Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 865

 

Ж.Жавзандуламын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/00407 дугаар шийдвэртэй,

                       

Нэхэмжлэгч Ж.Жавзандулам,

Хариуцагч О.Батбаярт холбогдох,

 

Үүргийн гүйцэтгэлд 234 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол,

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ш.Отгонбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул, өмгөөлөгч Ж.Оюунболд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 04 дүгээр сард Ж.Жавзандулам, түүний бэр Т.Баясгалан нар өөрсдийн эзэмших эрхийн гэрчилгээ бүхий Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 310 тоот хаягт байрлах 830 м.кв газрыг худалдахаар болж түүнийг зуучлан зарахаар О.Батбаяр нь өөрийн танил гэх Д.Нармандах, Д.Наранбат нарыг танилцуулсан. Худалдагч тал болох Ж.Жавзандуламыг төлөөлж Т.Баясгалан, зуучлагч нарыг төлөөлөн “Опен Риэлти” ХХК-ийн захирал Д.Нармандах нар 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зуучлалын гэрээ байгуулсан. Гэрээний 1.2-т зуучлагч тал нь тухайн газрыг 970 000 000 төгрөгөөр зарж өгөх, мөн 1.4-т зуучлалын ажлын хөлс нь 970 000 000 төгрөгөөс давсан үнийн дүн байна гэж заасан.

Ингээд зуучлагч нь уг газрыг “Субутын гэгээ” ХХК-д 1 200 000 000 төгрөгөөр худалдан борлуулж уг үнийн дүндээ 300 000 000 төгрөгийн бэлнээр үлдэгдэл 900 000 000 төгрөгт “Жинхэнэ уянга” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Гэрэлт хотхоны 3 ширхэг тус бүр 3 өрөө орон сууцыг бодож авсан байна. Өөрөөр хэлбэл зуучлагч нар 970 000 000 төгрөгөөс илүү гарсан дүн болох 150 000 000 төгрөг авахаар болсон. Зуучлагч тал нь төлбөрт авсан 3 байрнаас 2 орон сууцыг худалдан борлуулж, худалдагч тал болох Т.Баясгаланд 400 000 000 төгрөг өгсөн бөгөөд урд нь бэлнээр авсан 300 000 000 төгрөгийг Баясгаланд өгсөн байна. Өөрсдийн зуучлалын хөлс болох 150 000 000 төгрөгийг мөн авч, үлдэж буй 1 орон сууцыг, автомашины зогсоолын хамт зуучлуулагч тал болох Ж.Жавзандулам, түүний төлөөлөгч Т.Баясгаланд өгснөөр энэхүү зуучлалын гэрээ 2013 оны 8 дугаар сард дуусгавар болсон. О.Батбаяр нь Т.Баясгалангийн эзэмшлийн “Эх орон” телевизэд тухайн үед жолоочоор ажилладаг байсан ба тэрээр үлдсэн орон сууц болох Гэрэлт хотхоны 25-52 тоотыг зээлээр авъя гэсэн санал тавьсан бөгөөд уг байр нь 280 000 000 төгрөгт үнэлэгдэж байсан тул талууд дараах байдлаар харилцан тохиролцсон. Үүнд,

О.Батбаяр нь тухайн орон сууц, гараашийн урьдчилгаа 150 000 000 төгрөгийг Т.Баясгалангийн нагац эгч болох н.Жагиймаагийн “Глобал Профит” ББСБ-д төлөх, үлдэгдэл 130 000 000 төгрөгийг 6 сарын дотор төлбөл 40 000 000 төгрөгийг хасахаар тохиролцож 90 000 000 төгрөгийн зээлийн гэрээг сарын 2 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар байгуулсан. О.Батбаяр нь тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Т.Баясгалангийн нэр дээр шилжүүлэн зээлийн барьцаанд тавихаар харилцан тохиролцсон. Ингээд талууд гэрээ байгуулсан боловч О.Батбаяр нь гэрээний үүргээ огт гүйцэтгээгүй бөгөөд дээрх гэрээ нь хэдийгээр зээлийн гэх нэршилтэй боловч тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй тул орон сууц буюу уг орон сууцны захиалгын зээлийн гэрээ буюу эрхийг зээлээр худалдах, худалдан авах харилцааг зохицуулсан.

О.Батбаяр нь дээрх гэрээний үүргээ үл биелүүлэн нэг ч төгрөг өгөөгүйн дээр тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан гуравдагч этгээдэд зарж борлуулан өөрөө мөнгийг нь авсан. Иймд О.Батбаяраас Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 25-52 тоот гурван өрөө 87.07 м.кв, улсын бүртгэлд бүртгэгдээгүй орон сууц буюу орон сууц захиалгын гэрээ, түүний эрхийг зээлээр худалдсаны үлдэгдэл төлбөр 130 000 000 төгрөг, зээлийн хүүгийн 40 сарын /2013.08.05-2016.12.05-ний хооронд/ 104 000 000 төгрөг, нийт 234 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн орон сууцнаас гадна гараашийн эрхийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн нийт үнийн дүнд өөрчлөлт орохгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол, өмгөөлөгч Ш.Отгонбаяр нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. О.Батбаярыг “Шинэ дэлхий” телевизийн жолоочоор ажиллаж байхад нь телевизийн захирал Т.Баясгалан нь газар зарж өгвөл 10 хувийг өгнө гэсэн байдаг. Ингээд О.Батбаяр нь үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын “Опен Риалити” ХХК-тай холбож өгөөд үүний дагуу “Субутын гэрээ” ХХК-д 1 120 000 000 төгрөгөөр зарж өгсөн. Тус компани нь газрыг зарж өгсөн гэж 120 000 000 төгрөг авсан. Харин Т.Баясгалангийн зүгээс О.Батбаярт зуучлалын хөлсийг өгөөгүй.

“Субутын гэгээ” ХХК нь газрын төлбөрт авсан 3 орон сууцнаас 2 орон сууцыг худалдан борлуулж О.Батбаяр 1 орон сууцыг 150 000 000 төгрөг бэлнээр өгч авсан. Үлдэгдэл төлбөрийг зуучлалын гэрээний хөлс болгож Т.Баясгалан чөлөөлж өгсөн байдаг. Т.Баясгалангийн зайсанд байрлах Жапен таун автомашин угаалгын газрын объектийг н.Цэрэндэмбэрэлд 1 000 000 ам.доллараар зуучлан зарж худалдан борлуулж өгсөн. Хан-Уул дүүргийн Гэрэлт хотхоны 3 өрөө байрыг зуучлалын хөлсний дагуу О.Батбаярт шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа орон сууцны үлдэгдэл 120 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 104 000 000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. О.Батбаяр болон Ж.Жавзандуламын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн  263.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, хариуцагч О.Батбаярт холбогдох гэрээний үүрэгт 234 000 000 төгрөг гаргуулах тухай Ж.Жавзандуламын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Жавзандуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 327 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчин хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлгүй, нэг талыг баримтлан, хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэж заасантай нийцэхгүй байна. Шүүхээс Ж.Жавзандуламыг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, нотлох баримт нь хуульд нийцээгүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, гэрээ хүчин төгөлдөр болоогүй, талуудын хооронд шаардах эрх үүсээгүй байна гэж үзжээ.

Ж.Жавзандулам нь Т.Баясгаланд газар үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх эрх олгосон бөгөөд тухайн эрхийн хүрээнд Т.Баясгалан нь зуучлалын гэрээ байгуулж эд хөрөнгө, мөнгө хүлээн авч, түүнээс үлдсэн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 25-52 тоот 3 өрөө орон сууц, автомашины зогсоолыг буюу орон сууцны захиалгын гэрээгээр О.Батбаярт зээлээр худалдах харилцаа үүссэн болох нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн  184/ШШ2016/01219 дугаартай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд дээрх шийдвэрээр Ж.Жавзандулам, Т.Баясгалан нар тухайн орон сууц захиалгын гэрээний өмчлөгч болох нь тогтоогдсон.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт тус тус заасан байх бөгөөд Ж.Жавзандулам нь өөрийн орон сууц захиалгын эрхийг 280 000 000 төгрөгөөр тооцон урьдчилгаа 150 000 000 төгрөгийг авч О.Батбаярт зээлээр худалдахыг Т.Баясгалан, “Глобал профит” ББСБ-д зөвшөөрсөн бөгөөд өнөөдрийг хүртэл дээрх эрхийг өөрийн зөвшөөрөлгүй зээлээр худалдсан талаарх шаардлага гаргаж байгаагүй болно. “Глобал профит” ББСБ нь Т.Баясгалангийн нагац эгч н.Жаагиймаагийнх болно. О.Батбаяр нь “Глобал профит” ББСБ-тай зээлийн гэрээ гэх нэршил бүхий гэрээ байгуулж, уг гэрээний агуулга нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлтэй бүхэлдээ нийцэж байгаа бөгөөд талуудын гэрээ байгуулах хүсэл зоригийн гол илэрхийлэл нь урьдчилгаа 150 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 130 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 2 хувийн хүүтэйгээр өгөх байсан бөгөөд гэрээний талууд дээрх агуулгын үндсэн дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээг 90 000 000 төгрөгөөр байгуулах болсон шалтгаан нь 6 сарын дотор үлдэгдэл төлбөрийг барагдуулсан тохиолдолд 40 000 000 төгрөгийг хасахаар тохирч, 1.9 дэх заалтанд тусгасан.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаас үзвэл талуудын хооронд 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр орон сууц захиалгын эрхийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй бөгөөд Ж.Жавзандулам, О.Батбаяр нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаа үүсч шаардах эрх бий болсон гэж үзэж байна. 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлсэн энэхүү үйл явдлын үр дүнд О.Батбаяр нь тухайн орон сууцыг өөрийн өмчлөлдөө авч гуравдагч этгээд Н.Жаргалсайханд 2013 оны 08 дугаар сард орон сууц автомашины зогсоолыг 300 000 000 төгрөгөөр зарж өөртөө авсан нь үнэн болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Т.Баясгалан нь орон сууц захиалгын гэрээний эрхийг О.Батбаярт шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж дурдсан байх бөгөөд энэ нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл талууд харилцан тохиролцохдоо үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Баясгалангийн нэрээр гаргаж барьцаалах асуудал ярьсан боловч О.Батбаяр нь өөр нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж бусдад зарсан байдаг ба үүнийг мэдсэнээр Т.Баясгалан Цагдаагийн байгууллагад хандаж О.Батбаярт холбогдуулан гомдол гаргасан байдаг. Энэхүү асуудлыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс 2014 оноос 2016 оны хооронд шалгаж удаа дараа хэрэгсэхгүй болж байсан бөгөөд хэрэгсэхгүй болох гол үндэслэл нь талууд зээлийн гэрээ байгуулж Т.Баясгалан О.Батбаярт тухайн орон сууцны эрхийг худалдсан байх тул иргэний эрх зүйн асуудал юм гэжээ. Улмаар дээрх гэрээний дагуу “Глобал профит” ББСБ нь Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч шаардах эрх нь Ж.Жавзандулам, Б.Баясгалан нарт байна.

Тус “Глобал профит” ББСБ-ыг шаардах эрхгүй хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно. Гэтэл энэхүү хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээс үзвэл Ж.Жавзандуламыг тухайн орон сууц захиалгын гэрээний өмчлөгч болох нь тогтоогдсон гэж үзэж байгаа атлаа О.Батбаяр Ж.Жавзандуламын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна гэх зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Хэрэв өмчлөгч нь Ж.Жавзандулам бөгөөд түүний өмчийг О.Батбаяр өөрийн болгож авсан бол дээрхийн хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсэхээс өөр аргагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

 

ХЯНАВАЛ

Шүүх хэргийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь бодитойгоор харьцуулан үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрийг зөвтгөх боломжтой байна.

            Нэхэмжлэгч Ж.Жавзандулам нь О.Батбаяраас 234 000 000 төгрөг шаардаж, үндэслэлээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 25-52 тоот 87,07 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээлээр худалдсан 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 130 000 000 төгрөгийг 104 000 000 төгрөгийн хүүгийн хамт гаргуулна гэснийг хариуцагч эс зөвшөөрч марган, уг орон сууцыг 150 000 000 төгрөгөөр худалдан авч, үлдэх хэсгийг зуучлалын хөлсөнд тооцож чөлөөлсөн тул  130 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 90 000 000 төгрөгийг бэлнээр аваагүйгээс гадна нэхэмжлэгч Ж.Жавзандуламтай гэрээ байгуулаагүй, түүний өмнө гэрээгээр үүрэг хүлээгээгүй гэжээ.

            Хэрэгт авагдсан Ж.Жавзандуламаас Т.Баясгаланд олгосон 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэл /хх-10/, Ж.Жавзандуламыг төлөөлж Т.Баясгалангийн Б.Нармандахтай хийсэн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн зуучлалын гэрээ /хх-5, 6/, уг гэрээний нэмэлт /хх-6, гэрээний ар тал/ Т.Баясгалан, Д.Нармандах нарын гараар бичсэн “87,07 м.кв 1 байрыг Батбаяр авахаар болж /280 сая төг-р/ 2013 оны 8 дугаар сарын 05-нд урьдчилгаа 150 сая төг төлсөн болно” гэсэн бичвэрийн агуулгыг  Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2016/01219 дүгээр шийдвэрт “иргэн Ж.Жавзандулам, түүний төлөөлөгч Т.Баясгалан нь өөрсдийн эзэмшлийн газрыг зуучлагчаар зуучлуулан “Субутын гэгээ” ХХК-д шилжүүлж, тэднээс төлбөрт өгсөн орон сууц захиалгаар бариулах эрх буюу эд хөрөнгийг эзэмшигч болох нь нотлогдож байна” гэж дүгнэсэнтэй харьцуулан үзвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан худалдсан газрын хариу төлбөрт маргаж буй дээрх 87,07 м.кв 3 өрөө орон сууц нэхэмжлэгч Ж.Жавзандуламын өмчлөх эрхэд шилжсэн байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хариуцагч О.Батбаяр нь тус 87,07 м.кв орон сууцыг худалдан авахаар Ж.Жавзандуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баясгалантай харилцан тохиролцож, урьдчилгаа 150 000 000 төгрөгийг “Глобал профит ББСБ” ХХК-д 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр бэлнээр тушаасан үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-9/ 

Мөн 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дээрх “Глобал профит ББСБ”-тай зээлийн гэрээ байгуулж 90 сая төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөө зөвшөөрсөн, гэрээний 1.9, 2.5-д “Гэрэлт хотхоны 87 м.кв гурван өрөө /280 сая-аас-150-40/” гэж тэмдэглэж, зээлийн барьцаанд уг байрыг тавина гэсэн үүргийг хүлээж, гэрээнд хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-7, 8/

Дээрх баримт, талуудын тайлбарыг харьцуулж үзвэл хариуцагч О.Батбаяр нь дээрх 3 өрөө орон сууцыг худалдан авахдаа 280 000 000 төгрөгөөр үнийг тохирч, үлдэгдлийг 90 000 000 төгрөгөөр 3 сард багтаан төлөхөө зөвшөөрч баталгаажуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдсон байна.

Түүнчлэн уг баримтад заасан үлдэгдэл 90 000 000 төгрөгийн төлбөрийг зуучлалын гэрээний хөлс болгож, Т.Баясгалан чөлөөлж өгсөн гэх хариуцагчийн тайлбарыг нотолсон баримт хэрэгт байхгүй тул хариуцагч О.Батбаяр нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй.

Гэвч О.Батбаяр нь үнийг нь бүрэн төлөөгүй орон сууцыг 2013 оны 9 дүгээр сард Н.Жаргалсайханд гараашийн хамт 300 000 000 төгрөгөөр худалдсан нь хэрэгт авагдсан 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Guest house”-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ /хх-48,49/, гэрч Н.Жаргалсайхан, Ц.Оюунсан нараас  уг асуудлыг эрүүгийн журмаар шалгах явцад өгсөн мэдүүлгийн тэмдэглэл зэрэг бичиг баримтаар нотлогдсон, /хх-50,51/ зохигчид хэргийн дурдсан нөхцөл байдлыг үгүйсгээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн 150 000 000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 130 000 000 төгрөгийг 3 сард багтаан төлөх нөхцөлтэйгөөр 90 000 000 төгрөг болгон хөнгөлж, зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбарыг хэргийн бодит байдалд нийцсэн үнэн зөв тайлбар гэж үзэхээр байх бөгөөд О.Батбаяр нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 90 000 000 төгрөгийг шаардах эрхтэй.

Түүнчлэн “Глобал профит ББСБ” ХХК нь О.Батбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж дүгнэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2016/01219 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй. 

Хариуцагч нь урьдчилгаа 150 000 000 төгрөгийг “Глобал профит ББСБ”-д тушаасан, ББСБ-тай гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрснөөр хийгдсэн гэж үзэх тул Ж.Жавзандуламтай гэрээний харилцаа үүсээгүй, 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн гэрээгээр 90 000 000 төгрөгийг шилжүүлж аваагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд мөнгийг заасан хугацаанд төлөөгүй тул 40 000 000 төгрөгийн хөнгөлөлтийн эрхээ алдсанаар 130 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзнэ.

Дээрх байдлаар нэхэмжлэгчийн орон сууцны үлдэгдэл төлбөр шаардсан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, харин зохигчдын хооронд зээлийн харилцаа бодитоор үүсээгүй тул зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрх үүсэхгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 130 000 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар О.Батбаяраас 130 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/00407 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Батбаяраас 130 000 000 /зуун гучин сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Жавзандуламд олгож, нэхэмжлэлээс үлдэх 104 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч О.Батбаяраас 807 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Жавзандуламд олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 327 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

А.ОТГОНЦЭЦЭГ