Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2017/00407

 

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2017/00407

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Жанцан овогтой Жавзандулам /рд:ЧП53021525, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Грийн хаус В байр, 7 тоотод  оршин суух/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Гүер овогт Отгоны Батбаяр /РД:НЛ83050277, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, Бага нарангийн 35-р гудамж, 13 тоотод оршин суух/-т холбогдох,

 Үүргийн гүйцэтгэлд 234.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ганзул /рд:ГА93062807/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд /ШТЭҮД-1951/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол /рд:ЙС90060527/, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр /ШТЭҮД-2226/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.   

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үеэрх шаардлагадаа:

“2013 оны 04 дүгээр сард иргэн Ж.Жавзандулам, түүний бэр Т.Баясгалан нар өөрсдийн эзэмших эрхийн гэрчилгээ бүхий Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 310 тоот хаягт байрлах 830 метр квадрат газрыг худалдахаар болж түүнийг зуучлан зарахаар О.Батбаяр нь өөрийн танил гэх Д.Нармандах, Д.Наранбат нарыг танилцуулсан. Худалдагч тал болох Ж.Жавзандуламыг төлөөлж Т.Баясгалан зуучлагч нарыг төлөөлөн “Опен Риэлти” ХХК-ний захирал Д.Нармандах нар 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Зуучлалын гэрээ байгуулсан. Гэрээний 1.2-т зуучлагч тал нь тухайн газрыг 970,000,000 төгрөгөөр зарж өгөх, мөн 1.4-т зүйлд зуучлалын ажлын хөлс нь 970,000,000 төгрөгөөс давсан үнийн дүн байна гэж заасан. Ингээд зуучлагч нь уг газрыг “Субутын гэгээ” ХХК-д 1,200,000,000 төгрөгөөр худалдан борлуулж уг үнийн дүндээ 300,000,000 төгрөгийн бэлнээр үлдэгдэл 900,000,000 төгрөгт “Жинхэнэ Уянга” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Гэрэлт хотхоны 3 ширхэг тус бүр 3 өрөө орон сууцыг бодож авсан байна. Өөрөөр хэлбэл зуучлагч нар 970,000,000 төгрөгөөс илүү гарсан дүн болох 150,000,000 төгрөг авахаар болсон. Зуучлагч тал нь төлбөрт авсан 3 байрнаас 2 орон сууцыг худалдан борлуулж худалдагч тал болох Т.Баясгаланд 400,000,000 өгсөн бөгөөд урьд нь бэлнээр авсан төлбөр 300,000,000 төгрөгийг Баясгаланд өгсөн байсан. Өөрсдийн зуучлалын хөлс болох 150,000,000 төгрөгийг мөн авч, үлдэж буй нэг орон сууцыг, автомашины зогсоолын хамт зуучлуулагч тал болох Жавзандулам түүний төлөөлөгч Баясгаланд өгснөөр энэхүү зуучлалын гэрээ 2013 оны 8 дугаар сард дуусгавар болсон. Батбаяр нь Баясгалангийн эзэмшлийн Эх орон телевизэд тухайн үед жолоочоор ажилладаг байсан ба тэрээр үлдсэн орон сууц болох Гэрэлт хотхоны 25-52 тоотыг чинь зээлээр авъя гэсэн санал тавьсан бөгөөд уг байр нь 280,000,000 төгрөгт үнэлэгдэж байсан тул талууд дараах байдлаар харилцан тохирсон. Үүнд:

Батбаяр нь тухайн орон сууц, гражийн урьдчилгаа 150,000,000 төгрөгийг Баясгалангийн нагац эгч болох Жагиймаагийн “Глобал Профит” ББСБ-д төлөх, үлдэгдэл 130,000,000 төгрөгийг 6 сарын дотор төлбөл 40,000,000 төгрөгийг хасахаар тохирч 90,000,000 төгрөгийн зээлийн гэрээг сарын 2 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар байгуулсан.

Батбаяр нь тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Баясгалангийн нэр дээр шилжүүлэн зээлийн барьцаанд тавихаар харилцан тохиролцсон. Ингээд талууд гэрээ байгуулсан боловч Батбаяр нь гэрээний үүргээ огт гүйцэтгээгүй бөгөөд дээрх гэрээ нь хэдийгээр зээлийн гэх нэршилтэй боловч тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй тул орон сууц буюу уг орон сууцны захиалгын зээлийн гэрээ буюу эрхийг зээлээр худалдах, худалдан авах харилцааг зохицуулсан. Батбаяр нь дээрх гэрээний үүргээ үл биелүүлэн нэг ч төгрөг төлөөгүйн дээр тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан гуравдагч этгээдэд зарж борлуулан өөрөө мөнгийг нь авсан.

Иймд О.Батбаяраас Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 25-52 тоот гурван өрөө 87,07 метр квадрат Улсын бүртгэлд бүртгэгдээгүй орон сууц буюу орон сууц захиалгын гэрээ, түүний эрхийг зээлээр худалдсаны үлдэгдэл төлбөр 130,000,000 төгрөг, зээлийн хүүгийн 40 сарын /2013.08.05-2016.12.05-ний хооронд/ 104,000,000 төгрөг, нийт 234,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн орон сууцнаас гадна гражийн эрхийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн нийт дүнд өөрчлөлт орохгүй” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Батбаярыг 
“Шинэ дэлхий” телевизийн жолоочоор ажиллаж байхад нь телевизийн захирал Баясгалан нь газар зарж өгвөл 10 хувийг өгнө гэсэн байдаг. Ингээд Батбаяр нь үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын “Опен Риалти” гэх компанитай холбож өгөөд үүний дагуу “Субутын гэгээ” ХХК-д 1,120,000,000 төгрөгөөр зарж өгсөн. Тус компани нь газрыг зарж өгсөн гэж 120,000,000 төгрөг авсан. Харин Баясгалангийн зүгээс Батбаярт зуучлалын хөлсийг өгөөгүй. “Субутын гэгээ” ХХК нь газрын төлбөрт авсан 3 орон сууцнаас 2 орон сууцыг худалдан борлуулж Батбаяр 1 орон сууцыг 150,000,000 төгрөг бэлнээр өгч авсан. Үлдэгдэл төлбөрийг зуучлалын гэрээний хөлс болгож Баясгалан чөлөөлж өгсөн байдаг. Баясгалангийн зайсанд байрлах Жапен таун автомашин угаалгын газрын объектыг Цэрэндэмбэрэлд 1,000,000 ам.доллараар зуучлан зарж худалдан борлуулж өгсөн. Хан-Уул дүүргийн Гэрэлт хотхоны 3 өрөө байрыг зуучлалын хөлсний дагуу Батбаярт шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа орон сууцны үлдэгдэл 120,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 104,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Батбаяр болон Жавзандуламын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Жавзандулам нь орон сууц буюу орон сууцны захиалгын гэрээ, түүний эрхийг зээлээр худалдсан гэрээний үүрэгт 234,000,000 төгрөг гаргуулахаар хариуцагч  О.Батбаярт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх нэхэмжлэгч Ж.Жавзандуламын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Жавзандулам нь О.Батбаяраас Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 25-52 тоот гурван өрөө 87,07 метр квадрат Улсын бүртгэлд бүртгэгдээгүй орон сууц буюу орон сууц захиалгын гэрээ, түүний эрхийг зээлээр худалдсаны үлдэгдэл төлбөр 130,000,000 төгрөг, зээлийн хүүгийн 40 сарын /2013.08.05-2016.12.05-ний хооронд/ 104,000,000 төгрөг, нийт 234,000,000 төгрөг гаргуулахаар  нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

           Хариуцагч О.Батбаяр нь “... Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 25-52 тоот 3 өрөө 87.07 метр квадрат талбайтай орон сууц буюу орон сууцны захиалгын гэрээ” гэж Иргэний хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэн надаас ямар гэрээг шаардаад байгаа нь ойлгомжгүй, мөн нэхэмжлэгч Ж.Жавзандуламтай ямар нэг зээлийн гэрээ байгуулагдаагүй, миний өмчлөлд мөнгө шилжүүлээгүй, би мөнгийг шилжүүлэн аваагүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна гэж маргаж байна.

Хуульд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

“... Харин О.Батбаяр, Т.Баясгалан нарын хооронд эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй орон сууц буюу орон сууцны захиалгын гэрээ, эрхийг худалдах, худалдан авах харилцаа үүссэн болох нь .... мэдүүлгүүд, ... өргөдөл, ... албан бичиг болон үйл баримтаар нотлогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 буюу “Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, худалдан авахад эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн `адил хамаарна” гэх заалтад нийцэж байна гэж дүгнэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2016/01219 дугаартай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Т.Баясгалан, О.Батбаяр хоёрын хооронд үүргийн харилцаа үүссэн болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар түүнийг дахин нотлохгүй /хх-12 хуудас/.

“...Иргэн Ж.Жавзандулам, түүний төлөөлөгч Т.Баясгалан нь Ж.Жавзандуламын эзэмшлийн объект бүхий газрыг зуучлагчаар зуучлуулан “Субутийн гэгээ” ХХК-д шилжүүлж, тэднээс төлбөрт өгсөн орон сууц захиалгаар бариулах эрх буюу эд хөрөнгийг эзэмшигч болох нь нотлогдож байх ба ...” гэж дээр дурьдсан шүүхийн шийдвэрт дүгнэжээ.

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.2, 260.3 дахь хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй орон сууц буюу орон сууцны захиалгын гэрээ, эрхийг худалдах, худалдан авах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 25-52 тоот 3 өрөө 87.07 метр квадрат талбайтай орон сууц буюу орон сууцны захиалгын гэрээг О.Батбаярын нэр дээр шилжүүлэн өгөхийг Т.Баясгалан зөвшөөрсөн, О.Батбаяр нь эрхийг шилжүүлэн авсан болох нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Д.Нармандахаас авсан тайлбар баримт, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Жинхэнэ уянга” ХХК-д санхүү эрхэлсэн захирал Ц.Мөнхбаярыг гэрчээр байцаасан тэмдэглэл баримтаар тогтоогдож байх хэдий ч, хэлэлцэн тохиролцсон үнээс 150,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан, хүлээлгэн өгсөн болохоо талууд хүлээн зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг “Зээлийн гэрээ” гэх нэршилтэй гэрээ нь хангаж байгаа гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаж, “Зээлийн гэрээ” гэх гэрээ нь дүр үзүүлэн хийсэн, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж Ж.Баясгалангийн хэлснээр гарын үсэг зурсан, дүр үзүүлэн хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хариуцагч тал маргаж байна.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.     

          Нэхэмжлэгч Ж.Жавзандуламын шүүхэд ирүүлсэн зээлийн гэрээ нь “Глобал профит” ХХК болон иргэн О.Батбаяр нарын хооронд байгуулагдсан байх ба гэрээний 3.1 дэх хэсэгт “энэхүү гэрээ түүний салшгүй хэсэг болох барьцааны болон батлан даалтын гэрээ нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсний дараа зээлдэгчийн зээлийн мөнгийг олгоно”, 6.1 дэх хэсэгт “гэрээний талууд төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулан, хуульд заасан холбогдох шаардлагыг хангаснаар хүчин төгөлдөр болно” гэж талууд харилцан тохиролцсон байх бөгөөд тус гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээ, батлан даалтын гэрээг байгуулсан эсэх, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, тус гэрээг үндэслэн мөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид хүлээлгэн өгсөн эсэх талаарх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хуулийн 43.2.3-д зааснаар Ж.Жавзандулам, О.Батбаяр нарын хооронд гэрээг бичгээр байгуулсан, зохигч талуудын хооронд шаардах эрх үүссэн гэж дүгнэх боломжгүй байна.

         Мөн нэхэмжлэгч Ж.Жавзандулам, О.Батбаяр нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээг 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангаж байгуулсан болох нь нотлогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигчдын хооронд гэрээг байгуулсанд тооцох үндэслэл, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хүү төлөхийг шаардах үндэслэлүүд тогтоогдохгүй байна.      

2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ж.Жавзандуламаас Т.Баясгаланд итгэмжлэлээр “8030/0008 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 1976 м.кв талбай бүрхий барилга, газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх гэрээ хэлцэлд төлөөлөн гарын үсэг зурах” эрх олгосон байх бөгөөд энэ итгэмжлэл нь зуучлалын гэрээг байгуулж, үр дүнг хүлээн авснаар эрх дуусгавар болж, харин зуучлалын гэрээний үр дүнд бий болсон эд хөрөнгө, эрхийг захиран зарцуулах эрхийг Ж.Жавзандуламаас Т.Баясгалан, мөн “Глобал профит” ХХК-д олгосон болохоо, мөн “Глобал профит” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч нь Ж.Жавзандулам мөн болохыг нотлоогүй тул нь тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр зохигч талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна гэж үзэв.  

Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 25-52 тоот орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг хариуцагч О.Батбаяр нь зуучлалын гэрээгээр дамжуулан гуравдагч этгээд болох Н.Жаргалсайханд 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн болох нь “Жинхэнэ уянга” ХХК, Н.Жаргалсайхан нарын хооронд байгуулсан “Guest House”-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, мөн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Н.Жаргалсайханыг гэрчээр байцаасан тэмдэглэлийн баримт, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гэрчээр Ц.Оюунсанг байцаасан тэмдэглэлийн баримтаар тус тус тогтоогдож байх хэдий ч, түүнийг шилжүүлсэн гэрээний нэг тал болсон “Жинхэнэ Уянга” ХХК нь “Субутын гэрээ” ХХК-тай ямар хамааралтай болох, захиалгын гэрээг өөрчлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь тогтоогдохгүй байгаа бөгөөд зохигчид эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн талаар маргаагүйг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Жавзандулам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, нотлох баримт нь хуульд нийцээгүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй, зохигч талуудын хооронд шаардах эрх үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ нотлогдоогүй гэж шүүх үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                         ТОГТООХ  нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1-д заасныг үндэслэнхариуцагч О.Батбаярт холбогдох гэрээний үүрэгт 234,000,000 төгрөг гаргуулах тухай Ж.Жавзандуламыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Жавзандуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,327,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.        

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН