| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2018/0061/З |
| Дугаар | 291 |
| Огноо | 2018-05-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 291
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “Н с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Ц холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: “Н с” ХХК
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Ц,
Нэхэмжлэлийн шаардлага: “...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Ц-ын 2017 оны 35/******* тоот мэдэгдэл нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” тухай
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н с” ХХК-ийн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компани нь 2014 оны 04 дүгээр сард үүсгэн байгуулагдаж, барилгын засал чимэглэл, өрлөг шавар хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болно. Манай компани нь 2014-2017 оны хугацаанд хэд хэдэн байгууллага болон хувь хүнтэй гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд уг ажлын гүйцэтгэл буюу ажлын хөлсөндөө бэлэн мөнгө авахаасаа илүүтэй өнөөгийн зах зээлийн хямралтай холбоотойгоор хүмүүстэй ихэвчлэн бартераар тохиролцож ажлын төлбөрөө төлөхөөр тохирдог байсан. Ажлын гүйцэтгэлд мөнгө бус бартер оролцуулахаар тохирч, зарим хөлсөө бартераар авч, заримыг нь авч чадаагүй байгаа болно.
Ажлын хөлсөө авахад НӨАТ-ын падаан бичиж өг гэхээр нь падаан өгдөг байсан. Бартерын ажлын хувьд буцаан авалтаар хасагдах НӨАТ-ын падаан, нөгөө талаас бичиж өгөх ёстой ч бичиж өгөхгүй байсаар манай компани бичилтээр буюу зохиомлоор ийм өрөнд ороод байна. Мөн бартераар ажлын хөлс авсан зарим үнийн дүнгээс буцаан авалтаар хасагдах НӨАТ-ын дүн хасагдах ёстой юм. Зарим компани НӨАТ төлөхгүй тохиолдолд ч манайд НӨАТ-ийн өр тооцогдохгүй юм.
Гэтэл Чингэлтэй дүүргийн Татварын алба нь манай компанид сая төгрөгийн татварын өрийг тавьж 35/******* тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Уг мэдэгдэх хуудас нь татварын байцаагчийн акт, шийдвэрээр баталгаажуулаагүй, хууль бус мэдэгдэл юм. Хяналт шалгалтаар орж шалгагдаагүй байхад өөрсдийн үзэмжээр хууль бус мэдэгдэх хуудсаар татвар төл гэсэн нь хууль зөрчиж байна.
Манай компанид оногдуулсан 251.4 сая төгрөгийн НӨАТ-ийн өр төлбөр нь ямар нэгэн санхүүгийн баримтад үндэслээгүй, бодитой орлого, зарлагад тулгуурлаагүй, зохиомол өрийн тооцоолол байна. Гэтэл манай компанийг удаа дараа төлбөрөө төл гэж шахаж, шаардаж байгаа нь хууль бус болно.
Манай компани нь “Х Х Х” ХХК-ийн барилгын ажлыг хийсэн. Эхний 70 сая төгрөгийн гэрээг 2014 онд хийсэн. Бусад ажлыг хийж гүйцэтгэж улмаар НӨАТ-ын баримт авъяа гэхэд өгөхгүй байсан. Уг ажлын гүйцэтгэлд машин, байр, граж дээр НӨАТ-ын баримт бичиж өгөхгүй байгаагаас манай компани нь НӨАТ-ын өрөнд ороод байна. “Х Х Х” ХХК нь НӨАТ-ын баримт бичиж өгөөгүй учраас манайх уг өр төлбөрийг хариуцах нь шударга бус юм.
Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид “тэмдэглэл” гэх/ үйлдэнэ. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т “Татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулахад акт үйлдэх бөгөөд түүнд татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, гарын үсэг зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана” гэж тус тус заасан байдаг.
Мөн Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-д “энэ хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөгч болон бусад этгээдийг дуудан ирүүлэхэд мэдэгдэл бичих бөгөөд түүнд татварын албаны даргын, эсхүл татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, гарын үсэг, шаардлага биелүүлэх хугацаа, уг мэдэгдлийг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана” гэж заасан байна.
Гэтэл Татварын улсын байцаагч С.Ц нь ногдох татварыг тодорхойлохдоо Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т заасны дагуу актаар тогтоох ёстой байсан. Гэтэл Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-д заасан татвар төлөгч болон бусад этгээдийг дуудан ирүүлэхэд хүргүүлдэг мэдэгдэх хуудсаар ногдох татварыг төл гэж шаардах эрхгүй бөгөөд энэ нь хууль бус гэж үзэж байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу уг мэдэгдэх хуудсыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно”, мөн хуулийн 17.6-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С. нь манай компанид нийт 257 сая төгрөгийн татварын өрийг төлөх тухай 35/******* тоот мэдэгдэх хуудас нь татварын байцаагчийн акт шийдвэрээр баталгаажуулаагүй, хууль бус акт тул уг 257 сая төгрөгийг төлөх тухай мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар дээд шатны байгууллага болох татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан юм.
Татварын маргаан таслах зөвлөл нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 135 тоот мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн бөгөөд уг хариу мэдэгдэх хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй нэгэнт дээд шатны шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь шийдвэрлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Ц-ын 2017 оны 35/******* тоот мэдэгдэл нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.Ч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн зүгээс Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-д “энэ хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөгч болон бусад этгээдийг дуудан ирүүлэхэд мэдэгдэл бичих бөгөөд түүнд татварын албаны даргын, эсхүл татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, шаардлага биелүүлэх хугацаа, уг мэдэгдлийг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана” гэж заасан.
Үүнээс үзвэл мэдэгдэл гэж ярих нь үндэслэлтэй гэж үзэж байна. 2017 оны 35/******* дугаартай мэдэгдэл нь татварын анхан шатны баримтад дурдагдсан тоонд үндэслээгүй, мэдэгдэл буюу мэдэгдэх хуудсыг бөглөсөн. Татварын улсын байцаагч бодит байдал дээр судалгаа шинжилгээ, хийх, үнэн бодит эсэхийг шалгах үүргээ зөрчсөн гэж үзэн хууль бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий захиргааны актын тухай ярьж байгаа тул Иргэний хэргийн шүүхийн 3 шатны шийдвэр хамаарахгүй юм.
“Н с” ХХК нь 2014 онд барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Энэ хугацаанд хэд хэдэн компани, хувь хүнтэй бартерийн гэрээ байгуулж ажилласан. Хэдийгээр мөнгөн дүн дээр бартерийн гэрээ байгуулсан боловч бодит байдал дээр бартерийн хөрөнгөө шилжүүлж авах гэхэд маргаан үүссэн. Зарим аж ахуй нэгжүүд НӨАТ-ын орлого зарлагын баримт өгөхөд зөрчилдөж эхэлсэн байдаг. Ингээд нэхэмжлэгч компани бартерийн хөрөнгөө татварын тайлангаа тусгасан. Санхүүгийн мэдлэг дутуугийн улмаас тухай бартераар хийсэн эд хөрөнгийн үндсэн үнийн дүнг өсгөсөн байдлаар бодит бус үнэлгээгээр тайлангаа гаргасан гэж тайлбарладаг. 2017 онд хүргүүлсэн Татварын улсын байцаагчийн мэдэгдэлд “Н с” ХХК-ийг 251.000.000 төгрөгийн өр төлбөртэй гэсэн. Энэ мэдэгдэл нь Захиргааны акт захирамжилсан шинжтэй шийдвэр гэж ойлгоод эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2-т зааснаар уг мэдэгдэх хуудастай холбоотой үйл баримт нь татварын анхан шатны баримтад үндэслээгүй тул хууль бус захиргааны акт гэж үзсэн” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...”Н с” ХХК нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Ц-ын 2017 оны 35/******* дугаар мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Татварын улсын байцаагчийн 2017 оны 35/******* дугаар мэдэгдэх хуудас нь Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид “тэмдэглэл” гэх/ үйлдэнэ”.
Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.4-т “татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон шууд бус аргаар ногдуулсан татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнийг татвар төлөгчид гардуулах бол энэ хуулийн 54 дүгээр зүйл, татвар төлөгчийн харилцагч банкинд өгөх бол энэ хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу уг хуудсыг үйлдэнэ”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татвар болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар татварын албанаас тодорхойлон тогтоосон татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулах бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана” гэж заасны дагуу татвар төлөгчид мэдэгдэх хуудас гардуулсан.
Дээрх мэдэгдэх хуудсанд заасан татварын өр нь татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж заасны дагуу татвар төлөгч “Н с” ХХК нь татварын албанд төлөх байсан татвараа өөрсдөө тодорхойлж тайлангаа илгээсэн хуулийн хугацаанд төлөх байсан татвараа төлөөгүй тул татварын улсын байцаагч С.Ц нь татвар төлөгчид татварын өрөө төлөх тухай мэдэгдэх хуудас гардуулсан юм. Энэ нь татварын хяналт шалгалтаар тогтоосон өр биш татвар төлөгчийн татварын албатай байгуулсан тоон гарын үсгийн гэрээний дагуу цахимаар тайлангаа илгээж төлөхөөр тайлагнасан татварын өр юм.
Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс Татварын ерөнхий хуулийн 63-69 дүгээр зүйлд заасны дагуу шат дараалсан арга хэмжээ авч татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулахаар дансны гүйлгээг бүрэн зогсоох арга хэмжээ авч, татвар төлөгчид татварын өрийг төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас гардуулсан боловч татварын өрийг төлж барагдуулаагүй тул “Н с” ХХК-д холбогдуулан НӨАТ-ын тайлангийн өр 251,480,654.7 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр 1,776,230.2 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр 4,539,717.6 төгрөг нийт 257,796,602.50 төгрөгийг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/******* дугаартай шүүхийн шийдвэр гарсан.
Татвар төлөгч “Н с” ХХК-ийн өөрсдийн тайлагнасан өрийг нь мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр “Н с” ХХК-ийн “...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Ц-ын 2017 оны 35/******* тоот мэдэгдэл нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч С.Ц нь 2017 оны 35/******* тоот мэдэгдэх хуудсаар “Н с” ХХК-ийн 260,699,297.30 мянган төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг төлөхийг мэдэгдсэн байна.[1]
“Н с” ХХК нь дээрх мэдэгдэх хуудсыг эс зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлд хандсан боловч тус газар 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 135 дугаар албан бичгээр “...танай гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй тул гомдол гаргагчид гомдлыг буцаасныг үүгээр мэдэгдэж байна”[2] гэсэн хариу өгчээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс 35/******* тоот мэдэгдэх хуудсаар төлөхийг шаардсан татварыг компани өөрөө гаргаж, цахимаар тайлагнасан тухай маргахгүй байна.
Харин “Татварын улсын байцаагч нь дээрх мэдэгдлийг гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу акт үйлдэж баталгаажуулаагүй, 33.2.1-д заасан шаардлагыг хангаагүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус акт юм” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...татварын хяналт шалгалтаар тогтоосон өр биш татвар төлөгчөөс татварын албатай байгуулсан тоон гарын үсгийн гэрээний дагуу цахимаар илгээж төлөхөөр тайлагнасан татварын өр тул түүнийг төлөхийг шаардсан нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тус тус маргажээ.
Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ үйлдэх эрхийн актуудыг нэрлэн заасан байх ба татвар төлөгч болон бусад этгээдийг дуудан ирүүлэхэд мэдэгдэл бичихээр, харин 33.2.4-т татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичихээр тус тус зохицуулжээ.
Маргаан бүхий 35/******* тоот акт нь “Мэдэгдэх хуудас” гэсэн нэртэй байх бөгөөд түүнд татвар төлөгчийг дуудан ирүүлэх тухай ямар нэг агуулга тусгагдаагүй, харин 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 260,699,297.3 төгрөгийн татварын өр үүссэн талаарх тооцооллыг агуулсан байх тул “мэдэгдэл” гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “...татвар төлөгч болон бусад этгээдийг дуудан ирүүлэхэд хүргүүлдэг мэдэгдэх хуудсаар татварыг төл гэж шаардах эрхгүй бөгөөд ... уг мэдэгдэх хуудас нь илт хууль бус захиргааны акт юм” гэсэн тайлбар үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгч “Н с” ХХК нь 2016 оны эхний байдлаар 173,939,013.9 төгрөгийн, мөн оны эцсийн байдлаар 257,796,602.5 төгрөгийн нэмэгдсэн өртгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын суутганы өртэй байсан болох нь Чингэлтэй дүүргийн татварын албанаас ирүүлсэн татварын тооцооллын жагсаалтаар[3] тогтоогдож байх ба энэхүү өр нь 2017 онд 30,533,253.3 төгрөгөөр, 2018 онд 21,880,154.5 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/******* дүгээр шийдвэрээр “дээрх өр нь татварын улсын байцаагчийн актаар тогтоосон өр биш, татвар төлөгч “Н с” ХХК-ийн тайлангаар тогтоогдсон өр болох нь нотлох баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэн “Н с” ХХК-аас дээрх татварын өрийг гаргуулж Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн[4] байх ба хэргийг Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж 182/ШШ2017/******* тоот шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.[5]
Нэхэмжлэгч “Н с” ХХК нь 2016 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа “Үлдэгдэл алдаатай” шалтгааны улмаас буруу тайлагнасан тул засварлах эрх олгож өгнө үү”[6] гэсэн хүсэлтүүдийг удаа дараа гаргасныг татварын алба хүлээн авсны үндсэн дээр нэхэмжлэгч байгууллага нь 2016 оны 03, 04, 05 дугаар саруудын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа засварласан байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, ... үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж зааснаар түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн “НӨАТ-ын өр төлбөр нь санхүүгийн анхан шатны баримтад үндэслээгүй, бодитой орлого, зарлагад тулгуурлаагүй, зохиомол өрийн тооцоолол” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.
Дээрхээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч “Н с” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлох”, 18.1.3-т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” татвар төлөгчийн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байх бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүссэн үр дагаварт татварын улсын байцаагчийг буруутгах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т “татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулахад акт үйлдэх ...”-ээр зааснаас үзвэл татвар төлөгчийн тодорхойлсон татвар нь үнэн зөв тайланд үндэслэгдсэн эсэхийг татварын байцаагч тухай бүр шалгаж тогтоох үүрэг хүлээхгүй, харин татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвараа тодорхойлсон эсэхэд хяналт тавих явцдаа хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзвэл акт үйлдэх агуулгатай байна.
Гэтэл нэхэмжлэгч нь өөрөө гаргасан тайланг хариуцагч давхар шалгах үүрэгтэй байсан гэж үзэж “хариуцагч нь хуульд заасны дагуу акт үйлдэх ёстой байсан” хэмээн тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий актад тусгагдсан төлбөрийг төлөх үүрэг үүсгэж буй үр дагавар нь нэхэмжлэгч байгууллагын өөрийнх нь үйл ажиллагаанаас үүдэлтэй байх тул татвар төлөгчийг өөрөө тодорхойлж тайлагнасан татварын өр төлбөрийг төлөхийг шаардаж мэдэгдэх хуудас хүргүүлсэн нь татварын улсын байцаагчид хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хууль ёсны үйл ажиллагаа байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч “Н с” ХХК-ийн “...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Ц-ын 2017 оны 35/******* тоот мэдэгдэл нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2.4-т заасныг тус тус баримтлан “...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Ц-ын 2017 оны 35/******* тоот мэдэгдэл нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
1] Хавтаст хэргийн 11 дэх талд
[2] Хавтаст хэргийн 13 дахь талд
[3] Хавтаст хэргийн 68 дахь талд
[4] http://new.shuukh.mn/irgenanhan
[5] http://www.supremecourt.mn/zar/715?date=2018-05-03
[6] Хавтаст хэргийн 169 дэх талд