Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 299

 

Ө.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Б.Г ,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Бгийн өмгөөлөгч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор Ө.Бд холбогдох 201525012932 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт  Ө.Б, 1984 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ В” ХХК-д инженерээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................./;

Ө.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд В” ХХК-ийн барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссын хурлын тэмдэглэл, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын гишүүний саналын хуудас зэрэгт “Гадна фасадыг дахин шинээр хийх, хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна” гэснийг, “Гадна фасадыг дахин шинээр хийх, шаардлага хангахгүй байна “ гэж өөрчилж, хурлын тэмдэглэлд бичигдсэн Ж.М, М.Д нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, “Үндэсний төв архив, хуулбар үнэн” гэсэн тэмдэгний дардас зэргийг компьютер, техник ашиглан хуурамчаар үйлдэж нотлох баримтаар бүрдүүлж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газар: Ө.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө.Бг иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар Ө.Бг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Б-ын нэхэмжилсэн 52.950.530 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Баттогтох нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Ө.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.Бгийн өмгөөлөгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх тогтоолын тодорхойлох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна. Прокуророос Ө.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна. Иймд шүүгдэгч Ө.Бгийн үйлдэл нь иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн буюу 2002 ны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ. Хэдийгээр Ө.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Визард констракшн” ХХК-ийн барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссын хурлын тэмдэглэл, саналын хуудас зэргийг хуурамчаар үйлдэн өгсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх боловч тухайн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгээр зөв зүйлчлэх шаардлагатай юм. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт “Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид, түүнчлэн шүүгч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол...” хэмээн заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийн субъект нь онолын хувьд тусгай субъекттэйгээрээ онцлог байна. Өөрөөр хэлбэл, энэхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийн субъект нь нэгдүгээрт иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид, хоёрдугаарт шүүгч байхыг хуулиар зохицуулсан. Ө.Б нь уг баримтуудыг шүүхэд гаргаж өгөх үед буюу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш, “Визард констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь М гэх хүн байсан болох нь мөрдөн байцаагчийн иргэний хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс харагддаг. Үүнээс үзэхэд тухайн баримтыг шүүхэд гаргаж өгөх үед Ө.Б нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасан иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч биш буюу уг гэмт хэргийн субъект биш байсан болох нь харагдаж байна. Хэрэв гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийн субъект нь 18 насанд хүрсэн байхыг хуулиар шаардаж байхад хэрэг учрал болсон үед 17 нас 11 сартай байсан бол уг хүнийг тус гэмт хэргийн субъект биш гэж үздэг билээ. Үүнтэй адил нөхцөл байдал үүсээд байхад шүүх анхаарч үзэлгүй гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг хангаж байна байна хэмээн дүгнэж зүйлчлэлийн хувьд илт алдаа гарган манай үйлчлүүлэгчийг ял шийтгэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэхэд хүргэлээ.

Түүний Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч материал гаргаж өгсөн үйлдэл нь мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа бөгөөд энэ нь тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасны дагуу эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байна. 

Шүүх шийдвэр гаргахад чухал ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан гэмт хэрэг  үйлдэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 39.7 дугаар зүйлийн 1.3-д заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна” гэж үзэж давж заалдах гомдол гаргалаа.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.7, 39.9 дүгээр зүйлүүдийг баримтлан 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Ө.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би тодорхой он, сар өдрийг санахгүй байна. Гэрээний үлдэгдэл мөнгө гаргуулахаар иргэний шүүхэд гомдол гаргасан байсан. Тухайн үед манай компанид хуулийн зөвлөх байгаагүй. Манай компанийн барилгын ажил зогссон байсан учраас намайг гэрээ байгуулсан тул бичиг баримт бүрдүүл гэсэн. Иргэний шүүхээс над руу залгаж “хариу тайлбар гарах хугацаа дуусч байна. Яаралтай өг” гэсэн. Хуулийн мэдлэггүй учраас би яарч сандарч тийм бичиг баримт өгсөн...” гэв.

Прокурор М.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ө.Бгийн үйлдэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Ө.Б иргэний хэргийн оролцогч болох нь тогтоогдоно, хавтаст хэрэгт авагдсан шүүн таслах ажиллагаанд оролцох итгэмжлэлийг тус компани олгосон. Шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хойшлуулж байсан. Шүүгдэгч Ө.Б иргэний хэргийн оролцогч болно гэдгээ мэдэж хуурамч бичиг баримт үйлдсэн байдал нотлох баримтаас харагдаж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ө.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд В” ХХК-ийн барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссын хурлын тэмдэглэл, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын гишүүний саналын хуудас зэрэгт “Гадна фасадыг дахин шинээр хийх, хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна” гэснийг, “Гадна фасадыг дахин шинээр хийх, шаардлага хангахгүй байна “ гэж өөрчилж, хурлын тэмдэглэлд бичигдсэн Ж.М, М.Д нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, “Үндэсний төв архив, хуулбар үнэн” гэсэн тэмдэгний дардас зэргийг компьютер, техник ашиглан хуурамчаар үйлдэж нотлох баримтаар бүрдүүлж өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Б-ын “... Би 2014 оноос эхлэн В” ХХК-тай хамтран ажиллаж эхэлсэн. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр В” ХХК-тай холбоотой Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 12 давхар барилгын гадна фасадыг манай компани гүйцэтгэхээр тохиролцож, гэрээ хийсэн. Уг гэрээний дагуу манай компани ажлаа гүйцэтгэж, 2015 оны 3 дугаар сард ажлаа дуусгаж, мэргэжлийн комисст хүлээлгэн өгч, үлдэгдэл 62.000.000 төгрөгөө В” ХХК-иас авах гэтэл өгөхгүй, танай компани ажлаа чанаргүй, өвөл хийсэн гэх шалтгаанаар акт тавина гэж хэлсэн учир манай компани В” ХХК-ийг Баянзүрх дүүргийн шүүхэд өгсөн чинь В” ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргаж, манай компаниас 174.000.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлийг гаргахдаа шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байсан. Үүнд Барилга хүлээн авах комиссын хурлын тэмдэглэлийг Үндэсний төв архиваас хуулбарлаж, уг хуулбарыг техникийн аргаар комиссын дарга М-ийн хэлсэн үгэнд “... гадна фасадны  хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна...” гэж хэлснийг “Хөөсөнцөрийн нягт” гэдгийг нь арилгаж, “гадна фасад шаардлага хангахгүй байна” гэж хэлсэн болгосон. Манай компаний гадна фасадны хөөсөнцөрийг В” ХХК-иас авч ажлыг нь хийсэн. Мөн архивын хуулбар үнэн гэсэн тамга болон архивчын гарын үсгийн хуурамчаар үйлдэж, шүүхэд нотлох баримт болгож өгсөн байсан...” /1хх-51-52/,

Гэрч М.С-ийн “... 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр В” ХХК-ийн ажилтан М гэх хүн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 175 айлын орон сууцны барилгын хувийн хэргээс комиссын гишүүний саналын 4 хуудас материал авч явсны дараа 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр В” ХХК-ийн харуул хамгаалалтын дарга М.Амартүвшин гэх хүн ирээд 6 хуудас баримт авч ирж, хуулбар үнэн тэмдэг дараад өгөөч гэхээр нь уг баримтыг харахад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 175 айлын орон сууц барьсан барилгын баримтууд байсан. Уг баримтуудыг архивт байгаа үндсэн хувьтай тулгаж үзэхэд 4 хуудас баримт нь эх хувьтайгаа таарч, 2 хуудас баримт нь таарахгүй засвар оруулсан байсан. Тэгэхээр нь 2 хуудас баримтан дээр нь хуулбар үнэн тэмдэг дарж өгөөгүй. Уг засвар оруулсан баримтад дараах баримтууд байсан. Нэгдүгээрт, барилгын комиссын гишүүдийн саналын хуудасны комиссын гишүүн М-н хэлсэн үгэн дээр “гадна фасадны хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй” гэж хэлснийг “хөөсөнцөрийн нягт” гэдэг үгийг хасчихсан байсан. Хоёрдугаарт, М-ийн гараар бичсэн саналын хуудсан дээр мөн адил хөөсөнцөрийн нягт гэдэг үгийг хасчихсан байсан. Би шүүхэд гаргаж өгсөн хоёр баримтыг үзлээ. Миний хуулбарлаж өгсөн баримт биш байна. Архивт байгаа эх хувьтай зөрсөн баримт байна. Хуулбар үнэн тэмдэг, мөн миний гарын үсэг аль аль нь хуурамч байна...” /1хх-54-55/,

Гэрч Ж.М-ийн “... Би В” ХХК-ийн барилгыг хүлээж авах комиссын хурал дээр амаар болон саналын хуудсан дээр “гадна фасадыг дахин хийх, хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна” гэж хэлж, саналын хуудсанд бичсэн. Хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байсан. 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн хурлын тэмдэглэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Дуурайлгаж зурсан байна. Улсын комиссын акт дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн, актан дээр гарын үсгээ зурсан тохиолдолд хурлын тэмдэглэл дээр гарын үсгээ шууд зурдаг. Гэвч В” ХХК-ийн хүмүүс залхуурсанаас болсон уу, цаг хугацаа хэмнэх гэж миний гарын үсгийг дуурайлгасан байна. Надад хурлын тэмдэглэлийг авч ирсэн бол би гарын үсгийг шууд зурах байсан...” /1хх-56/,

Гэрч Л.М-ны “... Би В” ХХК-д менежерийн ажил хийдэг. 2015 оны 8 дугаар сараас 9 дүгээр сард захирал Ц Архивын Ерөнхий газраас барилгын зураг, 10 дугаар хорооллын хурлын тэмдэглэлийг аваад ир гэж хэлсний дагуу би Архивын Ерөнхий газраас уг  хуулбаруудыг авч ирж, инженер Ө.Бд өгсөн...” /1хх-59/,

Гэрч М.А-йн “... Би В” ХХК-д тухайн үед хамгаалалтын албаны даргын ажил хийж байсан. Би он, сар, өдрийг нь санахгүй байна, 2015 оны зун манай компанийн инженер Ө.Б над руу залгаад “би гадуур ажилтай явж байна, ажил амжихгүй байна, миний ширээн дээр хавтастай бичиг баримт байгаа, тэрийг аваад “Туушин” зочид буудлын орчим Архивын газарт очоод хуулбар үнэн даруулчих” гэж хэлэхээр нь Ө.Бгийн албаны ширээн дээр цагаан хавтсанд хийсэн бичиг баримтууд байсныг дотрохыг нь үзэлгүй шууд авч гараад, “Туушин” зочид буудлын орчим байрлах Архивын газар ороод архивч эмэгтэйтэй уулзаад, нөгөө бичиг баримтуудаа хуулбар үнэн даруулахаар өгсөн чинь тэр эмэгтэй аваад эх хувьтай нь тулгаж үзээд, нэг бичиг баримтыг нь буцааж өгөөд, “энэ бичиг баримт дээр хуулбар үнэн дарахгүй, эх хувиасаа зөрүүтэй байна” гэхээр нь би “уг бичиг баримтуудыг танайхаас авсан байх, дараад өгч болохгүй юу” гэхэд “болохгүй” гэхээр нь бичиг баримтуудаа аваад явсан...” /1хх-60/,

Ө.Бгийн сэжигтнээр өгсөн “... “У х” ХХК нь манай компанитай 2014 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах манай компанийн барьж байсан 12 давхар үйлчилгээтэй, орон сууцны гадна фасадыг гүйцэтгэхээр болж, ажлаа хийж эхэлсэн. Ажил хийж байх явцдаа ажлынхаа хөлсийг материал хэлбэрээр нь урьдчилаад ихэнхийг нь авчихсан. Тэгээд ажлынхаа хөлсийг авчихсан болохоор захирал Б нь ажил дээрээ ирэхээ больж, ажлын гүйцэтгэлийг чанаргүй хийж эхэлсэн. Манай компаниас хүсэлт гаргаж явсаар байгаад 2015 оны 2 дугаар сарын сүүлээр ажлаа дутуу дуусгасан. Тэгээд манай компанид “У х” ХХК нь ажлаа хүлээлгэж өгөхөд нь манай компани авахгүй гэхэд “У х” ХХК алга болсон. Тэгээд уг барилгад орсон айлуудаас удаа дараа гомдол гаргаад байхаар нь “У х” ХХК хийсэн ажилдаа 1 жилийн баталгаа гаргаж өгсөн учир ажлыг нь засуулах гэж удаа дараа холбогдох гэсэн боловч холбогдоогүй. Тийм учраас өөр компаниар уг ажлыг дахин янзлуулж хийлгэсэн. 2015 оны 9 дүгээр сард “У х” ХХК нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд үлдэгдэл ажлын хөлсийг авна гэж нэхэмжлэл гаргасан байсан. Тэгээд манайх гаргасан нэхэмжлэлтэй нь танилцаад сөрөг нэхэмжлэл гаргаж өгсөн. Сөрөг нэхэмжлэл гаргаж өгөхдөө хоёр компанийн гэрээнээс эхлээд холбогдох бүх баримтыг гаргаж өгсөн. Тэр бичиг баримтан дундаас Үндэсний архиваас авсан Барилга хүлээн авах комиссын гишүүн М-ийн хэлсэн “гадна фасадны хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна” гэсэн өгүүлбэрээс “хөөсөнцөрийн нягт” гэдэг хоёр үгийг компьютерийн аргаар янзалсан. Мөн комиссын гишүүн Мөнх-Эрдэнийн гараар бичсэн саналын хуудсын авч, “хөөсөнцөрийн нягт” гэдэг хоёр үгийг засаж янзлаад шүүхэд нотлох баримт болгож өгсөн. Би тухайн үед фотошоп сонирхож сурч байсан. Тэгээд уг хоёр баримтыг засварлаж байхдаа ингээд шүүхэд өгчихвөл манай нэхэмжлэлд эерэгээр нөлөөлж болох юм байна гэж бодоод уг хоёр үгийг засаад хэвлэж гаргасан юм...” /1хх-64-65/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Архивын ерөнхий газарт хадгалагдаж буй 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн “Баянгол дүүргийн 5 дугаар хороо, В” ХХК-ийн барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл” гэсэн эх хувь баримтын 7 дугаар хуудасны дунд хэсэгт /Ж.М/ гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь Ж.М-ийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй, уг баримтын 7 дугаар хуудасны дунд хэсэгт /М.Д/ гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь М.Д-нх гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй. Хавтаст хэргийн 14-20 хүртэлх хуудсан дахь баримтууд, түүний баруун доод хэсэгт “Үндэсний төв архив, хуулбар үнэн” гэсэн бичиглэл бүхий тэмдэгний дардас мэт зүйл нь бүхэлдээ шингэн төрлийн хортой /Инк жет/ хэвлэх төхөөрөмж ашиглаж хэвлэсэн байна. Компьютерийн бичвэрийн хамт нэг хэвлэгчээр, нэг удаагийн үйлдлээр хэвлэсэн байна. Харин архивт хадгалагдаж буй эх хувь баримтуудыг хар, цагаан /лазер жет/ хэвлэх төхөөрөмжөөр  хэвлэсэн байхаас гадна цаасны дээд ирмэгээс гарчиг хүртэлх зай, зах ирмэгийн хэлбэр, компьютерийн бичиглэлүүд, ашигласан хэвлэгчээрээ ялгаатай байна. Хавтаст хэргийн 46 гэсэн хуудсан дахь “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудас” гэх баримтын хоёр гэсний ард “гадны фасадыг дахин шинээр хийх, шаардлага хангахгүй байна” гэсэн өгүүлбэр бичигдсэн байна. Харин шинжилж буй эх хувь баримтын 2 гэсний ард “гадна фасадыг дахин шинээр хийх, хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна” гэж бичигдсэн байгаа нь уг хоёр шинжилж буй баримтууд өөр байна. Өгүүлбэрт оруулсан засварыг компьютерийн программууд, скайнер зэргийг ашиглан засварлах боломжтой...” гэх 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 3529 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-102-104/,

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, В” ХХК-ийн барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэлийн шүүхэд нотлох баримтаар өгсөн хуулбар /1хх-14-20/, Барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудас шүүхэд нотлох баримтаар өгсөн хуулбар /1хх-21/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт шүүхэд нотлох баримтаар өгсөн хуулбар /1хх-22-25/, ажил гүйцэтгэх гэрээ /1хх-28-30/, В” ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийн хуулбар /1хх-38/, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, В” ХХК-ийн барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл, Барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудас, комиссын акт зэргийг Үндэсний төв архиваас хуулбар үнэн даруулсан хувь /1хх-33-40, 45-47, 48-49/, шинжээчийн 3529 тоот дүгнэлтэд хавсаргах гарын үсгийн ерөнхий шинж тэмдэгийн боловсруулалт /1хх-105-115/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ө.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Ө.Бг иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийн үндэслэлтэй байна.

 Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар Ө.Бг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

  Анхан шатны шүүх Ө.Бд ял шийтгэл оногдуулахдаа “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийг буруу  хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай ойлголт нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэм хэмжээг өмнөх цаг хугацаанд буюу уг хууль хүчин төгөлдөр болохын өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэхийг ойлгоно.

Шүүгдэгч Ө.Бгийн гэмт үйлдэл нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв боловч энд хууль буцаан хэрэглэх асуудал үүсээгүй тул 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

Харин тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримтлан шийдвэрлэх ёстой тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ө.Бгийн өмгөөлөгч Б.Г нь: “... Ө.Бгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч материал гаргаж өгсөн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа бөгөөд тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасны дагуу эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

  Шүүгдэгч Ө.Б нь иргэний шүүн таслах ажиллагааны оролцогч болох нь хавтаст хэрэгт авагдсан В” ХХК-иас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт /1хх-208/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /1хх-210-211/, Ө.Бгийн “...62.000.000 төгрөгийн нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл болгон нотлох баримт өгөхдөө “хөөсөнцөрийн нягт” гэдэг хоёр үгийг хасаад өгчихсөн юм..., ...“У х” ХХК анх манайд нэхэмжлэл гаргаад тэрнийг нь би шүүхээс очиж авахдаа В” ХХК-иас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилуулж нэхэмжлэлийг авч байсан... ” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Нөгөөтэйгүүр, тухайн компанид хамааралгүй буюу үүрэг хүлээгээгүй хүн иргэний хэрэгт нотлох баримт бүрдүүлж өгөх хууль зүйн ойлголт байхгүй тул энэ хэргийн субъект мөн гэж үзсэн нь үндэслэлтэй.  

 Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ө.Бгийн өмгөөлөгч Б.Гэршихбөртийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар ...” гэснийг, “...2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар ...” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ө.Бгийн өмгөөлөгч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                       Д.ОЮУНЧУЛУУН