацаанд Д.М нь Ж.Б харилцан тохиролцон Ж.Б-ны үл хөдлөх эд хөрөнгө болох 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг 40 айлын орон сууц барих ажилчдын контор, түр амрах өрөө болгон ашиглахаар болж, уг барилгыг ашиглуулсны  хөлсөнд Ж.Б-д сар бүр 400000 төгрөг төлөхөөр болсон. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан боловч Ж.Б-ны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр ашиглаж байгаад түүнд мэдэгдэлгүйгээр нураасан. Хоёр талын хооронд тооцоо дуусаагүй байхад “Э” ХК-ны захирал асан Д.М нь Ж.Б-ы 135 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байсан газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болсон тул Ж.Б-нд 135 м.кв талбайтай орон сууц олж өгөхөөр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар хэлцэл хийсэн. Эхлээд Д.М нь Ж.Б-нд 135.м.кв талбайтай орон сууц өгөхөөр тохиролцсон боловч сүүлд “К” ХХК-ны 24 айлын орон сууцнаас 74 м.кв бүхий байр өгөхөөр болж үлдсэн маргаан бүхий 61 м.кв талбайн асуудалд “8 давхар 40 айлын орон сууцны подвалыг бүхэлд нь үйлчилгээний зориулалттай байр болгон ашиглана, үүнээс танд ноогдох 61.м.кв талбайтай подвалын хэсгийг олгоно” гэж тохиролцож байсан байна. Гэтэл 8 давхар 40 айлын орон сууц ашиглалтад орсон боловч подвалыг үйлчилгээний байр болгон ашиглаагүй. “Э” ХК-ны захирал асан Д.М нь амласан 61 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байр өгөхгүй Ж.Б-ныг өнөөдөр хүртэл хохироож байна. “Э” ХК-ны захирал асан Д.М нь түрээсийн гэрээгээр ашиглаж байсан Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай Ү.0213003930 улсын бүртгэлийн дугаартай 135 м.кв талбайтай 6 өрөө бүхий барилга байгууламжийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нураасан нь буруу гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101 дүгээр зүйлийн 101.1,106 дугаар зүйлийн 106.1, 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасантай нийцэж байна.

3. Хариуцагчаас анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ж.Б, Д.М нарын хооронд 135 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 135 м.кв талбайтай байраар солихоор харилцан тохиролцож хэлцэл байгуулагдсан нь нотлогдож байна гэж үзэж байна.

4. Хариуцагч тайлбартаа тухайн үеийн зах зээлийн үнээр нэг м.кв-ыг 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянган\ төгрөгөөр нийт 92,500,000 төгрөгөөр үнэлсэн байна. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол учраагүй гэж дурдаж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна. Хэрвээ хариуцагч нь 1 м.кв талбайн үнийг 1,250,000 төгрөгөөр үнэлбэл 135 м.кв талбайн үнэ нь 168,750,000 төгрөг. Ингээд нийт 168,750,000 төгрөгийн хохирлоос 92,500,000 төгрөгийг хасахад үлдсэн 76,250,000 төгрөгийн зөрүү гарч байна. Чухамхүү энэ 76,250,000 төгрөг нь нэхэмжлэгч Ж.Б-д учирсан бодит хохирол юм. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцон нэхэмжлэгч Ж.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

 

1. Нэхэмжлэгч анх “Э” ХК-д холбогдуулан “хоёр талын тохиролцсон хэлцлээс буцсан учраас 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг “Э” ХК-д буцааж, Өлгий сумын 5 дугаар багт байрлах үйлчилгээний зориулалттай, 135 м.кв талбай бүхий 6 өрөө барилга байгууламжийг сэргээн барьж өгөхийг “Э” ХК-д даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн 1 м.кв-ын үнийг 1250000 төгрөгөөр тооцож, нийт үнэ 168.750.000 төгрөгөөс 74 м.кв орон сууцны үнэ 92.500.000 төгрөгийг хасаж, зөрүү 76250000 төгрөгийг бодит хохиролд тооцон хариуцагч “Э” ХК-аас гаргуулах” гэж өөрчилжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухай “нэхэмжлэл”-ийг хүлээн авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.-т заасан бүрдүүлбэрийг нягтлан шалгаагүй нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11.-т заасан журмыг зөрчсөн байна. Нэхэмжлэгч Ж.Б-ы хариуцагч “Э” ХК-аас 76250000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авах үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2, 62 дугаар зүйлийн 62.2.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлж, бүрдүүлбэр хангуулж аваагүй, тухайн үед мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-т заасан хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулаагүй атлаа мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.-т заасныг шүүхээс шийдвэр гаргах үед хэрэглэсэн нь оновчгүй болжээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, тухайлбал “Э” ХК-ийн нураасан гэх 135 м.кв талбайтай барилгын 1 м.кв талбайн үнийг 1.250.000 төгрөгөөр тооцож, нийт үнэлгээг 168.750.000 төгрөгөөр тогтоосон үндэслэлийг, түүнчлэн нэхэмжлэгчийн өмчлөлийн “К” ХХК-ийн барьсан гэх 24 айлын орон сууцны 74 м.кв талбайтай байрны нэгж талбарыг мөн 1.250.000 төгрөгөөр үнэлж, 168.750.000 төгрөгөөс хасаж тооцсон үндэслэлийг тодруулалгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан журамд нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            2. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00936 дугаар тогтоолд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэдийн хооронд үүссэн маргааны баримтыг хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэлд хамруулсан үндэслэлээ шийдвэрт заагаагүй, Ж.Б-ы нэхэмжлэлийг тодруулах ажиллагааг хангалттай бүрэн хийгээгүй нь Иргэний хуулийн 101, 497 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26-28, 40 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцээгүй, хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй байгааг анхаарч үзээгүй зэрэг үндэслэлүүдийг заасан бөгөөд эдгээрийг анхан шатны шүүхээс биелүүлээгүй байна.

 

            Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэлүүдийг шалгаж, тогтоохгүй байх үндэслэл болохгүй бөгөөд Ж.Б-ы нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “Хариуцагч Д.М нь Ж.Б-ы өмчлөлийн 135 м.кв талбайтай барилга байгууламжийг дур мэдэн нурааж, оронд нь өөрийн өмчлөлийн 8 давхар орон сууц барьсан нь үнэн... “Э” ХК-ийн санхүүгээс гэм хорын хохиролд 76250000 төгрөг гаргуулж, Ж.Б-д олгох” гэж дурдсанаас үзвэл, тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө өмнө гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дэмжсэн агуулгатай байна.

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих материаллаг хуулийн заалтыг хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд бодитой дүгнэлт хийгээгүй, хангалттай тодруулаагүйгээс Иргэний хуулийн үүргийн зөрчилтэй холбоотой үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг арилгуулахтай холбоотой 219 дүгээр зүйлийн 219.1, үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагатай холбоотой 227 дугаар зүйлийн 227.4, арилжааны гэрээг зохицуулсан 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Түүнчлэн хэрэгт цугларсан Д.М, Ж.Б нарт холбоотой баримтуудыг хариуцагч “Э” ХК-д холбоотой хэрэгт хамааруулах үндэслэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэлд тусгаагүйгээс гадна хяналтын шатны шүүхийн тогтоолд зааснаар хариуцагч хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тодорхойлох баримт бичгийг хэрэгт хавсаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэх тул маргааны үйл баримт, нотлох баримтын үнэлгээтэй холбоотой гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос “анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн” гэх хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна. Хуульд зааснаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 540.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК