| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00751/И |
| Дугаар | 130/ШШ2017/00112 |
| Огноо | 2017-02-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2017/00112
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, РД:БЮ********, Т овогт Д ийн Бы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /захирал И.Ж /-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Е , хариуцагчийн байгууллагын өмгөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн математик, мэдээлэл зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гомдол гаргагч Д.Б би МСҮТөвийн захирлын 2016 оны оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар бүхий тушаалаар тус төвд математик мэдээлэл зүйн багшаар томилогдсон билээ. Ажиллах явцад ямар нэг ажлын алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй билээ. Гэтэл МСҮТөвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаар бүхий тушаалаар 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлттэй холбоотой орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр намайг үндсэн багшийн үүрэгт ажлаас чөлөөлөн цагийн багшаар томилсон билээ. МСҮТөвийн бүтэц орон тоо болон бүх төсвийг Хөдөлмөр хамгааллын яамнаас баталж өгдөг бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд ямар нэг бүтэц орон тоонд өөрчлөлт оруулсан шийдвэр ирээгүй бөгөөд миний ажлын байр хэвээр байгаа атал намайг ажлаас чөлөөлөн цагийн багшаар томилсон нь үндэслэлгүй юм. Миний бие төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй түнхний мултралттай юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрийг тусгайлан зохицуулж өгсөн байх ба 111.1-д "25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил албан тушаалынхаа дөрөв түүнээс дээш хувийн оронд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна" гэж зааснаас гадна Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д "аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас халах, энэ хуулийн 7.1-д зааснаас бусад тохиолдолд боломжтой ажил, албан тушаалд авч ажиллуулахаас татгалзахыг хориглоно" гэж заасан байна. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд МСҮТөвийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаар бүхий тушаалыг хүчингүй болгож намайг МСҮТөвийн математик, мэдээлэл зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би анх Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2007 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 56 дугаар тушаалаар математикийн багшаар ажилд орсон. Үүнээс хойш 2016 он хүртэл тасралтгүй ажилласан. Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаар тушаал гаргаж ажлаас чөлөөлж цагийн багш болгосон. Уг тушаалдаа намайг цагийн багшийн ажлаар хангасан гэх боловч үндсэн багш болон цагийн багш цалингийн хувьд ялгаатай байдаг. Нэг цаг нь 4000 төгрөгөөр тогтоосон тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үндсэн багшийн цалингаас цагийн багшийн цалин маш бага. 11, 12 дугаар сарын цалингийн хүснэгтийг харвал би 12 дугаар сард цалин аваагүй. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хуулийн зохицуулалт байдаг ба ажил олгогч энэ нөхцөл байдлыг харгалзахгүй намайг үндэслэлгүй ажлаас халсан. Орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч энэ нь нотлогдоогүй. 2015, 2016 онд манай сургууль 54 багштай байсан бөгөөд энэ жил мөн адил 54 багш байгаа. Өнгөрсөн жил би тэр 54 багшийн нэг нь байсан бөгөөд энэ жил яагаад цагийн багш болсон бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Элсэлт буураагүй байдгаараа байгаа. 9 дүгээр сарын 01-нд би үндсэн багшаар ажиллах боломжтой байсан. Энэ нь 2016-2017 оны хичээлийн жилийн мэргэжлийн тэнхимийн цаг хуваарилалтаар нотлогдож байна. Тухайн үед цаг хүрэлцээтэй байсан гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б ы тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан шүүхэд гаргасан Математик, мэдээлэл зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Д.Б нь тус МСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар математик, мэдээлэл зүйн багшаар томилогдсон байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т зааснаар суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоо, элсэлтийн үлгэрчилсэн журмыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталж мөрдүүлдэг. 2016-2017 оны хичээлийн жилд тус төвд элсэн суралцагчдын тоо дээд шатны байгууллагаас баталсан хяналтын тоонд хүрээгүйн улмаас сургуульд элссэн хүүхдийн тоо, анги дүүргэлтээс хамарч багш нарын хичээлийн цаг хорогддог бөгөөд энэ талаар тогтоосон норм, нормативыг сургуулийн захиргаанаас мөрдөж ажиллах журамтай. Энэ жилийн хувьд элсэгчдийн тоо хяналтын тоонд хүрээгүй учраас энэ талаар 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийн цаг нь хорогдсон зарим багш нарыг цагийн багш болгох, үндсэн багшийн тоог цөөрүүлж ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна." гэж заасан тул хуулийн дээрх шаардлагын дагуу тус сургуулийн ерөнхий эрдмийн математикийн 2 багшийн он удаан жил ажилласан байдал, мэргэжлийн зэрэг, ажлын туршлагыг харгалзан математикийн багш Ризагүлийг үргэлжлүүлэн ажиллуулж, Б ыг ажлаас чөлөөлөхөөр болж энэ талаар хурлын явцад мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна. Миний бие тус МСҮТ-ийн захирлаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр томилогдож ирсний дараа нэгэнт Захирлын зөвлөлөөс багш нарын тоог цөөрүүлэх шийдвэр гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаартай тушаалаар математикийн багш Б ы хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цуцлан ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн түүний хувийн байдлыг харгалзан сургалтын төлөвлөгөөний дагуу зохицуулалт хийж математикийн цагийн багшаар томилсон. Нэгэнт 2016-2017 оны сургалтын төлөвлөгөө батлагдаж хичээлийн цаг хорогдсон учраас сургуулийн захиргаа багш нарын тоог цөөрүүлэх арга хэмжээ авахаас өөр зохицуулалт хийх боломжгүй байдалд хүрсэн. Мөн тус төвийн Захирлын зөвлөлөөс математикийн үндсэн 3 багшийг 2 болгож Б ыг математикийн багшийн ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн боловч түүний хувийн байдал, хүсэлтийг харгалзан цагийн багшаар томилон ажиллуулж байгаа. Хэрэв элсэгчдийн тоо хяналтын тоонд хүрч хичээлийн цаг нэмэгдэх тохиолдолд Б үндсэн багшаар ажиллах боломжтой юм. Тус төвийн 1, 2 дугаар курсийн суралцагчдад сургалтын төлөвлөгөөний дагуу ерөнхий эрдмийн математикийн хичээлийн 1602 цагийн хичээл заах ёстойгоос Сүрэнхүү багш 774 цагийг, Ризагүл багш 772 цагийг үлдсэн 56 цагийг Б багш зааж байгаа. Хөдөлмөрийн Сайд, Сангийн Сайдын 2013 оны А/198/215 тоот тушаалаар баталсан Кредитийн журам, мөн Хөдөлмөрийн Сайдын 2013 оны А/251 тушаалаар баталсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журмын дагуу Б багш 774 цагийн зааж байж үндсэн багшаар ажиллах ёстой. Нэгэнт Б д оногдож буй цаг нь бага байгаа тул аргагүйн эрхэнд Б ыг цагийн багш болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан учир заах хичээлийн цаг хүрэлцэхгүй багшид үндсэн багшийн цалин олгох боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан түүнийг ажлаас бүрмөсөн чөлөөлөөгүй, тэрээр цагийн багшаар ажиллаж байгааг эрхэм шүүгч анхаарна уу. Иймд нэхэмжлэгч Х.Б ы нэхэмжлэл үндэслэлгүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн математик, мэдээлэл зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ажил олгогч нь 2016-2017 оны хичээлийн жилд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн орсон сурагчдын тоо өмнөх онуудаас буурч Д.Б ы зааж байсан математикийн хичээлийн норматив цаг хасагдсан, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 1.3-д мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөө, норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог МСҮТ,... захирал тогтооно гэж заасан эрхийн дагуу багшийн ажлаас цагийн багшид шилжүүлэн ажиллуулж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б ыг аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2007 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 56 дугаар тушаалаар математикийн багшаар, мөн төвийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Математикийн цагийн багш Д.Б ыг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн математик, мэдээлэл зүйн үндсэн багшаар томилсон байна.
Гэтэл ажил олгогч нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/115 дугаар тушаалаар 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлттэй холбогдуулан тус төвийн математикийн хичээлийн үндсэн багшийн орон тоог цөөрүүлэх болсон тул тухайн мэргэжлийн хичээлийн багш Д.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цуцалж, мөн өдрөөс эхлэн математикийн цагийн багшид томилж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3.8, 4.1 дэх хэсэг, тус төвийн захирлын дэргэдэх захиргааны зөвлөлийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06 тоот тэмдэглэлийг тус тус үндэслэн Д.Б ыг математикийн цагийн багш болгож томилсон байна.
Ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой.
Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн ажил олгогчийн ажилтан Д.Б тай 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба уг гэрээний 4.1-д долоо хоногийн 36 цаг, нийт 696 /үндсэн багш/ цагаар тооцож олгоно, 4.5-д үндсэн буюу албан тушаалын цалингийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд энэхүү гэрээнд заавал нэмэлт өөрчлөлт оруулна, 7.1 Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцална, 8.2-т гэрээг мөрдөх түүнд өөрчлөлт оруулах шаардлага гарвал талууд харилцан тохиролцож холбогдох өөрчлөлтийг нэмэлт заалт болгон оруулж болно. Тухайн жилд гүйцэтгэх ажлын онцлогийг харгалзан гэрээнд оруулах (цалин хангамж үйлчилгээ, цаг үеийн холбогдолтой нэмэлт үүрэг даалгавар өгөх гэх мэт) өөрчлөлтийг гэрээний нэмэлт хэсэгт тусгана гэж тодорхой нэрлэн зааж талууд харилцан тохиролцсон байна.
Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай тус төвийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлээс дүгнэхэд ажилтан Д.Б нь өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлаас халахыг хориглосон хуультай болон шалтгаанаа хэлсээр байхад ажил олгогч нь ажилтантай тохиролцоогүй хүүхдийн элсэлттэй холбоотой ерөнхий эрдмийн зарим хичээлийн цаг хорогдсон гэх шалтгаанаар ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээний дээрх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй гэх заалтыг ажил олгогч зөрчсөн байна.
Ажил олгогч нь 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Д.Б ыг математик, мэдээлэл зүйн үндсэн багшаар томилчхоод тус төвийн захирлын 2016 оны 11 дүгээр 22-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар Д.Б ыг математикийн цагийн багшаар томилсон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.
Учир нь, ажил олгогч ажилтан Д.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын 36 цаг, нийт 696 цагийн хичээл заахаар тусгаж үүнээс нэхэмжлэгч Д.Б нь математикийн 468 цагийн хичээл заадаг болох нь 2015-2016 оны хичээлийн жилийн ерөнхий эрдмийн багш нарын цагийн хуваарилалтаар нотлогдож байгаа ба үлдсэн 228 (696-468) цагийг мэдээлэл зүйн хичээлийг зааж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон ажил олгогчийн Д.Б ыг математик, мэдээлэл зүйн үндсэн багшаар томилсон Б/06 дугаар тушаал зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Гэтэл хариуцагч тус төвийн захирал И.Ж нь нэхэмжлэгч Д.Б ыг математикийн цагийн багшаар томилчхоод А.Ж гэх хүнийг компьютерын цагийн багшаар томилж, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 180 цаг буюу 4 кредитийн цагийг тэнд олгож, Д.Б ыг математик, мэдээлэл зүйн үндсэн багшаас 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар зөвхөн математикийн цагийн багш болгож 2016-2017 оны хичээлийн жилийн ерөнхий эрдмийн болон мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалтаар 36 цаг математикийн хичээл заах эрх олгож түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Ажил олгогч нь би А.Жг жирэмсний болон амаржсаны амралт авсан Н.Л багшийн оронд компьютерын багшаар томилсон гэж Б/125 дугаар тушаал ирүүлсэн боловч А.Ж тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд жирэмсний болон амаржсаны амралт авсан Н.Л багшийн оронд авсан талаар бичигдээгүй ба зөвхөн цагийн багшаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Б нь төрөлхийн түнхний мултралттай, хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувьтай болох нь Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0145644 дугаартай актаар нотлогдож байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д Долоо хоногийн ажлын цаг нь 14-15 насны ажилтанд 30 цаг хүртэл, 16-17 насны болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд 36 цаг хүртэл байна, мөн хуулийн 111 дүгээр зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийн талаар мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгаалал тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас халах, энэ хуулийн 7.1-д зааснаас бусад тохиолдолд боломжит ажил, албан тушаалд авч ажиллуулахаас татгалзахыг хориглоно гэж тус тус тодорхой хуульчилсан байхад ажил олгогчоос ажилтны саналыг харгалзахгүйгээр математик, мэдээлэл зүйн үндсэн багшаас математикийн цаг хорогдсон нэрийдлээр математикийн цагийн багш болгож дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.
Ажил олгогч нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн математик, мэдээлэл зүйн үндсэн багш Д.Б ыг үндсэн багшаас цагийн багш болгож жилд нийт 120 цаг хичээл заах хичээлийн цагийг багасгаж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг гэрээнд зааснаас бүр дордуулсан байна.
Ажил олгогч нь ажилтантай 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөх талаар харилцан тохиролцохгүйгээр ажилтан Д.Б ыг математик, мэдээлэл зүйн үндсэн багшийн ажлаас цагийн багшаар томилж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй бөгөөд ажилтныг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон үндсэн ажлаас өөр ажил үүрэг хийж гүйцэтгүүлэхээр шилжүүлэн томилсон ажил олгогчийн шийдвэр хуульд үндэслэгдээгүй байх бөгөөд түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна гэж үзлээ.
Хариуцагч талын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн ажил олгогчийн ажилтан Д.Б тай байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт гэх хэсэг дээр ажил олгогч нь 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Д.Б ыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл математик, мэдээлэл зүйн үндсэн багшаар томилсон үүнийг ажилтан Д.Б нь өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэж маргасан боловч ажил олгогчийн 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай тушаалд ажилтан Д.Б ыг математик, мэдээлэл зүйн үндсэн багшаар томилсон ба уг тушаалд Д.Б ыг математик, мэдээлэл зүйн үндсэн багшаар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл томилсон тухай бичигдээгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар нь үндэслэлгүй байна.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Д.Б д математикийн үндсэн багшийн орон тоог цөөрүүлж математикийн цагийн багш болгосныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар нэг сарын өмнө мэдэгдсэн гэж мэдэгдэх хуудсыг нотлох баримтаар үнэлүүлэхээр шүүхэд гаргаж өгсөн боловч шүүхээс ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал үндэслэлгүй гарсан тушаал байна гэж дүгнэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтаар мэдэгдэх хуудсыг нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б ыг тус төвийн математик, мэдээлэл зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч тус төвийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хариуцагч байгууллага нь шүүхэд ажилтан Д.Б тай 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6 сарын хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилохтухай Б/115 дугаартай тушаалтай хамааралтай байх тул уг хөдөлмөрийн гэрээг энэхүү маргаанд нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Мөн хариуцагч байгууллагын нотлох баримтаар өгсөн ажилтан Д.Б тай 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6 сарын хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Монгол улсын хэмжээнд мөрдөгдөх компьютерын операторч мэргэжлийн чадамжид суурилсан сургалтын төлөвлөгөө, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын А/21 дугаартай тушаал, Хөдөлмөрийн Сайдын 2016 оны А/30 дугаар тушаалын хавсралт (Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн бүтэц, орон тоо), Хөдөлмөрийн сайд, сангийн сайдын 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215 дугаар хамтарсан тушаал, уг тушаалын хавсралтууд, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/93 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт зэрэг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б ыг тус төвийн математик, мэдээлэл зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ