Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 223/МА2018/00006

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 07 өдөр

 Дугаар 223/МА2018/00006

 

 

ТХ-н нэхэмжлэлтэй иргэний

                                                         хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 151/ШШ2018/00281 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ТХ-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ӨС” ХХК-д холбогдох,

“Татварын өр 62 164 925.60 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Төрийг төлөөлж прокурор Х.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга О.Батномин нар оролцов.

Нэхэмжлэгч  Төв аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төв аймгийн Сүмбэр суманд үйл ажиллагаа явуулдаг “ӨС ” ХХК нь албан татварын дутуу төлөлт болох 62 164 925.60 төгрөгийг төлөхгүй байна. Тус ХХК-д 2012 онд татварын хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн актаар 34 949 500 төгрөгийн нөхөн татвар, 17 566 500 төгрөгийн торгууль, алданги ногдуулсныг захирал С.Мөнхтүвшин хүлээн зөвшөөрч, актыг хүлээн авч гарын үсэг зурсан байна.

 

ТХ-с дээрх өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуульд заасан мэдэгдэх хуудас гардуулах, татвар төлөгчийн харилцах банкны дансны гүйлгээг хаах, эд хөрөнгө барьцаалах, битүүмжлэх арга хэмжээнүүдийг шат дараалан хэрэгжүүлсэн боловч татварын өрийг барагдуулаагүй. Хамгийн сүүлд “ӨС ” ХХК-ийн нягтлан бодогч Б.Нямжавт мэдэгдэх хуудас гардуулж, Хаан банкны Зуунмод тооцооны төвд мэдэгдэх хуудас хүргүүлж, харилцах дансны гүйлгээг хаасан.

Иймд “ӨС ” ХХК-с нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татварт 34 949 500 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 1 335 100 төгрөг, торгууль 18 196 500 төгрөг, алданги 1 088 900 төгрөг, хүү 231 500 төгрөг, 2015-2017 оны хувь хүний орлогын албан татварын тайлангийн ногдолд 3 658 800 төгрөг, 2010 оны автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн татварын дутуу төлөлт 135 410 төгрөг, 2015-2016 оны үл хөдлөх эд хөрөнгийн татварын дутуу төлөлт 446 385.60 төгрөг, 2014-2017 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн ногдол 2 122 830 төгрөг нийт 62 164 925.60 төгрөгийг “ӨС ” ХХК-с гаргуулж өгнө үү. Анх 1998 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль батлагдсан түүнээс хойш нийт 14 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон байдаг. 2006 онд буюу “ӨС ” ХХК хяналт шалгалтаар хамрагдах үед хуулийн 13 дугаар зүйлээр чөлөөлөгдөх зүйлүүдийг зааж өгсөн байдаг тэрэнд үр тариа, төмс, хүнсний ногоо, зэрэг байгаагүй юм. 2011 оны хуулийн нэмэлтээр энэ зүйл заалт орж ирсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчилгээ аваагүй байснаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бус, хууль мэдэхгүй байгаа нь хуулиас чөлөөлөгдөх үндэслэл биш гэж үзэж байна. Татварын алба нь Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаж байгаа байгууллага, татвар төлөгч байгууллага ч гэсэн татвараа төлж бүх хариуцлага хүлээх үүрэгтэй.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Татварын хэлтэс энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа “ӨС ” ХХК-ийн захирал Б.Пүрэвжаргалыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байна. Шүүх иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагчаар “ӨС ” ХХК-ийг татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Татварын хэлтсийн 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 140646 тоот актаар нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар, хүү, торгууль ногдуулсан байдаг. Гэтэл тухайн үед тус компани нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллагаар бүртгүүлж гэрчилгээ аваагүй байсан. Иймд дээрх нөхөн татвар, хүү, торгууль нь огт үндэслэлгүй юм. Мөн татварын байцаагчийн 140646 тоот актыг тухайн үед бидэнд нарийн сайн тайлбарлаж өгөөгүй бөгөөд акттай шүүхийн шатанд танилцахад актад улсын байцаагч Д.Наранцэцэг гарын үсэг зураагүй байгаа нь уг акт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тус компани сүүлийн 2 жилийн хугацаанд хэт халуун, ган гачгаас шалтгаалж ургац алдаж, санхүүгийн бэрхшээлтэй байгаа тул нэхэмжлэлд заасан 62 164 925.60 төгрөгийг төлөх боломжгүй байна. Ган гачиг болоод бороо ороогүй гэсэн баримт аймгийн Хөдөө аж ахуйн газарт байгаа байх, бидэнд тийм баримт байхгүй. Дахин хэлэхэд гурилын үйлдвэр, газар тариалан нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш гээд хуульд заасан байсан. Тэр үед бид нарт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн дэвтэр бүртгэл гэх зүйл байгаагүй. Гэтэл гэнэт акт тавина гэсэн, тэгээд татварын өрийг манайх төлөхгүй гэж явсаар байгаад ийм зүйл болсон. Бид нар нэмэгдсэн өртгийг албан татвар төлөгчийн гэрчилгээ аваагүй.” гэжээ

 

Төрийг төлөөлж прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд зааснаар иргэн аж ахуй нэгж, тухайн үйл ажиллагааныхаа орлогоос 10 000 000 төгрөгөөс дээш орлоготой бол татвар төлнө гэж заасан байдаг. “ӨС ” ХХК-ийн орлого 10 000 000 төгрөгөөс дээш гараад болзол шаардлагыг нь хангасан тохиолдолд гэрчилгээ авах нь танай үүрэг, үүргээ биелүүлээгүй нь татвараас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Мөн Татварын улсын ахлах байцаагч гарын үсэг зурж баталгаажуулсан актыг “ӨС ” ХХК-ийн захирал, нягтлан бодогч хүлээн авч гарын үсэг зурсан байдаг. Хэрэв тухайн үед энэ актыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж актаа хүчингүй болгуулж болох байсан. Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон татварын харилцааг зохицуулсан бусад хуульд зааснаар акт тогтоогдсон. Нэхэмжилж байгаа мөнгийг өгөх нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

 

Анхан шатны шүүх: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.2-д зааснаар “ӨС ” ХХК-с татварын алдангийн орлого 1 088 900 төгрөг, татварын торгуулийн орлого 18 196 500 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар 34 949 560 төгрөг, татварын хүү, торгуулийн орлого 231 500 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 4 933 900 төгрөг, автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар 135 410 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татвар 446 385.60 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2 122 830 төгрөг нийт 62 164 925.60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэст олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ӨС  ХХК-с 62 164 925.60 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 468 775 төгрөг гаргуулан Төв аймгийн Татварын хэлтэст олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжав давж заалдах гомдолдоо:  “Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сары 12-ны оны 151/ШШ2018/00281 тоот шийдвэрийг эс зөвшөөрөн доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. "Төв аймгийн Татварын хэлтэс анх нэхэмжлэлийг гаргахдаа хариуцагчаар "ӨС" ХХК-ийн захирал Б.Пүрэвжаргалыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байна. Шүүх иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагчаар “ӨС" ХХК-ийг татсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчийг солих хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргаагүй байхад хариуцагчийг сольсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2 Татварын хэлтсийн 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 140646 тоот актаар НӨАТ-ын нөхөн татвар, хүү, торгууль ногдуулсан байдаг. Гэтэл тухайн үед тус компани НӨАТ төлөгч байгууллагаар бүртгүүлж гэрчилгээ аваагүй байсан. Иймд дээрх нөхөн татвар, хүү торгууль нь огт үндэслэлгүй юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10.1 зүйлд зааснаар татвар төлөгчийн гэрчилгээ авсан өдрөөс НӨТ төлөгчөөр бүртгэх хуулийн зохицуулалттай байдаг. Гэтэл шүүх уг актыг хүчин төгөлдөр гэж үзэж актанд заасан татвар, хүү, торгуулийг бүхэлд нь төлөхөөр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хууль буруу хэрэглэсэн байна.

 

3. Татварын хэлтсийн 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 140646 тоот актыг тухайн үед бидэнд нарийн сайн тайлбарлаж өгөөгүй бөгөөд акттай шүүхийн шатанд танилцахад актанд улсын байцаагч Д.Наранцэцэг огт гарын үсэг зураагүй байна. Иймд уг акт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байдаг. Татварын ерөнхий хуулийн 34.2 хэсэгт татварын байцаагчийн актанд татварын байцаагч гарын үсэг зурна гэсэн заалтыг зөрчсөн нотлох баримтын шаардлага хангахгүй актанд үндэслэж шүүх шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 151/ШШ2018/00281 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх боловч тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих Татварын ерөнхий хуулийн холбогдох зарим зохицуулалтыг оновчтой сонгон хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг буруу хэрэглэснийг шийдвэрт хууль хэрэглээний асуудлаар өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Нэхэмжлэгч Төв аймгийн ТХ-с хариуцагч "ӨС” ХХК-д холбогдуулан 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 140646 тоот актаар тавигдсан 57 151 500 төгрөгийн татварын өр, 2016, 2017 онуудад татварт тайлагнасан боловч төлөөгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2 122 830 төгрөг, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын татвар 3 658 800 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн татвар 446 385. 60 төгрөг, өөрөө явагч хэрэгслийн татвар 135 410 төгрөгийг нийт 62 164 925.60 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “ ӨС ” ХХК нь тухайн үед НӨАТ төлөгчөөр бүртгэгдээгүй байсан тул НӨАТ-ын нөхөн татвар хүү, торгууль төлөх ёсгүй  гэснээс өөрөөр  нэхэмжлэлийг татгалзаагүй  байна.

Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 140646 дугаар актаар татварын хяналт шалгалтаар илэрсэн 376 346 600 төгрөгийн зөрчилд 37 634 600 төгрөгийн нөхөн татвар, 231 500 төгрөгийн хүү, 18 196 500 төгрөгийн торгууль, 1 088 900 төгрөгийн алданги, нийт 57 151 500 төгрөгийн төлбөр тогтоожээ.   

Хариуцагч “ӨС ” ХХК нь татварын улсын байцаагчийн актын талаар ТХ-н дэргэдэх маргаан таслах зөвлөл болон Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна. Татварын улсын байцаагчийн актаас хойш үүссэн татварын өрийн тухайд хариуцагч маргаагүй байна.

Нэхэмжлэгч Татварын хэлтэс нь Татварын ерөнхий хуулийн 62-69 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулснаар мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн байх тул татварын улсын байцаагчийн хүчин төгөлдөр актын дагуу татварын өр төлбөр барагдуулах үүргийг хариуцагч “ӨС ” ХХК-д ногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх татварын улсын байцаагчийн актын хүчин төгөлдөр байдлын талаар Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчаар “ӨС ” ХХК-ийн захирал Б.Пүрэвжаргал гэж тодорхойлон заасан ба шүүх иргэний хэрэг үүсгэхдээ “ӨС ” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д заасан хариуцагчийг солих ажиллагаа хийсэн гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй болно. Нэхэмжлэлд хариуцагч хуулийн этгээдийг хууль ёсоор төлөөлөх эрх бүхий этгээдийг нэрлэн заасан нь нэхэмжлэлийг иргэн Б.Пүрэвжаргалд холбогдуулан гаргасан гэж үзэх үндэслэлийг үүсгэхгүй юм.     

Хариуцагч “ӨС ” ХХК нь 2007 онд Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх болзол хангасан боловч НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй, 2008-2010 онд 1377140,6 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн татвар ногдох орлогыг тайланд тусгаагүй, үүнээс хасалт хийж 349495,5 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн татвар ногдуулах орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хууль/ 3 дугаар зүйл, 5 дугаар зүйлийн 5.2., 11 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн болох нь татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон тул нөхөн татвар, хүү, торгууль  ногдуулсан нь НӨАТ-ын тухай хууль / 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийнхууль/-ийн 6 дугаар зүйлийн 6.1., 6.2., 17 дугаар зүйлийн 17.1.1., 17.1.2.-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан “Шүүх “ӨС ” ХХК-ийн захирал Б.Пүрэвжаргалыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байхад иргэний хэрэг үүсгэхдээ “ӨС ” ХХК-ийг хариуцагчаар татаж, нэхэмжлэгч хариуцагчийг солих тухай хүсэлт гаргаагүй байхад хариуцагчийг сольсон нь буруу, тухайн үед НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй байхад татварын байцаагчийн актыг хүчин төгөлдөр акт гэж үзэж актад заасан татвар, хүү, торгуулийг бүхэлд нь төлөхөөр шийдвэрлэсэн нь буруу, татварын байцаагчийн актад улсын байцаагч Д.Наранцэцэг гарын үсэг зураагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй актыг үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний асуудлаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдсан давж заалдах журмаар гомдол гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 151/ШШ2018/00281 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1., 35 дугаар зүйлийн 35.2.-т зааснаар...” гэснийг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1., 55 дугаар зүйлийн 55.1. дэх хэсэгт заасныг баримтлан  ...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “ ...Төв аймгийн Татварын хэлтэст олгосугай” гэснийг “...улсын төсөвт оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Хариуцагч “ӨС ” ХХК-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468 775 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ЭНХМАА                     

                                          ШҮҮГЧИД                                       Г.БОЛОРМАА

                                                                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР