Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2022/0599

 

 

 

                         “Ш Р С” ХХК-ийн 

   нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Б.Н, Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нар,

Нэхэмжлэгч: “Ш Р С” ХХК,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга,

         Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга,

         Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаар, Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, “Ш Р С” ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй байгаа Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Ш Р С” ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах”,

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 111/ШШ2022/0015 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Ч.М, хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, А.Ц, Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 111/2021/0008/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ш Р С” ХХК нь Баянхонгор аймгийн Засаг дарга, тус аймгийн Баянхонгор сумын Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаар, Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, “Ш Р С” ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй байгаа Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Ш Р С” ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах-аар маргасан байна.

2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд 23.3.3, 33 дугаар зүйлийн 33.6, 40 дүгээр зүйлийн 40.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Ш Р С” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаар захирамж, Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, “Ш Р С” ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй байгаа Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Ш Р С” ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Б.Н нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Баянхонгор сумын Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 93 дугаар захирамжийг үндэслэн “Ш Р С”-д 97300 м.кв, барилгажсан талбай 1.8 га, нөөц талбай 12.0 га газрыг эзэмшүүлж байсан. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 7/6 дугаар тогтоолоор Шын рашааныг Байгалийн дурсгалт газарт хамруулан аймгийн тусгай хамгаалалтад авч байсан бөгөөд хамгаалалтын бүсийг 180.0 га, хязгаарлалтын бүсийг 270.0 га-гаар тогтоосон. Уг сувиллын эзэмшиж байсан 270 га газрын гэрчилгээг тухайн үед хариуцаж байсан даамал шинэчлэн бичихдээ 2004 оны 109 дүгээр захирамжийг үндэслэсэн боловч талбайн хэмжээг дур мэдэн багасгаж 302584 м.кв буюу 30.2 га газар болгож, эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр багасгаж олгосон байдаг. Сумын газрын даамал Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” гэж заасныг зөрчиж, ямар ч хэмжилт зураглал, шийдвэргүйгээр талбайн хэмжээг багасгаж бичсэн. Баянхонгор сумын Засаг даргад болон манай байгууллагад уг компаниас “манай талбайн хэмжээ багасгаж гэрчилгээ олгосон” гэх гомдол 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 37/20 дугаар албан бичгээр ирж байсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний зөрчлийг арилгахаар Баянхонгор сумын Засаг дарга 2021 оны А/22 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь үндэслэлтэй.

            3.2. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана” гэж заасан бөгөөд 6.2.5-д “усны сан бүхий газар” гэж орсон. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар хамаарна” гэж хуульчилсан. Ш р с-ын эзэмшил гэх 302584 м.кв газарт Шын гол, Шын 108 рашаан бүхэлдээ орж байгаа, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасны дагуу хэн нэгэнд газрыг эзэмшүүлж газрын төлбөр тооцох боломжгүй. Уг рашаан, Шын голыг нийтээр ашиглахаар хуульчилсан. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах” гэж заасны дагуу Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/263 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй.

            3.3. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Ш р с-ын захирал Т.Т, Д.Т нартай цахимаар сонсох ажиллагаа хийсэн.

            3.4. “Ш Р С” ХХК-ийн эзэмшлийн газар нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 75 дугаар зарлигаар батлагдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хилийн цэсээр нутаг дэвсгэрийн хувьд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орж байгаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн” гэж заасан. Гэтэл Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1999 оны 8/6 дугаар тогтоолоор Эрдэнэцогт сумын нутагт Баянхонгор сумын 8 багийг үүсгэсэн байх бөгөөд Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Хилийн цэс, газар усны нэрийг Улсын Их Хурал, газрын сангийн зургийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус батална” гэж заасны дагуу Улсын Их Хурлаар өнөөг хүртэл хилийн цэсийн асуудлыг шийдвэрлээгүй байгаа. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны А/188 дугаар тушаалаар “Газрын кадастрын мэдээллийн сан ажиллуулах журам”-ыг баталж, 2016 оны А/229 дүгээр тушаалаар “Лэнд менежер” программ хангамжийг Баянхонгор аймагт 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс нэвтрүүлж эхэлсэн. Газрын кадастрын мэдээллийн сан ажиллуулах журмын дагуу Баянхонгор сумын газрын даамал Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эзэмшигч, ашиглагчдын мэдээллийг цахим системд оруулах боломжгүй байгаа.

            3.5. Эдгээр тайлбар, үндэслэлүүдийг харгалзахгүйгээр шүүгч нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байгаа тул Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 111/ШШ2022/0015 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

           4.1. Анх аймгийн Засаг даргын 1998 оны 93 дугаар захирамжаар “Ш Р С” ТӨХК-д 1998 оны 12 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших гэрчилгээг олгохдоо 97300 м.кв газрыг 15 жилийн хугацаатай олгосон. Тус гэрчилгээний дараа 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө газар эзэмшиж ашиглаж байсан иргэд аж ахуйн нэгж, байгууллагууд газраа үргэлжлүүлэн эзэмших хэсэлт гаргасан тохиолдолд хуучин гэрчилгээг хураан авч шинээр гэрчилгээ олгох тухай аймгийн Засаг даргын 2004 оны 109 дүгээр захирамж гарч “Ш Р С” ТӨХК-д 2005 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 270 м.кв газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Тус газар эзэмшүүлэх гэрээнд Барилгажсан талбай /эзэмшүүлэх газар/ 1.8 га, хамгаалалтын бус 178.2 га, хязгаарлалтын бүс 90 га байхаар тус тус заасан. Ингээд өмч хувьчлал явагдаж “А Т Х” ХХК Төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаанд шалгарч, Төрийн өмчийн хороотой 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Ш Р С” ТӨХК-ийг худалдах худалдан авах гэрээг байгуулж, Төрийн өмчийн хорооноос 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаар тогтоолоор “А Т Х” ХХК-д “Ш Р С” ХК-ийг өмчлөх эрхийг олгож, тус компанид 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож ингэхдээ бичвэрийн алдаа гаргаж эрхийн гэрчилгээг үндэслэлгүйгээр, ямар нэгэн шийдвэргүй 302584 м.кв газрыг олгосон байдаг. Өөрөөр хэлбэл, “Ш Р С” ТӨХК-ийн өмчийн хэлбэр өөрчлөгдөж, төрийн өмчийн компаниас “ХК” болохдоо шинээр шийдвэр гаргасны үндсэн дээр гэрчилгээгээ шинэчлэн олгох байсан боловч ямар ч шийдвэр гараагүй байхад урьд “ТӨХК” байх үед газар олгосон захирамжийг үндэслэн 302584 м.кв газар гэж буруу бичиж гэрчилгээ олгосон. Анх Шын газрыг ТӨХК-д олгохдоо 97300 м.кв газрыг олгосон бөгөөд “А Т Х” ХХК дуудлага худалдааны ялагч болж газрыг эзэмшүүлэхдээ 97300 м.кв талбайгаар олгох байтал ямар нэгэн шийдвэр гараагүй байхад үндэслэлгүй баримт нотолгоогүй 302584 м.кв газрыг олгосон бөгөөд тус газрын усан сан бүхий газар буюу “...гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбайг” эзэмшүүлсэн байгаа нь Усны тухай хууль, Газрын тухай хуулийг илт ноцтой зөрчиж байна. Гэтэл Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор дүгнээгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

           4.2. Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны А/263 дугаар захирамж нь Газрын тухай хуулийг илт зөрчсөн. Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бус болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Дээрх заалтыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэмж, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн бөгөөд усны сан бүхий газрыг Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/263 дугаар захирамжаар эзэмшүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх “зөвхөн усан сан бүхий газар, тэдгээрийн хамгаалалтын бүсийг авч үзсэн, мөн шинээр газар олгоход энэ заалт хамаарна” гэж үзэн дүгнэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. “Усны сан бүхий газар” гэж Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг”, Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар хамаарна” гэж маш ойлгомжтой байдлаар дээрх хуулиудад нэр томьёоны тайлбарыг оруулсан. Учир нь “Ш Р С” ХХК-д эзэмшүүлсэн газрын тодорхой хэсэг нь өөрөө усан сан бүхий газар буюу “...гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай” хамаарч байгаа бөгөөд энэхүү газрыг иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох талаар Газрын тухай хуульд нэмэлтээр оруулж зохицуулсан. Дээрх хуулийн заалтаас харахад усан сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай өөрөө хамаарч байгаа мөн тэдгээрийн хамгаалалтын бүс мөн усан сан бүхий газарт хамаарахаар ойлгогдож байна. “Ш Р С” ХХК-д эзэмшүүлсэн 302584 м.кв газрын 11500 м.кв газрыг зөвхөн эзэмшүүлэх боломжтой, 291048 м.кв газар нь өөрөө усан сан бүхий газар буюу гол мөрөн, рашаанд хамаарч байгаа. “Ш Р С” ХХК нь рашааныг ашиглах тусгай зөвшөөрөлтэй бөгөөд рашаан, гол мөрнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа салбар хуулиудад ашиглах зохицуулалт байхаас эзэмшүүлэх ямар нэгэн зохицуулалт байхгүй. Мөн, гол мөрөн, булаг шанд, рашаан нь газрын кадастрын мэдээллийн сан буюу лэнд менежер программд орсон байдаг тул “Ш Р С” ХХК-д зөвхөн объектын доорх газар буюу 11500 м.кв газрыг эзэмшүүлэх боломжтой. 1998 онд “Ш Р С” ТӨХК байхад 97300 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг.

            4.3. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг үндэслэсэн нь хууль бус болжээ” гэж дүгнэсэн. Аймгийн Засаг даргын 2021 оны А/65 дугаар захирамж нь Үндэслэх хэсэгтээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг авч, Захирамжлах хэсэгтээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь заалтыг зөрчсөн талаар дурдаж Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны А/263 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Гэтэл анхан шатны шүүх “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь заалтыг үндэслэсэн” гэж дүгнэсэн. Тус хуулийн заалтыг захирамжийн Үндэслэх хэсэгт аваагүй Захирамжлах хэсэгт дурдсан.

            4.4. Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны А/263 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус захирамжийг гаргасан. Учир нь Захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар рашаан сувилал аялал жуулчлалын зориулалттай 302548 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний гэрээний  хугацааг 40 жилээр сунгасан. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах талаар зохицуулсан болохоос гэрээний хугацааг сунгах ямар нэгэн зохицуулалт байдаггүй.

             4.5. Иймд Баянхонгор сумын Засаг даргын захирамж нь Газрын тухай хууль, Усны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг тус тус зөрчсөн утга агуулгын хувьд илэрхий алдаатай захирамж байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

           5.1. Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны А/22 дугаар захирамжийг гаргахаас өмнө сонсох ажиллагааг явуулсан. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл шүүх нотлох баримтыг үнэлээгүй сонсох ажиллагааг хийгээгүй гэж дүгнэн нэг талыг барьж шийдвэрлэсэн.

           5.2. Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах талаар тусгасан бөгөөд 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд энэхүү заалт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш газар шинээр эзэмшүүлэх шийдвэр гаргахад мөрдөгдөх заалт болохоос газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах ойлголтод хамааралгүй” гэж дүгнэсэн. Энэ хуулийн заалт нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн, харин “Ш Р С” ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ 2019 оны 09 дүгээр сард өгч газар эзэмших эрхийг Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны 263 дугаар захирамжаар сунгасан. Дээрх хуулийн заалтыг хэрэгжиж эхэлсний дараа хүсэлтээ өгч газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулсан тул энэ заалт шинээр газар эзэмшүүлэх, сунгахад нэгэн адил хамаарахаар ойлгогдож байна.

        5.3. Баянхонгор сумын Засаг даргын А/22 дугаар захирамжийн Үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтыг аваагүй Захирамжлах хэсэгт авсан. Гэтэл шүүх үндэслэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд:

            6.1. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол нь дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчээс “1. Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2. Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 3. “Ш Р С” ХХК-ийн 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрын кадастрыг мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” гэсэн 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус агуулгаар гомдол гаргасан гэж үзэхээр байна.

            6.2. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны “Захирамж хүчингүй болгох тухай” А/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 93 дугаар захирамжаар “Ш Р С” ТӨХК д 97.300 мкв газар эзэмших эрх олгосон. Үүний дараа мөн сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 109 дүгээр захирамжаар “Ш Р С” ТӨХК 2.700.000 мкв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. “Ш Р С” ТӨХК-ийг Төрийн өмчийн хорооноос нээлттэй уралдаант шалгаруулалт зарлаж, “А Т Х” ХХК нь тус шалгаруулалтад ялагч болж Төрийн өмчийн хорооны 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаар тогтоолоор тус компанийн хувьцааг өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн. Ингээд 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Ш Р С” ТӨХК-ийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 5.1-д “Компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хүн амыг эмчлэн сувилах уйл ажиллагаа явуулдаг 100 /зуун/ хувийн төрийн өмчтэй хуулийн этгээд бөгөөд өөрийн үндсэн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай лиценз зөвшөөрлүүд нь хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бөгөөд үүний хуулбарыг нотариатаар баталгаажуулан гэрээний хавсралт болгоно. Хавсралтад дараах лиценз, зөвшөөрлүүд байна. Үүнд “Ш Р С” ТӨХК-ийн Монгол Улсын газар эзэмших гэрчилгээ, “Газар эзэмших гэрээ” гэж заасан. Ийнхүү тус компани нь хүчин төгөлдөр гэрчилгээ, гэрээ бүхий газар эзэмших эрхтэйгээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

            6.3. Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаар захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг зөрчиж “Ш Р С” хувьцаат компанийн “Рашаан сувилал, аялал жуулчлал”-ын зориулалттай 302584 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 40 жилээр сунгасан Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны А/263 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч нараас давж заалдах гомдолдоо “Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны А/263 дугаар захирамжийг Газрын тухай хуулийг илтэд зөрчсөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан илт хууль бус захиргааны акт болсон тул хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэж тайлбарлаж байна. Гэтэл Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/263 дугаар захирамжаар тус компанийн хүсэлтийг харгалзан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 40 жилээр сунгасан, өөрөөр хэлбэл, энэ нь газар эзэмших эрхийг шинээр олгож буй явдал биш. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бус болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ш Р С орчмын газарт усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон шийдвэр гаргаагүй бөгөөд ус хангамжийн эрүүл ахуйн бүсийг ч тогтоогоогүй. Нэгэнт усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байтал тус хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүхээс “Ш Р С орчмын газарт эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулах, дүгнэлтийг үндэслэн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсэд тогтоох санал гаргах, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсэд тогтоосон шийдвэр гаргах зэргээр хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй атлаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь заалтыг үндэслэсэн нь хууль бус болжээ” гэж үндэслэл бүхий дүгнэсэн.

            6.4. “Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд. Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн Баянхонгор сумын газрын даамал 2004 оны 109 дүгээр захирамжийг үндэслэн 2008 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасан бүрэн эрхэнд халдаж газрын хэмжээг Засаг даргын захирамжгүйгээр “Ш” ХК-д бичсэн *** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээр дурдсанчлан 2005 онд 2700000 м.кв газар эзэмшиж байсан бөгөөд 2008 оны гэрчилгээгээр 302584 м.кв болсон.

            6.5. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.1-д “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх”, 21.4.2-т “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 21.4.3-д “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж тус тус заасан. Үүнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийн талаар хуульчлаагүй бөгөөд энэ зохицуулалт нь газрын харилцааны талаар Сумын Засаг даргын эрхийг зохицуулж өгсөн. Маргаан бүхий Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг эдгээр үндэслэлийг тодорхой хуульчилсан. Захирамжид баримтлаагүй, чухам ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй, хууль хэрэглээний алдаатайгаар тус захирамжийг гаргасан. Энэ талаар анхан шатны шүүхээс “…аль үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй, хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй. Харин маргаан бүхий захирамжид үндэслэсэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалт нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл биш” гэж тодорхой дүгнэн шийдвэрлэсэн.

            6.6. “ “Ш Р С” ХХК-ийн 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрын кадастрыг мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд. Хариуцагч нараас “Газрын кадастрын мэдээллийн сан ажиллуулах журмын дагуу Баянхонгор сумын газрын даамал Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эзэмшигч, ашиглагчдын мэдээллийг цахим системд оруулах боломжгүй” гэж үзэж тайлбарлаж байна. Гэтэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2/2601 дүгээр албан бичгээр “... “Ш Р С” ХХК-д тус аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны А/263 дугаар захирамжаар 302584 м.кв талбайтай газрыг эзэмшүүлэхээр шийдвэр гарсан хэдий ч газар нь Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Иймд дээрх компанийн эзэмшлийн газрыг мэдээллийн санд бүртгэн баталгаажуулах ажлыг яаралтай зохион байгуулж ажиллана уу” гэсэн. Хариуцагч нараас “бүртгэх боломжгүй байгаа” гэж тайлбарлаж байх боловч энэ нь нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа биш бөгөөд бүртгэх боломжтой болохыг дээд шатны байгууллагын албан бичгээр нотлогдож байхад ямар шалтгаанаар кадастрын бүртгэлд бүртгэхгүй байгаа нь тодорхойгүй байгаа. Хилийн цэсийн асуудал нь нэхэмжлэгчид аливаа байдлаар хамааралгүй бөгөөд Баянхонгор сумын Засаг даргаас шийдвэр гарган газар эзэмших эрх олгосон тул газрын даамал нь Засаг даргын шийдвэрийн дагуу кадастрын мэдээллийн санд бүртгэх ёстой байна.

            6.7. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул хариуцагч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 111/ШШ2022/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

2.  Шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

            2.1. Нэхэмжлэгч “Ш Р С” ХХК нь “Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаар, Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, “Ш Р С” ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй байгаа Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Ш Р С” ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

           2.2.  Маргааны үйл баримтаас үзвэл Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 7/6 дугаар тогтоолоор Шын рашааныг Байгалийн дурсгалт газарт хамруулан аймгийн тусгай хамгаалалтад авч байсан бөгөөд хамгаалалтын бүсийг 180.0 га, хязгаарлалтын бүсийг 270.0 га-гаар тогтоосон, Баянхонгор аймгийн Засаг даргын 1998 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 93 дугаар захирамжаар “Ш Р С” ТӨХК-д 97300 м.кв газрыг 15 жилийн хугацаатай олгосон, аймгийн Засаг даргын 2004 оны 109 дүгээр захирамжаар “Ш Р С” ТӨХК-д 2005 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2700000 м.кв газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, тус газар эзэмшүүлэх гэрээнд Барилгажсан талбай /эзэмшүүлэх газар/ 1.8 га, хамгаалалтын бус 178.2 га, хязгаарлалтын бүс 90 га байхаар тус тус заасан,  “А Т Х” ХХК нь Төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаанд шалгарч, Төрийн өмчийн хороотой 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Ш Р С” ТӨХК-ийг “Худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж, Төрийн өмчийн хорооны 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаар тогтоолоор “А Т Х” ХХК-д “Ш Р С” ХК-ийг өмчлөх эрхийг олгосон, 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Ш Р С” ХК-д 302584 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан талууд эдгээр үйл баримтыг үгүйсгэж маргаагүй байна.

            2.3. Маргаан бүхий Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаар захирамжаар “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг зөрчиж “Ш Р С” хувьцаат компанийн “рашаан сувилал, аялал жуулчлал”-ын зориулалттай 302584 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний гэрээний хугацааг 40 жилээр сунгасан Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/263 дугаар захирамжийг хүчингүй болгосон”, А/263 дугаар захирамжаар “ “Ш Р С” хувьцаат компанийн гаргасан хүсэлтийг харгалзан “Ш” багийн нутаг дэвсгэрт байрлалтай *** нэгж талбарын дугаартай “рашаан сувилал, аялал жуулчлал”-ын зориулалттай 302584 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний гэрээний хугацааг 40 жилээр сунгаж, газар ээмшигчтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын төлбөрийн ноогдуулалт хийж, хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтанд даалгаж” шийдвэрлэжээ.

         2.4. Мөн  Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжаар “Баянхонгор сумын газрын даамал 2004 оны 109 дүгээр захирамжийг үндэслэн 2008 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасан бүрэн эрхэнд халдаж газрын хэмжээг Засаг даргын захирамжгүйгээр “Ш” ХК-д бичсэн *** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон”, 109 дүгээр захирамжаар “2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө газар эзэмших ашиглаж байсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд газраа үргэлжлүүлэн эзэмшиж хүсэлт гаргасан тохиолдолд хуучин гэрчилгээг хураан авч шинэ гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн”, 109 дүгээр захирамжийг үндэслээд 2005 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Ш Р С” ТӨХК-д 2700000 м.кв газрыг 40 жилийн хугацаатай “рашаан сувилал”-ын зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон, үүний дараа Төрийн өмчийн хорооны 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаар тогтоолоор “А Т Х” ХХК-д “Ш Р С” ХК-ийг өмчлөх эрхийг олгосны дагуу 109 дүгээр захирамжийг үндэслээд “Ш Р С” ХК-д 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 302584 м.кв газрыг 15 жилийн хугацаатай зээмшүүлэхээр гэрчилгээ олгосон байна.

            2.5. Хариуцагч нараас “... Анх Шын газрыг “ТӨХК”-д олгохдоо 97300 м.кв газрыг олгосон, “А Т Х” ХХК дуудлага худалдааны ялагч болж газрыг эзэмшүүлэхдээ 97300 м.кв талбайгаар олгох байтал ямар нэгэн шийдвэр гараагүй байхад үндэслэлгүй баримт нотолгоогүй 302584 м.кв газрыг олгосон” хэмээн тайлбарлан маргаж байгаа, хариуцагч нараас газрын хэмжээг Засаг даргын захирамжгүйгээр “Ш” ХК-д бичсэн *** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг болон 302584 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний гэрээний хугацааг 40 жилээр сунгасан захирамжуудыг хүчингүй болгосон, нэхэмжлэгч эдгээр захирамжуудыг хүчингүй болгосныг эс зөвшөөрч маргаж байхад анхан шатны шүүх “... аль үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй, хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, маргаан бүхий захирамжид үндэслэсэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалт нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл биш” гэснээс өөрөөр энэ асуудлаар дүгнээгүй байна. Тодруулбал, анхан шатны шүүх хариуцагч нарын “... нэхэмжлэгчийн 302584 м.кв газрыг эзэмших эрх анхнаасаа хууль ёсны дагуу үүсээгүй” гэж маргаж буй үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар маргааны үйл баримтад холбогдох баримтыг бүрэн цуглуулж, харьцуулан үнэлээгүй, энэ маргааныг нэг мөр хянан шийдвэрлээгүй байна.

            2.6. Хариуцагч нараас “...А/263 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг зөрчсөн, ... “Ш Р С” ХХК-д эзэмшүүлсэн 302584 м.кв газрын 11500 м.кв газрыг зөвхөн эзэмшүүлэх боломжтой, 291048 м.кв газар нь өөрөө усан сан бүхий газар буюу гол мөрөн, рашаанд хамаарч байгаа, ... 302584 м.кв талбайд шаргалжуултын 108 рашаан бүхэлдээ орж байгаа” гэж тайлбарлан маргаж байхад анхан шатны шүүх “... “Ш Р С”-ын орчмын газарт эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулах, дүгнэлтийг үндэслэн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсэд тогтоох санал гаргах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсэд тогтоосон шийдвэр гаргах зэргээр хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй атлаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь заалтыг үндэслэсэн нь хууль бус, ... 33.6 дахь заалтыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд энэхүү заалт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш газар шинээр эзэмшүүлэх шийдвэр гаргахад мөрдөгдөх заалт болохоос газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах ойлголтод хамааралгүй” гэх зэргээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд газрыг нэгэнт эзэмшүүлсэн бол цаашид ч мөн адил хуулиар хориглосон газарт газар эзэмшүүлсээр байж болохоор ойлгогдож байх бөгөөд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэснийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмж, хүчин төгөлдөр мөрдөгдсөний дараа Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/263 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 40 жилийн хугацаагаар сунгасан нь Газрын тухай хууль, Усны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Мөн хариуцагчийн тайлбарлаж буйгаар 302584 м.кв газрыг бүхэлд нь бус тодорхой хэмжээг эзэмшүүлэх боломжтой болох нь тогтоогдвол чухам ямар хэмжээгээр эзэмшүүлэх боломжтой талаарх баримтыг гаргуулж, баримтуудыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

            2.7. Мөн хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хуульд нийцсэн захирамж гараагүй, талбайн хэмжээ зөрүүтэй байгаагаас программд оруулах боломжгүй, ... журамд заасны дагуу кадастрын нэгдсэн системд бүртгэлтэй орон зайн байршил, 3D хэмжээст үл хөдлөх, эд хөрөнгийн газрын төлбөрийг шинэчлэн ногдуулах үүрэгтэй, ... хуулиар хориглосон газрыг эзэмшүүлж газрын төлбөр тооцох боломжгүй, ... өнөөдрийг хүртэл Улсын Их Хурлаар Эрдэнэцогт, Баянхонгор сумдын хилийн цэсийн асуудлыг шийдвэрлээгүй, ... Газрын кадастрын мэдээллийн сан ажиллуулах журмын дагуу Баянхонгор сумын газрын даамал Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа газар эзэмшигч, ашиглагчдын мэдээллийг цахим системд оруулах боломжгүй” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байхад анхан шатны шүүх “...Баянхонгор сумын багуудын хилийн цэстэй холбоотой асуудал, мөн эрх шилжих, өмчийн хэлбэр өөрчлөгдөхөд эрх бүхий Засаг даргын хуульд нийцсэн захирамж гараагүй, талбайн хэмжээ зөрүүтэй байгаа зэргээс хамаарч Лэнд менежер программд мэдээлэл оруулах боломжгүй байгаа нь нэхэмжлэгчээс шалтгаалсан буруутай үйлдэл биш” гэж дүгнээд газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний дагуу эзэмшиж байгаа талбайн кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд шүүхийн шийдвэр бодит байдалд хэрхэн биелэгдэх боломжтойг анхаарч үзээгүй байна.

            2.8. Товчхондоо шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар зэргийг нягталж маргааны үйл баримтыг бүрэн тодруулж, хариуцагч нарын ямар хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болон зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн бодитойгоор сэргэх боломжтой болохыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. 

3. Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан баримтуудаар давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 111/ШШ2022/0015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                                                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН    

       ШҮҮГЧ                                                                 Н.ХОНИНХҮҮ

                  ШҮҮГЧ                                                                     Н.ДОЛГОРСҮРЭН