Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2017/00113

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал З.Ү/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн С сумын * дугаар багт оршин суух, БК********* регистрийн дугаартай М овогт Х ы Тд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагчийн өмгөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, уг зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 3155539 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 182905 төгрөг, нийт 3338444 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ү И, Х Т нар нь Х банкны Баян-Өлгий салбарын Сагсай тооцооны төвөөс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 4606559 /дөрвөн сая зургаан зуун зургаан мянга таван зуун тавин есөн/ төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1451018 төгрөг, зээлийн хүүд 318982 төгрөг, нийт 1770000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хариуцагч Х.Т нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас тэтгэврийн зээл 106 хоног хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчөөд байна. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь цуцлах. 2. Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон гаргуулах: 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу:

Үндсэн зээлийн үлдэгдэл 3155539 төгрөг

Зээлийн хүүгийн төлбөр 182905 төгрөг нийт 3338444 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн С сумын 0 дугаар багт оршин суух, ганц бие, хариуцагч М овогт Х ы Т би Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас тус шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан Х.Т надаас үндсэн зээл 3309071 төгрөг, зээлийн хүү 29373 төгрөг, нийт 3338444 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэг хувийг гардан хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Х.Т би Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй юм. 1. Х банкнаас уг зээлийг анх олгоход миний ээж Ү ын И ийн өндөр насны тэтгэврийг барьцаалан олгосон юм. Ээж маань амьд байх үед уг авсан зээлээс үндсэн зээлд 1451018 төгрөг, зээлийн хүүд 318982 төгрөг, нийт 1770000 төгрөгийг тэтгэврийн мөнгөөр төлсөн юм. Гэтэл 1. Ээж Ү.И нь 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өвчний учир нас барсан юм. Ер нь ээж маань босож явж чадахгүй, хэвтэрт байдаг байнгын асаргаа шаардлагатай ахмад настан байсан юм. Нэгэнт зээл авсан үндсэн зээлдэгч нас барсан учраас үлдэгдэл зээл, түүний хүүг төлөх ямар ч бололцоогүй болсон.

2. Х.Т надад ямар нэгэн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, мал, авто машин байхгүй юм. Би тус сумын нэн ядуу өрхийн тоонд амьдардаг, өөрөө ажилгүй байна.

3. Х банкны зээлийн барьцаа нь ээж Ү.Иийн өндөр насны тэтгэврийн мөнгө байсан байна. Нэгэнт үндсэн зээлдэгч нас барсан учраас үүргийн гүйцэтгэлийг хангах өөрөөр хэлбэл банкны зээлийг төлөх ямар ч боломжгүй болсон. Иймд нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын иргэн Х.Т надаас нэхэмжилж буй үндсэн зээл 3309071 төгрөг, үндсэн зээлийн хүү 29373 төгрөг нийт 3338444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хариуцагч Х.Т нь гэрээ ёсоор төлбөрүүдээ хугацаанд төлөөгүйн улмаас тэтгэврийн зээл нь 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 106 хоногийн хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Ийм учраас хариуцагч Х.Ты 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, дараах төлбөрийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Анх 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 4606556 төгрөгийн зээл авсан. Үүнээс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үндсэн зээлийн төлбөрт 1451018 төгрөг төлсөн. Тэр өдөр хүртэлх хүүд 318982 төгрөг, нийтдээ 1770000 төгрөг төлсөн. Түүнээс хойш 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3115000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс хойш хуримтлагдсан хүүд 182905 төгрөг болж байгаа. Нийтдээ 3338444 төгрөг нэхэмжилж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудыг тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагчид Х.Тд шүүх хуралдааны товыг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Орон нутгийн олон нийтийн радиогоор, 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь Х.Тд холбогдох 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, уг зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 3155539 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 182905 төгрөг, нийт 3338444 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, зээлдэгч Үын И, хамтран үүрэг гүйцэтгэгч Хы Т нар нь Х банкны Сагсай сум, Сагсай тооцооны төвөөс өндөр настны тэтгэврийн зээлийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулан эхний зээлийн үлдэгдэл 3603558 төгрөг дээр 1003000 төгрөг нэмж бүгд 4606558 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авч, уг тэтгэврийн зээлийн гэрээнд зээлдэгч Үын И, хамтран үүрэг гүйцэтгэгч Хы Т нар нь гарын үсэг зурж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тэтгэврийн зээлийн гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн банкнаас тэтгэврийн зээл авах зээлийн өргөдөл /итгэмжлэлийн маягт/, Ү.Иийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захиралд гаргасан хувийн хүсэлт, зээлдэгч Үын И, хамтран үүрэг гүйцэтгэгч Хы Т нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэтэл энэ хугацаанд үндсэн зээлдэгч Үын И 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 231/000365 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Тэтгэврийн зээлийн гэрээний 3 дугаар бүлэгт зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийн талаар тодорхой заасан ба уг бүлгийн 3.2.6-д зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээний 1.2-т заасан хуваарьт хугацаанд төлөөгүй 30-с дээш хоног хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн банк дахь бусад данснаас төлбөрийг үл маргах журмаар суутгахад саад учруулахгүй байх, 3.2.7-д зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл Банк гэрээг цуцалсан тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах, 3.3-д Хамтран үүрэг гүйцэтгэгч нь Зээлдэгчийн нэгэн адил эрх (энэ гэрээний 3.1.1, 3.1.4-д зааснаас бусад)-ийг эдэлж үүрэг хүлээнэ гэж хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхийг хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Т хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан ба дээрх гэрээнд заасан эрх үүргээ хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Т нь зөрчсөн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, мөн хуулийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь үндсэн зээлдэгч Ү.И нас барсан тул 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Таас дээрх мөнгийг нэхэмжлэх эрхтэй байна.

Хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Т нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй, зээл төлөх хугацааг 106 хоногоор хэтрүүлсэн, гэрээнд заасан эрх үүргээ зөрчсөн учир зээлдэгч Үын И, хамтран үүрэг гүйцэтгэгч Хы Т нартай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь нэг талын санаачилгаар буюу хугацаанаас өмнө цуцлах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Т нь уг зээлийг төлөх боломж байхгүй, ганц бие, ямар нэгэн орлогогүй, зээлдэгч /ээж/ Ү.И нь өвчтэй байсан учир түүний эмчилгээнд зарцуулсан, надад ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө, мал, авто машин байхгүй, сумын нэн ядуу өрхийн тоонд амьдардаг, өөрөө ажилгүй, үндсэн зээлдэгч нас барсан учраас зээлийг төлөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхэд тайлбар ирүүлсэн боловч дээрх үндэслэлээр хариуцагч Х.Т нь тус банктай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тэтгэврийн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байхаар хуульчилсан байна.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Сагсай сумын Сагсай тооцооны төвтэй байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тэтгэврийн 4606558 төгрөгийн зээлээс зээлдэгч Ү.И нь үндсэн зээлд 1451018 төгрөг, зээлийн хүүд 318982 төгрөг, нийт 1770000 төгрөгийг төлж мөн үндсэн зээлийн үлдэгдэл 3155539 төгрөг, зээлийн хүүд 182905 төгрөг бүгд 3338444 төгрөг төлөгдөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан хуримтлагдсан хүү бодсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга, төлөгдсөн зээл хүүгийн хамт депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ү.Иийн тэтгэврийн зээлийн тооцоолол, зээлдэгч Ү.Иийн 2015 оны 10 дугаар сарын 14-нээс 2016 оны 6 дугаар сарын 21-ний хүртэл зээлийн төлөлтийн талаарх дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Х.Таас үндсэн зээлийн үлдэгдэл 3155539 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 182905 төгрөг, нийт 3338444 /гурван сая гурван зуун гучин найман мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгож, нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Таас 68365 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг тус тус баримтлан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч М овогт Х ы Таас үндсэн зээлийн үлдэгдэл 3155539 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 182905 төгрөг, нийт 3338444 /гурван сая гурван зуун гучин найман мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Таас 68365 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ