Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/01419

 

Төв аймгийн Т Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 151/ШШ2018/00281 дүгээр шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 223/МА2018/00006 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Төв аймгийн Т Х-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ө С” ХХК-д холбогдох,

Татварын өр 62 164 925.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжавын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Төв аймгийн Сүмбэр суманд үйл ажиллагаа явуулдаг “Ө С” ХХК нь албан татварын дутуу төлөлт болох 62 164 925.60 төгрөгийг төлөхгүй байна. Тус компанид 2012 онд татварын хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн актаар 34 949 500 төгрөгийн нөхөн татвар, 17 566 500 төгрөгийн торгууль, алданги ногдуулсныг захирал С.Мөнхтүвшин хүлээн зөвшөөрч, актыг хүлээн авч гарын үсэг зурсан байна. Т Х-ээсдээрх өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуульд заасан мэдэгдэх хуудас гардуулах, татвар төлөгчийн харилцах банкны дансны гүйлгээг хаах, эд хөрөнгө барьцаалах, битүүмжлэх арга хэмжээнүүдийг шат дараалан хэрэгжүүлсэн боловч татварын өрийг барагдуулаагүй. Хамгийн сүүлд “Ө С” ХХК-ийн нягтлан бодогч Б.Нямжавт мэдэгдэх хуудас гардуулж, Хаан банкны Зуунмод тооцооны төвд мэдэгдэх хуудас хүргүүлж, харилцах дансны гүйлгээг хаасан.

Иймд “Ө С” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татварт 34 949 500 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 1 335 100 төгрөг, торгууль 18 196 500 төгрөг, алданги 1 088 900 төгрөг, хүү 231 500 төгрөг, 2015-2017 оны хувь хүний орлогын албан татварын тайлангийн ногдолд 3 658 800 төгрөг, 2010 оны автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн татварын дутуу төлөлт 135 410 төгрөг, 2015-2016 оны үл хөдлөх эд хөрөнгийн татварын дутуу төлөлт 446 385.60 төгрөг, 2014-2017 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн ногдол 2 122 830 төгрөг нийт 62 164 925.60 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Т Х энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа “Ө С” ХХК-ийн захирал Б.Пүрэвжаргалыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байна. Шүүх иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагчаар “Ө С” ХХК-ийг татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Т Х-ийн 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 140646 тоот актаар нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар, хүү, торгууль ногдуулсан байдаг. Гэтэл тухайн үед тус компани нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллагаар бүртгүүлж гэрчилгээ аваагүй байсан. Иймд дээрх нөхөн татвар, хүү, торгууль нь огт үндэслэлгүй юм.

Мөн татварын байцаагчийн 140646 тоот актыг тухайн үед бидэнд нарийн сайн тайлбарлаж өгөөгүй бөгөөд акттай шүүхийн шатанд танилцахад актад улсын байцаагч Д.Наранцэцэг гарын үсэг зураагүй байгаа нь уг акт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тус компани сүүлийн 2 жилийн хугацаанд хэт халуун, ган гачгаас шалтгаалж ургац алдаж, санхүүгийн бэрхшээлтэй байгаа тул нэхэмжлэлд заасан 62 164 925.60 төгрөгийг төлөх боломжгүй байна. Ган гачиг болоод бороо ороогүй гэсэн баримт аймгийн Хөдөө аж ахуйн газарт байгаа байх, бидэнд тийм баримт байхгүй. Дахин хэлэхэд гурилын үйлдвэр, газар тариалан нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш гээд хуульд заасан байсан. Тэр үед бид нарт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн дэвтэр бүртгэл гэх зүйл байгаагүй. Гэтэл гэнэт акт тавина гэсэн, тэгээд татварын өрийг манайх төлөхгүй гэж явсаар байгаад ийм зүйл болсон. Бид нар нэмэгдсэн өртгийг албан татвар төлөгчийн гэрчилгээ аваагүй гэжээ.

Төрийг төлөөлж прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд зааснаар иргэн аж ахуй нэгж, тухайн үйл ажиллагааныхаа орлогоос 10 000 000 төгрөгөөс дээш орлоготой бол татвар төлнө гэж заасан байдаг. “Ө С” ХХК-ийн орлого 10 000 000 төгрөгөөс дээш гараад болзол шаардлагыг нь хангасан тохиолдолд гэрчилгээ авах нь танай үүрэг, үүргээ биелүүлээгүй нь татвараас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Мөн Татварын улсын ахлах байцаагч гарын үсэг зурж баталгаажуулсан актыг “Ө С” ХХК-ийн захирал, нягтлан бодогч хүлээн авч гарын үсэг зурсан байдаг. Хэрэв тухайн үед энэ актыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж актаа хүчингүй болгуулж болох байсан. Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон татварын харилцааг зохицуулсан бусад хуульд зааснаар акт тогтоогдсон. Нэхэмжилж байгаа мөнгийг өгөх нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 151/ШШ2018/00281 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.2-д зааснаар “Ө С” ХХК-иас татварын алдангийн орлого 1 088 900 төгрөг, татварын торгуулийн орлого 18 196 500 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар 34 949 560 төгрөг, татварын хүү, торгуулийн орлого 231 500 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 4 933 900 төгрөг, автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар 135 410 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татвар 446 385.60 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2 122 830 төгрөг нийт 62 164 925.60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төв аймгийн Т Х-т  олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Ө С” ХХК-с 62 164 925.60 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 468 775 төгрөг гаргуулан Төв аймгийн Т Х-т  олгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 223/МА2018/00006 дугаар магадлалаар Төв аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 151/ШШ2018/00281 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1., 35 дугаар зүйлийн 35.2.-т зааснаар...” гэснийг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1., 55 дугаар зүйлийн 55.1. дэх хэсэгт заасныг баримтлан...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Төв аймгийн Т Х-т  олгосугай” гэснийг “...улсын төсөвт оруулсугай” гэж тус тус өөрчилж,шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч “Ө С” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468 775 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Т Ххариуцагчаар иргэн Б.Пүрэвжаргалыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байхад “Ө С” ХХК-ийг хариуцагчаар татсан. Нэмэгдсэн өртгийн татвар төлөгчөөр тогтоолгоогүй тус компанид нэмэгдсэн өртгийн татвар оноосон 140646 тоот акт хүчин төгөлдөр бус байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд татварын харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын залруулга бүхий өөрчлөлт оруулсан байна. 

Нэхэмжлэгч аймгийн Т Х нь хариуцагч “Ө С” ХХК-д холбогдуулан татварын өр, хүү, торгуульд 62 164 925.60 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Харицагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлдээ хариуцагчаар “Ө С” ХХК-ийг татсан ба нэхэмжлэлд Б.Пүрэвжаргалыг компанийн захирлын хувьд заасан нь нэхэмжлэлийг хуулийн этгээдэд бус харин иргэнд холбогдуулан гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Шүүх хуулийн этгээдэд холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч “Ө С” ХХК нь татварын улсын байцаагчийн актын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу гомдол гаргаагүй, нэхэмжлэгч Т Хнь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө татварын өрийг барагдуулах талаар хуульд заасан шат дараалсан арга хэмжээг зохих журмын дагуу авсан байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд засан журмыг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 223/МА2018/00006 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 468 780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН