Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01692

 

Ц.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 103/ШШ2018/00113 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1451 дүгээр магадлалтай,

Ц.У-ын нэхэмжлэлтэй,

Н.П-д холбогдох,

1.417.500 төгрөг гаргуулах тухай үндсэн,

625.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.У-, өмгөөлөгч Ж.Цэцгээ, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.П-тэй 1996 оноос 2007 он хүртэл амьдарч байгаад 1997 онд том хүү П.Одгэрэл, 2001 онд бага хүү П.Батгэрэл нарыг төрүүлсэн. 2007 онд Н.П-гээс гэр бүлээ цуцлуулж 9 жил 2 хүүгийн хамт өрх толгойлон амьдарч байна. Миний бие зураг хөдөлмөрийн багш мэргэжилтэй. Багануур хотод ажлын байр байхгүй тул хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөх боломжгүй байна. Том хүү 2016 онд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөөд Улаанбаатар хотод Их Засаг их сургуульд барилгын инженер мэргэжлээр суралцах болсон. 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болох 2.100.000 төгрөгийг миний бие бусдаас сарын 7 хувийн хүүтэй мөнгө зээлж төлсөн. Иймд сургалтын төлбөрийн 50 хувь буюу 1.050.000 төгрөг, 5 сарын хүүд төлсөн 735.000 төгрөгийн 50 хувь 367.500 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.                                    Хариуцагч Н.П- шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.У- өнгөрсөн жил надаас хүү П.Одгэрэлийн сургалтын төлбөрт мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч төлсөн. Гэтэл уг мөнгийг сургалтын төлбөрт зарцуулаагүй байсан. Төлсөн мөнгийг хүүгийнхээ сургалтын төлбөрт өгөөгүй байж одоо дахин мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Н.П- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хүү П.Одгэрэлийн 2016 оны сургалтын төлбөрт 1.050.000 төгрөг, дотуур байрны төлбөрт 200.000 төгрөг өгсөн. П.Одгэрэл нь хичээлийн жилийн хагаст суусан тул сургуульдаа сургалтын төлбөрт жилийн төлбөрийн 50 хувийг төлсөн. Тооцож үзэхэд хагас жилийн сургалтын төлбөрт 525.000 төгрөг, дотуур байрны төлбөрт 100.000 төгрөг нийт 625.000 төгрөг төлөхөөр байна. Иймд зориулалтаар нь зарцуулаагүй илүү авсан 625.000 төгрөгийг Ц.У-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.У- сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Н.П-гээс нэхэмжилсэн сургалтын төлбөр 1.050.000 төгрөг, 5 сарын хүүд төлсөн 735.000 төгрөгийн 50 хувь 367.500 төгрөг нийт миний нэхэмжилсэн 1.417.500 төгрөгөөс илүү төлсөн гэх 625.000 төгрөгийг хасч 792.500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 103/ШШ2018/00113 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Иеншеебү овогт Нямсүрэнгийн Пүрэвхүүгээс сургалтын төлбөрт 1.417.500 төгрөгийг гаргуулж Санга овогт Цэдэнсодномын Уранболдод олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.У-оос 625.000 төгрөг гаргуулж хариуцагч Н.П-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 37.630 төгрөгийг хариуцагчаас, илүү төлсөн 10.920 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.У-од, хариуцагч Н.П-гээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамж 19.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч Уранболдоос 19.400 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1451 дүгээр магадлалаар: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 103/ШШ2018/00113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.630 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.27-ны өдрийн 103/ШШ2018/00113 дугаар шийдвэрийн зарим хэсэг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.22-ны өдрийн 1451 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3 дахь хэсэгт тэтгүүлэгч хүүхэд 18 нас хүрсэн бол тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болохоор заасан байдаг. Сургалтын төлбөр төлүүлж байгаа П.Одгэрэл нь одоо 20 настай. Хуулийн дагуу хүүхэд 20 нас хэдийнээ хүрсэн тул хариуцагч Н.П-д П.Одгэрэлийг тэжээн тэтгэх үүрэг үүсэхгүй. Мөн П.Одгэрэлийн сургалтын төлбөрийг нэхэмжилсэн. П.Одгэрэл нь насанд хүрсэн тул шүүхэд бие даан нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй. Сургалтын төлбөрийг нэхэмжлэгч Ц.У-, эсхүл П.Одгэрэл нарын хэн нь төлсөн тодорхойгүй байдаг. Иймд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Хуулийн дагуу тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.22-ны өдрийн 1451 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.27-ны өдрийн 103/ШШ2018/00113 дугаар шийдвэрт Н.Пурэвхуугээс сургалтын төлбөрт 1.417.500 төгрөгийг гаргуулж Ц.У-од олгох тухай хэсгийг хүчингүй болгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.        

Нэхэмжлэгч Ц.У-ын “...1.417.500 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг хариуцагч Н.П- эс зөвшөөрч, 625.000 төгрөг  шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид 2009 оны 12 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан, хүү П.Одгэрэл, П.Батгэрэл нар эхийн асрамжид үлдсэн, энэ талаар маргаагүй байна.

Хүү П.Одгэрэл 2016 онд Их засаг их сургуульд элсэн орсон, нэхэмжлэгч нь 2017-2018 оны сургалтын төлбөрт 2.100.000 төгрөг төлсөн, уг мөнгийг бусдаас зээлэхдээ хүүд 735.000 төгрөг төлсөн тул дээрх төлбөрийн 50 хувийг хариуцагчаас шаарджээ.

П.Одгэрэлийн сургалтын төлбөрийг эцэг, эх адил тэнцүү хариуцах үүрэгтэй.

Хариуцагч шүүхийн шийдвэрээр 2016-2017 оны сургалтын төлбөрт 1.250.000 төгрөг төлсөн боловч үүнээс 625.000 төгрөгийг зориулалтаар нь зарцуулаагүй болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрчээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангасныг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 103/ШШ2018/00113 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1451 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цолмонгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 37.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ