Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн Х овогт Ций Дд холбогдох 2035000000190 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны  дугаар сарын -нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт оршин суух, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй Х овогт Ций Д / РД: /.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Д нь Увс аймгийн Түргэн сумын 01 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газрын ойгоос 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 1.053 метр куб хэрэгцээний шинэс мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн морь, тэмээгээр тээвэрлэж, байгаль экологид 700.228 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Д зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Д нь Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг Хүнхэрхээ гэх нэртэй газрын ойгоос 2019 оны 12 дугаар сард зөвшөөрөлгүйгээр 2.6973 м.куб хэрэгцээний шинэс мод бэлтгэсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4, 5-7-р тал тал/,

- Модыг хураан авч, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-10, 11-12-р тал/,

- Эд мөрийн баримтаар хөрөщ 1 ширхэг, төмөр сүх 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13, 14-р  тал/,

- Эд хөрөнгө /8 настай морь, 14 настай тэмээ, шинэс мод/ битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 16, 17-р тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын засаг дарга Л.Б, хэсгийн төлөөлөгч А.А, сум дундын ойн ангийн инженер Б.Ц, жолооч З нарын хамтаар Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутгаар ойн хяналтаар явсан юм. Хяналт шалгалтаар явж байгаад Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Шар толгойн бөгс гэх газарт манай сумын иргэн Ц овогтой Д буюу Шилбэ Болдоогийн гэрт очиход тэдний гэрт үхэр сааж байсан хоёр бага насны хүүхэд байсан юм. Тухайн үед орой 18 цаг болж байсан бөгөөд Ц.Д нь эхнэрийнхээ хамт сумын төв рүү явчихсан байсан юм. Тэдний гэрийн гадна очиход малын хашааны баруун талын зарим хэсгийг шинэ тайрсан нойтон шургаа модоор барьсан байсан. Тэгээд бид нар уг модыг тоолж үзэхэд 40 гаруй ширхэг нойтон шинэс мод байсан. Бид нар тэднийхээс хөдлөөд явж байгаад сумын засаг дарга Б нь байгаль хамгаалагч Х-ын утас руу залгаад утасны чанга яригчид шилжүүлээд Ц.Д буюу Б, Д, М нар энэ жил мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу, хашаа хороо барих мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу гэж асуухад Х нь би шууд хэлж мэдэхгүй байна. Б, М нар мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, хуулийн дагуу арга хэмжээг нь авцгаатан, харин бил үү, дүү нь ч билүү тэднийхэний нэг нь авсан. Жагсаалтаа харж байгаад хэлье” гэж хэлсэн юм. Тэгээд бид нар тэндээс хөдлөөд сумын төв рүү орж ирсэн. ...2020 онд Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газраас иргэд болохгүй бөгөөд уг газарт ямар нэгэн талбай тусгаарлалт хийгдээгүй юм. ...2020 оны 11 дүгээр 26-ны орой Ц.Д-ийн гэрт цагдаа нартай хамт очиход уг модыг Хоо толгой гэх газраас тайрч, ганцаараа морь тэмээгээр тээвэрлэж ч авч ирээд малын хашаагаа янзалсан гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,

гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...уг модыг тоолж үзэхэд 43 ширхэг нойтон шинэс мод байсан юм. Тэгээд бид нар тэдний гэрээс хөдөлж сумын засаг дарга Б нь байгаль хамгаалагч Х-ын утас руу залгаад утасны чанга яригчид шилжүүлээд Ц.Д буюу Б, Д, М нар энэ жил мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу, хашаа хороо барих мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу гэж асуухад Х нь би шууд хэлж мэдэхгүй байна. Б, М нар мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, хуулийн дагуу арга хэмжээг нь авцгаатан, харин Д бил үү, дүү нь ч билүү тэднийхэний нэг нь авсан. Жагсаалтаа харж байгаад хэлье” гэж хэлсэн юм. Тэгээд бид нар тэндээс хөдлөөд сумын төв рүү орж ирсэн. ...2020 онд Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газраас иргэд болохгүй бөгөөд уг газарт ямар нэгэн талбай тусгаарлалт хийгдээгүй юм. ...2020 оны 11 дүгээр 26-ны орой Ц.Д-ийн гэрт цагдаа нартай хамт очиход уг модыг Хоо толгой гэх газраас тайрч, ганцаараа морь тэмээгээр тээвэрлэж ч авч ирээд малын хашаагаа янзалсан гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,

Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Д-ийн бэлтгэсэн моднууд нь нойтон шинэс мод байсан бөгөөд малын хашааныхаа 5 ширхэг хавчиг хийж янзалсан байсан юм. 2020 онд Увс аймгийн Түргэн сумын нутаг Хоо толгой гэх газраас иргэд мод бэлтгэж болохгүй бөгөөд уг газарт ямар нэгэн талбай тусгаарлалт хийгдээгүй юм. Мөн Ц.Д нь 2020 онд хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх ямар нэгэн эрхийн бичиг аваагүй гэж байгаль хамгаалагч Х надад хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

Гэрч Ж.Х /Түргэн сумын байгаль хамгаалагч/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Д нь 2020 онд Увс аймгийн Түргэн сумаас хэрэглээний болон түлшний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,

Гэрч А.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Ц.Д нь тухайн үед бэлдсэн модоо өөрийнхөө хонины 8 настай хээр зүсмийн давхар сартай тамгатай морь, мөн өөрийн 14 настай давхар сартай номхон ингэ ашиглаж Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газраас 25 ширхэг нойтон шургааг тайрч голоор нь хувааж ачиж авч ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,

Шүүгдэгч Ц.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед манай малын хашаа эвдэрсэн мал хаших боломжгүй байсан учраас би малын хашааг засварлах зорилгоор Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газраас нойтон шинэс мод тайрч бэлдсэн юм. ...Би хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Экологи эдийн засгийн шинжээчийн “Уг мод бэлтгэсэн N 49°  56°  08,9, Е 091°  17°  43,4 солбицолд орших Хоо толгой гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй байна. 2020 онд Увс аймгийн Түргэн сумын Хоо толгой гэх газарт ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах ажил хийгдээгүй тул мод бэлтгэж болохгүй. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь шинэс мод байна. Мод нийтдээ 1.053 метр куб хэмжээтэй болж байна. Дээрх мод нь хэрэглээний мод байна. Модыг 2020 оны 11 дүгээр сард бэлтгэсэн гэж үзэж байна. Уг мод нь нойтон, амьдрах чадвартай мод байжээ. Уг 1.053 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ, ойн санд учруулсан хохирлын хэмжээ нийтдээ 700.228 /долоон зуун мянга хоёр зуун хорин найм/ төгрөг болж байна” гэх 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-р тал/-ээр шүүгдэгч Ц.Д нь хууль бусаар 1.053 метр куб шинэс мод бэлтгэж, ойн санд 700.228 төгрөгийн бодит хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Ц.Д нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газраас 1.053 метр куб хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч Ц.Д-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтээр 700.228 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 700.228 төгрөг байна.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.100.684 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 2.100.684 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд үүнээс шүүгдэгч Ц.Д нь байгаль экологид учруулсан бодит хохирол 700.228 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 1.400.456 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ц.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Д нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Д-ийн хувийн зан байдлын талаар гэрч Ц.А-ийн өгсөн: “...миний төрсөн ах Ц.Д нь эхээс тавуулаа, айлын том хүү бөгөөд бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлсэн ба Увс аймгийн Түргэн сумын сургуулийн 8 дугаар ангиа төгсөөд хөдөө мал маллаж байгаад 2002 онд О гэх хүнтэй гэрлэсэн. Одоо эхнэр, 7-16 насны 4 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн суманд амьдардаг. Ц.Д нь зан авирын хувьд даруу төлөв зантай, хүнтэй зөв харилцдаг, элдэв хорт муу зуршилгүй, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ц.Д нь амьдралын нөхцөл байдлын хувьд боломжийн амьдралтай эд хөрөнгийн хувьд хөдөө монгол гэртэй, УАЗ-469 маркийн автомашинтай, бог бод нийлсэн 800 гаруй тооны малтай, дутагдах гачигдах зүйлгүй айл юм” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/, гэрч У.Б-ын өгсөн: Ц.Д-тэй 6 настайгаасаа хойш найзалж нөхөрлөж байна. Ц.Д нь зан авирын хувьд сайхан дөлгөөн зантай, нэг их илүү дутуу зангүй. Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг ч агсам согтуу тавьдаггүй даруу төлөв зантай хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/ хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ц.Д нь урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 99-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Д-д ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэгт үйлдсэн болон хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тус бүрийн 1.000.000 төгрөгийн үнэлгээтэй 8 настай морь, 14 настай тэмээ, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хууль бусаар бэлтгэсэн 700.228 төгрөгийн үнэ бүхий 1.053 метр куб шинэс модыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10.000 төгрөгийн үнэ бүхий хуучин хөрөө, 5.000 төгрөгийн үнэ бүхий модон иштэй сүхийг тус тус хурааж, 1.400.456 төгрөгийг ойн санд учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх хэсгийг улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ууль бусаар бэлтгэсэн 700.228 төгрөгийн үнэ бүхий 1.053 метр куб шинэс модоор малын хашаа барьсан байх тул уг модны үнийг хураах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хөрөө, модон иштэй төмөр сүхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ц-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1-т заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 -т зааснаар шүүгдэгч Ц.Дд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Д-д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол 700.228 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1-д зааснаар шүүгдэгчээс ойн санд учруулсан хохиролд 1.400.456 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Д-ийн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 1.053 метр куб нойтон шинэс модны үнэ 700.228 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.000.000 төгрөгийн үнэ бүхий сар тамгатай 14 настай ингэн тэмээ 1, сар тамгатай, хээр зүстэй, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 8 настай морь 1, 10.000 төгрөгийн үнэ бүхий хөрөө, 5.000 төгрөгийн үнэ бүхий сүхийг тус тус хурааж, ойн санд учруулсан хохирол 1.400.456 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахад зарцуулж, үлдэх хэсгийг улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын ялллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Б.ГАНСҮХ