Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 142/2018/00020/И |
Дугаар | 001/ХТ2018/01420 |
Огноо | 2018-10-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2018/01420
Т.Н, А.А, Д.О нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2018/00261 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 64 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч Т.Н, А.А, Д.О нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.Б-д холбогдох,
Т.Н-д 9 500 000 төгрөг, А.А-д 2 700 000 төгрөг, Д.О т 2 500 000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Т.Н миний бие өөрийн танил Ч.Тунгалагаар дамжуулан Д.Б-д 9 500 000 төгрөг, А.А би өөрийн танил Ч.Тунгалагаар дамжуулан Д.Б-д 2 700 000 төгрөг, Д.О би өөрийн танил А.А, Ч.Тунгалаг нараар дамжуулан Д.Б-д 2 500 000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн бөгөөд уг зээлдүүлсэн мөнгөө Ч.Тунгалаас бид хүүгийн хамт хүлээн авч бидний хоорондох тооцоо дууссан байсан. Гэтэл 2016 онд Ч.Тунгалаг нь Д.Б-д холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар биднээр дамжуулан Ч.Тунгалаг нь Д.Б-д шилжүүлэн зээлсэн мөнгийг зээлсэн гэж үзэх үндэслэлгүй, харин биднийг Д.Б-аас нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн байсан. Үүнийг үндэслэн Ч.Тунгалаг нь биднийг Орхон аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өгч Т.Н 9 500 000 төгрөг, А.А2 700 000 төгрөг, Д.О 2 500 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба бидний зүгээс дээрх мөнгийг шүүгчийн захирамжийн дагуу Ч.Тунгалагт төлсөн.
Ийнхүү бидний зүгээс дээрх мөнгийг өөрсдөө төлсөн тул жинхэнэ зээлдэгч болох Д.Б-аас нэхэмжлэх эрх үүссэн гэж үзэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Д.Б Ч.Тунгалагаар дамжуулан биднээс зээлсэн мөнгөө төлөхгүй байгаа тул арга үгүйн эрхэнд шүүхэд хандаж байна.
Иймээс Д.Б-аас Т.Н-д9 500 000 төгрөг, А.А-д 2 700 000 төгрөг, Д.О т 2 500 000 төгрөг тус тус гаргуулан бидэнд олгож биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Дээр нэр дурдсан хүмүүсийг би танихгүй. Мөнгө зээлэх гэж ярьж харьцаж байгаагүй. Ч.Тунгалаг гэдэг эмэгтэйгээс мөнгө зээлж авч байсан. Тэр хүн цаашаа эдгээр хүмүүсээс авч өгсөн гэж байгаа бол би авсан мөнгөө бүгдийг төлж дуусгасан. Энэ талаар шүүхийн шийдвэр гарсан. Д.Тунгалаг нь дээрхи хүмүүсээс юун мөнгө нэхээд тэд яагаад түүнд мөнгө төлөх болсныг би мэдэхгүй, бас мэдээгүй. Яагаад Д.Тунгалагт өгсөн мөнгөө надаас нэхэж байгааг ойлгохгүй байна. Дээр нэр дурдсан хүмүүсийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2018/00261 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан Д.Б-аас 9 500 000 төгрөг гаргуулах Т.Н-гийн , 2 700 000 төгрөг гаргуулах А.Аын, 2 500 000 төгрөг гаргуулах Д.О ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 58 150 төгрөг, Д.О ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54 950 төгрөг, Т.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 166 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 64 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2018/00261 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “Т.Н-гийн 9 500 000 төгрөг, А.А-ын 2 700 000 төгрөг, Д.О ийн 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “хариуцагч Д.Б-аас 1 860 000 төгрөг гаргуулж А.А-д, 1 740 000 төгрөг гаргуулж Д.О т тус тус олгож, Т.Н-гийн 9 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, Д.О ийн нэхэмжлэлийн шаардлагаас 760 00 төгрөг, А.А-ын нэхэмжлэлийн шаардагаас 860 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтанд “Д.Б-аас 1 740 000 төгрөг гаргуулж Д.О т, 1 860 000 төгрөг гаргуулж А.А-д тус тус олгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.О ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөг, А.А-ын төлсөн 58 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгож, нэхэмжлэгч Т.Н-гийн давж заалдах гомдол гаргахдаа тушаасан 166 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Энэ хоёр хүн миний дансанд эдгээр мөнгийг шилжүүлсэн ч Ч.Тунгалагийн тэд нартай хийсэн тохиролцоо болохоос тэр хоёр хүнийг би танихгүй. Бид хоорондоо мөнгө зээлэх асуудлаар тохиролцоогүй юм. Ч.Тунгалаг нь миний хүсэлтээр надад мөнгө олж өгөөд би түүнд буцааж төлсөн бөгөөд энэ зээлийн маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байдаг. Энэ нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 451 дүгээр шийдвэр юм. Давж заалдах шатны шүүх надаас мөнгө гаргуулж дээрх хоёр хүнд олгохоор шийдвэрлэснээрээ Ч.Тунгалаг гэдэг хүн үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг олгосон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл би бусдаас авсан мөнгөө 2 дахин буцааж төлж байна гэсэн үг боллоо.
А, Онар нь 2012 онд миний дансанд мөнгө шилжүүлсэн ч би Ч.Тунгалагаар дамжуулж төлсөн. Энэ хүмүүс надаас энэ 6 жилийн хугацаанд мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Хэрэв нэхэх хэрэгтэй байсан бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Ч.Тунгалаг эдгээр хүмүүсээс миний өөрөөр нь дамжуулж төлсөн мөнгийг буцааж нэхээд эвлэрсэн байгаа дүр үзүүлсэн жүжиг. Зээлийн гэрээ бол хоёр талын хүсэл зорилгоор нэгдэж хийгддэг хэлцэл. Тийм учраас А.А, Д.О бид нар зээлийн гэрээ хийгээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болсон тул магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Т.Н, А.А, Д.О нар нь Ч.Тунгалагаар дамжуулан Д.Б-д зээлүүлсэн 9 500 000 төгрөг, 2 700 000 төгрөг, 2 500 000 төгрөгийг Д.Б-аас гаргуулахаар нэхэмжилжээ. Нэхэмжлэгч нарын дурдсанаар дээрх зээлдүүлсэн мөнгөө Ч.Тунгалагаас хүүгийн хамт хүлээн авсан боловч 2016 онд Ч.Тунгалаг нь Д.Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх Ч.Тунгалагийг Д.Б-д мөнгө зээлүүлсэн гэж үзэхгүй, харин мөнгө зээлүүлсэн хүмүүс өөрсдөө Д.Б-аас нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсний үндсэн дээр Орхон аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орж, Ч.Тунгалагт Т.Н 9 500 000 төгрөг, А.А2 700 000 төгрөг, Д.О 2 500 000 төгрөгийг тус тус буцаан төлсөн ба энэ үеэс шаардах эрх нь үүссэн гэжээ.
Хариуцагч Д.Б шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарыг огт танихгүй, Ч.Тунгалаг гэдэг эмэгтэйгээс зээлсэн мөнгөө төлсөн, шүүхийн шийдвэр гарсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
Хэргийн баримтад Д.Б-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан Ч.Тунгалагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 451 дүгээр шийдвэр авагджээ. Шүүх Д.Б-аас 3 512 000 төгрөг гаргуулж, Ч.Тунгалагт олгохоор шийдвэрлэсэн ба нэхэмжлэлээс 34 488 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 119 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 142\Ш32017\03879 дүгээр захирамж мөн хэрэгт авагджээ. Уг захирамжаар Ч.Тунгалаг нь зээлийн үүрэгт төлсөн мөнгө буюу Д.О-ээс 2 500 000 төгрөг, А.А-аас 2 700 000 төгрөг, Т.Н-гээс 9 500 000 төгрөгийг буцаан авахаар эвлэрэн тохиролцсоныг баталсан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан байна.
Нэхэмжлэгч нарын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа, шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийн талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Шүүх “хөөн хэлэлцэх хугацаа тасалдах” тухай эрх зүйн зохицуулалтыг тухайн маргаанд үндэслэл бүхий хэрэглэж чадаагүй байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан” гэж үздэг. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолдог байна.
Иргэний хуулийн дээрх зохицуулалтын хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах үйл баримт хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх үед бий болох, хөөн хэлэлцэх хугацаа тасалдахад тухайн шаардлагад хамааралтай үйл баримт үндэслэл болохыг шүүх анхаараагүйгээр алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.Н, Д.О, А.А нар хариуцагч Д.Б-аас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг Ч.Тунгалагийн Д.Б-аас зээлийн төлбөр шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах, Ч.Тунгалаг болон нэхэмжлэгч нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдах зэрэг үйл баримт нь тасалдуулах үндэслэл болохгүй юм. Эдгээр үйл баримт нэхэмжлэгч нарын Д.Б-д холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах үндэслэл болохоор байсан ч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх үед бий болсон байх учиртай. Дууссан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах боломжгүй болно.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Ч.Тунгалагийн нэхэмжлэлтэй Д.Б-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 451 дүгээр шийдвэр, нэхэмжлэгч нар болон Ч.Тунгалаг нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 142\Ш32017\03879 дүгээр захирамж тус тус гарахаас өмнө буюу 2015, 2016 онд дууссан байсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 451 дүгээр шийдвэрт А.А, Т.Н нар Д.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь зээлийн гэрээний харилцааны оролцогчийг тодорхойлсон агуулгатай байх ба тухайн харилцаанд хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй байх, эсхүл энэ үеэс нэхэмжлэгч нарын шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлийг тодорхойлоогүй байна. Д.О ийн шаардах эрхийн талаар шийдвэрт заагаагүй байна.
Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн А.А, Т.Н нар нь мөнгийг Д.Б-ийн дансанд 2012 оны 07, 10 дугаар сар, 2013 оны 07 дугаар сард шилжүүлсэн талаар тайлбарласан ажээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 64 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2018/00261 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 72 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН