Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01648

 

Нийслэлийн агаарын бохирдлыг

бууруулах газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01114 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1311 дүгээр магадлалтай,

   Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын нэхэмжлэлтэй,

            “В ” ХХК-д холбогдох

            Худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болон алдангид 171,230,561 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

            Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч П.Бүүвэйбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Энх, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Тус газар нь “В ” ХХК-тай 2012 оны 12 сарын 25-ны өдөр АЧА/12/02/03Б дугаартай үртсэн шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжих, түлш нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр захиалагч тал болох Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар 194,766,000 төгрөг төлөх, нийлүүлэгч тал болох “В ” ХХК нь 2013 оны 03 сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 1300 тн үртсэн шахмал түлшийг захиалагчид нийлүүлж, хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Тус газар гэрээний нөхцлийн дагуу 2013 оны 03 сарын 28-ны өдөр 152,889,340 төгрөгийг “В ” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Бид гэрээний дагуу ажлаа гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд “В ” ХХК-ийн захирал П.Бүүвэйбаатар 152,889,340 төгрөг хүлээн авсны дараа 15,904,491 төгрөгийн үнэ бүхий 106 тн 160 кг түлшийг нийлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Гэрээний талууд 2014 оны 5 сард төлбөрийн гүйцэтгэлийн хэлцэл хийсэн бөгөөд 2015 оны 5 сард багтааж, нийлүүлээгүй түлшний үнэ болох 136,984,449 төгрөгийн төлбөрийг буцаан төлж барагдуулах үүргээ захирал П.Бүүвэйбаатар биелүүлээгүй байна. Гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс 136,984,449 төгрөг, алданги 34,246,112 төгрөг, нийт 171,230,561 төгрөгийг хариуцагч “В ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “В ” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нийслэлийн агаарын бохирдлын газраас шахмал түлш буюу шинэ үйлдвэрийг дэмжих тендер зарлагдаж гэрээ байгуулсан. Манай компани тендерийн нөхцлийн дагуу гэрээгээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Санхүүжилтээр агаарын бохирдлыг бууруулах түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдан авч Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газарт өгөх ёстой байсан. Худалдан авсан тоног төхөөрөмжөө акт үйлдэж улсын өмчид хүлээлгэж өгсөн. Дараа нь 1300 тн түлш нийлүүлэхээр гэрээ байгуулсан боловч зуны улиралд нэхэмжлэгч хамтран ажиллаагүй, удаа дараа хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй. Яагаад эрсдэлд орсон бэ гэхээр тоног төхөөрөмжөө Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас өгсөн мөнгөөр худалдан авсан, бидэнд өөр мөнгө байхгүй, санхүүжилт байхгүй учраас хичээж түлшээ хийсэн боловч хадгалах агуулах сав байхгүй гээд аваагүй. Манай байгууллага танай түлшийг худалдан авах санхүүжилт байхгүй цуцлагдсан тул өөрсдөө гадагш нь борлуулж мөнгөө төл гэсэн албан бичгийг өгсөн. Тэгээд энэ талаар очиж уулзахдаа би төөрөлдсөн байдалтай байсан учраас авсан юм чинь өгнө гэсэн утгатай мөнгө төлж барагдуулах хэлцэл хийсэн нь үнэн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газартай байгуулсан гэрээний 6-д түлш бүрэн нийлүүлсний дараа тоног төхөөрөмжийн өмчлөлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан. Санхүүжилт удаа дараа хүсч байсан боловч шийдэж өгөөгүй. 2014 оны 4 сард үйл ажиллагаагаа зогсоосон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01114 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “В ” ХХК-аас 171,230,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1311 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01114 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “В ” ХХК-аас 136,984,449 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,246,112 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч П.Бүүвэйбаатарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1311 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ, түүнийг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаараа юуны үнэ шаардсан болохыг болон үүнтэй холбоотойгоор тухайн гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, улмаар шаардах эрхийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүйн улмаас шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар, хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээгүйгээр үнэлж дүгнээгүйгээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн тухайд: Магадлалын хянавал хэсэгт “Зохигчид 2012 оны 12 сарын 25-ны өдөр “Үртсэн шахмал түлшний шинэ үйлдвэрлэлийг дэмжих, түлш нийлүүлэх гэрээ” байгуулж ... нэхэмжлэгч нь 194,766,000 төгрөгөөр санхүүжүүлэх үүрэг хүлээснээс 152,889,340 төгрөгийг шилжүүлсэн, Хариуцагч нь уг санхүүжилтээр Үртсэн шахмал түлшний шинэ үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулан, 106 тн 160 кг шахмал үртсэн түлш нийлүүлсэн болох нь талуудын гэрээ дүгнэсэн Протокол, ажип хүлээлцэх акт, төлбөрийн хүсэлт, үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээн авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон гэж, мөн “... талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, нийлүүлэгч нь захиалагчаас авах санхүүжилтээр үртсэн шахмал түлшний үйлдвэр байгуулахад зориулан тоног төхөөрөмж худалдан авч, уг санхүүжилтийг 1300 тонн түлш нийлүүлэх замаар буцаан төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна” гэж тус тус үнэлж дүгнэжээ.

Хэрэгт авагдаж, судлагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон үндсэн баримт бичиг нь талуудын хооронд 2012 оны 12 сарын 25-ны өдөр байгуулагдсан АЧА/12/02/03Б “Үртсэн шахмал түлшний шинэ үйлдвэрийг дэмжих, түлш нийлүүлэх гэрээ” юм. Шүүх талуудын хооронд байгуулагдсан энэ гэрээний харилцааг “Ажил гүйцэтгэх гэрээ” гэж дүгнэн хуулийг буруу хэрэглэсэн ба “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн болно. Учир нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүргийг хүлээдэг бол, Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу барааг бэлтгэн нийлүүлэх, харин худалдан авагч нь худалдагчид үнийг төлж, худалдан авсан энэ хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Магадлалд “ ... уг санхүүжилтээр Үртсэн шахмал түлшний шинэ үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулан ..." гэж дүгнэсэн болон “ ... нийлүүлэгч нь захиалагчаас авах санхүүжилтээр үртсэн шахмал түлшний үйлдвэр байгуулахад зориулан тоног төхөөрөмж худалдан авч ... ” гэж тус тус шүүх үнэлж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн буюу санхүүжүүлсэн мөнгөн хөрөнгөөр тоног төхөөрөмжийг авч суурилуулсан, улмаар нэхэмжлэгч буюу захиалагч нь уг үртсэн шахмал түлшний тоног төхөөрөмж болох хөрөнгүүдийг хүлээн авч акт үйлдсэн болох нь тогтоогдсон тул талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа биш харин Худалдах, худапдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогддог. 2012 оны 07 сарын 05-ны өдрийн 06 тоот Үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Агаарын чанарын албанаас 2012 оны 07 сарын 06-ны өдрийн 1/282 тоот албан бичгийг хариуцагчид ирүүлснээр энэ гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү Зөвлөмж, албан бичгийн үндэслэл нь 2012 оны 05 сарын 04-ний өдрийн А/302 дугаартай “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” Нийслэлийн засаг даргын захирамж юм. Уг захирамжийн 3 дахь заалтаар

"... хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил ашиглалтад нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгасугай” гэсэн байна. Энэ дагуу гэрээ байгуулсан Захиалагчийг төлөөлсөн этгээд нар нь хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө болох Үртсэн шахмал түлшний уг тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч акт үйлдсэн, ингэхдээ нийт санхүүжилтийг өгөөгүй ба хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийн хувьд санхүүжилтийг нь шилжүүлсэн, үүний дагуу энэ хөрөнгүүд нь Нийслэлийн өмч болсон энэ үйл баримт хэрэгт авагдаж, судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ба үүгээрээ мөн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа буюу энэ гэрээ нь өөрөө тендер шалгаруулалтын хүрээнд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлд заасан “Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ” юм. Иймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу талуудын хооронд “Үртсэн шахмал түлшний шинэ үйлдвэрийг дэмжих, түлш нийлүүлэх гэрээ” байгуулагдсан. Уг гэрээний 2 дахь заалтад “... АЧА/12/02/03Б тоот гэрээг (цаашид “бараа” гэх) гэж тодорхойлсон, энд тодорхойлсон барааг 194,766,000 төгрөг нийлүүлэхээр ирүүлсэн нийлүүлэгчийн тендерийг хүлээн зөвшөөрөв” гэсэн байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.10-т “бараа” гэж эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдаж, солилцож болох зүйл болон тухайн барааг нийлүүлэхэд шаардагдах ажлыг хэлнэ гэсэн хуулийн тодорхойлолтын дагуу тус тус талуудын энэ гэрээ нь “Худалдах, худалдан авах гэрээ” болно. Иймээс шүүх талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж апдаатай дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Магадлалын хянавал хэсэгт “Шүүх дүгнэхдээ Гэрээний 6-д "... түлш бүрэн нийлүүлэгдсэний дараа үртсэн шахмал түлшний тоног төхөөрөмжийн өмчлөлийн асуудлыг холбогдох дээд шатны байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ”, техникийн тодорхойлолтод “ ... тоног төхөөрөмжийн өмчлөлийн харъяаллыг гэрэгээр зохицуулна” гэж заасан байх бөгөөд хэмээн үнэлэлт дүгнэлтийг өгч, үүнтэйгээ холбоотойгоор уг тоног төхөөрөмж нь хариуцагчийн эзэмшилд байгаа үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон, иймээс Иргэний хуулийн 111.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан санхүүжилт болох 152,889,340 төгрөгийн хэмжээнд тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан өөрийн эзэмшилдээ авсан учраас тоног төхөөрөмжийн өмчлөгч болсон гэж үзнэ” гэж дүгнэжээ. Шүүх тоног төхөөрөмжийг хариуцагчийн өмч болсон гэж буруу дүгнэсэн. Учир нь хэрэгт авагдаж, судлагдсан нотлох баримтуудаар уг тоног төхөөрөмжүүдийг нь нэхэмжлэгч буюу захиалагчийг төлөөлөх этгээд нар хүлээн авсан болох нь 2013           оны 03 сарын 15-ны өдрийн “ ...Үртсэн шахмап түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээн авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэлээр, АЧА 12/02/03Б гэрээт ажлын суурилуулсан тоног төхөөрөмжүүдийг хүлээн авах ажлын гүйцэтгэлээр, Агаарын чанарын албанаас Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хандсан 2013.03.26-ны өдрийн 1/198 тоот “Хүсэлт хүргүүлэх тухай” гэсэн агуулга бүхий бичигт “ ... 152,889,430 төгрөгийг Нийслэлийн засаг даргын 2012 оны 05 сарын 04-ний өдрийн А/302 дугаар Захирамжийн нэгдүгээр хавсралтын 3 дахь заалтыг үндэслэн санхүүжүүлж өгнө үү” гэсэн байгаа тул энд дурьдагдсан Захирамжийн 3 дахь заалт нь дээр дурдсан уг хөрөнгүүдийг Нийслэлийн өмчид бүртгэн авах тухайд байх тул, мөн түүнчлэн шүүх дүгнэхдээ Гэрээний 6-д “түлш бүрэн нийлүүлэгдсэний дараа үртсэн шахмал түлшний тоног төхөөрөмжийн өмчлөлийн асуудлыг холбогдох дээд шатны байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ" гэсэн нь, техникийн тодорхойлолтод “... тоног төхөөрөмжийн өмчлөлийн харъяаллыг гэрээгээр зохицуулна ” гэж заасан байдаг тул дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдаж, судлагдсанаар хариуцагчийн өмч биш болохыг бүрэн дүүрэн, хангалттай нотлогдон тогтоогддог болно. Энэ ч учраас нэхэмжлэгч үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өөрийн өмч гэж үзэж, уг тоног төхөөрөмжийг эсхүл уг тоног төхөөрөмжийн үнийг хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаараа шаардаагүй харин Үртсэн шахмап түлшний үнэ гэж шаардсан байдаг. Ийнхүү “үртсэн шахмал түлш нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үртсэн шахмал түлшний үнэ шаардсан байхад шүүх нотлох баримтгүй, үндэслэлгүйгээр хариуцагчийг уг тоног төхөөрөмжүүдийг эзэмшилдээ авсан учраас өмчлөгч гэж үзнэ гэж хэт өрөөсгөл хийсвэр үнэлж дүгнэсэн шүүхийн Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулалгүйгээр, тухайн шаардлага үндэслэлд хамааралгүй асуудлаар үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй тухайд: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2, 3, 5, 6, 7 дахь заалтууд тус бүр нь Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжид хамаарах заалт байх бөгөөд талууд хооронд 2013 оны 03 сарын 25-ны өдөр гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцэх акт үйлдсэн, энэ дагуу захиалагч нь нийлүүлэгчээс Түлшний шахагч машин 8ш, шигшүүр 1ш, үртэс хатаагч 1ш, зөөгч конвейр 2ш, эргэдэг конвейр 2ш, түлш савлагч 2ш, үртэс түлш зөөх машин 2ш, ковш 1ш тус тус хүлээн авсан, энэ дагуу үртсэн шахмал түлшний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэн, суулилуулах ажлын гүйцэтгэлийг 152,889,430 төгрөгөөр баталгаажуулсан байдаг. Ингэхдээ Нийслэлийн агаарын чанарын алба нь 2013 оны 03 сарын 26-ны өдрийн 1/198 тоот албан бичгээр Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хариуцагч “В ” ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 85 хувь гэж захиалагч өөрөө тодорхойлон, мөн захиалагч өөрөө энэ дагуу 152,889,430 төгрөгийг нь санхүүжүүлэх хүсэлт гаргаснаар тоног төхөөрөмжийн үнэ болох мөнгөн дүн шилжсэн тул дээрх баримтуудаар 8 төрлийн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид нийлүүлснийг үндэслэн нэхэмжлэгч уг тоног төхөөрөмжийн үнэнд 152,889,430 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь нотлогдон тогтоогддог. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаараа хариуцагчаас Үртсэн шахмал түлшний үнэ гэж 136,984,449 төгрөг, түүний алданги 34,246,112 төгрөг, нийт 171,230,561 төгрөг шаардсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нарийвчлан тодруулаагүйгээс тоног төхөөрөмжийн үнэ шаардсан эсэх, эсхүл үртсэн шахмал түлшний үнэ шаардсан эсэх тодорхойгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул маргааны үйл баримтыг зөв үнэлж дүгнээгүй, тодруулвал хариуцагчаас Тоног төхөөрөмжөөр болон мөнгөн хэлбэрээр 2 давхардуулан гаргуулахаар хандаж, шүүх энэ дагуу төлбөр хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй болно. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн үндэслэлгүй хууль хэрэглээний алдаатай, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн, хариуцагч нэг талыг илтэд хохироосон шударга ёсны бөгөөд хууль ёсны зарчимд нийцээгүй байх тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар нь хариуцагч “В ” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 136,984,449 төгрөг, алданги 34,246,112 төгрөг, нийт 171,230,561 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагч “В ” ХХК-аас 136,984,449 төгрөг гаргуулан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газарт олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд тендер зарлан зохигчдын хооронд 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр АЧА/12/02/03Б дугаар бүхий “үртсэн шахмал түлшний шинэ үйлдвэрлэлийг дэмжих, түлш нийлүүлэх гэрээ” байгуулагдсан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 194,766,000 төгрөгийн үнэ бүхий 1300 тн үртсэн шахмал түлш нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэн түүнд шилжүүлсэн 136,984,449 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар шаардсан, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан 152,889,340 төгрөгт үртсэн шахмал түлшний тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид бүрэн нийлүүлсэн гэж маргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй дээрх гэрээгээр хариуцагч нь 1300 тонн үртсэн шахмал түлшийг 2013 оны 03 дугаар сарын 01-нээс 2014 оны 02 дугаар сарын 28-ны дотор нийлүүлэх, нэхэмжлэгч нь 194,766,000 төгрөгөөр санхүүжүүлэх үүрэг хүлээснээс 152,889,340 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь уг санхүүжилтээр үртсэн шахмал түлшний шинэ үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг угсарч, суурилуулан, 106 тн 160 кг шахмал үртсэн түлш нийлүүлсэн тухай талуудын гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцэх акт, төлбөрийн хүсэлт, үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээн авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл зэрэг баримт хэрэгт авагдсан. 

“Үртсэн шахмал түлшний шинэ үйлдвэрлэлийг дэмжих, түлш нийлүүлэх гэрээ”-ний 6-д “гэрээнд заасан түлш бүрэн нийлүүлсний дараа үртсэн шахмал түлшний тоног төхөөрөмжийн өмчлөлийн асуудлыг холбогдох дээд шатны байгууллагад тавьж, зөвшилцөн шийдвэрлүүлнэ” гэж, харин гэрээний ерөнхий нөхцлийн 1.1.в-д “бараа гэж нийлүүлэгчээс захиалагчид гэрээний дагуу нийлүүлэх тоног төхөөрөмж, машин механизм болон бусад материалыг хэлнэ”, 9.1-д “нийлүүлэгч техникийн тодорхойлолтын шаардлагын дагуу барааг нийлүүлнэ” гэж, түүнчлэн техникийн тодорхойлолтод “тоног төхөөрөмж болон түлш нийлүүлэх хуваарийг баталгаажуулан хавсаргах, хуваарийн дагуу түлш бүрэн нийлүүлж дуустал үйлдвэр нийслэлийн өмч байна, тоног төхөөрөмжийн өмчлөлийн харьяаллыг гэрээгээр зохицуулна” гэж тус тус заажээ.

Талууд 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцэх акт тус тус үйлдсэн ба нэхэмжлэгч нь “В ” ХХК-аас түлшний шахагч машин 8 ширхэг, шигшүүр 1 ширхэг, үртэс хатаагч 1 ширхэг, зөөгч конвейр 2 ширхэг, эргэдэг конвейр 2 ширхэг, түлш савлагч 2 ширхэг, үртэс түлш зөөх машин 2 ширхэг, ковш 1 ширхгийг тус тус хүлээн авч, мөн үртсэн шахмал түлшний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэн суурилуулах ажлын гүйцэтгэлийг 152,889,430 төгрөгөөр баталгаажуулжээ.

Дээрх үртсэн шахмал түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмжөөр хариуцагч нь 1300 тн үртсэн шахмал түлш үйлдвэрлэж, 2013 оны 03 дугаар сараас 2014 оны 02 дугаар сарын хугацаанд сард 100-150 тн үртсэн түлшийг  нэхэмжлэгчид нийлүүлэх үүрэг хүлээсэн хэдий ч нийт 106 тн 160 кг түлш нийлүүлсэн байна.    

 Хэрэгт авагдсан “Үртсэн шахмал түлшний шинэ үйлдвэрлэлийг дэмжих, түлш нийлүүлэх гэрээ”, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, техникийн тодорхойлолт болон  бусад баримтаар зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааны төрлийг тодорхойлох боломжгүйгээс анхан шатны шүүх Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин давж заалдах шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь түлш нийлүүлэх үүрэг гэрээгээр хүлээсэн байхад анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь гэрээний дагуу хүлээн авсан үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэд төлөгдсөн 136,984,449 төгрөгийг “үртсэн шахмал түлш нийлүүлээгүй” гэх үндэслэлээр хариуцагчаас буцаан шаардсан нь үндэслэлгүй” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй байна.

Гэрээний 6-д “... төхөөрөмжийн өмчлөлийн асуудлыг холбогдох дээд шатны байгууллагад тавьж, зөвшилцөн шийдвэрлүүлнэ” гэж, техникийн тодорхойлолтод “тоног төхөөрөмж болон түлш нийлүүлэх хуваарийг баталгаажуулан хавсаргах, хуваарийн дагуу түлш бүрэн нийлүүлж дуустал үйлдвэр нийслэлийн өмч байна, тоног төхөөрөмжийн өмчлөлийн харьяаллыг гэрээгээр зохицуулна” гэж заасан нөхцөл хэрхэн хэрэгжсэн баримт хэрэгт авагдаагүй байхад “...тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан өөрийн эзэмшилдээ авсан учраас хариуцагчийг уг тоног төхөөрөмжийн өмчлөгч болсон” гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэлцлийн нөхцлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлаж чадаагүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчжээ.  

Голомт банкны 2013 оны 02 сарын 27-ны өдрийн “Гүйцэтгэлийн баталгаа” гэсэн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь зохигчдын хооронд үүссэн маргааны үүргийн гүйцэтгэлд хамааралтай эсэх, нэхэмжлэгч энэ баталгааны дагуу үүрэг шаардсан эсэх нь тодорхойгүй байна.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн харилцааны төрлийг тодорхойлох боломжгүй, тоног төхөөрөмжийн өмчлөлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01114 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1311 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч П.Бүүвэйбаатарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 842,873 /найман зуун дөчин хоёр мянга найман зуун далан гурав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЦАГААНЦООЖ

 ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН