Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 11

 

                                                                 Ц.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Дд холбогдох, 2035000000190 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор А.Анхбаяр нар оролцов.

Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .......-нд Увс аймгийн ...... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ....., ам бүл ....., ......... хамт Увс аймгийн ......... сумын ...... дугаар багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ц-ний Д /.............../

Шүүгдэгч Ц.Д нь Увс аймгийн ........ сумын 1 дүгээр багийн нутаг “Хоо толгой” гэх газрын ойгоос 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 1.053 метр куб хэрэгцээний шинэс мод бэлтгэж, байгаль экологид 700.228 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Х овогт Ц-ний Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Дд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Дд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол 700.228 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1-д зааснаар шүүгдэгчээс ойн санд учруулсан хохиролд 1.400.456 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Д-ийн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 1.053 метр куб нойтон шинэс модны үнэ 700.228 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.000.000 төгрөгийн үнэ бүхий сар тамгатай 14 настай ингэн тэмээ 1, сар тамгатай, хээр зүстэй, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 8 настай морь 1, 10.000 төгрөгийн үнэ бүхий хөрөө, 5.000 төгрөгийн үнэ бүхий сүхийг тус тус хурааж, ойн санд учруулсан хохирол 1.400.456 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахад зарцуулж, үлдэх хэсгийг улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ц.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заагаагүй ял оногдуулах эрх хэмжээ байхгүй билээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын санкц байхгүй бөгөөд надад хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж буй нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүх тогтоолдоо “ шүүгдэгч Ц.Д нь Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг Хүнхрээ гэх нэртэй газрын ойгоос 2019 оны 12 дугаар сард зөвшөөрөлгүйгээр 2.6973 метр куб хэрэгцээний шинэс мод бэлтгэсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй. Харин би 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 1.053 метр куб мод бэлтгэсэн байхад миний эрх зүйн байдлыг дордуулж ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд надад хуульд заагаагүй ял оногдуулсан тул анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокуророос Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэгт яллагдагчаар татсан бөгөөд тухайн яллагдагчаар татагдсан зүйл, хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр заасан.

Өөрөөр хэлбэл тухайн яллагдагчаар татагдсан Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг нь “хорих” ялаар шийтгэх санкцтай хэрэг биш юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан нь хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болох зохицуулалт юм.

Анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахаар заагаагүй, Эрүүгийн хуульд хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Гэтэл шүүх хорих ялгүй гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.

Иймд шүүхийн шийтгэх тогтоолд эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Дд холбогдох, 2035000000190 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Увс аймгийн Прокурорын газраас Ц.Д-ийг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны  өдөр Увс аймгийн ..... сумын ..... дүгээр багийн нутаг “Хоо толгой” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1.053 метр куб хэрэгцээний шинэс мод бэлтгэж, ойн экологи-эдийн засагт 700.228 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн,  шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ц.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн  гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.

Хууль тогтоогч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлээр зохицуулсан ба тухайн зүйлийн 1 дэх хэсэгт “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болох”-оор, өөрөөр хэлбэл: хорих ял оногдуулж болох хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн  зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болох журмыг хуульчилсан байна.

Гэтэл анхан шатны шүүх хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал: Шүүгдэгч Ц.Д-ийн үйлдсэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн  гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчилсан байхад шүүх  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,  албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь дээрх хуулийн агуулгад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчилд хамаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн гомдлыг  хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт : Шүүгдэгч Ц.Д нь Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг Хүнхэрхээ гэх газрын ойгоос 2019 оны 12 дугаар сард зөвшөөрөлгүйгээр 2.6973 метр куб хэрэгцээний шинэс мод бэлтгэсэн нь нотлогдсон” гэж дүгнэсэн нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, үйлдсэн газар, хууль бусаар бэлтгэсэн модны хэмжээг тус тус буруу бичсэн байх бөгөөд энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдол  үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө  орлого буюу модны үнийг улсын орлогод оруулахдаа тухайн хууль бусаар бэлтгэсэн 1.053 метр куб хэрэгцээний шинэс модны ойн экологи эдийн засгийн үнэлгээ /700.228 төгрөг/ -ээр тооцож улсын орлогод оруулж, хохирол төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь, энэ гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого нь хууль бусаар бэлтгэсэн мод байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар уг хууль бусаар бэлтгэсэн модыг  албадан хураах, модыг хураах боломжгүй тохиолдолд модны зах зээлийн үнэлгээг гаргуулж улсын орлогод оруулах, хохирол нөхөн төлөхөд зарцуулах байтал шүүх ойн экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцсон нь буруу болохыг цаашид анхаарах нь зүйтэй.

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “ойн экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж тухайн бүс нутгийн ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлсэн ойлголт, өөрөөр хэлбэл ойгоос хууль бусаар 1.053 метр куб шинэс мод бэлтгэсний улмаас ойн санд учирсан хохирол, түүнийг нөхөн сэргээхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг тусгай аргачлалын дагуу тогтоосон мөнгөн дүн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлогод хамаарахгүй болно.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Д-д холбогдох 2035000000190 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Ц.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.ЖАМБАЛСҮРЭН

                   ШҮҮГЧИД                                          Л.АЛТАН                                                                                             Н.МӨНХЖАРГАЛ