Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 253

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “Ш-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Х, Ж.Я нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Ш-А” ХХК ........................

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого хяналтын газрын Татварын улсын байцаагч Н.Х, Ж.Я

Нэхэмжлэлийн шаардлага: “...Татварын улсын байцаагчийн 21002******* тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Н.Х, Ж.Я, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ш-А” ХХК-иас болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Нэхэмжлэгч “Ш-А” ХХК нь шүүхэд татварын улсын байцаагч нарын тогтоосон 21002******* актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож буй этгээдийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Тус нэхэмжлэлд дурдсан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн маргаан бүхий акт нь нэхэмжлэгч компанийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн,  илт хууль бус акт байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

Нэгдүгээрт, нэхэмжлэгч “Ш-А” ХХК-д гардуулсан улсын байцаагчийн маргаан бүхий 21002******* тоот актыг Төрийн хяналт шалгалтын хэлтсийн дарга хянаж баталгаажуулаагүй байдаг. Энэ нь дараах хууль тогтоомжийг зөрчиж байна гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Татварын ерөнхий хуулиар, улсын байцаагч татвар ногдуулалтын үйл ажиллагааг шалгаж байгаа тохиолдолд ямар үед бичиг баримт үйлдэх, үйлдсэн бичиг баримт нь хэзээ хүчин төгөлдөр болох нь нэг бүрчлэн зохицуулагдсан байдаг.

Тухайлбал Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т зааснаар татварын ерөнхий байцаагчид хориглох зүйлд “гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн актыг татвар төлөгчид гардуулах, урьдчилан танилцуулж зөвшөөрүүлэхийг албадахыг хориглох” гэсэн байдаг. Нэхэмжлэгчид гарын үсэг зураагүй акт өгсөн, үүнээс үүдэн нэхэмжлэгчид өр үүссэн, үүнийг зөвшөөрүүлэхийг албадаж байна гэж нэхэмжлэгч үзэж байгаа.

Хоёрдугаарт, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл уг хуулийн заалтыг зөрчиж, гарын үсэг зураагүй улсын байцаагчийн актыг гардуулжээ. Мөн Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д зааснаар улсын байцаагчийн акт гурван хувь байна. Гарын үсэг зурж, хянаж баталгаажуулсан актын нэг хувийг татвар төлөгчид, нэг хувийг татвар төлөгчийн хувийн хэрэгт хавсаргана гэж байдаг. Гэтэл хариуцагч маргаан бүхий актыг хяналт шалгалт хариуцсан хэлтсийн даргаараа батлуулалгүй, хуулийн шаардлагыг хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчид гардуулсан нь хууль бус байна гэж үзэж байна.

Татварын ерөнхий газрын даргын Татварын улсын байцаагч ямар тохиолдолд хяналт шалгалт хийх талаар Татварын ерөнхий хуульд заасныг дэлгэрүүлж зохицуулсан дүрэм журмууд байдаг. Татварын улсын байцаагчид энэ дүрэм, журмуудыг мөн зөрчсөн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Татварын ерөнхий газрын даргын 192 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний татварын албаны хяналт, шалгалтын дүрэм гэж байдаг. Энэ дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.5-д зааснаар хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч актыг татвар төлөгчдөд танилцуулахын өмнө хяналт шалгалт асуудал эрхэлсэн нэгжийн даргад эсвэл түүний ажил үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж байгаа албан тушаалтанд танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулна гэж байдаг. Мөн зүйлийн 3.2.7 акт нь хяналт шалгалт хийсэн татварын улсын ерөнхий байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж хяналт шалгалт хариуцсан нэгжийн дарга хянаж баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж Татварын ерөнхий газрын даргын 192 дугаар тушаалд заажээ. Татварын ерөнхий газрын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны А101 тоот тушаалаар батлагдсан Татварын албаны хяналт шалгалт, үйл ажиллагааны журмын 7 дугаар зүйл 7.4.3-т актыг тэмдэглэх, тогтоох хэсгийн төгсгөлд хяналт, шалгалт, асуудал эрхэлсэн нэгжийн дарга нэр бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэсэн байдаг. Мөн зүйлийн 7.9-д зааснаар татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын шалгалт эрхэлсэн нэгжийн дарга эсвэл түүнийг орлож буй албан тушаалтанд танилцуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн байдаг. Акт хэзээ хүчин төгөлдөр болохыг дүрэм, журмуудаар тогтоосоор байтал хариуцагч нар биелүүлэлгүй, эдгээр дүрэм журмуудыг илт зөрчсөн акт гаргасан гэж үзэж байна.

Гуравдугаарт, татварын улсын байцаагч маргаан бүхий актыг Хяналт шалгалт хариуцсан хэлтсийн даргаар баталгаажуулаагүй, хэрэгжүүлээгүй энэ үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар хууль бус үйлдэл эс үйлдэхүйг заасан гэж үзэж байгаа. Учир нь өмнө нь дурдсанаар Татварын ерөнхий хуулийн зүйл заалтыг мөрдөөгүй үйлдэл, хууль бус акт нь үйлдэл хийхийг шаардаж байна гэж нэхэмжлэгч маргаж байгаа юм. Эдгээр хуулийн заалт, дүрэм журмыг мөрдөж биелүүлсэн хүчин төгөлдөр акт байх юм бол хуулийн дагуу биелүүлэх үүрэгтэй байсан гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Хүчин төгөлдөр бус актаар үйлдэл хийхийг шаардаад байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасныг зөрчиж байна гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасныг мөн зөрчиж байгаа гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бус актыг татвар төлөгч биелүүлэх боломжгүй байгаа учир илт хууль бус захиргааны хэргийн акт болжээ.

Дээрх гурван үндэслэл дээрээс дүгнэж Татварын улсын байцаагчийн маргаан бүхий 21002******* актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа” гэв.

Хариуцагч Ж.Я, Н.Х нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Ш-А” ХХК нь татварын улсын байцаагчийн 21002******* тоот актад гомдол гаргаснаар дараах тайлбарыг гаргаж байна.

“Ш-А” ХХК нь 2014-2015 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналт газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Я, Н.Х нар хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу, 2116110******* тоот томилолтоор санхүү татварын баримтад үндэслэн хяналт шалгалт хийж, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 21002******* дугаартай акт гаргасан.

Шалгалтаар тус компани нь 2014 онд 269,969,861.70 төгрөгийн, 2015 онд 359,757,038.40 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 189,198,325.00 төгрөгийн торгууль, 97,568,002.30 төгрөгийн алданги ногдуулсан.

Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоолд “Ш-А” ХХК-ийн татварын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21002******* дугаар актыг илт хууль бус болохыг тооцуулах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрмийн 3.2.5-д “Хяналт шалгалт хийсэн Татварын улсын (ахлах) байцаагч акт, дүгнэлтийг татвар төлөгчид танилцуулахын өмнө ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ЭРХЭЛСЭН НЭГЖИЙН-ийн даргад, эсхүл түүний ажил үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтанд танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулна. Тус дүрмийн 3.2.7-д “Акт дүгнэлт нь хяналт шалгалт хийсэн Татварын улсын (ахлах) байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ЭРХЭЛСЭН НЭГЖИЙН-ийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон боловч татвар төлөгч зөвшөөрөхгүй, гарын үсэг зурах, тамга тэмдэг дарахаас татгалзвал акт, дүгнэлтийн талаар хаана, хэзээ гомдол гаргаж болохыг тайлбарлан, татвар төлөгчийг тайлбар өгсөн эсэхээс үл хамааран тэдгээрийг гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Э нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хянан баталгаажуулж гарын үсэг зурсан бөгөөд тус компанийн ажилтан Б.М нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гардан авсан болох нь актаас харагдах болно. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь заалтыг зөрчсөн зүйл байхгүй болно. Гомдолд дурдагдсан Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь заалт нь татварын улсын байцаагчаас эцэслэн ёсчлоогүй буюу гарын үсэг зураагүй байхдаа татвар төлөгчид танилцуулахыг хориглосон заалт байх бөгөөд бид ийнхүү зөрчил гаргаж, татвар төлөгчид танилцуулахыг хориглосон заалт байх бөгөөд бид ийнхүү зөрчил гаргаж, татвар төлөгчид урьдчилан танилцуулж зөвшөөрүүлэхээр албадсан зүйл үгүй болно. Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд зөрчил гарах үед татвар төлөгчийн үндэслэл болгож буй хууль нь батлагдаагүй байсан болно. Өөрөөр хэлбэл “Ш-А” ХХК-ийн 2014-2015 оны татвар төлөлтийн байдлыг шалгасан бөгөөд энэхүү зөрчил гарах үед Захиргааны ерөнхий хууль батлагдан гараагүй байсан бөгөөд тухайн зөрчил гарах үед хүчин төгөлдөр болоогүй хуулийг хэрэглэх эрх зүйн үндэслэл байхгүй болно. Өөрөөр хэлбэл хуулийг буцаан хэрэглэх боломжгүй учир энэ хэсэгт дурдагдсан асуудал нь үндэслэлгүй байна.

“Ш-А” ХХК-иас татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч гаргаж буй гомдолд дурдагдсан асуудал нь хуульд заасан илт хууль бус байх шинжийг агуулсан байх шаардлага тавигдана. Гэтэл илт хууль бус болохыг тодорхойлохдоо ямар хуулийн аль заалтыг үндэслэж буй ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл илт хууль бус акт гэж тогтоолгохын тулд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад үндэслэгдэх ёстой, мөн илт хууль бус гэдгийг тогтоолгохын тулд хуульд тусгайлан заасан шаардлагыг хангаж байж илт хууль бус гэх нөхцөл тодорхойлогдох ёстой гэж үзэж байна.

Иймд татварын улсын байцаагчийн актын биелэлтийг хангуулах шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөг Х.А******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч гарын үсэг зураагүй учраас маргаан бүхий акт нь хүчин төгөлдөр бус, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.7-д заасныг  тус тус зөрчсөн гэж үзэж байгаа. Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5–д зааснаар “Татварын улсын байцаагч акт, дүгнэлтийг 3 хувь үйлдэж, 1 дэх хувийг хяналт шалгалтын баримтад хавсаргаж, 2 дахь хувийг татвар төлөгчид өгч, 3 дахь хувийг татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгална” гэсэн байдаг. Хавтаст хэрэгт гурван хувь акт гурвуулаа авагдсан байгаа. Гурван хувийн нэгэн дээр нь Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга гарын үсэг зураагүй, үлдсэн хоёр хувь дээр зурсан байдаг. Татвар төлөгчийн хувийн хэрэг, Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын архивд байгаа хувь дээр Хяналт шалгалтын газрын дарга гарын үсэг зурсан. Энэ нь нэхэмжлэгчийн ярьж байгаа хуулийн шаардлага буюу журмуудыг хангасан хүчин төгөлдөр актууд байгаа. Нэхэмжлэгч бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй гэж үзсэн байдаг. Тухайн актыг сольж өгөхөд биелүүлэх боломжтой байгаа. Хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан гэдэг. Ийм нөхцөл байдал бол тогтоогүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч анх тухайн актыг гардаж авахад нэхэмжлэгчийн нягтлан бодогч өөрөө ирж хэлтсийн даргад танилцуулчихаад буцаагаад аваад ирье гэж гуйж авсан байдаг. Нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг албадлагын журмаар өгөөгүй. Нэхэмжлэгч тал 2008 оны 192

 дугаар тушаалаар батлагдсан журмыг ярьдаг. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд болсон нөхцөл байдлыг шалгаж маргаан бүхий актыг тавьсан.  Иймд 2008 оны журмыг барихгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч талд акт тавьснаар хохирол учирч байгаа гэдэг. Манай зүгээс хохирол учирсан зүйл байхгүй гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-д зааснаар “гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг татвар төлөгчид урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадах” гэж заасан байдаг. Хоёр байцаагч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Х, Ж.Я нар нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21002******* тоот актаар “Ш-А” ХХК-ийн 646,715,060.1 төгрөгийн зөрчилд 535,776 төгрөгийн нөхөн татвар, 189,359,057.8 төгрөгийн торгууль, 97,666,628 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү, нийт 287,561,461.8 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт[1] тогтоожээ.

“Ш-А” ХХК нь 21002******* тоот актаар тогтоосон 287,561,481.8 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч илт хууль бус гэж үзэж Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоол[2]-оор дээрх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Нэхэмжлэгч “Ш-А” ХХК-д татварын улсын байцаагч нарын гардуулсан эх хувь маргаан бүхий 21002******* тоот актыг Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга нь хянан баталгаажуулаагүй бөгөөд Татварын улсын байцаагч нар нь хуулийн шаардлагыг хангаагүй актыг гардуулж зөвшөөрүүлэхийг албадаж буй үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь хэсэгт зааснаар “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, мөн зүйлийн 47.1.7 дахь хэсэгт зааснаар “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” илт хууль бус захиргааны акт ...” гэж маргажээ.

Харин хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд зөрчил гарах үед татвар төлөгчийн үндэслэл болгож буй хууль нь батлагдаагүй байсан болно. Өөрөөр хэлбэл “Ш-А” ХХК-ийн 2014-2015 оны татвар төлөлтийн байдлыг шалгасан бөгөөд энэхүү зөрчил гарах үед Захиргааны ерөнхий хууль батлагдан гараагүй байсан бөгөөд тухайн зөрчил гарах үед хүчин төгөлдөр болоогүй хуулийг хэрэглэх эрх зүйн үндэслэл байхгүй болно” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийг батлан гаргаж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр заасан ба уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус байхаар заажээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Х, Ж.Я нар нь “Ш-А” ХХК-ийн 2014-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2116110******* тоот томилолтын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр огноолж 21002******* тоот актыг үйлдсэн байх тул хяналт шалгалтын үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлан ажиллах нь зүйн ёсны хэрэг бөгөөд харин хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнөх харилцаанд Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалт үйлчлэхгүй юм.

Тодруулбал, маргаан бүхий актаар шалгагдсан үйл баримт болох “Ш-А” ХХК-ийн 2014-2015 албан татварын ногдуулалт, төлөлтийн байдал нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй, харин энэ үйл ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хянан шалгасан татварын улсын байцаагчийн төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл ажиллагаа, түүний үр дүн буюу маргаан бүхий актыг гаргах, мэдэгдэх зэрэг процесс үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахаар байх тул хариуцагч нарын “зөрчил гарах үед татвар төлөгчийн үндэслэл болгож буй хууль нь батлагдаагүй байсан ... “Ш-А” ХХК-ийн 2014-2015 оны татвар төлөлтийн байдлыг шалгасан бөгөөд энэхүү зөрчил гарах үед Захиргааны ерөнхий хууль батлагдан гараагүй байсан бөгөөд тухайн зөрчил гарах үед хүчин төгөлдөр болоогүй хуулийг хэрэглэх эрх зүйн үндэслэл байхгүй болно” гэсэн тайлбар үндэслэлгүй.

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээнд маргаагүй, харин уг актыг гардуулсан болон актын хүчин төгөлдөр болох процессыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд энэхүү процесс хэрэгжсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг үндэслэж маргах эрхтэй.

            Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нэгтгэн дүгнэж үзвэл, татварын улсын байцаагч нараас хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан нөхцөл  байдал тогтоогдохгүй байх ба маргаан бүхий 21002******* тоот актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэхээргүй байна. Учир нь:

            1/ Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх” бүрэн эрхийг татварын улсын байцаагч хэрэгжүүлэх, 47 дугаар зүйлийн 47.1-д “Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана” гэж тус тус заасны дагуу Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Х, Ж.Я нар нь төлөвлөгөөт хяналт хийж “Ш-а” ХХК-аар 287,561,461.8 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосныг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй юм.

            Хэрвээ нэхэмжлэгч нь 21002******* тоот актаар тогтоосон төлбөрийг хууль бус, үндэслэлгүй тогтоосон төлбөр гэж үзсэн бол хуульд заасан журмын дагуу холбогдох татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй ба “Ш-А” ХХК нь энэхүү эрхээ эдэлж Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус Маргаан таслах зөвлөлөөс 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 28 дугаартай тогтоолоор “21002******* тоот актыг хэвээр баталж” шийдвэрлэсэн байна.[3]

            Улмаар “Ш-А” ХХК нь шүүхэд 21002******* тоот актыг “хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилснөөр маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах тухай маргаан дуусгавар болсон байх бөгөөд энэ тохиолдолд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 28 тоот тогтоол хүчин төгөлдөр болсон гэж үзэх тул хүчин төгөлдөр болсон татварын актыг биелүүлэх нь “хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэх”-ийг шаардсан гэж үзэхгүй.

2/ Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “...акт -д татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, ...татварын хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасныг, мөн Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар баталсан “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7 дугаар зүйлийн 7.4.3-т “Акт, -ын тэмдэглэх, тогтоох хэсгийн төгсгөлд ...хянан баталгаажуулсан хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн даргын нэрийг бичиж, гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан байна”, 7.13-т “Акт, ...нь татварын хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн дарга хянан баталгаажуулж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно...”гэж заасан байна.

Гэтэл маргаан бүхий 21002******* тоот актын татвар төлөгчид гардуулсан хувьд татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Э зураагүй[4] боловч Татварын ерөнхий газрын архив болон татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгалагдаж буй 2 хувь актад Д.Э гарын үсэг зурж[5] баталгаажуулснаас үзвэл энэхүү 2 хувь нь хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байх тул бодит нөхцөл байдал хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх мөн боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Татварын улсын байцаагч акт, дүгнэлтийг 3 хувь үйлдэж, 1 дэх хувийг хяналт шалгалтын баримтад хавсаргаж, 2 дахь хувийг татвар төлөгчид өгч, 3 дахь хувийг татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгална” гэж зааснаас үзвэл шүүхээс эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурагдаагүй актын нэг хувийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байсан ч үлдэх хувиуд хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд актын нэг хувь нь захиргааны актад тавигдах формаль эрх зүйн шаардлагыг хангахгүй байгаа нь нөгөө хувиудыг ч бас илт хууль бус гэж үгүйсгэх нөхцөл болохооргүй, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна. 

Нөгөө талаас, Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т заасан “гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг татвар төлөгчид урьдчилан танилцуулах”-ыг хориглох тухай зохицуулалт нь татварын улсын байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагааг журамласан, ажлын хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн зохицуулалт байх ба татварын улсын байцаагчаас хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлээгүй нь түүнд албаны хариуцлага тооцох үндэслэл болж болох боловч захиргааны актыг бүхэлд нь “гарах ёсгүй байсан” гэж үзэж илт бус болохыг тогтоох үндэслэл болохгүй.

Тодруулбал, шүүхээс захиргааны акт илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснээр уг акт анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүйд тооцогддог ба нэхэмжлэгчээс хяналт шалгалт эхэлсэн, үргэлжилсэн процесс болон хяналт шалгалтын үр дүн болох төлбөрийн хэмжээнд маргахгүй атлаа 21002******* тоот актыг татвар төлөгчид гардуулсан процессыг буруутгаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин татварын улсын байцаагчийн 21002******* тоот актаар “Ш-А” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон 287,561,461.8 төгрөгийн төлбөрийн 11,630,400.0 төгрөг нь тус компанийн 2014 оны[6], 535,776.0 төгрөг нь 2015 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тус тус бууруулсан зөрчилд ногдуулсан нөхөн татвар, 160,732.8 төгрөг нь торгууль, 98,625.7 төгрөг нь алданги[7], 123,084,127.4 төгрөг нь 2014 оны нэмэгдсэн өртгийн албан албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулсан торгууль алданги[8], 93,203,006.9 төгрөг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ныг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулсан төгрөгийн торгууль алданги болох нь тогтоогдож байна.

Дээрх 228,832,668.8 төгрөгийн төлбөр нь “Ш-А” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө үйлдсэн зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль алданги байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн “... тайлагнасан, мэдүүлсэн бол хариуцлага хүлээлгэхгүй” байх, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн “...захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөх” тухай үзэл санаа, зохицуулалтад нийцэхгүй байх нөхцөл байдал тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь энэ тухайд маргахгүй байна.

Мөн захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч нь актыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, дээрх нөхөн татварыг Эдийн засгийн илт тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан эсэх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас хальж, татварын улсын байцаагчийн 21002******* тоот актаар тогтоосон төлбөрийг хасч багасгах эрхгүй байна.

Иймд нэхэмжлэгч “Ш-А” ХХК-аас гаргасан “...Татварын улсын байцаагчийн 21002******* тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш-А” ХХК-аас гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Н.Ха, Ж.Я нарын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21002******* тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ    


[1] Хавтаст хэргийн 7 дахь талд

[2] Хавтаст хэргийн 17 дахь талын ар талд

[3] Хавтаст хэргийн 94 дэх талд

[4] Хавтаст хэргийн 7 дахь талд

[5] Хавтаст хэргийн 30 дахь талд

[6] Хавтаст хэргийн 15 дахь талд

[7] Хавтаст хэргийн 14 дэх талд

[8] Хавтаст хэргийн 43 дахь талд