Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2018/0189/З |
Дугаар | 300 |
Огноо | 2018-05-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 300
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.О, Ш.Х нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: “Т” ХХК ............
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.О, Ш.Х,
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.О, Ш.Х нарын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай актыг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, О.О, хариуцагч П.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тус компанийн хүсэлтийн дагуу 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны НӨАТ-ын ногдуулалт төлөлтийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчид шалгаж ******* тоот актаар 209,347,837.70 төгрөгийн буцаан авалттай гэж баталгаажуулсныг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.О, Ш.Х нар хянан баталгаажуулж тус компанийн 209,347,837.70 төгрөгийн НӨАТ-ын илүү төлөлтийг 00 үлдэгдэлтэйгээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 30,507,862.60 төгрөгийн үлдэгдэлтэйгээр 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай актаар баталгаажуулсныг хүлээн зөвшөөрөхгүй учир татварын улсын байцаагчийн ******* тоот актыг хүчингүй болгуулах.
Үндэслэл нь: Тус компани БНХАУ-ын “D I” компанитай зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон хүнд даацын тоног төхөөрөмж түрээслэх чиглэлээр хамтран ажиллахаар 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* тоот гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээнд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15DQE0IMGGW013/01 тоот гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулсан.
Гэрээний дагуу манай компани Дорнод аймагт байрлах Тамсагийн 19,21 дүгээр талбайд өрөмдлөгийн шингэн агуулах сангийн барилгын ажил, барилга угсралтын ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа, ажиллах хүчний нөөц, ажлын горим, хийгдэх хугацаа гэх мэт ажлын цаг хүрээг тодорхойлсон тооцоолол хийж зөвлөмжийг гаргаж, БНХАУ-д байрлах “D I” компанид хүргүүлдэг бөгөөд энэ нь Монгол улсаас экспортлогдож байгаа зөвлөх үйлчилгээ юм.
Тус компанийн зүгээс гэрээний дагуу хийгдсэн тайлантай танилцаж харилцан зөвлөж засвар оруулсаны үндсэн дээр Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг. БНХАУ-д байрлах “D I” компанийн Монгол улсад явуулж буй үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг манай компаниас түрээслүүлж буй үйлчилгээ ч мөн Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээний нэг хэсэг юм.
Гэрээний дагуу үйлчилгээний нэг хэсэг болох 2,509,605,000 төгрөг нь БНХАУ-ын “D I” компанийн Хятад улс дахь банкны данснаас манай байгууллагын дансанд шууд төлөгдсөн нь Экспортын үндсэн зарчим болох гадны компанитай гэрээ хийж үйлчилгээ үзүүлсэн байх, төлбөр тооцоо хөрвөх валютаар гадаад улсаас Монгол улс дахь тухайн компанийн дансанд шууд шилжсэн байх гэдэгтэй бүрэн нийцэж байгаа.
Энэ үйлчилгээг Дорнод аймагт орших газрын тосны 19 ба 21 дүгээр талбайд үзүүлж байгаа тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан “Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ” гэдэгт хамаарах боловч мөн хуулийн 11.2-т “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан бараа, ажил үйлчилгээнд ногдуулах НӨАТ-ын хувь “0”-тэй тэнцүү байна”, 12.1.3-т “Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн ... үйлчилгээ”, 12.1.4-т заасан “Үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ” гэсэн заалтад хамаарч НӨАТ-ын “0” хувь хэмжээг хэрэглэх заалттай бүрэн нийцэж байгаа.
Монгол Улсаас өөр улсад байнга оршин суудаг буюу байрладаг хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэн Монгол улсад мөнгөн хөрөнгө орж ирэхийг экспорт гэж ойлгох ба Монгол улсад бүтээгдсэн, гадагшаа гарч байгаа үйлчилгээнд Албан татварын тэг хувь хэрэглэхээр НӨАТ-ын хуульд заасан байдаг. Энэ нь компанийн өрсөлдөх чадварын нэмэгдүүлэх, Монгол улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх тус улсаас экспортод гарч буй бараа, ажил үйлчилгээг дэмжих зорилготой, Монгол улсруу мөнгө татаж буй тохиолдолд татварын хуулиар дэмжих нь зүйтэй гэсэн бодлого байдаг.
Иймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл “Албан татварын тэг хувь хэрэглэх”, 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ “0”-тэй тэнцүү байна”, 12.1.3-т “Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн ... үйлчилгээ”, 12.1.4-т “Үйлчилгээ үзүүлэх үед Монгол улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ”, 12.4-т “Энэ хуулийн 12.1.4-т заасанг иргэн хуулийн этгээдийг дор дурдсан тохиолдолд Монгол улсын нутаг дэвсгэрт байгаагүй гэж үзнэ”, 12.4.2-т “тухайн улсад төлөөний газаргүй бөгөөд уг этгээд нь Монгол улсаас өөр улсад байнга оршин суудаг буюу байрладаг” гэсэн заалтад хамаарч борлуулалтад “0” хувь хэрэглэж, дотоодын зах зэлээс худалдан авалт хийхдээ төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах үндэслэлтэй юм. Энэ нь Гааль, татварын ерөнхий газрын Стратеги, хөгжлийн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01-4/3682 тоот албан бичигт “Т” ХХК болон БНХАУ-ын “D I” ХХК нарын байгуулсан гэрээний дагуу Монгол улсын нутаг дэвсгэрт үзүүлж буй үйлчилгээний төлбөр нь гадаад улсаас “Т” ХХК-ийн данс руу шууд төлөгдөж байгаа нь НӨАТ-ийн 12.1.4-т заасны дагуу үйлчилгээ үзүүлэх үед Монгол улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаадын хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ нь мөн хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу “0” хувь хэмжээгээр хэрэглэхээр байна” гэсэн дүгнэлт, тодруулгаар баталгаажиж байна.
Татварын ерөнхий газраас тодруулга авсны үндсэн дээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг экспортод гаргасан үйлчилгээний орлого буюу “0” хувьтай орлогоор тусгасныг татварын байцаагчийн үзэж байгаагаар “...албан татвар төлөх дүнг их хэмжээгээр бууруулж тайлагнасан зөрчил ..” гэж дүгнэж татвар төлөгчийг буруутгаж, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих нь төрийн албаны үндсэн зарчим болох шударга ёс, хууль дээдлэх зарчимтай зөрчилдөж байна. Мөн Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлж ажиллана” гэж заасныг зөрчиж байгаа юм.
Дээрх актын талаар Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 56 тоот тогтоолоор гомдол гаргагч магадалгааны явцад ажлын гүйцэтгэлтэй холбогдох анхан шатны баримтыг гүйцэт ирүүлээгүй гэж үзэж 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг хэвээр баталсан. Харин бид маргаан таслах зөвлөлийн хуралд компанийн үйл ажиллагаатай холбогдолтой нотлох баримтыг гарган хүргүүлснийг хурлын явцад авч хэлэлцэлгүй, мэтгэлцэлгүй тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөөгүй болно.
Хятад улс дахь “П Д” компанийн захиалгаар Дорнод аймагт орших газрын тосны 19 ба 21 дүгээр талбайгаас экспортод гаргах бүтээгдэхүүнд чанарын шинжилгээ хийх үйл ажиллагаа явуулдаг өөр нэгэн компанийн борлуулалтыг татварын байцаагчид мөн экспорт гэж үзээгүйг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Экспорт” гэж үзэж татварын байцаагчийн актыг хүчингүй болгосон тохиолдол байгааг дурьдах нь зүйтэй.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасны дагуу татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж Татварын улсын байцаагчийн ******* тоот нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Ш.Х, П.О нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Х.А нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, барилгын засвар үйлчилгээ, гадаад худалдаа, цэцэрлэгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг, 5820057 тоот регистртэй “Т” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд тус компанийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаартай НӨАТ-ийн илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 7 дугаар сарын 18-ны өдрийн 20-3/1715 дугаартай албан бичиг, 10 дугаар сарын 18-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх ******* дугаар томилолтын дагуу Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.О, Ш.Х бид хэсэгчилсэн шалгалт хийсэн юм.
Шалгалтаар тус компанийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах НӨАТ-ийн үлдэгдлийг 0.0 төгрөгөөр, төсөвт төлөх НӨАТ-ын үлдэгдлийг 3,507,826.6 төгрөгөөр баталгаажуулж, татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот акт үйлдсэн.
Татварын улсын байцаагчийн дээрх ******* тоот НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг татвар төлөгч эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаартай гомдол гаргасан. Тус гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд 56 дугаартай тогтоолоор татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот актыг хэвээр баталсан юм.
Улмаар “Т” ХХК нь танай шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тус нэхэмжлэлдээ “тус компанийн хүсэлтийн дагуу 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны НӨАТ-ын ногдуулалт төлөлтийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид шалгаж ******* тоот актаар 209,347,83,7.70 төгрөгийн буцаан авалттай гэж баталгаажуулсныг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын
байцаагч П.О, Ш.Х нар хянан баталгаажуулж тус компанийн 209,347,837.70 төгрөгийн НӨАТ-ын илүү төлөлтийг 00 үлдэгдэлтэйгээр төсөвт төлөх НӨАТ-ыг 30,507,862.60 төгрөгийн үлдэгдэлтэйгээр 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай актаар баталгаажуулсныг хүлээн зөвшөөрөхгүй учир татварын улсын байцаагчийн ******* тоот актыг хүчингүй болгуулах. ҮНДЭСЛЭЛ НЬ: Тус компани БНХАУ-ын “D I” компанитай зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон хүнд даацын тоног төхөөрөмж түрээслэх чиглэлээр хамтран ажиллахаар 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* тоот гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээнд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15DQE0IMGGW013/01 тоот гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулсан.
Гэрээний дагуу манай компани Дорнод аймагт байрлах Тамсагийн 19,21 дүгээр талбайд өрөмдлөгийн шингэн агуулах сангийн барилгын ажил, барилга угсралтын ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа, ажиллах хүчний нөөц, ажлын горим, хийгдэх хугацаа гэх мэт ажлын цаг хүрээг тодорхойлсон тооцоолол хийж зөвлөмжийг гаргаж, БНХАУ-д байрлах “D I” компанид хүргүүлдэг бөгөөд энэ нь Монгол улсаас экспортлогдож байгаа зөвлөх үйлчилгээ юм.
Тус компанийн зүгээс гэрээний дагуу хийгдсэн тайлантай танилцаж харилцан зөвлөж засвар оруулсаны үндсэн дээр Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг. БНХАУ-д байрлах “D I” компанийн Монгол улсад явуулж буй үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг манай компаниас түрээслүүлж буй үйлчилгээ ч мөн Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээний нэг хэсэг юм ...” зэргээр бичсэн байна.
Тус компанийн нэхэмжлэлтэй танилцаад бид дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Бид уг татварын төлөлтийн НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайланг хянаж үзээд, түүний тайлагнасан борлуулалтын орлого, түүнд ногдуулсан НӨАТ-ын дүнг өөрчлөөгүй буюу борлуулалтын орлоготой холбоотой зөрчил илрээгүй.
2. Хяналт шалгалтаар “суудлын автомашины эд анги, сэлбэгт төлсөн НӨАТ-ыг худалдан авагч төсөвт төлөх албан татварын дүнгээс хасаж тооцсон” болон “НӨАТ төлөгч бус этгээдээс авсан бараа, үйлчилгээнд НӨАТ төлөгчөөс авснаар хий бичилт бүхий падаан, баримт бүрдүүлэн НӨАТ-аа бууруулсан” зөрчил илэрсэн юм.
2.1. Дээрх зөрчлүүдийн талаар “Т” ХХК-ийн нягтлан бодогч Г.Б тодорхой тайлбарласан бөгөөд “НӨАТ бус этгээдээс авсан бараа, үйлчилгээнд НӨАТ төлөгчөөс авснаар хий бичилт бүхий падаан, баримт бүрдүүлэн НӨАТ-аа бууруулсан” зөрчил нь өмнөх буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Ц, С.Т нарын хийсэн татварын хяналт шалгалтаар илэрч, татвар төлөгч “Т” ХХК нь зөвшөөрсөн байдаг.
2.2. Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг 2017 оны 01 дүгээр арын 06-ны өдөр татвар төлөгчид гардуулах үед “Т” ХХК-ийн захирал Д.Ц, нягтлан бодогч Г.Б нарт хяналт шалгалтаар илэрсэн зөрчил нэг бүрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд энэ тухай тус актыг гардуулсан тэмдэглэлд дурдсан болно.
3. Танай шүүхэд тус компанийн гаргасан нэхэмжлэлд хяналт шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүдийн талаар дурдаагүй боловч “...Татварын улсын байцаагчийн ******* тоот НӨАТ-ын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан актыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нь татварын улсын байцаагчийн ******* тоот актыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаагаар ойлгогдож байх боловч уг нэхэмжлэлийн агуулгыг үзвэл бүхэлдээ тус компанийн борлуулалтад НӨАТ-ын албан татварын тэг хувь хэмжээг хэрэглэх ёстой байсан гэжээ.
4. Шалгалтад хамрагдах үед тус компанийн нягтлан бодогч Г.Б 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хийсэн ярилцлагад компанийн эрхлэх үйл ажиллагааны талаар тэрээр “Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Д” компанийн захиалгаар 9 давхар 38 айлын орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр орж 2014 оны 2 дугаар улиралд эхлээд 2015 оны 01 дүгээр улиралд дуусган хүлээлгэж өгсөн. Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутаг дахь 19, 21 дүгээр талбайн нефтийн хайгуулын дараах нөхөн сэргээлтийн ажлыг 2014 оны 05 дугаар сараас байх аа, БНХАУ-ын “Д компани”-ийн захиалгаар хийж байна. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой орлогын дийлэнх нь татварын тайланд тусгагдсан ба зарим хэсэг болон Өвөрхангай аймагт барилга барьсантай холбоотой 400.0 орчим сая төгрөгийн орлого зэргийг тусгаагүй байсныг ил тодын тайланд тайлагнасан” гэж ярьсан.
5. Тухайн үед шалгалтанд ирүүлсэн баримт материалыг нягталж байхад БНХАУ-ын “Дачин газрын тосны олон улсын компани” (DQE International)-тай байгуулсан “Тоног төхөөрөмж түрээслэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх” гэрээний нэр нь хэдийгээр хөрөнгө түрээслэх, үйлчилгээ үзүүлэх утгатай боловч ту гэрээнд заасан үндсэн агуулга нь нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх болон өрмийн шингэн агуулах сангийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ байдаг.
6. Тус компанийн захирал Д.Ц 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16/036 дугаартай албан бичгээр тухайн үеийн нэршлээр Гааль, татварын ерөнхий газрын Стратеги хөгжлийн газар тодруулаг авахаар хандсан байдаг. Тус албан бичигтээ “...2014 оноос 2015 оны хооронд БНХАУ-ын “D I Co.Ltd” –тай хамтран ажиллаж байгаа бөгөөд бид тус компанийн үйл ажиллагаанд хэрэглэгддэг газрын тосны шингэн шаврын хаягдлын санг бүтээн байгуулах үйл ажиллагааг явуулсан ба үйлчилгээний төлбөр нь БНХАУ-аас манай компанийн дансанд шилжин ирдэг ...” гэж дурдсан байдаг.
7. Тус компани хилийн чанадаас дотоодын хэрэглээ буюу нөхөн сэргээлтийн ажилдаа зориулан боодлын хуванцар хальс, хуванцар хоолой, хулдаас зэргийг импортолсон нь гаалийн мэдээ, холбогдох бусад баримтаар нотлогддог.
8. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Ц, С.Т нарын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 240012561 дугаартай актад: “...”Т” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, А оффис 103 тоот хаягт түрээсийн байранд байрладаг, үйл ажиллагаа нь 1 гишүүнтэй, 1,000,000.0 төгрөгийн дүрмийн сантай, Д овогтой Ц үүсгэн байгуулсан байна. Тус компани нь гадаад худалдаа, газрын хэвлийн нөхөн сэргээлт, тээвэр, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ...” гэж дурдсан.
9. Тус компанийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 9011472038 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээнд эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь барилгын засвар үйлчилгээ, гадаад худалдаа, цэцэрлэгжүүлэлт гэж бүртгэгдсэн байдаг.
10. Тус компанийн дүрмийн 1.5-т “Компани нь үйл ажиллагааг дараах чиглэлээр явуулна. Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг энэ заалтад хамааруулахгүй”, 1.5.1-т “Барилгын засвар үйлчилгээ”, 1.5.2-т “Гадаад худалдаа”, 1.5.3-т “Цэцэрлэгжүүлэлт”, 1.5.4-т “Автомашин, дагалдах, сэлбэг хэрэгсэл худалдах, худалдан авах” гэж заасан.
Дээрх ярилцлага, гэрээ болон холбогдох бусад баримт бичигт заасан үндэслэлүүдийн дагуу тус компани нь Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутаг дахь 19, 21 дүгээр талбайн нефтийн хайгуулын дараах нөхөн сэргээлт буюу цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийсэн гэж үзсэний үндсэнд татварын улсын байцаагч бид тус компанийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах НӨАТ-ын үлдэгдлийг 0.0 төгрөгөөр баталгаажуулж, татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот акт үйлдэхдээ холбогдох хуулийн заалтыг үндэслэсэн болно.
Үүнд: 1. Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээний НӨАТ-ын хувь хэмжээ тэг хувьтай тэнцүү байна”, 12.1.4-т “үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ” гэж заасан байдаг. Гэвч тус компани нь ямар нэгэн бараа, ажил, үйлчилгээг экспортод буюу Монгол Улсын хилээр гаргаагүй юм.
2. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд мөн хуулийн 12.1.4 дэх заалт хамаарахгүй”, Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юм үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасныг тус тус үндэслэн “Т” ХХК нь Тамсагийн бүс нутгийн хайгуулын талбайд хайгуулын дараах нөхөн сэргээлтийн ажил хийдэг тус тус компанийн борлуулалтад НӨАТ ногдуулна гэж үзсэн юм” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд
дараах үндэслэлээр “Т” ХХК-ийн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.О, Ш.Х нарын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан” тухай ******* тоот акт -аар “Т” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны байдлаарх төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 0.0 төгрөгөөр, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 30,507,862.6 төгрөг байхаар баталгаажуулжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирсэн бүх төрлийн бараа, ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар/цаашид НӨАТ гэх/-ын хэмжээг бараа, ажил үйлчилгээний борлуулалтын үнэлгээний 10 хувиар байхаар хуульчилсан байх ба нэхэмжлэгч “Т” ХХК нь БНХАУ-ын “D I/Д к и и/” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Тамсагийн бүс нутгийн талбайд хийгдэх шингэн шаврын сангийн ажилд хүнд даацын тоног төхөөрөмж түрээслэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх” тухай гэрээний дагуу хүлээн авсан зөвлөх үйлчилгээний төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлж байсан байна.
Татвар төлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Т, Л.Ц нараас “Т” ХХК-ийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот актаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна” гэж заасны дагуу татварын “0” хувь хэмжээг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж дээрх гэрээний төлбөрт БНХАУ-аас шилжүүлсэн орлогод ногдох НӨАТ-ын хэмжээг “0”-тэй тэнцүү гэж тооцон “Т” ХХК-ийг 209,347,837.0 төгрөгийн илүү төлөлттэй гэж баталгаажуулжээ .
Дээрх актыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч П.О, Ш.Х нар баталгаажуулах шалгалт хийж 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот акт -аар НӨАТ-ын “0” хувь хэмжээг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэн тус компанийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны байдлаарх төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 0.0 төгрөгөөр, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 30,507,862.6 төгрөг байхаар тогтоосон байна.
“Т” ХХК нь татварын улсын байцаагчийн ******* тоот актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хэлэлцээд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаар тогтоолоор актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээн/татварын тооцоолол/-д маргахгүй байх ба харин агуулгын хувьд буюу нэмэгдсэн өртгийн татварын “0” хувь хэрэглэх үйлчилгээ мөн эсэх тухайд “Экспортын үр дүнд Монгол Улсад орж ирсэн “мөнгө”-нд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар “0” байхаар хуульд заасныг хэрэгжүүлээгүй нь хууль бус” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргаж байх ба хариуцагч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “үйлчилгээний төлбөр нь гадаад улсаас орж ирсэн боловч худалдан авалт нь үзүүлсэн үйлчилгээтэйгээ холбоогүй, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд зарцуулагдсан тул Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг хэрэглэж маргаан бүхий актыг гаргасан нь хууль тогтоомжид нийцсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006 он/-ийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь/”0”/-тай тэнцүү байна”, 12.1.3-т “Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн үйлчилгээ”,12.1.4-т “Үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/, 12.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд энэ хуулийн 12.1.4 дэх заалт хамаарахгүй” гэж заасныг нэгтгэн дүгнэж үзвэл, экспортод гаргасан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийг албан татварын “0” хувь хэмжээ нь Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн гадаадын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ нь Монгол Улсын гадна хэрэгжсэн бөгөөд гадаад улсад борлуулагдсан тохиолдолд хэрэгжих агуулгатай гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, экспортын гол зорилго нь түүнnй үр дүнд гадаад улсын хүн, хуулийн этгээд бараа бүтээгдэхүүнтэй болсон, гадаад улсын иргэн, хуулийн этгээд уг үйлчилгээний үр шимийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна хүртсэн байх, түүнчлэн Монгол Улсаас экспортлогч нь орлоготой болсон байх явдал бөгөөд хууль тогтоогчоос НӨАТ-ын “0” хувь хэрэглэх замаар экспортыг “урамшуулах-дэмжих” эдийн засгийн хөшүүргийг бараа бүтээгдэхүүн Монгол Улсын гадна борлуулагдсан, хэнд үйлчилгээ үзүүлснээс үл хамааран бүтээгдэхүүн, үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор хэрэгжсэн тохиолдолд хэрэглэхгүй байхаар тусгайлан зохицуулсан нь экспортын талаарх дээр дурьдсан зорилгыг хангахад чиглэсэн гэж үзэхээр байна.
Гэтэл нэхэмжлэгч байгууллагын ******* тоот гэрээний дагуу гадаад улсын хуулийн этгээдэд үзүүлсэн гэх зөвлөх үйлчилгээ нь гадаад улсын хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ, орлого нь гадаад улсаас шилжүүлсэн орлого мөн боловч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, Монгол Улсын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор хэрэгжсэн байх тул уг үйлчилгээг “экспортод гаргасан үйлчилгээ” гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал, “Т” ХХК-ийн үйлчилгээг авсан гадаадын хуулийн этгээд нь уг үйлчилгээний үр шимийг Монгол Улсын Дорнод аймагт орших Тамсагийн XIX, XXI талбайд өрөмдлөгийн шингэн агуулах сангийн байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд ашигласан байх тул энэхүү үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн гэж дүгнэх бүрэн боломжтой юм.
Зөвлөх үйлчилгээний төлбөр нь БНХАУ-ын банкны ******* тоот данснаас “Т” ХХК-ийн дансанд шууд шилжиж орсон нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “Экспорт гэдэг нь мөнгө юм. Манай байгууллага гадаад улсын мөнгийг Монголд оруулж ирсэн” хэмээн тайлбарлаж байх боловч энэ нь экспорт/бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаадад худалдах/ гэх агуулгыг бүрэн илэрхийлэхгүй юм.
Түүнчлэн “Т” ХХК-ийн экспортод гаргасан гэх үйлчилгээ Монгол Улсын нутаг дэвсгэр Дорнод аймгийн Тамсагийн бүс нутагт “D I” компанийн “Шингэн шаврын сангийн ажил” төслийн явцад ашиглагдсан, үл хөдлөх эд хөрөнгө/газар/-тэй холбоотойгоор хэрэгжсэн үйлчилгээ болох нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж ирүүлсэн “...,зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-д “Б тал нь Тамсагийн XXI ба XIX талбайд өрөмдлөгийн шингэн шаврын сангийн байгууламжийн ажилд үйлчилгээ үзүүлэх...” , “А тал нь Б талын үзүүлсэн бодит үйлчилгээний дагуу төлбөрийг хийнэ. Цооног бүрийн ажил дуусч тухайн бригадын дарга болон удирдах ажилтны гарын үсэг зурж хүлээн авснаас хойш ...”, “Б тал нь үйлчилгээ үзүүлэх явцад гуравдагч этгээд буюу туслан гүйцэтгэгчид хандаж болно. ...туслан гүйцэтгэгчийн үйлчилгээний чанартай холбоотой хариуцлагыг хүлээнэ” заасан болон “Өрмийн шингэн агуулах сангийн барилга угсралтын гэрээ”-нд нэхэмжлэгч байгууллагын захирал гарын үсэг зурснаар тус тус тогтоогдож байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006/-ийн тусгайлсан зохицуулалтын дагуу НӨАТ-ын “0” хувь хэмжээг хэрэглэхээргүй байна.
Иймд нэхэмжлэгч “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.О, Ш.Х нарын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “худалдан авалт нь барилга угсралтын ажилд хэрэглэгдэх пленк их хэмжээгээр авсан” гэж тайлбарлаж байх боловч хэргийн оролцогчид татварын тооцоололд маргаагүй тул шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.О, Ш.Х нарын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ