Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 113

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам  даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: 19................. онд ............................................. төрсөн, дээд ...........................боловсролтой, ........................... мэргэжилтэй, ам бүл ............ хүүхдүүдийн хамт .................................... дугаар хороо, .........................  дүгээр гудамжны ...................тоотод оршин суух, .................................. багшилдаг С...........овогтой  Ц................................У...............ын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: ...................................... дүгээр хороо, .................... дүгээр байрны .........................тоотод оршин суух, И.....................овогт Н..............гийн П................д холбогдох  1.417.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 625.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 01 дүгээр  сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ц., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

         Нэхэмжлэгч Ц.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2018.03.15 ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Н.П-тэй 1996 оноос 2007 он хүртэл амьдарч байгаад 1997 онд том хүү П.Б, 2001 онд бага хүү П.Б нарыг төрүүлсэн. 2007 онд Н.Пгээс гэр бүлээ цуцлуулж 9 жил 2 хүүгийн хамт өрх толгойлон амьдарч хүүхдүүдээ өсгөж байна. Миний бие зураг хөдөлмөрийн багш мэргэжилтэй. Багануур хотод ажлын байр байхгүй тул хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөх  боломжгүй байна. Том хүү 2016 онд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөөд Улаанбаатар хотод “Их Засаг” их сургуульд барилгын инженер мэргэжлээр суралцах болсон. 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болох 2.100.000 төгрөгийг миний бие  бусдаас сарын 7 хувийн хүүтэй мөнгө зээлж төлсөн. Иймд сургалтын төлбөрийн 50 хувь буюу 1.050.000 төгрөг, 5 сарын хүүд төлсөн 735.000 төгрөгийн 50 хувь 367.500 төгрөгийг тус тус Н.П-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч Н.П шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.П би Ц.У-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Ц.У өнгөрсөн жил надаас  хүү П.Бийн сургалтын төлбөрт мөнгө нэхэмжилснийг би хүлээн зөвшөөрч  төлсөн. Гэтэл миний зүгээс хүү П.Бийн сургалтын төлбөрт зориулж төлсөн мөнгийг  сургалтад нь зарцуулаагүй байсан. Төлсөн мөнгийг  хүүгийнхээ сургалтын төлбөрт өгөөгүй  байж одоо дахин мөнгө  нэхэмжилснийг  хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон, хүүхэд  одоо 18 насанд хүрсэн, өнгөрсөн жил хүүхэд нь хичээлдээ тал суусан 680.000 төгрөг төлөх ёстой гэсэн байсан. Хариуцагч 2016-2017 оны сургалтын төлбөрт шүүхийн шийдвэрээр 1.250.000 төгрөг төлснийг нэхэмжлэгч  сургалтын төлбөрт нь зарцуулаагүй байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2.100.000 төгрөг нэхэмжлээд 50 хувь нь 1.050.000 төгрөг гэж тооцсон, ноднин төлсөн төлбөрөөс 625.000 төгрөг илүү төлсөн, тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Ц.У нь Н.Пгээс хүү Бийн 2016 оны сургалтын төлбөрт 1.050.000 төгрөг, дотуур байрны төлбөрт 200.000 төгрөг авсан. Б нь хичээлийн жилийн хагаст суусан тул сургуульдаа сургалтын төлбөрт жилийн төлбөрийн 50 хувийг төлсөн. Тооцож үзэхэд хариуцагч нь хагас жилийн сургалтын төлбөрт 525.000 төгрөг, дотуур байрны төлбөрт 100.000 төгрөг нийт 625.000 төгрөг төлөхөөр байна. Иймд зориулалтаар нь зарцуулаагүй илүү авсан 625.000 төгрөгийг Ц.Уоос гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Ц.У сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Пгээс нэхэмжилсэн сургалтын төлбөр 1.050.000 төгрөг, 5 сарын хүүд төлсөн 735.000 төгрөгийн 50 хувь 367.500 төгрөг нийт миний нэхэмжилсэн 1.417.500 төгрөгөөс илүү төлсөн гэх 625.000 төгрөгийг хасаж 792.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

                                                    ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Н.Пд холбогдуулан Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт зардал буюу хүүхдийн сургалтын төлбөрт 1.050.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхийн тулд бусдаас зээлдэж авсан мөнгөний хүүний төлбөрийн 50 хувь болох 367.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч Н.П 2016-2017 оны сургалтын төлбөрт шүүхийн шийдвэрээр төлсөн 1.250.000 төгрөгийг сургалтад нь бүрэн зарцуулаагүй, хүүхэд 18 насанд хүрсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт төлсөн төлбөрөөс зориулалтаар нь зарцуулаагүй үлдсэн 625.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.У-оос гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Ц.У нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрийн нэхэмжилсэн шаардлага болох 1.417.500 төгрөгөөс 625.000 төгрөгийг харилцан тооцож дуусгавар болгон үлдэх 792.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн болно.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

П овогтой Б нь Их засаг олон Улсын их сургуулийн Үндэсний инженер технологийн сургуулийн 112 дугаар бүлэгт суралцдаг болох нь 2018.01.22 ны өдрийн тодорхойлолтоор, нэхэмжлэгч Ц У нь хүү Бийн 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 2.100.000 төгрөгийг төлсөн, тухайн төлбөрийг төлөхийн тулд Элбэг хангалуун нутаг хоршооноос 2017 оны 08 сарын 10-ны өдөр 2.100.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 2018 оны 04 сарын 10-ны өдөр төлж дуусгахаар зээлийн гэрээ байгуулан зээлдэж авсан, зээлийн хүүгийн төлбөрт 2018 оны 03 сарын 19-ний өдрийн байдлаар 882.000 төгрөг төлсөн  болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.03.19-ний өдрийн тодорхойлолт, Их засаг олон Улсын их сургуулийн 2018 оны 03 сарын 23-ны өдрийн нэхэмжлэх, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, нягтлан бодогч А.Э-ийн тодорхойлолт  зэргээр тогтоогджээ.

Хариуцагч Н.П нь 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын болон дотуур байрны төлбөрт Багнуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 415 дугаар шийдвэрээр 1.250.000 төгрөгийг төлсөн, хүү Б нь 2016-2017 оны хичээлийн жилд 2017 оны 01 сараас чөлөө авч, суусан хугацааны сургалтын төлбөрт 625.000 төгрөгийг төлсөн, үлдэх 625.000 төгрөгийг зориулалтын дагуу хэрэглээгүй бөгөөд нэхэмжлэгч тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

         Нэхэмжлэгч Ц.У нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага 625.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариуцагч Пгээс  2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт төлсөн 2.100.000 төгрөгийн 50 хувь болох 1.050.000, сургалтын төлбөрийг төлөхийн тулд бусдаас зээлдэж авсан мөнгөний хүүний төлбөрийн 50 хувь болох 367.500  төгрөг нийт 1.417.500 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах үүрэгтэй”, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 26 дугаар зүйлийн 26.1-дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.4 дэх хэсэгт  ”эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэнэ,  48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон / хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар түүний эцэг эх, гэр бүлийн гишүүн…гаргаж болно” гэж тус тус зааснаар   эцэг эх нь хүүхдийг сурч боловсрох, боловсрол эзэмшихэд адил тэгш эрх үүрэгтэй  оролцохоор хуульчилсан , нэхэмжлэгч Ц.У нь шүүхэд нэхэмжлэл гаргаж нэмэлт зардал шаардах эрхтэй байна.

       Хариуцагч тал нь хүү П.Бийг 18 насанд хүрсэн тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч хүүхэд хэдийгээр 18 насанд хүрсэн, хөдөлмөр эрхлэх чадвартай боловч одоогоор дээд сургуульд суралцаж, хөдөлмөр эрхэлж сургалтын төлбөрөө төлөх боломжгүй,  нэхэмжлэгч Ц.У нь  өрх толгойлон ганцаараа хөдөлмөр эрхэлдэг, 2 хүүхдээ тэжээн тэтгэдэг, тогтмол эрхэлсэн ажилгүй, том хүүхэд нь оюутан, хүүхдүүдийн сургалтын төлбөрөөс гаднах бусад бүх хэрэгцээнийх нь  зардлыг ганцаараа хариуцан төлдөг, хуульд тэжээн тэтгүүлэгч сургуульд орсон тохиолдолд зохих этгээдээс нэмэлт зардал гаргуулж болохоор хуульчилсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар эцэг Н.Пгээс сургалтын төлбөрийн 50 хувь 1.050.000 төгрөг, 2017 оны 08 сард сургалтын төлбөрийг төлөхийн тулд  Элбэг хангалуун нутаг хоршооноос зээлдэж авсан мөнгөний хүүний  50 хувь 367.500 төгрөг нийт 1.417.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

          2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт хариуцагч П нь Багануур дүүргийн шүүхийн 2016 оны 09 сарын 28-ны өдрийн 415 дугаартай шийдвэрээр 1.250.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг төлсөн, үүнээс 625.000 төгрөгийг сургалтын төлбөрт төлж,  үлдэгдэл 625.000 төгрөгийг сургалтын төлбөрт зарцуулаагүй, хариуцагч нь тухайн төлбөрөө сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлэгчээс нэхэмжилсэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч харилцан тооцож дуусгавар болгох санал гаргасан боловч хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй тул  үүргийг харилцан тооцож дуусгавар болгох боломжгүйг харгалзан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 37.630 төгрөгийг хариуцагчаас, илүү төлсөн 10.920 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Уод, хариуцагч Н.Пгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамж 19.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч Уоос 19.400 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь :

      1.Гэр бүлийн тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1 дэх  хэсэгт зааснаар хариуцагч И    овогт Н-ийн П-гээс сургалтын төлбөрт 1.417.500 төгрөгийг гаргуулж Совогт  ЦУ-од олгосугай.

       2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Уоос  625.000 төгрөг гаргуулж хариуцагч Н.Пд олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 37.630 төгрөгийг хариуцагчаас, илүү төлсөн 10.920 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Уод, хариуцагч Н.Пгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамж 19.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч Уоос 19.400 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

    4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.ЦЭЦЭГДУЛАМ