Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 735

 

 “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00253 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Отгонцэцэг, Ц.Гантөмөр нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 375 431 177 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Н.Бат-Эрдэнэ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Намсрайжав

Хариуцагч: Ц.Гантөмөр

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Эрдэнэчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Япон улсын иргэн Асо Ёшуцугутай                                                                                    хамтран 2015 онд байгуулсан “Скай групп холдинг” ХХК болон Ц.Гантөмөрийн “Хайрхан трейд” ХХК 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай байх “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийг 2015 оны сүүлээр байгуулж хамтран ажиллахаар болсон. Гэвч Хайрхан Трейд ХХК мөнгөний бололцоогүй шалтгаанаар компанид оруулах хөрөнгөө өгөөгүй байгаа бөгөөд “Скай Групп холдинг” ХХК 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хамтарсан компанид оруулсан хөрөнгө болох 100 000 ам.долларыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэг сарын хугацаатай, хүүгүй зээлж аваад эргүүлж өгөөгүй.

Ц.Гантөмөр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх шаардлагатай, гадаад явахад мөнгө хэрэгтэй гээд гуйсанд итгэж 100 000 ам.долларыг Худалдаа хөгжлийн банкаас чекээр бэлнээр гаргаж түүнд өгсөн, бэлэн мөнгө гаргасны шимтгэлд 250 ам.доллар төлсөн. Би Ц.Гантөмөрт хамтарсан компанийн мөнгийг зээлдүүлэхдээ Японы хөрөнгө оруулагчтай утсаар ярьж танилцуулахад “тухайн зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуул, хүүгүй байж болно, барьцаатай байх хэрэгтэй, зээлийг нэг сард багтаан төлөх хариуцлагыг хангаж, хугацаа хэтрүүлбэл хоногийн 0,5 хувийн алданги төлөх” заалтыг гэрээнд тусгахыг анхааруулсныг Түүнд хэлэхэд тэрээр зөвшөөрч Гачууртад байдаг дүүгийнхээ амралтын зориулалттай обьектыг барьцаалж, дүүгээрээ гэрээ хийлгэхээр болсон.

Иймд 2015 оны 12 дугаас сарын 31-ний өдөр Ц.Гантөмөрийн дүү Ц.Отгонцэцэг, миний хүү Б.Алтан-Өлзий нар нотариат дээр очиж 100 000 ам.долларын гэрээ хийж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан Тохой 13130 гудамж 113/14 барилгын 2 тоотод байрлах хөрөнгийг барьцаалсан. Энэ мөнгө бол хөрөнгө оруулалттай хамаагүй.

Иймд дээрх гэрээний дагуу Ц.Гантөмөрөөс 100 000 ам.доллар, алданги 50 000 ам.доллар, бэлэн мөнгө гарсны шимтгэл 250 ам.доллар нийт 375 431 177 төгрөгийг гаргуулан олгож, дээрх мөнгийг сайн дураар төлөөгүй нөхцөлд барьцааны хөрөнгөөс хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Отгонцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ц.Гантөмөр ахын охин Г.Долгормаа над руу яриад хүрээд ир гэсний дагуу очиход Б.Алтан-Өлзий ирсэн байсан.

Би 100 000 ам.долларын зээлийн гэрээ, барьцааны гэрээг Б.Алтан-Өлзийтэй байгуулж, гарын зурсан. Би энэ 100 000 ам.долларыг авч, хэрэглээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Ц.Гантөмөр шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбартаа: Японы даавууны үйлдвэртэй хамтарч ажиллахаар болж, “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийг байгуулсан.

Надад 250 000 ам.долларын хэрэг байна гэхэд туслахыг зөвшөөрч, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр санамж бичиг үйлдээд 250 000 ам.доллараас энэ онд багтаагаад 100 000 ам.долларыг өгөхөөр болсон. Санамж бичигт хүү, алданги тооцохгүй гэж гарын үсэг зурсан.

Хамтарсан компани байгуулахдаа Асо Ёшуцугу болон нэхэмжлэгч бид гурав тус бүр 100 000 ам.доллар өгөхөөр тохирсон. Энэ 100 000 ам.долларыг 12 дугаар сарын 29-ний өдөр надад өгсөн. “Хайрхан трейд” ХХК-иас “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК руу мөнгө орсны дараа гэрчилгээ гарсан. Энэ мөнгийг авахад хүү болон алдангийн талаар яриагүй. Санамж бичигт заасны дагуу Асо Ёшуцугу-aac 100 000 ам.доллар авсан гэж ойлгосон. Хамтарсан компанийн ашигт суутгаад явна гэж тохирсон гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Ц.Гантөмөрөөс 232 658 000 төгрөгийг гаргуулан “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-д олгож нэхэмжпэлийн шаардлагаас үлдсэн 142 773 177 төгрөг болон Ц.Отгонцэцэгт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан Тохой 13130 гудамж, 113/14 барилгын 2 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийг 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 035 104 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гантөмөрөөс 1 321 240 төгрөгийг гаргуулан “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

-Талуудын хооронд  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан хэлцэл амаар байгуулагдсан байхад  захирлын хүү Б.Алтан-Өлзий хариуцагчийн дүү Ц.Отгонцэцэг нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг нөхөж хийсэн байна" гэсэн дүгнэлтээрээ Б.Алтан-Өлзий хариуцагчийн дүү Ц.Отгонцэцэг нарын хооронд бичгээр хийгдэж, нотариатаар гэрчлүүлсэн 100 000 ам.долларын зээл болон барьцааны гэрээ “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК болон Ц.Гантөмөр нарын хооронд амаар хийгдсэн гэх гэрээнд хамааралтай болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн шүүх дараа нь "Дээрх гэрээний талууд Б.Алтан-Өлзий, Ц.Отгонцэцэг нарын хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх үйл явдал болоогүй, мөнгийг бодитоор өгч, авалцаагүй байхад зөвхөн Н.Бат-Эрдэнэ, Ц.Гантөмөр нарын хүсэлтээр зээлийн болон барьцааны гэрээг хийсэн гэдэгт талууд маргахгүй байна " гэж өмнөх дүгнэлтээ баталгаажуулсан байна.

Гэвч шүүх "Гэхдээ нэхэмжлэгч байгууллага болон хариуцагч Ц.Гантөмөр нар нь Б.Алтан-Өлзий болон Ц.Отгонцэцэг нарт зээлийн гэрээ хийх эрхийг баталгаажуулсан итгэмжлэлийг олгоогүй учраас тэдний хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээнд дурьдсан нөхцлийг “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-иас Ц.Гантөмөрт олгосон зээлийн нөхцөлттэй адилтган үзэх, тооцох үндэслэлгүй юм" гэснээрээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д "Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон үүнтэй хэлцэл хийгч гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно" гэж заасан байх бөгөөд үүнийг бид төлөөлүүлэх бүрэн эрхийг амаар олгож болно, хэмээн хуульчилсан гэж ойлгож байна.

Хуульд ийнхүү заасанчлан төлөөлүүлэгч Ц.Гантөмөр нь төлөөлөгч Ц.Отгонцэцэг болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээд болох “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийн захирал Н.Бат-Эрдэнэ нарт өөрийгөө дүү Ц.Отгонцэцэгээр төлөөлүүлэх тухайгаа болон 100 000 ам.доллар зээлсэн тул нотариат дээр очиж зээлийн гэрээ хийх, Гачуурт дахь байшингаа барьцаалах бүрэн эрхийн талаар мэдэгдсэн нь нэхэмжлэгч "...бичгээр гэрээ байгуулна, нотариатаар баталгаажуулна, хугацаа нэг cap, хүүгүй байж болно, барьцаатай, 0.5 хувийн алданги тооцох тухай Ц.Гантөмөрт хэлсэн, тэр зөвшөөрсөн” нь зохигчдын тайлбар болон гэрч Ц.Долгормаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогддог. Гэтэл шүүх Ц.Гантөмөр нь зөвхөн Ц.Отгонцэцэгт бүрэн эрхийн талаар амаар мэдэгдсэн байгааг бүрэн эрх олгогдсон гэж үзэх боломжгүй гэсэн нь ийнхүү бодит байдалд нийцэхгүй байна. Ц.Гантөмөр дүүдээ олгосон энэхүү бүрэн эрхийнхээ талаар шүүх хуралдаан            дээр ч

маргаагүй, хүлээн зөвшөөрсний дээр нэхэмжлэгч “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийн захирал Н.Бат-Эрдэнэ ч мөн ийм байдлаар өөрийгөө хүү Б.Алтан-Өлзийгөөр төлөөлүүлснээ маргаагүй юм. Гэтэл шүүх "зээлийн болон барьцааны гэрээ хийх итгэмжлэл олгоогүй" гэж тэдний төлөөлөгчдийн бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн гэрээг эс хэрэглэн, алданги төлүүлэх болон төлбөр төлөгдөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхэд анх нэхэмжлэл гаргасан Б.Алтан-Өлзий тухайн өдрийн ам.долларын ханш 2326,58 төгрөгөөр тооцож 348 987 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад жинхэнэ нэхэмжлэгч “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-иар сольсон бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг 250 ам.доллараар нэмэгдүүлэн, нийт 150 250 ам.доллар буюу тухайн нэхэмжлэлийг гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ам.долларын ханш 2498,71 төгрөгөөр тооцоход 375 431 177 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн юм.

Гэтэл шүүх “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг 100 000 ам.долларын хэмжээнд хангаж шийдвэрлэхдээ долларын ханшийг анхны нэхэмжлэгч Б.Алтан-Өлзийгийн нэхэмжлэл гаргах үеийн ханш буюу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ханш болох 2326,58 төгрөгөөр тооцсоноос бид 100 000 ам.долларын /249 871 000-232658000=17 213 000Т/ ханшийн зөрүүгээр 17 213 000 төгрөгийн алдагдалтай байна.

“Хайрхан трейд” ХХК-ийн захирал Ц.Гантөмөрт бэлэн 100 000 ам.доллар гаргаж өгөхийн тулд банкинд бэлэн мөнгөний шимтгэл гэж төлсөн 250 ам.долларын баримтыг бид шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн бөгөөд үүнийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд шүүхийн дурьдсан шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги, бэлэн мөнгөний шимтгэл болон барьцаа хөрөнгийн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Гантөмөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Ц.Гантөмөр миний үүсгэн байгуулсан “Хайрхан трейд” ХХК нь Япон Улсын Никки групптэй 300 000 метр даавууны худалдааны гэрээ байгуулахаар болж тус гэрээнээс тодорхой хэмжээний ашиг олох боломжтой болсон. Тухайн үйл ажиллагаанд Япон Улсын иргэн, “Скай групп холдинг Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Асо Ёшуцугу “Хайрхан трейд” ХХК-ийн захирал Ц.Гантөмөр надтай хамтран ажиллах санал тавьсан.

Ингээд “Скай групп холдинг Монгол” ХХК, “Хайрхан трейд” ХХК-иуд харилцан тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр №2015/01 дугаар санамж бичиг байгуулж, хоёр тал шинээр 50%, 50%-ийн хөрөнгө оруулалттай, 200 000 ам.долларын дүрмийн сантай “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийг үүсгэн байгуулахаар болж, ерөнхий захирлаар нь “Скай групп холдинг Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнийг томилохоор болсон.

Гэвч “Хайрхан трейд” ХХК-д болон тус компанийг үүсгэн байгуулагч Ц.Гантөмөр надад “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийн дүрмийн сангийн 100 000 ам.доллар байхгүй байсан бөгөөд энэ талаар Япон Улсын иргэн Асо Ёшуцугуд хэлсэн.

Энэ асуудлыг Япон Улсын иргэн, “Скай групп холдинг Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Асо Ёшуцугу шийдвэрлэж дээрх санамж бичгийн 4-т заагдсанаар “Скай групп холдинг Монгол” ХХК-иас “Хайрхан трейд” ХХК-д Монгол Улсын цэргийн оёдлын үйлдвэр болон Монгол Улсын цагдаагийн оёдлын үйлдвэрүүдийг тус тус хувьчлан авах үйл ажиллагаанд зориулж зээлдүүлэх 250 000 ам.долларын 100 000 ам.долларыг 2015 онд багтаан түрүүлж зээлдүүлэхээр болсон. Тус 100 000 ам.доллараа шинээр байгуулах “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийн дүрмийн санд оруулж түүнийгээ буцаан авч үйл ажиллагаандаа зарцуул гэж Асо Ёшуцугу хэлсэн.

Тохиролцсон ёсоороо ч Асо Ёшуцугу Б.Бат-Эрдэнээр дамжуулан надад 100 000 ам.долларыг бэлнээр өгсөн. Түүнийг нь миний бие хүлээн аваад “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийн дүрмийн санд оруулж эргээд “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийн ерөнхий захирлын олгосон итгэмжлэл, чекийн дагуу Худалдаа хөгжлийн банкнаас хүлээн авсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан банкны хуулга, “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-иас олгосон итгэмжлэл, чекээр бүрэн нотлогддог.

Мөн 100 000 ам.долларыг Б.Бат-Эрдэнэ Асо Ёшуцугугaac авсан гэдгээ ч анхан шатны шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь бодит болсон үйл явдлыг бүрэн нотолж байна.

Энэ талаар ч анхан шатны шүүх "...”Скай групп холдинг Монгол” ХХК, “Хайрхан трейд” ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан "Санамж бичиг"-ийн 4-т "хоёр талын хүсэлтийн дагуу “Хайрхан трейд” ХХК Монгол Улсын цэргийн оёдлын үйлдвэр болон Монгол Улсын цагдаагийн оёдлын үйлдвэрүүдийг тус тус хувьчлан авах үйл ажиллагаанд “Скай групп холдинг Монгол” ХХК-иас 250 000 ам.долларын зээлийг гаргаж өгнө. Зээлийн нөхцөл Монгол Улсад явагдаж байгаа даавууны эхний шатны гэрээ болох оёдлын холбооны 300 000 метр даавууны худалдааны гэрээ мөн SMBC болон Монголын арилжааны банкинд нээх L/C нээх нөхцөл боломжтой гэсэн тохиолдолд зээлийг хүүгүйгээр олгоно. Зээлийн хугацааг тухайн зээл олгох үед хоёр талын шийдвэрээр батална. Зээлийн эргэн төлөлтийн хувьд хоёр талын хамтын компанид орж ирсэн “Хайрхан трейд” ХХК-ийн ашгаас шууд төлөгдөх байдлаар шийдвэрлэнэ" гэж заасан байна" гэж зөв дүгнэлт хийж нотлох баримтыг үнэлсэн байна. Гэвч Ц.Гантөмөрөөс 232 658 000 төгрөгийг гаргуулан “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-д олгохоор шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, бодит үнэнд нийцэхгүй шийдвэр гаргалаа.

 Нэхэмжлэгч “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийн хувьцааны 50%-ийг одоогийн байдлаар Ц.Гантөмөр миний бие эзэмшдэг. “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-иас “Хайрхан трейд” ХХК болон Ц.Гантөмөр миний бие ямар нэгэн зээлийн гэрээ байгуулж 100 000 ам.доллар зээлээгүй, аваагүй.

Нэг талаас “Хайрхан трейд” ХХК, түүнийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ц.Гантөмөр, нөгөө талаас “Скай групп холдинг Монгол” ХХК, түүнийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Асо Ёшуцугу бид харилцан тохиролцон байгуулсан "Санамж бичиг"-ийн дагуу надад буюу “Хайрхан трейд” ХХК-д зээлдүүлэхээр болсон 250 000 ам.долларын урьдчилгаа болгож одоогийн маргаан бүхий 100 000 ам.долларыг зээлдүүлсэн. Түүнээс биш “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-иас “Хайрхан трейд” ХХК болон Ц.Гантөмөр надад 100 000 ам.долларыг олгоогүй.

“Хайрхан трейд” ХХК болон “Скай групп холдинг Монгол” ХХК-иудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 2015/01 дугаар "Санамж бичиг"-ийн 4-т зааснаар “Скай групп холдинг Монгол” ХХК-иас “Хайрхан трейд” ХХК-д зээлдүүлэхээр шийдвэрлэсэн 250 000 ам.долларын 100 000 ам.долларыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан. Тус 100 000 ам.долларыг эргэн төлөх нөхцлийг ч тус "Санамж бичиг"-ийн 4-т "...зээлийн эргэн төлөлтийн хувьд хоёр талын хамтын компанид орж ирсэн “Хайрхан трейд” ХХК-ийн ашгаас шууд төлөгдөх байдлаар шийдвэрлэнэ..." гэж тодорхой заасан.

Энэ хоёр өөр асуудлыг анхан шатны шүүх ялгаж ойлголгүй, дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Алтан-Өлзий нь хариуцагч Ц.Отгонцэцэгт холбогдуулан 348 987 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Алтан-Өлзийг жинхэнэ нэхэмжлэгч “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-иар  сольж, нэхэмжлэгч Ц.Гантөмөрийг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагыг 375 431 177 төгрөг болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэмэгдүүлсэн.

 

            Хариуцагч Ц.Отгонцэцэг нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөх үүрэггүй гэж, хариуцагч Ц.Гантөмөр нь нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө зээлээгүй гэж тус тус маргажээ.

 

            Хэрэгт Б.Алтан-Өлзий, Ц.Отгонцэцэг нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 100 000 ам.долларыг 1 сарын хугацаатай зээлдүүлэх талаар тохиролцсон зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан байна.

 

            Энэ зээлийн гэрээгээр Б.Алтан-Өлзийгөөс Ц.Отгонцэцэгт 100 000 ам.долларыг шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдоогүй, нэхэмжлэгч “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК нь Ц.Отгонцэцэгтэй зээлийн гэрээ байгуулаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Хариуцагч Ц.Гантөмөр 100 000 ам.долларыг Япон Улсын иргэн Асо Ёшуцугугаас зээлж авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

            Тэрээр “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 100 000 ам.доллар бэлнээр хүлээн авах эрхийг нэхэмжлэгч байгууллагын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот нэхэмжлэлээр олж авсан, улмаар өөрт нь бичиж өгсөн чекийг үндэслэн банкнаас 100 000 ам.доллар хүлээн авсан үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.

 

            Хариуцагч Ц.Гантөмөр нь уг 100 000 ам.долларыг авсан үндэслэлийг “Монгол Скай групп холдинг” ХХК болон “Хайрхан трейд” ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн 2015/01 тоот санамж бичгийн хүрээнд тохиролцсон гэрээний харилцаанаас үүссэн гэж тайлбарласан.

 

            Уг санамж бичгийн 4 дэх хэсэгт “Мөн хоёр талын санал хүсэлтийн дагуу “Хайрхан трейд” ХХК байгууллагад Монгол Улсын цэргийн оёдлын үйлдвэр болон Монгол Улсын цагдаагийн оёдлын үйлдвэрүүдийг тус тус хувьчлан авах үйл ажиллагаанд “Монгол Скай холдинг” талаас 250 000 ам.долларын зээл гаргаж өгнө, зээлийн нөхцөл Монгол Улсад явагдаж буй даавууны эхний шатны гэрээ болох оёдлын холбооны 300 000 метр даавууны худалдааны гэрээ мөн SMBC болон Монголын арилжааны банкинд L/C нээх нөхцөл боломжтой гэсэн тохиолдолд зээлийг хүүгүйгээр олгоно, зээлийн хугацааг тухайн зээл олгох үед хоёр талын шийдвэрээр батална, зээлийн эргэн төлөлтийн хувьд хоёр талын хамтын компанид орж ирсэн “Хайрхан трейд” ХХК-ийн ашгаас шууд төлөгдөх байдлаар шийдвэрлэнэ” гэж тохиролцсон байна.

 

            Энэ тохиролцооны урьдчилсан нөхцөл биелэгдээгүй, зээлийн талаар хоёр компанийн шийдвэр гараагүй тул санамж бичгийн хүрээнд авсан зээл гэх хариуцагч Ц.Гантөмөрийн тайлбар үндэслэлгүйгээс гадна иргэн Ц.Гантөмөрт олгосон “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийн данснаас итгэмжлэл, чекийн дагуу хүлээж авсан 100 000 ам.долларыг өөр компанийн хооронд санамж бичгээр хийгдсэн тохиролцоонд хамааруулж дүгнэх боломжгүй байна.

 

            Иймд нэхэмжлэгч “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК болон иргэн Ц.Гантөмөр нарын хооронд 100 000 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

            Б.Алтан-Өлзий, Ц.Отгонцэцэг нарын хооронд байгуулагдсан гэх зээлийн  гэрээг үндэслэн “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК болон Ц.Гантөмөр нарын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй, хожим хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл нь зээлийн гэрээг бичгээр байгуулсанд тооцох, уг гэрээгээр  тохирсон алдангийг өөр этгээдүүдэд холбогдуулж дүгнэх үндэслэл болохгүй юм.

 

            Иймд хариуцагч Ц.Гантөмөрөөс100 000 ам.долларыг гаргуулж нэхэмжлэгчид олгож анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Түүнчлэн 100 000 ам.долларыг банкнаас авахад төлөгдсөн 250 ам.долларын шимтгэл зээлийн үүрэгтэй холбоотой гарч буй алдагдал тул хохиролд тооцож нэхэмжилсэн нь зөв байхад энэ шимтгэл төлөх нөхцлийг тохиролцоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул уг алдааг залруулах боломжтой гэж дүгнэж хариуцагчаас 250 ам.долларыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

            Харин ам.долларын үүргийг төгрөгт шилжүүлэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн буюу нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдрийн ханшаар тооцох нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцэх тул 100 250 ам.долларыг 2 498,71 төгрөгөөр тооцож хариуцагчийн үүргийг 250 495 677 төгрөгөөр тодорхойлов.

 

            Б.Алтан-Өлзий, Ц.Отгонцэцэг нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээг үндэслэн нэхэмжлэгч “Скай хөдөө аж  ахуйн нөөц” ХХК нь барьцаа хөрөнгөөр Ц.Гантөмөрийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй тул холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00253 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “281.1” гэсний дараа “219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж, “232 658 000” гэснийг “250 495 677”, “142 773 177” гэснийг “124 935 500” гэж  

3 дахь заалтын “1 321 240” гэснийг “1 410 428” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Гантөмөр давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 321 240 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2 035 105 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай .

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА